Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2019/01752/И |
Дугаар | 001/ХТ2020/00417 |
Огноо | 2020-07-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2020/00417
Г.Лын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01503 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1532 дугаар магадлалтай,
Г.Лын нэхэмжлэлтэй,
“Б” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 7 сараас “Б” ХХК-д барилгын инженерээр ажилд орсон. Ажилд орсон цагаасаа хойш удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлж, хичээн ажиллаж ирсэн. Гэвч тус компанийн захирлын 2019 оны 5 сарын 6-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна.
Учир нь тушаалд заасан үндэслэл нь миний үйлдэл, үйл ажиллагаатай огт холбогдолгүй зүйлүүдийг надад хамаатуулсан байна. Өөрөөр хэлбэл тушаалын гол үндэслэл болсон чанар муутай барилга бариулж, компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан, зуурмаг нийлүүлэх компаниар зах зээлийн ханшнаас өндөр үнэтэй, сорьц чанарын шаардлага хангахгүй компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ёс зүйн болон мэргэжлийн ноцтой зөрчил гаргасан гэсэн нь огт үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн тушаалд “Есөн гол-Эрдэнэ” ХХК-ийг сонгон шалгаруулсан, гэрээний хэрэгжилтийг хянаагүй гэж бичсэн нь үндэслэлгүй юм.
Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Л нь 2013 оноос хойш “Б” ХХК-д барилгын инженерээр 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан билээ. “Б” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан. Ийнхүү ажлаас халахдаа Г.Лын ажилд орсон цагаас эхлэн түүний ажлын алдаа дутагдал удаа дараа гаргаж, мэргэжлийн ур чадваргүй байдал, сахилгын шийтгэл ногдуулж байсан тушаалуудын үндэслэл, хамгийн сүүлд 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг барилгын талбайд хариуцан ажиллаж байхдаа төмөр бетон каркас угсралтын ажилд ноцтой алдаа зөрчил гаргасныг үндэслэн ажлаас халсан болно. Г.Лыг ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг доорх байдлаар тайлбарт дурдав.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан түүнтэй байгуулсан 2016 оны 1 сарын 1-ний өдрийн хг/32 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 3.4-т тухайн ажлын байранд шаардлагатай мэргэшлийн болон онцгой ур чадвараа ашиглан шинийг эрэлхийлж, санаачилга гаргах, мэргэжил, мэдлэг, боловсролоо дээшлүүлж ажиллана, 3.7-т үнэнч шударгаар хөдөлмөрлөх, хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээний нөхцөлүүд, дотоод журам, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд сахин биелүүлнэ гэсэн ажилтны үүргээ зөрчсөн, Мөн гэрээний 10.3.1-р зүйлийн 5-т ажилтан мэдлэг, ур чадваргүй гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон 6-т Ажилтан... байгууллагын хүний нөөцийн журмын 2.1.47-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан. Үүнд, b. Компанийн эд хөрөнгөнд хохирол учруулсан, шамшигдуулсан, с. гэмт хэрэг үйлдсэн болох хууль хяналтын байгууллагаар нотлогдсон, е. компанийн өмч хөрөнгийн чанарыг дордуулсан, h. компанийн нэр хүндийг унагах үйлдэл гаргасан, компанийн нэр хүндэд нөлөө үзүүлэхүйц хэмжээний гомдол ирсэн, к. компанийг хохиролд учруулахуйц шударга бус, буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, n. Барилга угсралтад технологийн алдаа гаргаж, тухайн хэсгийн ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон эсвэл маш их хэмжээний нэмэлт зардал, хөрөнгө гарахаар болсон, р. ажлын талбай дээр осол болон осолд дөхсөн тохиолдол гарсан нь нотлогдсон, r. Зургаас ажлын тоо хэмжээг бурууг гаргасан эдгээр Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ болон мөн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Мөн Г.Л нь удаа сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл авагдаж байсан ба үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэн ажил тасалж байсан, мэргэжлийн ноцтой алдаа гарган барилгын суурийн газар шорооны ажил гүйцэтгэх явцад өндөржилт алдаж компанид их хэмжээний хохирол учруулж байсан тул түүнийг гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэлээр удаа дараа шийтгүүлж байсан билээ. Хөдөлмөрийн тухай хуулийy 40.1.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэг нь Хөдөлмөрийн гэрээний 8.1-т зааснаар байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол хохирлыг төлж барагдуулан байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасны дагуу эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх талаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Энэ нь түүнтэй байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан, түүнд заасан зохицуулалттай холбоотой эд хөрөнгийн хариуцлагыг хүлээнэ. Очир-Ундраа группийн хөдөлмөрийн дотоод журмын 10.7.7-т компанийн өмч хөрөнгийн чанарыг дордуулсан, 10.7.9-т байгууллагын ёс зүйн дүрмийг зөрчсөн, ёс зүй, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь нотлогдсон, 10.7.13-т хууль бус үйлдэл хийсэн болон аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, журам, зааврыг зөрчсөний улмаас хөдөлмөрийн ноцтой осол, техникийн аваар саатал гаргасан, гаргах нөхцлийг бүрдүүлсэн, 10.7.18-т үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн зорилгодоо группийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан зэрэг зөрчил нь тогтоогдсон.
Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д /барилгын үйл ажиллагаанд мөрдөх гэрээний загвар батлах/ заасан гэрээг байгуулж ажиллах, 37.1.5-т барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах, 37.1.6-т байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, 37.1.8-т барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, зааварчилгааг биелүүлэх, 37.1.13-т барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах, 37.1.19-т барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах, 37.4-т Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчин барилга угсралтын ажлыг 2018 онд 2-р давхраас 16 давхар, техникийн давхар хүртэл барилга угсралтын ажлыг явуулж, түүнд хяналт тавьж 140 айлын орон сууцны барилгын талбайд ажилласан барилгын инженер нь Г.Лхагва- очир юм. “ОЧУН” ХХК-ийн Комплаенсийн газрын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн аудитын дүгнэлтээр 140 айлын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа барилгын инженер, ерөнхий инженер нараас Барилгын тухай хуулийн 18.2, Барилгын тухай хуулийн 43-р зүйлийг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан. Барилгын угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлгүй иргэн хүнтэй байгуулсан зэрэг ноцтой ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг байгуулж ажиллаж байсныг тогтоосон.
Очир-Ундраа группийн хүний нөөцийн журмын 2.1.47-т заасан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг хүний үйл ажиллагаанд дагаж мөрдөх нарийвчилсан зохицуулалтыг зөрчсөн. Очир-Ундраа группийн хөдөлмөрийн дотоод журмын 10.7.7, 10.7.9, 10.7.13, 10.7.18 тус тус зөрчин хөдөлмөрийн дотоод журмын сахилгын болон эд хөрөнгийн хариуцлагыг зохицуулалтыг зөрчсөн. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 09 дугаартай гэрээгээр өөрийн хариуцсан төслийн барилгын бүрэн бүтэн байдлыг барилга угсралтын явцад хариуцахаар байгуулсан. Г.Лтой байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн хг/32 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.4, 3.7, 10.3.1.5, 10.3.1.6-г зөрчиж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Г.Л нь 315 орон сууцны барилгын суурин газар шорооны ажил гүйцэтгэх явцад өндөржилт алдаж компанид их хэмжээний хохирол учруулсан тул 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн албан тушаал бууруулж мастер болгон гарсан зардлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах саналтай ерөнхий инженер Н.Эрдэнэпүрэв саналыг “Б” ХХК-ийн захиргаанд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргаж байсан ба Г.Л дахин мэргэжлийн зөрчил гаргасан талаар барилгын инженер Г.Ганбатын барилгын инженер Г.Л нь барилгын гадна довжооны цутгалтын ажлыг туслан гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлэн өөрийн биеэр хяналт тавьж ажиллах явцад чанар болон гүйцэтгэлийн алдаа дутагдал гаргаж, мэргэжлийн алдаа дутагдал гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Б” ХХК-ийн захиргаанд гаргаж байсан. Дээрх зөрчлүүдийг удаа дараа гаргасан ба дахин давтан гаргасан тул 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17/30 дугаартай тушаалаар түүнд сахилгын арга хэмжээ авсан байна. Мөн Г.Л өөрийн гараар согтууруулах ундааны зүйл хэрэглэн ажил тасалсан ахин ийм төрлийн зөрчил гаргахгүй гэсэн тайлбарыг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр “Б” ХХК-ийн захиргаанд гаргаж байсан боловч уг зөрчлөө давтан гаргасан тул түүнийг “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17/52 дугаартай тушаалаар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг зөрчилдөө 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр тайлбар бичиж өгсөн зэргээр урьд мэргэжлийн болон ёс зүйн алдаа зөрчил удаа дараа гаргаж байсан нотлогдож тогтоогдсон байна. Очир-Ундраа группийн толгой компани болох “ОЧУН” ХХК-ийн Комплаенсийн газрын 2018 онд “Б” ХХК-д аудит хийсэн ажлын тайланд 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд гарсан алдаа зөрчлийг төрөлжүүлэн дурдсан.
Дээрх аудитын мөрөөр “Б” ХХК-д 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд цаашид анхаарах, засч сайжруулан хэрэгжүүлэх ажлын талаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үүрэг болгосон албан даалгаварт зөрчлийг тодорхой дурдсан. Дээрх аудитыг хийхдээ хөндлөнгийн барилгын мэргэшсэн инженер Э.Ганбаатараар 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлын явцад хөндлөнгийн хяналт хийлгэсэн бөгөөд уг дүгнэлтэд 6 зөрчил дутагдал гарсныг дурдсан. Дүгнэлт зөвлөмжид 4 зүйлийг заавал хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөсөн байна. “Б” ХХК нь 2018 Голомт банкнаас орон сууц барих санхүүжилтийг зээлийн гэрээ байгуулан авч барилга угсралтын ажлыг явуулж байсан бөгөөд цаашид барилга ашиглалтад оруулахад борлуулалтын үйл ажиллагаанд Голомт банктай хамтран ипотекийн зээлийн гэрээг байгуулан ажиллах саналыг тавьж, тус банкнаас 2019 оны 3 дугаар сард 360 үнэлгээний тайлан 140 айлын барилгын талбай дээр явуулсан бөгөөд үнэлгээний тайлангаар барилга угсралтын ажил алдаатай, эрсдэлтэй тул зэрэглэлээр ипотекийн зээл олгох боломжгүй гэж барилга угсралтын ажил муу үнэлгээтэй гарсан байна.
“Оригакен” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18/23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр 140 айлын орон сууцны барилгын 1-р давхрын дам нурууны хүчитгэлийг ажлыг 67 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан, 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 24/18 дугаартай албан тоотоор “Оригакен” ХХК-иас хүчитгэлийн ажлыг хүлээлцэх албан тоот ирүүлэн, ажил гүйцэтгэсэн актыг мөн өдөр ерөнхий инженер Д.Одгэрэл гарын үсэг гэрээний гүйцэтгэлийг хүлээн авсан. Үүгээр 1-р давхрыг алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож, түүнийг дам нурууг хүчитгэл хийж зассан нь тогтоогдож байна. “Оригакен” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 26/18 албан тоотоор гэрээгээр 140 айлын орон сууцны барилгын В1-р давхрын 23 дам нуруунуудад 63 700 000 төгрөг, 1-р давхрын нийт багануудад 47 900 000 төгрөг, 2-р давхрын нийт багануудад 47 900 000 төгрөгөөр тус тус хүчитгэл хийх үнийн саналыг ирүүлсэн. Үүгээр В1, 1, 2-р давхруудад барилгын алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож байна. “Оригакен” ХХК-иас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 23/18 дугаартай албан тоотоор 2-р давхрын баганын хүчитгэл, бэхэлгээг 47 900 000 төгрөгөөр хийх үнийн санал ирүүлсэн бөгөөд энэ нь мөн 2-р давхарт алдаа зөрчилтэй барилга угсралтын ажил явуулсныг нотолж байна. Г.Л нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 дугаартай тушаалыг гардан авснаас хойш 2019 оны 5 дугаар сарын 6-нд 140 айлын орон сууцны барилга дээр гарсан алдаа зөрчлийг гүйцэтгэх захирал Б.Нямдаваагийн дарамт шахалтад хүчээр хийж гүйцэтгэсэн, мөн ерөнхий инженер Д.Одгэрэлийн зааварчилгаар барилга угсралтын ажлыг явуулсан мэтээр тайлбар бичиж өгсөн билээ. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хяналтын чиг үүргийг мөн хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар барилгын ажилтан буюу барилгын инженер хариуцан явуулахаар хуульчилсан байх тул барилгын талбайд захиалагчийн компанийн нэрийн өмнөөс захиалагчийн чиг үүргийг барилгын инженер хариуцан ажиллах байтал Г.Л алдаа зөрчилтэй барилга угсралтын ажлыг явуулж компанид хохирол учруулсан. ШУТИС-н барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Барилгын экспертизийн тайлангийн зөвлөмжид барилгын 1-р давхрын төмөр бетон дам нурууны бетоны бат бэх бага, ан цавтай байгаа учир төмөр бетон дам нурууг хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн. ШУТИС-ийн барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтээр 2-р давхар баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлага хангахгүй тул хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн. “Голомт өргөө” ХХК нь уг барилгын зураг төслийн зохиогч бөгөөд дээрх В1, В2, 1, 2-р давхарт гарсан алдаа зөрчлийг мэдээгүй байсан гэдэг ба мэдсэн даруй 2019 оны 4 дугаар сард зохиогчийн хяналт хийж 2019 оны 4 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай албан тоотоор хөндлөнгийн дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Үүнд, 2-р давхрын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 12, 13-р давхрын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 16-р давхар болон техникийн давхрын цутгамал төмөр бетон бүтээц хүйтэн сэрүүний улиралд цутгагдсан тул хөндлөнгийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж ирүүлсэн байна. Г.Лыг 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай тушаалаар анх ажилд авч түүний цалинг 792 000 төгрөг, 2013 оны 10 сарын 11-ний өдрийн 69 дугаартай тушаалаар барилгын инженерээр жинхлүүлэн томилж цалинг 990 000 төгрөг үүн дээр 70 хувийн нэмэгдэлтэй нийт 1 683 000 төгрөгөөр тогтоож, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/3 дугаартай тушаалаар барилгын инженерийн үндсэн цалинг 1 100 000 төгрөг үүн дээр ГГҮ хувийг 100 хувиар тооцож 2 200 000 төгрөгийн цалинг Г.Лт сар болгон олгож, түүний ажлын хөлсийг тогтмол нэмэгдүүлэн компаниас түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаагүй, харин ажиллах аятай таатай нөхцөлөөр ханган ажиллаж ирсэн. Г.Л компанийн энэхүү өндөр итгэл найдварыг хөсөрдүүлэн барилга угсралтын ажилд удаа дараа мэргэжлийн алдаа зөрчил гарган, зарим үед ёс зүйн зөрчил гарган ажил тасалж байсан ба 2018 онд 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлын төмөр бетон каркас угсралтын ажлын хяналтын инженерийн ажлыг хайнга хандаж гүйцэтгэж компанид үлэмж хэмжээний буюу 5 тэрбум төгрөгийн хохирлыг учруулаад байна.
Иймд барилгын инженерээр ажиллаж байсан Г.Л нь 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа ноцтой барилгын угсралтын алдаа гаргаж, барилга угсралтын ажлыг зөрчилтэйг нь мэдсээр байж үргэлжлүүлэн ажилласан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Г.Лын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01503 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Лыг “Б” ХХК-ийн барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Б” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 650 409 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Лт олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Г.Лын ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч “Б” ХХК-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид 73 356.5 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1532 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Б” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай Г.Лын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 73 356,54 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Г.Л ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд нь:
Нэхэмжлэгч Г.Л нь 2019 оны 05 дугаар сарын 06-нд ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авч улмаар 2019 оны 05 дугаар сарын 31-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээ гаргасан бөгөөд өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацаандаа нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн 06816 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу үндэслэлээр татгалзаж нэхэмжлэлийг буцаахад нэхэмжлэгч Г.Л 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд дахин хандсан юм. Тэрээр 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа таслагдсан. Энэхүү хугацаа Г.Лын хувьд хөөн хэлэлцэх хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заасан тул Г.Л хуулийн хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан.
Анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1503 дугаар шийдвэртээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэх тушаалын огнооноос тоолсон бөгөөд нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2019/06816 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар хүлээн авахаас татгалзаж, улмаар нэхэмжлэгч шүүгчийн захирамжид заасан зөрчлийн арилгах 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэн нэхэмжлэгч Г.Лын гаргасан маргааны талаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1532 дугаартай магадлалдаа “нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлсөн Б/16 тоот тушаал гарсныг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдсэнээс хойш 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ” гэсэн нь хуульд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний талаар нэмэлт, өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Л “Б” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй, ажилтан гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Лыг “Б” ХХК-д барилгын инженерээр ажиллаж байхад нь Гүйцэтгэх захирлын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5., Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4., 37.1.5., 37.1.6., 37.1.8., 37.1.13., 37.1.19., 37.4., Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.7.7., 10.7.9., 10.7.13., 10.7.18., “ОЧУН” ХХК-ийн Аудитын дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон гэж үзэн хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Анхан шатны шүүх хариуцагч ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэл зааж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Магадлалыг эс зөвшөөрч, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Зохигч ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн тушаал гарсан болон гардуулж өгсөн хугацааны талаар маргажээ.
Нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тушаал гарч, мөн өдөр хүлээж авсан гэж, хариуцагч 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тушаал гарч, ажилтанд гардуулан, ажил үүргийг нь хүлээж авсан гэжээ.
Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас халсан тушаал гараад, ажлаа хүлээлгэж өгөөд, тойрох хуудсан дээрээ компани удаашралтай байсан. Ажилгүйдлийн тэтгэмжээ авъя гэсэн өргөдөл хүний нөөцөд бичиж өгсөн, тэгээд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр тушаал гарч, тэр өдрөө тушаалаа авсан, ...ажилгүйдлийн тэтгэмжээ авсан...” гэж, хариуцагч: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Г.Лыг ажлаас халсан тушаал гарч, өөрт нь гардуулан, ажил үүргийг нь хүлээж авсан. Ерөнхий инженер байсан Одгэрэл, Лхагва-Очир хоёр орж ирээд нийгмийн даатгалаас мөнгө авах гэхээр хоног нь дуусах гээд байна, бид нар гомдол гаргахгүй, тэтгэмжээ авах гэсэн юм гээд хүсэлтээ бичиж өгсөн гээд хүсэлтийг нь харуулж байсан. Бид нар гомдол гаргахгүй, бидний буруу гэсэн утгатай өргөдлийг бол харсан. ...Гүйцэтгэх захирал эмэгтэй хүн болохоор амьдралыг нь бодоод гаргасан уу, яасан юм мэдэхгүй, манайд ийм тушаалын эх хувь байхгүй...” гэж мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх-125/
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэжээ.
Ажил олгогч 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, холбогдох тооцоог хийж дуусгаагүй байсан бол ажилтан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажил олгогчид ажилгүйдлийн тэтгэмж авах тухай хүсэлт гаргах шаардлагагүй байх тул ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарч, ажилтанд өгсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зохицуулсан ба нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дараа 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дахин нэхэмжлэлээ өгсөн байна.
Ажилтан анх нэхэмжлэл гаргахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул уг хугацааг сэргээн тогтоох боломжгүй байжээ.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Харин анхан шатны шүүх хугацааг тоолохдоо ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал гарсан, гардуулж өгсөн хугацааг буруу бичсэн, магадлалд хуулийн холбогдох заалтыг бичээгүй алдаа гаргасан байх бөгөөд эдгээр нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул хяналтын шатны шүүхээс алдааг засч, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1532 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хүчингүй болгож,” гэсний дараа “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД