Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 64

 

 

               Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, 

                Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

                Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  П.Удвал,

                Хохирогч: Б.Отгонбаатар,

                Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Батгэрэл, Ө.Нарантуяа, М.Мөнхөө  

                Шүүгдэгч: П.Мягмарбаяр, Д.Мэндбаяр, М.Дашбаяр, Б.Отгонбаяр, П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

                Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бух овгийн Пүрэвжавын Мягмарбаяр, Бух овгийн Долгорсүрэнгийн Мэндбаяр, Зургаадай овгийн Магнайбаярын Дашбаяр, Шарилж овгийн Батсайханы Отгонбаяр, Бууч овгийн Пүрэвсүрэнгийн Ууганбаяр, Бууч овгийн Мянганлангийн Бат-Эрдэнэ, Зургаадай овгийн Гэлэгжамцын Рэнчинлхүндэв нарт холбогдох 201620000133 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                Биеийн байцаалт :

 

                Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, ээж, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОС96112012, Бух овгийн Долгорсүрэнгийн Мэндбаяр.

                 Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОС93110214, Бух овгийн Пүрэвжавын Мягмарбаяр.

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, аав, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОС93121015, Зургаадай овгийн Магнайбаярын Дашбаяр.

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОС94082233, Зургаадай овгийн Гэлэгжамцын Рэнчинлхүндэв.

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОС94021111, Бууч овгийн Мянганлангийн Бат-Эрдэнэ.

                Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, аав, дүү нарын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОС96040712, Бууч овгийн Пүрэвсүрэнгийн Ууганбаяр.

                Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, аав, ээж, ах дүү нарын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОС92033017, Шарилж овгийн Батсайханы Отгонбаяр.

    Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Мягмарбаяр, Д.Мэндбаяр нар бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 16-ны шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвд байх М.Лхагважавын хашаанаас хохирогч Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1395000 төгрөгийн хохирол учруулсан,

    -Шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр нар бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутагт орших иргэн Т.Батболдын хашаан дотор байрлах амбаараас хохирогч М.Нямсүрэнгийн улсын дугааргүй, Хятад улсад үйлдвэрлэсэн, цэнхэр өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклийн эд анги болох хойд урд амартизатор 4 ширхэг, хойд урд дугуй обудтайгаа, 4 ширхэг гэрлэн дохио, тормозны пидал, бөгсний улаан гэрэл, хянах самбар, их гэрэл, ачааны даруулга, хойд дөрөө, маниул, хаазны тросс, консны тросс, карбиратор, нугасан ховоо, 2 талын хацарны таг, өвдөгний хамгаалалт, суудал, банк, аккумлятор зэргийг хулгайлж 569.500 төгрөгийн, мөн тус хашаанд байх хохирогч Т.Батболдын байшингаас мотоциклийн карбиратор , бөгсний гэрэл, хойд талын хоёр ширхэг дохио, урд талын дөрөө, данхраад, урд талын дугуй обудтайгаа, 2 талын хацар гинж зэрэг эд зүйл хулгайлж 198.000 төгрөгийн, мөн тус хашаанд байх хохирогч Т.Мөнхдэлгэрийн гэрээс ямааны мах 50 кг, бугын эвэр 2 ширхэг, 7000 төгрөг бэлнээр, мотоциклийн дугуй 1 ширхэгийг хулгайлж, нийт 497.000 төгрөгийн хохирол учруулсан,  

   - Шүүгдэгч М.Дашбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Дунд булаг гэх газраас хохирогч Т.Ариунболдын нас гүйцсэн хонь 6, нас гүйцсэн эр ямаа 2-ыг хулгайлж 840.000 төгрөгнийн хохирол учруулсан,

               - Шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр, Б.Отгонбаяр, П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв нар бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Цагаанхайрхан сумын Ар булаг багийн нутаг Улаан чулууны булаг нэртэй газарт хохирогч Б.Отгонбаатарыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1-ийн 9-10-р тал/,

    2. Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 1-ийн 11-12, 13-14-р тал/,

    3. Хохирогч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэр Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багт байдаг юм. Би 2015 оны 06 дугаар сард Увс аймгийн Наранбулаг сумын ХААН банкны лизингээр улаан өнгөтэй, Хятад улсад үйлдвэрлэсэн, Мустанг-5 маркийн мотоциклийг 1.660.000 төгрөгөөр худалдаж аваад унаж хэрэглэж байсан.  Миний бие 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эхнэр Биндэръяагийн хамт Цагаанхайрхан сумын төвд байх хадам аав Лхагважавын гэрт очсон. Тухайн үед би өөрийн улсын дугааргүй, улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоцикльтойгоо очсон. Тэр орой Цагаанхайрхан сумын Соёлын төвд концерт болно гэж байсан учраас орой 19.00 цаг өнгөрч байх үед хадам аав Лхагважав, хадам ээж Болормаа, эхнэр Биндэръяа, хадам дүү Цэнд-Аюуш нар концерт үзэхээр явсан. Харин би хадам аавын гэрт ганцаараа үлдсэн. Би хадам аавынд очихдоо өөрийн мотоциклийг хадам аавын хашаа руу оруулаад гэрийн хажууд тавьсан байсан. Манайхан орой 23 цаг өнгөрч байх үед гэртээ буцаж ирсэн. Тэгээд удалгүй бид нар унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 06.00 цагийн орчимд манай хадам ээж Болормаа гэрээс гарчихаад орж ирээд “Чиний мотоцикль алга болсон байна” гэж хэлэхээр нь бид нар бүгдээрээ гэрээс гарч харахад миний мотоцикль алга болсон байсан. Тухайн газарт ямар нэгэн ул мөр үлдээгүй байсан. Тэгээд би хадам аав Лхагважавын хамт өөрийнхөө мотоциклийг хайсан боловч олоогүй. Маргааш өдөр нь буюу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би Цагаанхайрхан сумын төвийн хойд талд байдаг хогны хонхорын хойд талын эзэнгүй өвөлжөө дээр очиход миний мотоциклийг тухайн өвөлжөөний хашаа руу оруулаад нуусан байсныг нь олсон. Миний мотоциклийн эд анги болох бензиний банк, аккумлятор, 2 талын хацарны таг, бөгсний улаан гэрэл /ком/, урд талын дөрөө данхраадын хамт, маниул, хаазны тросс, татах релен, урд гэрлийн хамгаалалт, хөгжим, түлхүүр багаж, насос зэрэг зүйлс алга болсон байсан. Би тэр дороо мотоциклоо авалгүй буцаад сумын төв орж хадам аав Лхагважавд хэлээд хадам аавын хамт тухайн өвөлжөөн дээр буцаж очиж мотоциклоо авсан. Бид нар тухайн үед мотоциклийг хэн хулгайлсан болохыг нь мэдээгүй юм. Тухайн үед манай хадам аав Лхагважав нь өөрийнхөө таньдаг хүний дэлгүүрээс банк, аккумлятор, 2 талын хацрын таг, бөгсний улаан гэрэл /ком/, урд талын дөрөө данхраадын хамт, маниул, хаазны тросс, татах релен зэргийг худалдаж авч өгсөн. Тэгээд мотоциклоо сэлбэж, засаж аваад Наранбулаг сум руу гэрлүүгээ явсан. Түүнээс  хойш би Цагаанхайрхан суманд дахиж очоогүй. Миний мотоциклийн алга болсон эд ангиудыг миний хадам аав Лхагважав нь надад худалдаж авч өгсөн. Би гэмт хэрэг хийсэн буруутай этгээдүүдээр мотоциклийн эд ангиудын үнэ, хөлсийг төлүүлэх хүсэлтэй байна” мэдүүлэг /хх 1-ийн 23-24-р тал/,

               4. Гэрч В.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Мягмарбаяр миний төрсөн хүү юм. Би 2016 оны 05 дугаар сарын 16-ны орой 20.00 цагийн орчимд сумын соёлын төвд болж байсан концертыг үзэхээр явсан. Тухайн үед миний хүү Мягмарбаяр нь гэрт байсан. Би сумын соёлын төвд концерт үзчихээд орой 23.00 цагийн орчимд гэртээ харихад Мягмарбаяр гэрт байгаагүй. Би Мягмарбаярыг хэнтэй, хаашаа, ямар ажлаар явсан болохыг нь мэдээгүй. Тэр өдөр би 23.00 цаг өнгөрч байх үед унтсан бөгөөд тухайн үед Мягмарбаяр гэрт ирээгүй байсан. Шөнө унтаж байтал Мягмарбаяр гаднаас ганцаараа орж ирээд унтсан. Тухайн үед би цаг хараагүй бөгөөд Мягмарбаярыг хаагуур, юу хийж яваад ирсэн болохыг нь асуугүй. Мягмарбаяр нь өөрийнхөө улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтойгоо гарч явсан байсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 08.00 цагийн орчимд гэрээс гарахад Мягмарбаярын мотоцикль гэрийн гадна байсан. Би Мягмарбаярын мотоциклийг тэгж их сонирхоод байдаггүй учраас эд анги нь солигдсон байсан эсэхиийг мэдэхгүй байна. Мягмарбаяр нь гэрт унтаж байгаад 09.00 цагийн орчимд босоод гараад явсан бөгөөд надад “Би Өндөрхангай сумруу явна” гэж хэлж байсан. Мягмарбаяр тэр өдөр гэрээс гарч яваад 2 хоногийн дараа гэртээ буцаж ирсэн бөгөөд мөн л надад хаагуур, юу хийж явж байгаад ирснээ хэлээгүй. Би Мягмарбаярыг цагдаад баригдсаных нь дараа хулгай хийсэн болохыг нь мэдсэн боловч хаанаас юу хулгай хийсэн болохыг мэдээгүй. Мягмарбаяр нь зан аашийн хувьд жаахан түргэн ууртай, хүний хэлсэн үгийг гүйцэд сонсдоггүй, тогтворгүй зантай хүүхэд юм. Мягмарбаяр өмнө нь хулгайн хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байсан. Мягмарбаярт өөрт нь өмч хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Мягмарбаяр хааяа архи уудаг, тамхи татдаг. Архи уусан үедээ агсам согтуу тавьж янз бүрийн ааш, зан гаргаад байдаггүй ” гэх мэдүүлэг / хх 1-ийн 26-27-р тал/,

                5. Гэрч Ц.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 05 дугаар 16-ны орой 19.00-20.00 цагийн орчимд миний хүү Мэндбаяр нь сумын соёлын төвд болж байгаа концертыг үзнэ гээд гэрээс гарч явсан. Тэгээд шөнө унтаж байтал 02.00-03.00 цагийн орчимд Мэндбаяр нь гаднаас ганцаараа орж ирээд унтсан. Мэндбаяр нь хаана явж байгаад ирсэн болохоо надад хэлээгүй. Би ч тэр талаар асуугаагүй. Миний хүү Мэндбаяр нь хувьдаа улсын дугааргүй, хар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой байсан. Маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Мэндбаяр Өндөрхангай сум руу авга ах Батаагийн гэрийг нүүлгэж өгөхөөр өөрийн мотоцикльтойгоо ганцаараа явсан. Мэндбаяр Өндөрхангай сумруу яваад 5 хоноод ирсэн бөгөөд буцаж ирэхдээ мотоциклийнхоо банк, 2 хацар, бөгсний гэрэл зэргийг сольж, улаан өнгийн бинзений банк, 2 хацар, бөгсний гэрэл тавьсан байсан. Би тухайн банк, хацар, гэрэл зэргийг хаанаас, хэнээс авсан болохыг нь Мэндбаяраас асуугаагүй. Сүүлд нь цагдаа шалгаж эхлэхэд нь Мэндбаярыг хулгай хийсэн болохыг мэдсэн. Мэндбаяр заримдаа гадуур мотоцикльтойгоо явж байгаад ирдэг. Гэхдээ хаагуур, юу хийж яваад байгаагаа хэлдэггүй байсан. Миний хүү Мэндбаяр зан аашийн хувьд үг дуу цөөтэй, хүний хэлсэн үгнээс гардаггүй, олон таван үггүй, хүнд тусархаг, даруухан зантай юм. Мөн Мэндбаяр нь зориг муутай, хүнээс амархан айж эмээдэг, хүний үгэнд оромтгой зантай. Мэндбаяр нь архи, согтууруулах ундааны зүйл заримдаа хэрэглэдэг гэсэн. Гэхдээ архи, пиво уучихаад гэртээ ирж байгаагүй. Мэндбаяр нь тамхи татдаг бөгөөд өөр ямар нэгэн муу зуршил байхгүй. Мэндбаяр аливаа зүйлд хайхрамжгүй ханддаг” гэх мэдүүлэг /хх 1-ийн 28-29-р тал/,   

                 6. Гэрч М.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 15.00 цагийн орчимд манай хүргэн Бат-Эрдэнэ, эхнэрийн хамт мотоцикльтой манай гэрт ирсэн. Тэр орой сумын соёлын төвд концерт болсон бөгөөд би нөхөр Лхагважав болон охин Цэнд-Аюуш, Биндэръяа нарын хамт 20.00 цагийн орчимд сумын соёлын төвд очиж концерт үзсэн. Бат-Эрдэнэ нь манай гэрт үлдсэн. Бид нар тоглолт үзэж дуусаад орой 23.00 цаг өнгөрч байх үед гэртээ харьсан. Тухайн үед манай хүргэн Бат-Эрдэний мотоцикль гэрийн хажууд байсан. Бид нар гэрт ороод шууд унтсан бөгөөд шөнө унтаж байхдаа ямар нэгэн чимээ сонсоогүй. Би маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 06.00 цагийн орчимд босоод гэрээс гарахад Бат-Эрдэнийн мотоцикль алга болсон байсан. Тэгээд миний нөхөр Лхагважав Бат-Эрдэнийн мотоциклийг хайсан боловч олоогүй. Харин маргааш өдөр нь буюу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Лхагважав, хүргэн Бат-Эрдэнэ нар Бат-Эрдэний мотоциклийг олж авч ирсэн. Лхагважав “Бат-Эрдэнийн мотоциклийг айлын хаваржааны хашаанд нуучихсан байна. Эд ангиудыг тоноод явчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд миний нөхөр Лхагважав таньдаг хүнийхээ дэлгүүрээс мотоциклийн эд ангиуд зээлээр аваад Бат-Эрдэний мотоциклийг сэлбэж, засаж өгөөд явуулсан. Бат-Эрдэнийн мотоцикль  нь худалдаж аваад 1 жил орчим болж байгаа юм. Тухайн үед манай хашаан дотор ямар нэгэн ул мөр үлдээгүй байсан” гэх мэдүүлэг /хх 1-ийн 30-р тал/,

                7. Гэрч Л.Цэнд-Аюушын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эгч Биндэръяа, хүргэн ах Бат-Эрдэнэ нар Увс аймгийн Наранбулаг сумаас манайд ирсэн. Тухайн үед Бат-Эрдэнэ ах өөрийнхөө улаан өнгөтэй, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтойгоо ирсэн. Орой 20.00 цагийн орчимд манай аав Лхагважав, ээж Болормаа, эгч Биндэръя бид нар Цагаанхайрхан сумын соёлын төвд болж байсан урлагийн тоглолтыг үзэхээр явсан. Харин Бат-Эрдэнэ ах манай гэрт үлдсэн. Бид нар тоглолт үзэж байгаад 23.00 цагийн орчимд гэрт ирэхэд Бат-Эрдэнэ ахын мотоцикль манай гэрийн хажууд байсан. Бид нар гэрт ороод удалгүй унтсан. Өглөө нь буюу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 06.00 цагийн үед манай ээж Болормаа гэрээс гарчихаад буцаж орж ирээд “Бат-Эрдэнийн мотоцикль алга болсон байна” гэж хэлсэн.Тэгээд бид нар гэрээс гарч харахад алга болсон байсан ” гэх мэдүүлэг /хх 1-ийн 31-р тал/,

               8. Гэрч М.Лхагважавын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн охин Биндэръяа, хүргэн Бат-Эрдэнэ нар Увс аймгийн Наранбулаг сумаас улаан өнгөтэй, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтойгоо ирсэн. .......Маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 06.00 цагийн орчимд босоод гэрээс гарахад Бат-Эрдэнийн мотоцикль алга болсон байсан. Тэгээд би хүргэн Бат-Эрдэнийн хамт 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Бат-Эрдэнийн мотоциклийг хайсан боловч олоогүй. Маргааш өглөө 10.00 цагийн орчимд намайг гэрт байтал Бат-Эрдэнэ гаднаас орж ирээд “Миний мотоцикль сумын төвийн хойд талд нэг эзэнгүй хаваржааны хашаанд байна. Эд ангиудыг нь тоноод явчихсан байна” гэж хэлэхээр нь би Бат-Эрдэнийн хамт сумын төвийн хойд талд, хогийн хонхорын хойд талын Тугаа гэдэг хүний хаваржаан дээр очиход Бат-Эрдэнийн мотоциклийн эд ангиудыг нь тайлаад, тоноод явчихсан байсан. Бат-Эрдэнийн мотоциклоос бинзений банк, арын гэрэл /ком/, 2 хацар, хөлний дөрөө, данхраад, аккумлятор, маниул, хаазны тросс, татах релен, урд гэрлийн хамгаалалт, хөгжим, түлхүүр багаж, насос зэрэг эд анги алга болсон байсан. Тэгээд Бат-Эрдэнэ бид 2 тухайн мотоциклийг манай гэрийн гадна авч ирээд засаж сэлбэсэн. Би Жавхаа гэдэг хүний дэлгүүрээс бинзений банк, арын гэрэл /ком/, 2 хацар, хөлний дөрөө, данхраад, аккумлятор, маниул, хаазны тросс, татах релен, түлхүүр багаж, насос зэрэг зүйл худалдаж аваад Бат-Эрдэнийн мотоцикльд сэлбэж өгөөд явуулсан. Би тухайн эд ангиудыг нийт 397.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь Мягмарбаяр, Мэндбаяр нар надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул миний зүгээс тэр хоёрт ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх 1-ийн 33-34, 47-р тал/,

               9. Гэрч Б.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 05 дугаар сарын 16-ны орой манай сумын соёлын төвд концерт болсон. Би тухайн концертыг үзчихээд цэнгээнт бүжиг болж байх хооронд Соёлын төвийн гадаа зогсож байтал Мягмарбаяр, Мэндбаяр нар 23.00 цаг өнгөрч байх үед мотоцикльтой ирсэн. Мягмарбаяр надад “Мотоциклийн араар суучих. Дээшээ тойрчихоод ирье” гэхээр нь би Мягмарбаяр, Д.Мэндбаяр нарын араар суусан. Тухайн үед Мягмарбаяр нь улаан өнгөтэй, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикль жолоодоод явж байсан бөгөөд би хэний мотоцикль болохыг нь мэдээгүй. Би Мягмарбаяр, Мэндбаяр нарын араар суугаад Мягмарбаяр нь мотоциклоо жолоодоод сумын наадмын талбайн ойролцоо очиж зогссон. Бид 3 мотоциклоос буугаад сууж байтал Мягмарбаяр нь өврөөсөө 0.5 литерийн Касс нэртэй пиво 2 ширхэгийг гаргаж ирсэн. Тухайн 2 ширхэг пивыг Мягмарбаяр, Мэндбаяр бид 3 хувааж уусан. Тэр пивыг ууж дууссаны дараа Мягмарбаяр, Мэндбаяр нар намайг гэрлүү жаахан дөхүүлж өгчихөөд явсан. Би тэрнээс хойш Мягмарбаяр, Мэндбаяр нартай дахиж уулзаагүй. Мягмарбаярын жолоодож явсан мотоцикль нь хэний мотоцикль болохыг би сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан шинэвтэр мотоцикль байсан. Би Мягмарбаяраас 2016 оны 05 дугаар сарын сүүлчээр улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль худалдаж авсан. Тэр мотоцикль нь Мягмарбаярын аав Пүрэвжавын мотоцикль байсан. Уг мотоцикль нь хуучин, муу мотоцикль байсан учраас би 250.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон юм. Мягмарбаярын тухайн өдөр унаж явсан мотоцикль надад зарсан мотоцикль биш байсан. Миний худалдаж авсан мотоциклийг бодвол арай шинэвтэр мотоцикль байсан” гэх мэдүүлэг /хх 1-ийн 35-36-р тал/,

                10. Гэрч Л.Биндэръяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэр Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багт байдаг. Миний нөхөр Бат-Эрдэнэ нь 2015 оны 06 дугаар сард Увс аймгийн Наранбулаг сумын ХААН банкнаас улаан өнгөтэй, Хятад улсад үйлдвэрлэсэн, Мустанг-5 маркийн мотоциклийг 1.660.000 /нэг сая зургаан зуун жаран мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Мотоцикль худалдаж авснаасаа хойш авто тээврийн газарт бүртгүүлж, тээврийн хэрэгслийн улсын дугаар аваагүй байсан. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн нөхөр Бат-Эрдэнийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвд аав Лхагважавын гэрт очсон. Тухайн үед миний нөхөр Бат-Эрдэнэ нь өөрийнхөө мотоцикльтойгоо явсан. .........Маргааш өглөө нь буюу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 06.00 цагийн орчимд манай ээж Болормаа гэрээс гарч орж ирээд “Бат-Эрдэнийн мотоцикль алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар гэрээс гараад харахад мотоцикль алга болсон байсан.Тухайн үед бид нар ямар хүмүүс хулгай хийсэн болохыг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх 1-ийн 39-р тал/,        

               11. Гэрч Б.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутагт Мотоциклийн сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг юм. 2016 оны 05 дугаар сарын дунд үеэр байх, хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, Цагаанхайрхан сумын харъяат Лхагважав ах манай дэлгүүрээс Мустанг-5 маркийн мотоциклийн бинзены банк, 2 талын хацрын таг, урд талын дөрөө, данхраадын хамт, аккумлятор, маниул, түлхүүр багаж, нацос, бөгсний гэрэл /ком/, хаазны тросс, бэлэн нөхөөс, татах релен, урд их гэрлийн хамгаалалт, хөгжим зэрэг зүйлийг худалдаж авсан. Лхагважав ах хэлэхдээ “Хүргэн Бат-Эрдэнийн мотоцикль манай хашаанд байсан чинь хүн хулгайлаад эд ангийг нь тоносон байна” гэж хэлсэн. Лхагважав ахын худалдаж авсан мотоциклийн эд ангиуд нь нийтдээ 397.000 төгрөг болсон. Лхагважав ах тухайн үед мотоциклийн эд ангиудыг надаас зээлээр авсан бөгөөд надад сүүлд нь мөнгийг нь өгсөн ” гэх мэдүүлэг /хх 1-ийн 46-р тал/,                

               12. Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 236 тоот, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 353 тоот Мотоцикль үнэлсэн тухай тайлангууд /хх 1-ийн 54-55, 86-87-р тал/,

                13.  Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 343 тоот Мотоциклийн сэлбэг үнэлсэн тухай тайлан /хх 1-ийн 63-64-р тал/,

                14. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн засаг даргын 14, 15 тоот Тодорхойлолтууд /хх 1-ийн 111, 112-р тал/,

                15. Шүүгдэгч Д.Мэндбаяр, П.Мягмарбаяр нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 1-ийн 122, 124-р тал/,

                16. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 тоот Шийтгэх тогтоолын хуулбар /хх 1-ийн 129-135-р тал/,

                17.  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 1-ийн 154-156-р тал/,

                18. Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, Бугын эвэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 1-ийн 157, 158, 159, 160-р тал/,

                19. Эд зүйл /Бугын эвэр/ хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 1-ийн 161-р тал/,

                20. Хохирогч М.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2015 оны 05 дугаар сард Батболд гэдэг хүнээс 1.150.000 төгрөгөөр цэнхэр өнгөтэй, улсын дугааргүй, хуучин, Мустанг-5 маркийн, Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль худалдаж авсан. 2015 оны 09 дүгээр сард би өөрийнхөө мотоциклийг Батболдын амбаарт оруулж тавьсан. Манай гэр хөдөө байдаг, өвлийн улиралд мотоцикль унаж, ашиглах боломжгүй учраас би тэнд үлдээсэн юм. Батболдын амбаар нь Цагаанхайрхан сумын Арбулаг багт сумын төвд байдаг. Би мотоцикль тавьсан цагаасаа хойш өөрийнхөө мотоциклийг байгаа үгүйг шалгаж үзээгүй. Амбаарынх нь түлхүүр Батболдод өөрт нь байсан байх. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын эхээр Батболд надтай уулзаж “Манай амбаарт байсан таны мотоциклийн эд ангиудыг хулгайлаад явчихсан байна. Зөвхөн рам, мотор нь үлдсэн байна” гэж хэлсэн. Би тэр дороо сумын төвд очиж өөрийнхөө мотоциклийг шалгаж үзэж амжаагүй, учир нь би хөдөө малтай байсан учраас надад сумын төв явах зав, боломж гараагүй. Тэгээд хэд хоногийн дараа 2016 оны 04 дүгээр сарын 15-ны үед Цагаанхайрхан сумын Дашбаяр гэдэг залуу миний мотоциклийг авч ирж өгсөн. Дашбаяр надад хэлэхдээ “Мягмарбаяр бид 2 таны мотоциклийн эд ангийг хулгайлж аваад Мягмарбаярын мотоцикльд тавьж ашиглаж байгаад буцаагаад эд ангиудыг нь угсарсан. Бид хоёрыг хулгай хийснийг хүмүүс мэдчихсэн. Мягмарбаяр энэ эд ангиудыг буцааж өгөхгүй гээд байхаар нь би утсаа өгч байгаад тайлж аваад таны мотоциклийг хуучин байсан хэвэнд оруулсан” гэж хэлсэн. Миний мотоциклийн зарим эд ангиуд хуучирсан байсан. Гэхдээ миний мотоциклийн эд ангиуд бүгд бүрэн, бүтэн байсан. Эхлээд би Дашбаярыг өөр мотоциклийн эд ангиуд тавьчихсан юм байна гэж бодож байтал миний мотоциклийн эд ангиудыг өөр мотоцикльд тавьж ашигласнаас болоод хуучирч, муудсан байсан. Түүнээс биш миний мотоциклийн эд ангиудыг сольсон зүйл байгаагүй. Миний мотоциклийн хойд, урд амартизатор 4 ширхэг, хойд, урд 2 дугуй /ком буюу обудтайгаа/, 4 ширхэг гэрэл дохио, тормозны пидал, бөгсний улаан гэрэл, хянах самбар, их гэрэл, ачааны даруулга, хойд дөрөө, маниул, хаазны тросс, консны тросс, карбиратор, нугасан холбоо, 2 талын хацрын таг, өвдөгний хамгаалалт, суудал, банк, аккумлятор зэрэг нь хуучирч, муудсан байсан. Би Мягмарбаяр, Дашбаяр нарыг миний мотоциклийг хэзээ, яаж хулгайлсан болохыг мэдэхгүй. Миний мотоциклийн зарим эд анги нь хуучирч муудсан болохоос биш миний мотоцикль бүрэн бүтэн байсан. Би тэр дороо цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Яагаад гэвэл Мягмарбаяр, Дашбаяр нар нь миний мотоциклийг хулгайлсан боловч үнэнээ хэлээд, бүрэн бүтэн буцааж авч ирж өгсөн учраас би цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Одоо миний зүгээс Мягмарбаяр, Дашбаяр нараас ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол тэмцэл байхгүй. Мягмарбаяр, Дашбаяр бид нар нэг нутгийн хүмүүс, мөн үнэнээ хэлээд миний мотоциклийг авч ирж өгсөн тул энэ хүмүүст хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх 1-ийн 167-168-р тал/

                21. Хохирогч Т.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Дашбаяр нь миний аавын төрсөн дүүгийн хүүхэд. Би Дашбаярын авга ах нь болох юм. Харин Цагаанхайрхан сумын харъяат Мягмарбаярыг нэг нутгийн хүн гэдгээр нь сайн танина. Манайх Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт мал маллаж амьдардаг. Өнгөрсөн өвөл буюу 2015-2016 оны өвөл миний эхнэр Сарантуяа хүүхдүүдийнхээ хамт Цагаанхайрхан сумын төвд  өвөлжсөн. Би өөрөө жижиг гэртэйгээ хөдөө малаа маллаж өвөлжсөн. Манайх том гэрээ 2015 оны 08 дугаар сард өөрийн төрсөн дүү Батболдын хашаанд барьсан. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би хөдөө гэртээ байж байтал Мягмарбаяр, Дашбаяр, Ууганбаяр нар Норчиг гэдэг хүний машинаар түлшний мод ачиж авч ирж өгсөн. Миний эхнэр Сарантуяа нь тэд нарыг мод ачиж өгөөч гэж гуйгаад явуулсан байсан. Тэгээд тэд нар манай түлшний модыг буулгаж өгчихөөд буцаад Цагаанхайрхан сумын төврүү явсан. Тэр өдрийн орой миний эхнэр Сарантуяа хөдөө гэртээ ирсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Сарантуяа сумын төв орохоор явсан бөгөөд сумын төвд очоод над руу утсаар залгаж “Манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орсон байна. Гэрт байсан бугын 2 ширхэг эвэр, бурхны өмнө байсан 7000 төгрөг, 50 килограмм жинтэй ямааны мах, мотоциклийн дугуй зэрэг зүйл алга болсон байна” гэж хэлсэн. Би алга болсон бугын 2 ширхэг эврийг 2015 оны 08 дугаар сард Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг Арбулаг гэх газарт мал хайж яваад олж авсан эвэр байсан. Харин алга болсон мотоциклийн дугуй нь миний танил Нямаа гэдэг хүний мотоциклийн дугуй байсан. Түүний дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын эхээр Дашбаяр  надтай ирж уулзаад “Би Мягмарбаяртай хамт танай гэрээс хулгай хийсэн. Намайг уучлаарай” гэж хэлээд мотоциклийн дугуй 1 ширхэг, 7000 төгрөг, алга болсон бугын 2 ширхэг эвэр зэргийг авч ирж өгсөн. Харин гүзээнд хийсэн байсан ямааны махыг өгөөгүй бөгөөд Дашбаяр “Танайхаас авсан махыг ууланд аваачаад хаячихсан” гэж хэлсэн. Би Мягмарбаяр, Дашбаяр нарыг хэзээ манай гэрээс хулгай хийсэн болохыг хэлж мэдэхгүй байна. Дашбаяр тэр талаар ямар нэгэн тодорхой зүйл надад хэлж, яриагүй. Дашбаяр нь манай гэрээс алга болсон мотоциклийн дугуй, 2 ширхэг бугын эвэр, 7000 төгрөг зэргийг надад буцааж өгсөн бөгөөд ямааны махыг нь хаячихсан гэж хэлсэн. Миний хувьд Дашбаяртай садан төрлийн холбоотой, Дашбаярын аав миний аавын төрсөн дүү тул надад Мягмарбаяр, Дашбаяр нарт ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 1-ийн 171-172-р тал/,

                22. Хохирогч Т.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Дашбаяр нь миний төрсөн ахын хүүхэд. Би Дашбаярын авга ах нь юм. Харин Цагаанхайрхан сумын харъяат Мягмарбаярыг нэг нутгийн хүн гэдгээр сайн танина, хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт мал маллаж амьдардаг бөгөөд манайх Цагаанхайрхан сумын Арбулаг багт сумын төвд хашаа, байшинтай бөгөөд 2015 оны намар 08 дугаар сард миний төрсөн ах Мөнхдэлгэр манай хашаанд гэрээ барьсан. Мөн 2015 оны 09 дүгээр сард манай багийн Нямаа гэдэг хүн өөрийнхөө цэнхэр өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг манай амбаарт хийж үлдээсэн байсан. Би эхнэр, хүүхэдтэйгээ сумын төвд өвөлжөөд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Цагаанхайрхан сумын Хулж баг руу хөдөө мал дээрээ гарсан. Мөн 2016 оны 03 дугаар сарын дунд үеэр манай ах Мөнхдэлгэрийн эхнэр нь хөдөө мал дээр гарсан. Тухайн үед Мөнхдэлгэр ах хөдөө малтайгаа байсан. Сумын төвд манай хашаа байшин, Мөнхдэлгэр ахын гэр эзэнгүй үлдсэн. 2016 оны 03 дугаар сарын сүүлээр Мөнхдэлгэр ахын эхнэр Сарантуяа Цагаанхайрхан сумын төв рүү хувийн ажлаар явсан бөгөөд яваад ирэхдээ “Манай гэр, танай байшин, амбаарт хулгайч орсон байна. Манай гэрээс 2 ширхэг бугын эвэр, бурхны өмнө байсан 7000 төгрөг, ямааны мах зэрэг зүйл алга болсон байна. Танай байшингийн цонхоор нь орсон юм шиг байна. Түлхүүр нь байхгүй болохоор би орж үзэж чадахгүй байна. Бас танай амбаарын цоожийг эвдээд дотор нь байсан Нямаагийн мотоциклийн эд ангийг тоноод явчихсан байна” гэж хэлсэн. Би тэр дороо сумын төвд ирж чадаагүй бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сумын төвд ирээд хашаа, байшингаа шалгаж үзэхэд манай амбаарын цоожийг суга цохиод дотор нь байсан Нямаагийн мотоциклийн эд ангийг тоносон байсан. Нямаагийн мотоциклоос бензиний банк, 2 талын хацрын таг, хойд талын гэрэл зэрэг зүйл алга болсон байсан. Өөр ямар ямар эд зүйл алга болсон болохыг би сайн хэлж мэдэхгүй байна. Тэр талаар Нямаа өөрөө сайн мэдэж байгаа байх. Манай байшингийн цонхыг онгойлгосон байсан бөгөөд би байшин руугаа орж үзэхэд коридорт байсан миний өөрийн улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн карбиратор, бөгсний гэрэл, хойд талын 2 ширхэг дохио, урд талын дөрөө, данхраад, урд талын дугуй /ком/, 2 талын хацар /таг/, гинж зэрэг зүйл алга болсон байсан. Тухайн үед бид нар хэн хулгай хийсэн болохыг мэдээгүй. Гэтэл 2016 оны 04 дүгээр сард М.Дашбаяр манай ах Мөнхдэлгэртэй уулзаад “Би Мягмарбаяртай хамт танай гэр, Батболд ахын байшингаас хулгай хийсэн” гэж хэлээд хулгайлж авсан эд зүйлээ буцааж өгчихөөд явсан байсан. Миний мотоциклийн эд ангиудыг Дашбаяр бүгдийг нь буцааж өгсөн бөгөөд 2 талын хацрын тагийг өгөөгүй байж байгаад сүүлд надад авч ирж өгсөн. Манай байшин, амбаар цоожтой байсан бөгөөд түлхүүр нь надад байсан. Дашбаяр нь манай байшингаас хулгайлж авсан мотоциклийн эд ангиудыг бүрэн бүтэн буцааж авч ирж өгсөн тул Дашбаяр, Мягмарбаяр нарт ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх 1-ийн 176-177-р тал/,

                23. Хохирогч Т.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн иргэн бөгөөд энэ хавар Цагаанхайрхан сумын нутаг Даланхуруу багийн нутаг Дунд булаг гэх газар хаваржсан. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би хонио бэлчээрт гаргачихаад эхнэрийнхээ хамт хувийн ажлаар сумын төв орсон ба тэр өдрөө ажлаа дуусгаад орой 17 цагийн үед гэртээ харихад манай мал гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгээд маргааш нь малаа тоолж үзэхэд миний малнаас  нас гүйцсэн эр хонь-6, нас гүйцсэн эр ямаа 2 тус тус дутсан. Тэгээд малаа бэлчээртээ гаргачихаад дутсан малаа хайсан боловч тэр өдрөө олоогүй бөгөөд 2 хоногийн дараа малаа хайгаад явж байтал Дунд булаг гэх газарт байх Отгонсүрэн гэх хүний хаваржааны амбаар дотор хулгайд алдсан малнуудыг хийчихсэн байсныг олж зүс, тоо ёсоор нь авсан. Сүүлд хулгайд алдсан малыг миний ахын хүү Дашбаяр хулгайлсан байсныг олж мэдсэн. Тэгээд Дашбаяртай уулзаж энэ талаар асуухад “Мөнгөний хэрэг гараад байхаар нь хулгайлсан юм” гэж хэлээд надаас уучлалт гуйсан. Би Дашбаярт “Дахиж ийм зүйл битгий хийгээрэй” гэж хэлээд явуулсан. Миний хувьд Дашбаярт миний мал хулгайлсанд нь одоо ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй. Учир нь Дашбаяр надаас уучлал гуйсан, би малаа зүс, тоо ёсоор нь хүлээж авсан, мөн миний ахын хүүхэд учир ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний алдсан малнууд нь нас гүйцсэн 6 эр хонь, 2 эр ямаа байсан. Тухайн малнаас 4 хар толгойтой эр хонь, 2 халзан эр хонь, бор зүсмийн 2 эр ямаа байсан ба бүгд буруу чих нь урдаасаа ухам, зөв чих нь цуулбар имтэй малнууд байсан” гэх мэдүүлэг /хх 1-ийн 179-180-р тал/,

               24. Гэрч Ц.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Манайх өөрийнхөө гэрийг 2015 оны 08 дугаар сард Увс аймгийн Цагаанхайрхан сумын төв Арбулаг багт байх хадам дүү Батболдын хашаанд барьсан юм. Миний нөхөр Мөнхдэлгэр нь хөдөө малтайгаа байсан бөгөөд би 2015-2016 оны өвөл Цагаанхайрхан сумын төвд гэртээ өвөлжсөн. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Мягмарбаяр, Дашбаяр, Ууганбаяр, жолооч Норчиг нараас гуйж байгаад хөдөө гэртээ мод ачуулсан. Дашбаяр, Мягмарбаяр нар нь манай модыг ачиж өгөхөөр явахдаа Батболдын хашааны гадна мотоциклоо үлдээсэн. Тухайн мотоцикль нь улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Би тэр мотоциклийн улсын дугаар, содон шинж тэмдгийг нь анзаарч хараагүй. Тэд нарыг манай хөдөө байдаг жижиг гэрт мод ачихаар явсны дараа би сумын төвд байж байгаад хөдөө гэрлүүгээ явсан. Тухайн үед нөхөр Мөнхдэлгэр Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг “Оройн өтөг” гэх газарт жижиг гэртэйгээ байсан. Би сумын төвөөс явахдаа өөрийнхөө гэрийг цоожлоод түлхүүрийг нь аваад явсан. Намайг хөдөө байдаг гэртээ очиход Мягмарбаяр, Дашбаяр, Ууганбаяр, жолооч Норчиг нар модоо буулгачихаад явчихсан байсан бөгөөд нөхөр Мөнхдэлгэр гэртээ ганцаараа байсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би хувийн ажлаар сумын төвд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожыг эвдэж газарт хаясан байсан. Би гэртээ ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд нөхөр Мөнхдэлгэрийн 2015 оны 08 дугаар сард уулнаас олж ирсэн бугын 2 ширхэг эвэр, бурхны өмнө байсан 7000 төгрөг, Нямаа гэдэг хүний мотоциклийн 1 ширхэг дугуй, 50 кг орчим жинтэй, гүзээнд хийсэн ямааны мах зэрэг зүйл алга болсон байсан. Тухайн үед би манай гэрт хэн, хэзээ орж хулгай хийсэн болохыг мэдээгүй. Түүний дараа 2016 оны 04 дүгээр сарын эхээр Дашбаяр манайд ирээд манай гэрээс алга болсон бугын 2 ширхэг эвэр, 7000 төгрөг, мотоциклийн дугуй 1 ширхэг зэргийг авч ирж өгсөн. Харин гүзээнд хийсэн ямааны махыг нь авч ирж өгөөгүй. Тухайн махыг яасан талаар би Дашбаяраас асуугаагүй. Дашбаяр  “Мягмарбаяр бид 2 танай гэрээс хулгай хийсэн. Намайг уучлаарай” гэж хэлсэн. Гэхдээ хэзээ, яаж хулгай хийсэн талаараа тодорхой зүйл хэлээгүй. Би гэрийнхээ хаалганы эвдэрсэн цоожийг хаячихсан. Одоо тэр цоож хаана байгаа болохыг мэдэхгүй байна. Хогтой хамт хаячихсан болохоор одоо олдохгүй байх” гэх мэдүүлэг /хх 1-ийн 185-186-р тал/,  

                25. Гэрч Т.Магнайбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Цэргийн баярын урд өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 17-нь өдөр Дашбаяр нь “Сумын төв орж Мягмарбаяртай уулзана. Би Мягмарбаяраас мотоцикль худалдаж авах гэж байгаа” гэж хэлээд гэрээс гараад явсан. Тухайн үед манайх Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг “Шар нүүр” гэдэг нэртэй газарт байсан. Дашбаяр нь гэрээс гарч явахдаа явган явсан бөгөөд тэр өдөртөө гэртээ буцаж ирээгүй. 2016 оны 03 дугаар сарын 19-ний өглөө Мягмбаяр, Ууганбаяр, Дашбаяр нар манайд мотоцикльтой ирсэн. Тухайн үед Ууганбаяр өөрийнхөө мотоцикльтой явж байсан  бөгөөд Дашбаяр нь “Мягмарбаяраас худалдаж авсан” гээд улаан өнгийн, Хятад улсад үйлдвэрлэсэн, улсын  дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикль унаж ирсэн. Мягмарбаяр, Дашбаяр нар нэг мотоцикль дээр сундалдаж ирсэн. Дашбаяр нь Цагаанхайрхан сумын төвд очоод хэнтэй, хаагуур, юу хийж яваад ирсэн талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй. 2016 оны 03 дугаар сарын 19-ний өглөө Дашбаяр гэртээ ирэхдээ ямар нэгэн мотоциклийн эд анги, сэлбэг авч ирээгүй. Тэр гурав ирчихээд “Мягмарбаярыг хүргэж өгнө” гээд буцаад явсан. Хаашаа явсан болохыг нь би мэдэхгүй байна. Би өөрийн эхнэр Уранчимэг болон 4 хүүхдийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт мал маллаж амьдардаг. Манайх хувьдаа 200 гаруй тооны малтай. Дашбаяр нь манай 3 дахь хүүхэд бөгөөд хөдөө гэртээ мал маллаж амьдардаг. Дашбаяр Ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар анги төгсөөд сургуулиас гарч, хөдөө мал маллах болсон. Дашбаяр нь 2015 онд эхнэр авсан боловч 1 сар болоод эхнэрээсээ салсан. Дашбаяр нь зан аашийн хувьд даруухан, хүнтэй маргаж, муудалцаад байдаггүй, хүмүүстэй нийтэч, хүнд тусархаг, хүнээс юм нуугаад байдаггүй зантай. Дашбаяр нь заримдаа үеийнхээ залуучуудтай нийлээд гадуур жаахан явах гээд байдаг. Мөн хааяа архи уудаг, тамхи татдаггүй. Дашбаяр архи уудаг гэж сонсогддог боловч гэртээ согтуу ирж байгаагүй. Дашбаярт өөр ямар нэгэн муу зуршил байдаггүй бөгөөд хүү маань малд их сонирхолтой. Дашбаяр нь Мягмарбаяраас худалдаж авсан гэх мотоциклоо 1 сар гаруй унаж байгаад эд ангиудыг нь тайлж Нямаагийн мотоцикльд тавьж өгсөн гэсэн. Тухайн мотоцикльд Нямаагийн мотоциклийн эд ангиудыг тавьсан байсан юм шиг байна лээ. Одоо тэр мотоциклийн үлдэгдэл эд анги нь хаана байгааг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх 1-ийн 188-189-р тал/,   

                26. Гэрч В.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Мягмарбаяр нь 2013 онд янз бүрийн мотоциклийн эд анги, сэлбэг цуглуулж байгаад хувьдаа улаан өнгөтэй, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикль босгож авсан юм. Мягмарбаяр тэр мотоциклоо 2016 оны 03 дугаар сард Дашбаярт зарсан гэсэн. Гэхдээ хэдэн төгрөгөөр зарсан талаар би мэдэхгүй байна. Мягмарбаяр нь зарсан мотоциклоо Дашбаяраас буцааж аваагүй . Мягмарбаяр миний нөхөр Пүрэвжавын эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгөтэй, Мутсанг-5 маркийн мотоциклийг Энхтөр гэх хүнд зарсан. Миний нөхөр Пүрэвжав тухайн мотоциклийг анх 2012 онд шинээр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /хх 1-ийн 190-р тал/,

                27. Гэрч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 17-ны орой Дашбаяр нь “Би сумын төв орж Мягмарбаяртай уулзана. Би Мягмарбаярын мотоциклийг худалдаж авах гэж байгаа юм” гэж хэлээд ганцаараа сумын төврүү явган явсан. Тухайн үед манайх Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг “Шар нүүр” гэх газарт байсан. Дашбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны орой гэрээс гарч яваад 2016 оны 03 дугаар сарын 19-ний өглөө Мягмарбаяр, Ууганбаяр нарын хамт мотоцикльтой ирсэн. Тухайн үед Ууганбаяр өөрийнхөө мотоцикльтой явж байсан бөгөөд Дашбаяр нь “Мягмарбаяраас худалдаж авсан” гээд улаан өнгөтэй, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикль унаж ирсэн. Мягмарбаяр, Дашбаяр нар нь нэг мотоцикль дээр сундалдаж ирсэн. Мягмарбаяр, Дашбаяр, Ууганбаяр нар манайд ирчихээд “Мягмарбаярыг хүргэж өгнө” гээд буцаад явсан. Дашбаяр нь Мягмарбаяраас худалдаж авсан гэх мотоциклоо 1 сар гаруй унаж байгаад эд ангиудыг нь тайлж Нямаагийн мотоцикльд тавьж өгсөн гэсэн. Тухайн мотоцикльд Нямаагийн мотоциклийн эд ангиудыг тавьсан байсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх 1-ийн 191-192-р тал/,

                28. Гэрч Ц.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Увс аймгийн Цагаанхайран сумын төвд Арбулаг багт хашаатай юм. 2016 оны 04 дүгээр сарын эхээр Дашбаяр манай хашаанд мотоцикль засаж сэлбэсэн. Би Дашбаярын засаж сэлбэж байгаа мотоциклийн улсын дугаар, өнгө маркийг нь хараагүй бөгөөд Дашбаяр уг мотоциклийг Цагаанхайрхан сумын харъяат Ууганбаяр гах залуутай хамт засаж, сэлбэсэн юм. Мөн Дашбаярыг мотоцикль сэлбэж байхад Цагаанхайрхан сумын харъяат Нямаа гэх хүн ирээд явж байгаа харагдсан. Би Дашбаярыг хэний, ямар учиртай мотоцикль сэлбэж байгаа болохыг нь мэдээгүй, тэр талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Дашбаяр тухайн мотоциклоо сэлбэж засаад манай хашаанаас аваад явсан бөгөөд хаашаа явсан, хэнд өгсөн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх 1-ийн 193-р тал/,

               29. Гэрч Г.Төөрүүлийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу цэргийн баярын өдөр Сарантуяа надтай ирж уулзаад “Манай хөдөө байх гэрт мод ачаад хүргээд өгөөч” гэж гуйсан тул би өөрийнхөө 21-46 УВХ улсын дугаартай Серс маркийн автомашинаар Дашбаяр, Мягмарбаяр, Ууганбаяр нарын хамт мод ачиж өгөхөөр явсан. Тэгээд бид нар Арбулаг гэх газраас түлшний мод аваад Цагаанхайрхан сумын Хулж багт байх Мөнхдэлгэрийн гэрийн гадаа буулгаж өгчихөөд Дашбаяр, Мягмарбаяр, Ууганбаяр бид нар буцаад сумын төв орсон. Тэр гурав миний машинд сууж явахдаа ямар нэгэн зүйл яриагүй бөгөөд Цагаанхайрхан сумын төвд ирээд мотоциклоо авна гэж хэлээд Мөнхдэлгэрийн хашааны гадна буусан. Би тэндээсээ шууд гэрлүүгээ явсан бөгөөд дахиж тэд нартай уулзаагүй” гэх мэдүүлэг /хх 1-ийн 194-р тал/,  

                30. Гэрч П.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын харъяат Мягмарбаяр, Дашбаяр нарыг сайн танина. 2016 оны 04 дүгээр сарын эхээр  Дашбаяр надтай уулзаж “Би нэг хүний мотоцикль засах гэсэн юм. Чи завтай бол надад туслаад мотоцикль засаад өгөөч” гэж гуйсан. Тэгээд Дашбаяр бид 2 Цагаанхайрхан сумын төвд байдаг Мөнхжаргал гэдэг хүний хашаанд мотоцикль засаж янзалсан. Дашбаяр нь нэг мотоциклийн рам авч ирээд өөрийнхөө унаж байсан улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклоос эд ангиудыг нь авч тухайн рамд тавьж, сэлбэсэн. Бас өөрийнхөө амбаараас мотоциклийн эд ангиуд гаргаж ирээд тухайн мотоциклийг сэлбэж зассан. Дашбаяр бид 2 тухайн мотоциклийг сэлбэж, засахад хөх өнгөтэй, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикль болсон. Дашбаярын мотоциклийн ихэнх эд ангийг авч тавьсан болохоор Дашбаярын мотоцикль нь рамнаас өөр бараг юу ч үлдээгүй. Дашбаяр нь тухайн мотоциклийг засаж байхдаа “Би Мягмарбаяртай хамт Нямаа ахын мотоциклийн эд ангиудыг хулгайлж авсан байсан. Тэгээд буцааж янзалж өгч байна” гэж хэлж байсан. Дашбаяр нь тухайн мотоциклийг засаж, сэлбэж байхад нь Цагаанхайрхан сумын харъяат Нямаа гэдэг хүн ирээд харчихаад явсан. Тэр хүн ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд Дашбаяр нь мотоцикль засаж, сэлбэж дууссаны дараа “Эзэнд нь өгнө” гэж хэлээд тухайн мотоциклийг аваад явсан. Өөрийнхөө мотоциклоос үлдсэн рам гэх мэт зүйлийг тэнд нь ил хаяад явсан.

               31. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сарантуяа эгч надтай уулзаад “Чи манай гэрт мод ачаад өгөөч” гэж гуйсан тул би Дашбаяр, Мягмарбаяр нарын хамт Норчиг гэдэг хүний Серс маркийн машинтай яваад Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутаг “Арбулагийн гол” гэх газраас түлшний мод ачаад Хулж багийн нутаг “Оройн өтөг” гэх газарт байх Мөнхдэлгэр ахын гэрийн гадаа буулгаж өгсөн. Тэгээд бид дөрөв буцаад сумын төвд ирсэн бөгөөд Дашбаяр өөрийнхөө мотоциклийг Мөнхдэлгэр ахын хашаанд үлдээсэн байсан учир Мягмарбаяр, Дашбаяр бид гурав Мөнхдэлгэр ахын хашааны гадна бууж үлдсэн. Бид гурав Дашбаярын мотоциклийг аваад Мягмарбаярын гэрт очсон бөгөөд би тэндээсээ шууд гэрлүүгээ явчихсан юм. Мягмарбаяр, Дашбаяр хоёр надтай байх хугацаандаа хулгай хийх талаар ямар нэгэн зүйл ярьж, хэлээгүй” гэх мэдүүлэг /хх 1-ийн 196-197-р тал/,

    32. Гэрч П.Даваабаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн иргэн бөгөөд энэ хавар Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Дунд булаг гэх газарт хаваржиж байсан. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хонио бэлчээрт гаргачихаад нөхрийнхөө хамт хувийн ажлаар сумын төв орсон ба тэр өдөр ажлаа дуусгаад орой 17 цагийн орчимд гэртээ харихад манай мал гэрийн гадна ирчихсэн эзэнгүй байсан. Тэгээд маргааш нь малаа тоолоход манай малнаас 6 хонь, 2 ямаа дутсан байсан. Түүний маргааш нь намайг гэртээ байтал хадам ах Тэрбиш намайг дуудаад “Малаа хардаггүй юмуу, малаа бүртгэсэн үү. Танай малыг Маниушка гэх айлын хашаанд хашчихсан байна” гэж хэлэхээр нь би өөрийн нөхөр Ариунболдод энэ талаар хэлсэн. Дашбаяр манай том ахын хүүхэд бөгөөд энэ хавар Дашбаярын аавынх манайхтай ойрхон хаваржиж байсан юм” гэх мэдүүлэг /хх 1-ийн 198-р тал/,

    33. Гэрч Я.Сугардорж/ хоч нэр Тэрбиш/ -ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн иргэн бөгөөд энэ хавар Хулж багийн нутаг “Хавчигийн дунд ус” нэртэй газарт хаваржсан юм. 2016 оны 05 дугаар сарын 04-05-ны өдрийн хооронд байх би хонио хариулж яваад тус багийн Дундбулаг гэх газарт байдаг Маниушка гэх айлын өвөлжөөний хажуугаар зөрж явтал тухайн өвөлжөөний хашаан дотор мал дуугарах чимээ гарахаар нь очиж үзэхэд уг хашаан дотор 6 тооны эр хонь, 2 тооны эр ямаа хашсэн байсан. Тухайн хонинууд нь нуруун дээгүүрээ хар лактай, баруун чих нь араасаа ухам, урдаасаа сүйх, зүүн чих цуулбар имтэй хонинууд байсан Хоёр ямаа нь эвэрнийхээ ар талд ногоон өнгийн будагтай, баруун чих нь араасаа ухам, урдаасаа сүйх, зүн чих цуулбар имтэй ямаанууд байсан. Тухайн хонь, ямаанууд нь манай дүү Ариунболдынх гэдгийг би шууд таньсан. Тэгээд би уг малнуудыг тууж гаргаад өөрийнхөө маланд нийлүүлээд өөрийн дүү болох Ариунболдын гэрт очиж эхнэрт нь “Та нар малаа бүртгэдэггүй юм уу. Танай малыг Маниушка гэх айлын өвөлжөөний хашаанд хашчихсан байна” гэж хэлчихээд явсан ба тэр өдөр дүү Ариунболд марьтой ирээд манай малнаас малаа аваад явсан. Намайг манай сумын хүмүүс Тэрбиш гэж дууддаг бөгөөд миний иргэний үнэмлэхний нэрийг Сугардорж гэдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 199, 200-р тал/,

    34. Хохирогч Т.Ариунболд, Т.Мөнхдэлгэр нарын гомдол саналгүй, нэхэмжлэх хохиролгүй талаархи тодорхойлолт /хх 2-ийн 17-р тал/,

     35. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 114 тоот Тодорхойлолт /хх 2-ийн 26-р тал/,

     36. Шүүгдэгч М.Дашбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 2-ийн 30-р тал/,

    37. Хохирогч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би ганцаараа Цагаанхайрхан сумын төвд явж байгаад Отгонбаяр, Бат-Эрдэнэ нартай таарсан. Тухайн үед Отгонбаяр, Бат-Эрдэнэ нар мотоцикльтой явж байсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Тэр хоёр надад  “Пиво авахаар явж байна” гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ нь дэлгүүрүүдийн ойролцоо гудамжинд үлдсэн бөгөөд би Отгонбаяраар өөрийн найз Мартбаярын гэрт хүргүүлсэн. Отгонбаяр  намайг хүргэж өгчихөөд буцаад явсан бөгөөд Мартбаяр бид 2 банк орох гээд явж байгаад Бат-Эрдэнэтэй дахин таарсан. Бат-Эрдэнэ “Отгонбаярын мотоциклийн дугуй хагарчихлаа. Урнаа эгчийн хашаанд засч байна. Та 2 тэнд хүрээд ир” гэж хэлээд явсан. Мартбаяр бид 2 банк орчихоод Урнаа эгчийн хашаанд очиход Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Чимэдцэен нар Отгонбаярын мотоциклийг засаж байсан бөгөөд тэд нар 2 литерийн 1 пиво хувааж уугаад дуусч байсан. Отгонбаярын мотоциклийг засаж дууссаны дараа Мартбаяр, Бат-Эрдэнэ нар пиво авч ирэхээр явсан бөгөөд удалгүй 2 литерийн 3 пиво авч ирсэн. Тэгээд Бат-Эрдэнэ, Мартбаяр, Отгонбаяр, Чимэдцэен бид 5 хамт Хангилцагийн голд очиж усанд оронгоо тухайн 3 ширхэг пивыг хувааж уусан. Тухайн пивоноос уугаагүй хүн байхгүй бөгөөд бүгд л тэнцүүхэн хувааж уусан. Тухайн 3 ширхэг пиво дууссаны дараа Бат-Эрдэнэ “Би пиво аваад ирье” гэж хэлээд сумын төв явсан. Бат-Эрдэнэ буцаж ирэхдээ Ууганбаяртай хамт ирсэн бөгөөд хэдэн ширхэг, ямар нэртэй пиво авч ирсэн болохыг би мэдээгүй. Ямар ч байсан 2 литерийн хэмжээтэй пивонууд авч ирсэн байсан. Бат-Эрдэний авч ирсэн пивоноос би уугаагүй. Харин Мартбаяр, Бат-Эрдэнэ, Ууганбаяр, Отгонбаяр, Чимэдцэен нар хувааж уусан бөгөөд тэд нар согтсон байсан. Бид нар голын захад хэсэг хугацаанд байж байгаад буцаад сумын төв явсан бөгөөд би Отгонбаяр, Чимэдцэен нартай нэг мотоцикль дээр суугаад явсан. Харин Бат-Эрдэнэ ганцаараа нэг мотоцикльтой, Ууганбаяр, Мартбаяр нар нэг мотоцикльд сууж явсан. Отгонбаяр, Чимэдцэен бид 3 сумын төврүү ороод Чимэдцэенг гэрийнх нь гадна буулгачихаад би төрсөн ах Баянбатын гэрт очиж өөрийнхөө авч явсан дээл, гар утас зэргийг үлдээсэн. Тухайн үед Баянбат ахын гэрт хүн байгаагүй. Тэгээд Отгонбаяр бид 2 буцаж яваад сумын төвийн доод талд байдаг “Улаан чулууны булаг” гэх газарт очиход Мягмарбаяр, Дашбаяр, Мартбаяр, Бат-Эрдэнэ, Ууганбаяр, Алтанбулаг, Рэнчинлхүндэв нар байсан бөгөөд тэд нар 2 литерийн 1 ширхэг пиво уугаад сууж байсан. Тэд нарын хажууд очиж зогссоны дараа Отгонбаяр мотоциклоос буугаад тэд нарын хажууд очиж суусан бөгөөд би Отгонбаярын мотоцикль дээр сууж байгаад “Надад мотоциклийн түлхүүрээ өгчих” гэж Отгонбаяраас гуйхад Отгонбаяр “Би чамд түлхүүрээ өгч чадахгүй” гэж хэлэхээр нь би Отгонбаяраас дахин мотоциклийн түлхүүрийг нь гуйхад Рэнчинлхүндэв “Наад хүн чинь чамд түлхүүрээ өгөхгүй гээд байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь би “2 хүн ярьж байхад чи чимээгүй байж бай” гэж хэлсэн. Тэгтэл Рэнчинлхүндэв босч ирээд цээжний хэсгийн хувцасаа бүгдийг нь тайлаад “Чи тэгээд яах гээд байгаа юм. Надтай зодолдох гээд байгаа юмуу” гэхэд Бат-Эрдэнэ цаанаас нь “Наад муу хотын гоймонгийн бацаан чинь цохиулахаа хүлээгээд сууж байдаг байхгүй юу. Чамайг цохихыг хүлээж байгаа” гэж хэлэхээр нь би “Намайг цохивол цохь” гэж хэлэхэд Рэнчинлхүндэв надруу хүрч ирээд миний зүүн талын шанааны хэсэгрүү гараараа 1 удаа цохихоор нь би сууж байсан мотоцикль дээрээсээ буугаад Рэнчинлхүндэвийн цээжний хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгтэл Рэнчинлхүндэв, Отгонбаяр, Бат-Эрдэнэ, Дашбаяр, Мягмарбаяр, Ууганбаяр нар надруу бүгд дайрсан. Гэхдээ хэн нь намайг яаж цохиж, зодсон болохыг би хэлж мэдэхгүй байна. Бүгд л дайрсан бөгөөд би тэд нарт цохиулж, өшиглүүлээд газарт унасан. Энэ үед миний найз Мартбаяр нь тэд нарыг салгах гэж оролдож байсан. Намайг толгойгоо дараад газарт хэвтэж байхад бүгд л миний нүүр, гар, толгой, хөл, нуруу, гэдэс гээд бүх газар луу өшиглөж, цохиж зодсон.  Хэн нь, хаашаа, хэдэн удаа өшиглөж, цохисон болохыг би хэлж мэдэхгүй байна. Тэр дунд зөвхөн Мартбаяр л намайг салгах гэж оролдож байсан. Алтанбулаг гэдэг залууг намайг цохиж, зодсон үгүйг би мэдэхгүй байна. Харин Рэнчинлхүндэв, Отгонбаяр, Бат-Эрдэнэ, Дашбаяр, Мягмарбаяр, Ууганбаяр нар нь надруу дайрч цохиж, зодож байсан. Би тэд нарт цохиулаад газарт хэвтэж байхдаа өөрийгөө хамгаалах гэж газраас чулуу авсан боловч тэр чулуугаар хэн нэгнийг цохиж зодоогүй. Тухайн үед би пиво уусан, бас тэд нарт цохиулж, зодуулаад бага зэрэг манарсан байсан учраас зарим зүйлийг тодорхой санахгүй байна. Тэд нар намайг цохиж, зодчихоод бүгд тараад явсан бөгөөд миний хажууд Мартбаяр, Бат-Эрдэнэ, Ууганбаяр нар үлдсэн. Бат-Эрдэнэ нь “Чи битгий баашлаад бай. Хэдэн төгрөг хэрэгтэй юм. Ууганбаяр бид 2-ыг цохиж, зодсон гэж хэлээрэй. Энэ хэргийг би хүлээчихнэ” гэж хэлж байсан. Тэгээд Ууганбаяр, Бат-Эрдэнэ нар явсан бөгөөд миний найз Мартбаяр тусламж дуудаж намайг сумын эмнэлэгт хүргэсэн. Рэнчинлхүндэв нь хамгийн эхлээд миний толгой руу гараараа цохисон. Дараа нь  бусадтайгаа нийлээд дайрч байсан. Миний биеийн аль хэсэгт, юугаар, хэдэн удаа цохиж зодсоныг би хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх 2-ийн 59-60-р тал/,

    -Хохирогч Б.Отгонбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Рэнчинлхүндэв, Отгонбаяр, Бат-Эрдэнэ, Дашбаяр, Мягмарбаяр, Ууганбаяр нарт зодуулсанаас болоод миний толгой заримдаа өвдөж, зовиурладаг болсон. Энэ хэргийн улмаас би маш их хохирсон. Одоо хүртэл хичээлдээ явж чадаагүй байна. Надад эд нар эхлээд 120000 төгрөг өгсөн, сүүлд Дашбаяр 200000 төгрөг, Ууганбаяр, Рэнчинлхүндэв нараас тус тус 100000 төгрөг, нийт 520000 төгрөг өгсөн. Одоо нэмж 2000000 / 2 сая/ төгрөг нэхэмжилж байна. Үүнд : Цагаанхайрханаас Улаангом, Улаангомоос буцахдаа машин хөлсөлж ирж буцсан зардал, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр, эм тарианы зардал орж байгаа ” гэх мэдүүлэг /хх 2-ийн 61-р тал/,

     38. Гэрч Г.Алдрайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын харъяат Бат-Эрдэнэ, Мягмарбаяр Дашбаяр, Рэнчинлхүндэв, Отгонбаяр, Ууганбаяр нарыг нэг сумын хүмүүс гэдгээр нь сайн танина. 2016 оны 06 дугаар сарын 28-ны орой 19.00 цагийн орчимд би Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвд гудамжинд явж байгаад өөрийн найз Мартбаяртай таарсан. Мартбаяр тухайн үед мотоцикльтой явж байсан бөгөөд надад “Отгонбаатарыг хэдэн хүмүүс нийлээд зодчихлоо. Отгонбаатар одоо “Улаан чулууны булаг” дээр байна. Би Отгонбаатарыг авч ирэх машин хайгаад явж байна. Отгонбаатар өөрөө босч явж чадахгүй байна. Отгонбаатарыг гэрт нь хүргэх гэсэн юм” гэж хэлсэн. Мөн Мартбаяр надад хэлэхдээ Бат-Эрдэнэ, Мягмарбаяр, Дашбаяр, Ууганбаяр, Отгонбаяр, Рэнчинлхүндэв нар нийлээд Отгонбаатарыг цохиж, зодлоо гэж хэлсэн. Тэгээд Мартбаяр бид 2 хамт яваад машин хайж байтал Олонбаяр гэдэг хүн машинтайгаа явж байхаар нь болсон явдлыг хэлээд “Улаан чулууны булаг” дээр дагуулаад очсон. Бид нарыг очиход Отгонбаатар газарт хэвтэж байсан бөгөөд Отгонбаатарын нүүр нь нилэнхүйдээ цус болсон, толгой нь бага зэрэг шалбарсан шархтай, баруун гарынх нь сарвууны ар хэсэг шархтай байсан. Отгонбаатар тухайн үед ухаантай, хүнтэй юм ярьж байсан. Отгонбаатар нь “Би зодуулчихлаа” гэж орилж байсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Отгонбаатар нь орилоод, уйлаад байсан. Бид нар Отгонбаатарыг машинд суулгах гэсэн боловч Отгонбаатар нь босч чадахгүй байсан. Мартбаяр, Олонбаяр бид 3-ыг очоод удаагүй байж байтал Отгонбаатарын төрсөн ах Баянбат, бэр эгч Анхцэцэг нар нь мотоцикльтой ирсэн. Баянбат тэр дороо сумын төврүү яваад сумын их эмч Солонгоог дагуулж ирсэн. Солонгоо эмч Отгонбаатарын биеийг үзэж, эмчилгээ хийгээд сумын эрүүл мэндийн төвийн машинаар эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх 2-ийн 62-63-р тал/,

     39. Н.Анхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 28-ны орой 20.00 цагийн орчимд намайг гэртээ байж байтал Отгонбаатар надруу утсаар залгаж “Би Улаан чулууны булаг дээр хүнд зодуулчихлаа” гэж хэлчихээд уйлаад байсан тул би өөрийн нөхөр Баянбатын хамт тэр дороо Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутагт байрлах “Улаан чулууны булаг” гэх газарт очсон. Баянбат бид 2-ыг очиход Мартбаяр, Батдаваа, Отгонбаатар нар байсан бөгөөд  Отгонбаатарын нүүр нь нэлэнхүйдээ цус болсон, толгой нь бага зэрэг шалбарсан шархтай, баруун гарынх нь сарвууны ар хэсэг, чихний ар хэсэг нь бага зэрэг шалбарсан байсан. Отгонбаатар нь тухайн үед ухаантай, хүнтэй юм ярьж байсан. Отгонбаатар нь “Би хүнд зодуулчихлаа” гэж орилоод байсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, архи үнэртэж байсан. Отгонбаатарын найз Мартбаяр нь “Бат-Эрдэнэ, Ууганбаяр, Мягмарбаяр, Рэнчинлхүндэв, Дашбаяр, Отгонбаяр нар нийлээд Отгонбаатарыг зодсон” гэж хэлсэн. Гэхдээ хэн нь, юугаар, яаж цохиж, зодсон талаар тодорхой зүйл хэлээгүй. Тэр үед нөхөр Баянбат эмч дуудахаар явсан бөгөөд удалгүй сумын эмч Солонгоог дагуулж ирсэн. Солонгоо эмч Отгонбаатарын биеийг үзээд “Яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай” гэж хэлээд, өвчин намдаах тариа хийгээд сумын эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх 2-ийн 64-р тал/,

     40.  Гэрч Б.Мартбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “.....Пиво дууссаны дараа Бат-Эрдэнэ “Пиво авч ирнэ” гээд сумын төврүү ганцаараа явсан. Тэгээд Бат-Эрдэнэ буцаж ирэхдээ Ууганбаяртай хамт ирсэн бөгөөд 2,5 литерийн Брат нэртэй пиво 6 ширхэгийг авч ирсэн. Тухайн пивоноос Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Ууганбаяр, Отгонбаатар, Чимэдцэен бид нар уусан бөгөөд Отгонбаатар бид нараас арай бага хэмжээтэй уусан. Авч ирсэн пивоноос 3 ширхэг пивыг нь хувааж уугаад үлдсэн пивыг нь аваад буцаад сумын төврүү явсан. Явахдаа Отгонбаатар, Отгонбаяр, Чимэдцэен нар нэг мотоцикльтой, Ууганбаяр бид 2 нэг мотоцикльтой, Бат-Эрдэнэ ганцаараа 1 мотоцикльтой явсан. Отгонбаяр, Отгонбаатар нар Чимэдцэенг гэрт нь хүргэж өгөхөөр явсан бөгөөд Ууганбаяр, Бат-Эрдэнэ бид 3 шууд яваад Бат-Эрдэнийн хашааны гадна зогсож байтал Дашбаяр, Мягмарбаяр, Алтанбулаг, Рэнчинлхүндэв 4 хүрч ирсэн. Тухайн үед Алтанбулаг 2 литерийн Хүрхрээ нэртэй пиво 1 ширхэгийг авчихсан явж байсныг нь Бат-Эрдэнэ, Ууганбаяр, Дашбаяр, Мягмарбаяр, Алтанбулаг, Рэнчинлхүндэв бид нар сумын төвийн доод талд байдаг “Улаан чулууны булаг” дээр очиж уухаар явсан. Бид нарыг “Улаан чулууны булаг” дээр очоод удаагүй байж байтал Отгонбаяр, Отгонбаатар нар бид нарын араас ирсэн. Бид нар бүгдээрээ 2 литерийн Хүрхрээ нэртэй пивыг хувааж уусан. Тухайн үед Отгонбаатар нь Отгонбаярын мотоцикль дээр сууж байгаад “Мотоциклийнхоо түлхүүрийг өгчих” гэж Отгонбаяраас гуйхад Отгонбаяр “Чи нэлээд согтсон байна. Би чамд түлхүүрээ өгөхгүй” гэж хэлсэн. Тэгтэл Рэнчинлхүндэв “Чи хүний мотоциклоор яах гээд байгаа юм. Чи ямар том юм” гэж хэлэхэд  Отгонбаатар “2 хүн юм ярьж байхад чи яах гэж оролцоод байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл  Рэнчинлхүндэв “Чи ямар том юм бэ” гэж хэлээд дээлээ тайлаад Отгонбаатарын нүүрний хэсэгрүү гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Отгонбаатар нь Рэнчинлхүндэвийн цээжний хэсэгрүү нь зөрүүлээд гараараа 1 удаа цохиход Рэнчинлхүндэв буцаагаад Отгонбаатарын  цээжрүү нь гараараа 1 удаа цохих үед Отгонбаатар газарт унасан. Отгонбаатар газарт уначихаад гартаа чулуу барьж аваад босох гэтэл Отгонбаяр наанаас нь очиж Отгонбаатарын нурууны хэсэгт нь өшиглөж унагаасан. Би Рэнчинлхүндэвийг татаж холдуулах үед Отгонбаяр нь Отгонбаатарыг өшиглөсөн. Би тэр хооронд Отгонбаатарыг цохиж, зодож байгаа хүмүүсийг салгаж, холдуулж байсан учраас зарим нэг хүнийг цохиж, зодож байхыг нь хараагүй. Отгонбаатар газарт хэвтэж байтал Мягмарбаяр наанаас нь очоод Отгонбаатарын биерүү өшиглөж байсан. Мөн Дашбаяр нь Отгонбаатарын толгойруу  гараараа цохиж байсан. Би хэн нь хэдэн удаа цохиж, өшиглөсөн болохыг тодорхой хэлж чадахгүй. Би Отгонбаатарыг цохиж, зодож байгаа хүмүүсийг нэг нэгээр нь салгаж холдуулсан. Рэнчинлхүндэв, Отгонбаяр, Мягмарбаяр, Дашбаяр нар Отгонбаатарыг цохиж, зодож байхыг би нүдээрээ харсан. Харин Бат-Эрдэнэ, Ууганбаяр, Алтанбулаг нар Отгонбаатарыг цохиж, зодож байхыг нь би хараагүй. Би зодоонд оролцож байсан хүмүүсийг нэг нэгээр нь салгаж холдуулж байсан учраас миний араар цохиж, зодсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Дээрх хүмүүс олуулаа нийлээд Отгонбаатар луу дайраад цохиж, зодоод байсан бөгөөд Отгонбаатар нь хүмүүст цохиулж, зодуулаад босож чадахгүй газарт хэвтээд байсан. Зодоон дууссаны дараа Рэнчинлхүндэв, Дашбаяр, Мягмарбаяр, Алтанбулаг, Отгонбаяр нар яваад өгсөн бөгөөд Бат-Эрдэнэ, Ууганбаяр, Отгонбаатар бид 4 үлдсэн. Тэгээд бид 4-үүлээ байхад Бат-Эрдэнэ “Чи Ууганбаяр бид 2-ыг цохиж, зодсон гэж хэлээрэй. Хэдэн төгрөг авах юм” гэж асууж байгаад явсан. Ууганбаяр, Бат-Эрдэнэ нарыг явсны дараа би Отгонбаатарыг дагуулж явах гэтэл босож чадахгүй байсан учраас ус аваад явж байсан Батдаваагийн мотоциклийг гуйж аваад Цагаанхайрхан сумын төвд ирсэн. Тэгээд сумын төвд гудамжинд явж байгаад Алдрайтай таараад болсон явдлыг хэлээд Олонбаяр гэдэг хүнийг машинтай нь аваад буцаад Отгонбаатарын байгаа газарт очсон. Тэгээд Отгонбаатарыг машинд суулгах гэтэл босч чадахгүй орилоод байсан. Тэгж байтал Отгонбаатарын төрсөн ах Баянбат, бэр эгч Анхцэцэг нар нь ирсэн. Баянбат ах буцаж яваад эмч Солонгоог дагуулж ирсэн. Солонгоо эмч Отгонбаатарын биеийг үзэж, эмчилгээ хийгээд эмнэлэгийн машинд суулгаад сумын эрүүл мэндийн төврүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх 2-ийн 65-66-р тал/,

    41. Гэрч Э.Алтанбулагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 28-ны орой 17.00 цагийн орчимд би Мягмарбаярын гэрт очиход Мягмарбаяр, Дашбаяр нар байсан. Тэгээд Дашбаяр бид 2 хамт дэлгүүр яваад 2 литерийн Хүрхрээ нэртэй пиво 1 ширхэгийг аваад Мягмарбаярын гэрт буцаж очиход Рэнчинлхүндэв ирчихсэн байсан. Тэгээд Мягмарбаяр, Рэнчинлхүндэв, Дашбаяр бид 4 Бат-Эрдэнийн гэрийн гадна очиход Бат-Эрдэнэ, Ууганбаяр, Мартбаяр нар байсан. Бид нар бүгдээрээ миний авсан пивыг хувааж уухаар сумын төвийн доод талд байдаг “Улаан чулууны булаг” гэх газарт очсон. Бид нарын араас Отгонбаяр, Отгонбаатар нар мотоцикльтой ирсэн. Тэгээд бид нар миний авсан пивыг хувааж уусны дараа Отгонбаатар нь Отгонбаярын мотоцикль дээр сууж байгаад “Надад мотоциклийн түлхүүрээ өгчих” гэхэд Отгонбаяр “Би чамд мотоциклийн түлхүүрээ өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэгтэл Рэнчинлхүндэв “Чи ямар том юм. Наад хүн чинь чамд түлхүүрээ өгөхгүй гээд байгаа юм бишүү” гэж хэлэхэд Отгонбаатар “2 хүн юм ярьж байхад чи илүү” гэж хэлэхэд Рэнчинлхүндэв Отгонбаатарын нүүрний хэсэг рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэр үед Отгонбаатар сууж байсан мотоцикль дээрээсээ бууж ирээд Рэнчинлхүндэвийн цээжний хэсэгрүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Рэнчинлхүндэв буцаагаад Отгонбаатарын цээжрүү гараараа 1 удаа цохиход Отгонбаатар газарт унасан. Отгонбаатарыг газарт унасаны дараа Рэнчинлхүндэв Отгонбаатарын нуруу хэсэгрүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэр үед Ууганбаяр наанаас нь очоод Рэнчинлхүндэвийг салгаж холдуулж байтал Отгонбаатар гартаа чулуу барьчихсан босч ирсэн. Би Отгонбаатарыг чулуугаар хүн цохиж магадгүй гэж бодоод түүнийг цээжний хэсгээр нь тэвэрч барьж авах үед Отгонбаатар миний гарыг тавиулах гэж ноцолдож байгаад Ууганбаярын мотоциклийг хөлөөрөө санамсаргүй унагаасан. Тэгтэл Ууганбаяр босч ирээд “Чи миний мотоциклийг унагаадаг хэн юм” гэж хэлээд Отгонбаатарыг надаас татаж салгасан. Отгонбаатар намайг цохиж зодсон зүйл байхгүй. Ууганбаяр нь Отгонбаатарыг өшиглөх гээд хий өшиглөөд яваад байсан. Ууганбаяр нь Отгонбаатарыг онож өшиглөөгүй бөгөөд Отгонбаатар нь ухарч явж байгаад чулуунд тээглээд хойшоо унасан. Отгонбаатарыг газарт унасны дараа Бат-Эрдэнэ, Рэнчинлхүндэв, Мягмарбаяр, Дашбаяр, Ууганбаяр, Отгонбаяр нар нийлээд Отгонбаатарыг дээрээс нь цохиж, зодсон. Гэхдээ тэд нарын хэн нь хэдэн удаа цохиж, өшиглөсөн болохыг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Бүгд л тойрч зогсчихоод цохиж, өшиглөөд байсан. Энэ үед Мартбаяр бид 2 тэд нарыг салгах гэж оролдож байсан. Тэд нарыг салгаж холдуулсаны дараа Отгонбаатар нь дахиж босч ирээгүй бөгөөд “Манай ахыг дуудаад өгөөч” гээд орилоод байсан. Тэгээд Дашбаяр, Мягмарбаяр, Рэнчинлхүндэв, Отгонбаяр бид 5 сумын төврүү явсан. Тэнд Отгонбаатар, Мартбаяр, Ууганбаяр, Бат-Эрдэнэ нар үлдсэн бөгөөд түүнээс хойш ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Миний хувьд Отгонбаатарыг цохиж, зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 2-ийн 67-68-р тал/,  

    42. Гэрч Л.Солонгоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 06 дугаар сарын 28-ны орой 20.50 цагийн орчимд намайг гэртээ байтал манай эрүүл мэндийн төвийн сувилагч Болорчимэг надруу утсаар залгаж “Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутаг “Улаан чулууны булаг” гэх газарт Отгонбаатар гэдэг залуу хүнд зодуулсан гэж дуудлага ирлээ” гэж хэлсэн. Удалгүй байж байтал Баянбат ах мотоцикльтой ирээд намайг авсан. Баянбат ах “Манай дүү Отгонбаатар хүнд зодуулчихсан байна. Тэнд машин байгаа” гэж хэлэхээр нь би Баянбат ахтай хамт Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутаг “Улаан чулууны булаг” гэдэг газарт очсон. Намайг тэнд очиход Отгонбаатар, Мартбаяр, Анхцэцэг, бас нэг танихгүй залуу  байсан. Отгонбаатар газарт хэвтэж байсан бөгөөд би биеийг нь үзэхэд духны баруун дээд талд бага зэрэг шалбарсан шархтай байсан. Отгонбаатар нь цээжнийхээ зүүн талыг  гараараа дараад орилоод байсан. Цээжнийх нь зүүн талын 7-8 дугаар хавирга орчимд бага зэрэг хөхөрсөн, дарахад эмзэглэл ихтэй, гар хүргүүлэхгүй байсан. Биед нь өөр ил харагдах шарх, сорви, гэмтэл бэртэл байгаагүй. Би тэр дороо өвчин намдаах тариа хийсэн. Тэнд очиход машин байгаагүй учраас би эмнэлэгийн машин дуудаж Отгонбаатарыг сумын эрүүл мэндийн төвд авч ирээд эмчилгээ хийсэн. Отгонбаатар нь “Цээжний зүүн хажуугаар өвдөж байна. Амьсгал авч болохгүй байна. Толгой өвдөөд дотор муухай оргиод байна” гэж хэлсэн. Би Отгонбаатарын биеийг үзээд тархины доргилт, хавирганы хугарал гэдэг онош тавиад, зовиур ихтэй байсан учраас өвчин намдаах, цус тогтоох, үрэвсэл дарах, тархи хамгаалах, тархины хаван хөөх, бөөлжилтийн эсрэг эмчилгээ хийсэн. Тэгээд Улаангом сум орж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Манай сумын эрүүл мэндийн төвд рентген аппарад байдаггүй учраас бүрэн онош тавих боломжгүй байсан. Би Отгонбаатараас хэн, яаж зодсон талаар асуухад “Намайг усанд орчихоод ирж байтал олон залуучууд зодсон. Намайг газарт унагаачихаад цохиод, дэвсээд байсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 2-ийн 69-70-р тал/,    

    43. Гэрч Б.Баянбатын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 06 дугаар сарын 28-ны орой 20.00 цагийн орчимд намайг гэртээ байтал миний эхнэр Анхцэцэг “Отгонбаатар хүнд зодуулчихсан байна гэнэ. “Улаан чулууны булаг” дээр байгаа юм байна. Надруу утсаар ярьлаа” гэж хэлсэн. Тэгээд би Анхцэцэгийн хамт мотоцикльтой яваад Цагаанхайрхан сумын эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилладаг Болорчимэгтэй уулзаж дуудлага өгчихөөд Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутаг “Улаан чулууны булаг” гэх газарт очсон. Анхцэцэг бид 2-ыг очиход Отгонбаатар, Мартбаяр, Отгонбаяр нар байсан бөгөөд Отгонбаатар газарт хэвтэж байсан. Отгонбаатарын духны баруун дээд хэсэгт шалбарсан шархтай, 2 уруул нь зэрэг цус болсон байдалтай байсан. Өөр биед нь ил харагдах шарх сорви байгаагүй бөгөөд Отгонбаатар нь цээжнийхээ зүүн хэсэгт гараараа дараад ёолж орилж байсан. Мартбаяр хэлэхдээ “Дашбаяр, Мягмарбаяр, Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Рэнчинлхүндэв, Ууганбаяр нар нийлээд Отгонбаатарыг цохиж, зодсон. Отгонбаатар нь Отгонбаярын мотоциклийг гуйхад Рэнчинлхүндэв дундуур нь орж ирээд Отгонбаатартай маргасан. Тэрнээс болж зодоод болсон. Би салгах гээд чадсангүй. Олуулаа зэрэг зэрэг дайраад байсан болохоор салгаж чадаагүй” гэж хэлсэн. Би Отгонбаатарыг харчихаад буцаад Цагаанхайрхан сумын төвд очиж Сумын эрүүл мэндийн төвийн их эмч Солонгоог гэрээс нь аваад буцаад “Улаан чулууны булаг” дээр очсон. Солонгоо эмч Отгонбаатарын биеийг үзээд өвчин намдаах тариа хийгээд сумын эрүүл мэндийн төвийн машинаар эмнэлэг рүү авч явсан. Солонгоо эмч Отгонбаатарыг үзээд хавирганы хугарал, тархины доргилт гэсэн онош тавьсан” гэх мэдүүлэг /хх 2-ийн 84-85-р тал/,

   44. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот Шинжээчийн дүгнэлтэд: “Үзүүлэгч Б.Отгонбаатарын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, цээжнийн зүүн талд зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд зовхи, баруун шилбэнд цус хуралт, дух, баруун, зүүн хацар, баруун, зүүн чихний дэлбэн, нуруу, хүзүү, зүүн тохойд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэжээ /хх 2-ийн 94-р тал/,

    45. Шүүгдэгч П.Мягмарбаярын биед гэмтэл тогтоогдоогүй талаархи шинжээч эмчийн 327 тоот дүгнэлт /хх 2-ийн 105-р тал/,  

    46. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн Мотоцикль үнэлсэн тухай тайлангууд /хх 2-ийн 111-112, 118-119, 125-126, 132-133-р тал/,

    47. Шүүгдэгч Г.Ренчинлхүндэв, Б.Отгонбаяр, П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 2-ийн 203, 205, 207, 209-р тал/,

    48. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт, Арбулаг, Хулж багийн засаг даргын Тодорхойлолтууд /хх 2-ийн 211, 212, 213, 214, /

    49. Хохирогч Б.Отгонбаатарын амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 2-ийн 225-233-р тал/,

    50. Шүүгдэгч П.Мягмарбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байгаад орой 19.00 цагийн орчимд сумын соёлын төвд болж байгаа концертыг үзэхээр гэрээсээ гарсан. Тэгээд сумын Соёлын төвийн үүдэнд зогсож байгаад Мэндбаяр, Энхтөр нартай таарсан. Мэндбаяр надад “Чамд мотоциклийн илүү банк байна уу. Би мотоциклийнхоо банкыг сольмоор байна” гэхээр нь би “Надад мотоциклийн банк байхгүй. Би сольж өгч чадахгүй” гэж хэлсэн. ....Мэндбаяр “Лхагважав гэдэг хүний хашаанд нэг мотоцикль байна. Чи тэр мотоциклийг надад гаргаж ирээд өгөөч. Би тэр мотоциклоос банк, хойд талын бөгсний гэрэл, 2 хацрын таг зэргийг нь авмаар байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрч Мэндбаяртай хамт Лхагважав гэдэг айлын хашааны гадна очсон. Лхагважавын хашаан дотор, гэрийнх нь хажууд нэг мотоцикль байхаар нь би Мэндбаярт “Чи өөрөө ороод аваад гараад ир” гэж хэлэхэд Мэндбаяр хашааруу орчихоод мотоциклийг авалгүй буцаад гараад ирсэн. Тэр “Би авах гэхээр айгаад байна. Чи ороод аваад гараад ирээч” гэхээр нь би өөрийнхөө мотоциклийг гудамжны доод үзүүрт аваачиж тавьчихаад буцаж ирээд Лхагважавын хашаа руу орсон. Мэндбаяр хашааны гадна хүн хараад зогсож байсан бөгөөд хашаа руу ороход Лхагважавын гэрийн хажууд улаан өнгөтэй, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн Хятад мотоцикль байхаар нь би түлхээд хашаанаас гаргасан. Хашаанаас гаргасны дараа Мэндбаяр тухайн мотоциклийг түлхээд би хажууд нь явган дагаад хорооллын доод үзүүрт тавьсан байсан миний мотоцикль дээр очсон. Тэгэд би уг Мустанг-5 маркийн мотоциклийн кондукторын утсыг нь салгаж байгаад асаагаад Мэндбаярт өгсөн бөгөөд би өөрийнхөө мотоциклийг жолоодоод, Мэндбаяр хулгайлсан мотоциклийг жолоодоод бид 2 сумын төвөөс гараад хогны хонхорын хойд талд байдаг нэг эзэнгүй өвөлжөөн дээр очиж, хулгайлсан мотоциклоо өвөлжөөний хашаа руу оруулсан. Тэгээд Мэндбаяр бид 2 хулгайлж авсан мотоциклийн бинзений банк, 2 талын хацар, хойд талын гэрэл-1 ком, аккумлятор, урд талын дөрөө, данхрад, маниул, татах релен, урд гэрлийн хамгаалалт, хөгжим, түлхүүр багаж зэргийг нь авсан. Тэгээд тухайн мотоциклийг тэнд нь үлдээгээд явсан. Мэндбаяр надад “2-уулаа хэд хоногийн дараа хүмүүс нь мотоциклоо хайхаа болихоор энэ мотоциклийг Баруунтуруун сумруу оруулж заръя” гэж хэлсэн. Хулгайлсан мотоциклоос тайлж авсан эд ангиудаас бинзены банк, аккумлятор зэргийг өөрийнхөө жолоодож явсан мотоцикльд тавьсан. Миний унаж байсан мотоцикль нь аккумляторгүй байсан юм. Миний сольж тавьсан банкийг Мэндбаяр авахаар болсон. Тэгээд бид 2 тайлж авсан эд ангиудаа аваад сумын төврүү явсан. Сумын төвд ирээд нэг хашаагүй, эзэнгүй амбаарт хулгайлсан эд зүйлээ оруулсан. Тэнд миний мотоциклоос тайлж авсан банк, хулгайлсан мотоциклоос авсан 2 талын хацрын таг, бөгсний гэрэл-1 ком, урд гэрлийн хамгаалалт, маниул, татах релен, хөгжим, 10-ийн түлхүүр 2 ширхэг, 8-ын түлхүүр 1 ширхэг, 14-ийн түлхүүр 1 ширхэг, 19-ийн цүүр 1 ширхэг зэргийг аваад тухайн амбаарт оруулж тавьсан. Харин би 10-ын түлхүүр 1 ширхэг, 17-ын түлхүүр 1 ширхэг, 13-ын түлхүүр 1 ширхэг, 12-ын дорцов 1 ширхэг, урд талын дөрөө, данхраад зэргийг аваад явсан. Тэгээд Мэндбаярыг гэрийнх нь гадна буулгачихаад гэртээ ирж унтсан. ..Мэндбаяр бид 2-ын хулгайлсан мотоцикль нь Лхагважав ахын хүргэнийх нь мотоцикль байсан гэж сүүлд нь сонссон. Лхагважав ах тухайн мотоциклийг хайж олж аваад дутуу эд ангиудыг нь дэлгүүрээс худалдаж авч өгөөд явуулсан гэж сонссон. Миний хувьд ямар нэгэн хохирол, төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Би хохирогчид учирсан хохирлыг Мэндбаяртай хувааж төлж барагдуулна. Би хулгайлж авсан мотоциклийнхоо эд ангиудыг эзэнд нь буцааж өгөөгүй байгаа.

    -2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Мөнхдэлгэрийн эхнэр Сарантуяа гэдэг хүн надтай уулзаж “Чи мод ачилцаад өгөөч” гэж гуйсан бөгөөд тэр өдөр нь машин нь яваагүй учраас мод ачихаар яваагүй. Мөнхдэлгэрийн гэр нь Цагаанхайрхан сумын төвд байдаг бөгөөд Мөнхдэлгэр нь жижиг гэртэйгээ хөдөө байсан. 2016 оны 03 дугаас сарын 18-ны өдөр Дашбаяр, Ууганбаяр бид 3 Норчиг гэдэг хүний машинтай Мөнхдэлгэрийн түлшний модыг ачиж өгөхөөр явсан. Бид нар Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутаг “Бага Арбулаг” гэх нэртэй газраас түлшний мод ачаад Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг “Оройн өтөг” гэх нэртэй газарт байх Мөнхдэлгэрийн гэрийн гадна буулгаж өгсөн. Тухайн үед Мөнхдэлгэр гэртээ ганцаараа байсан. Тэгээд Дашбаяр, Ууганбаяр бид 3 буцаад Норчиг гэдэг хүний машинтай хамт сумын төвд орж ирээд Батболд ахын хашааны гаднаас Дашбаяр өөрийнхөө мотоциклийг авсан. Дашбаяр, Ууганбаяр бид 3 Дашбаярын мотоцикльтой яваад манай гэрт очсон. Гэрт очсоны дараа Ууганбаяр “Би гэртээ харилаа гээд явсан”бөгөөд Дашбаяр бид 2 манай гэрт хоол идчихээд гэрээс гарахад Дашбаяр надад “2-уулаа Мөнхдэлгэрийн гэрээс хулгай хийе” гэхээр нь би “Яах юм бэ. Хулгай хийгээд хэрэггүй ” гэж хэлэхэд Дашбаяр “Би авга ах нартайгаа харш. Тэд нарын гэрээс хулгай хиймээр байна. Намайг юм авлаа гэхэд наадуул чинь юм хэлж чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд Батболдын байшин, амбаар,  Мөнхдэлгэрийн гэрээс эд зүйл хулгайлсан. Бид 2 тэндээс мотоциклийн эд анги, бугын эвэр, ямааны мах зэрэг зүйл хулгайлж авсан. Дашбаяр бид 2 хулгайлсан ямааны махаа ойн захад аваачиж хаясан. Харин мотоциклийн эд ангиудыг бүгдийг нь Дашбаяр авсан. Сүүлд нь Дашбаяр хулгайлж авсан эд зүйлээ эзэнд нь буцааж өгөөд хохирол, гомдолгүй болгосон гэж сонссон. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх 1-ийн 103-104-р тал/,  

     Шүүгдэгч П.Мягмарбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хулгайлсан эд зүйлээ буцаан өгч хохирлыг арилгасан. Отгонбаатарыг зодсон хэргийн хувьд гэвэл: бид нар Отгонбаатартай уулзаж уучлалт гуйж хохирол арилгах гэсэн боловч ар гэрийнхэн нь биднийг уулзуулаагүй, биднээс их хэмжээний, бүр 40 сая төгрөг өг гэж хэлсэн, дараа нь хүн тус бүрээс 1500000 төгрөг нэхсэн. Бид нар эмчилгээний болон замын зардлыг нь төлж өгнө. Миний хувьд хохиролд 20000 төгрөг л өгсөн, боломжгүй байгаа учраас мөнгө төгрөг нэмж өгч чадаагүй байгаа. Буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг,

    51. Шүүгдэгч Д.Мэндбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байгаад орой 20.00 цагийн орчимд сумын соёлын төвд болж байгаа концертыг үзэхээр гэрээсээ гарсан. Тухайн үед би явган явж байсан бөгөөд шууд сумын Соёлын төвд очиход үдшийн цэнгүүн болж байсан. Би сумын Соёлын төвийн үүдэнд зогсож байгаад Мягмарбаяртай таарсан. Тухайн үед Мягмарбаяр бага зэрэг архи уусан байсан ч тэгж их согтоогүй байсан. Миний өөрийн мотоциклийн бензины банк хонхойж гэмтсэн учраас би Мягмарбаярт “Чи өмнө нь унаж байсан мотоциклийнхоо хуучин бензиний банкыг надад өгөөч” гэж гуйхад Мягмарбаяр “Чи надад 2 ширхэг том пиво аваад өгчих” гэж хэлсэн. Тэгээд Мягмарбаяр бид 2 түүний улсын дугааргүй, улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоцикльтой  Соёлын төвийн үүднээс хөдлөөд Цогоо гэдэг хүний дэлгүүрийн гадна очиж зогссон. Бид 2 бууж Цогоо ахын дэлгүүрлүү ороод пиво авах гэтэл надад 5000 төгрөг байсан, 2 том пиво авахад мөнгө хүрэхгүй байсан учраас 0.5 литерийн Боргио пиво 2 ширхэгийг авсан. Тэгээд бид 2 Цогоо ахын дэлгүүрээс гараад сумын соёлын төвийн үүдэнд очоод Энхтөр гэдэг залуутай таарсан бөгөөд Мягмарбаярын мотоцикль дээр 3-уулаа сундлаад наадмын талбайн ойролцоо очиж нөгөө 2 ширхэг пивоо уусан. Тухайн 2 ширхэг пиво дууссаны дараа Энхтөр “Би гэртээ харилаа” гээд явган гүйгээд явчихсан. Тухайн үед ойролцоогоор шөнийн 01.00- 02.00 цаг болж байсан байх. Энхтөрийг явсны дараа Мягмарбаяр надад “Би чамд мотоциклийн бензиний банк олоод өгье. Чи хэнд ч хэлж болохгүй шүү. Лхагважавын гэрийн гадна Наранбулаг сумаас ирсэн нэг хүний мотоцикль байна лээ. 2-уулаа тэр мотоциклийг хулгайлж авъя. Чи хэрэгтэй зүйлээ тэр мотоциклоос ав” гэж хэлэхээр нь би зөвшөөрч Мягмарбаяр бид 2 наадмын талбайн хажуугаас хөдлөөд шууд Лхагважав гэдэг айлын хашааны гадна очсон. Бид 2-ыг очиход Лхагважавын хашаан дотор байсан байшин гэрэлтэй, гэр нь гэрэлгүй байсан. Мягмарбаяр “Чи ороод гэрийн хажууд байгаа мотоциклийг түлхээд гараад ир” гэхээр нь би “Чи өөрөө авч гарч ир, би чадахгүй” гэхэд Мягмарбаяр “Ямар арчаагүй пизда вэ. Чи хүн харж бай. Би мотоциклоо жалганд нуучихаад ирье” гэж хэлээд өөрийнхөө мотоциклийг түлхээд хорооллын доод адаг руу явсан. Би Лхагважавын хашааны гадна хүн хараад зогсож байтал удалгүй Мягмарбаяр буцаж ирээд Лхагважавын хашаа руу ороод гэрийнх нь хажууд байсан улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг түлхэж гарч ирсэн. Мягмарбаяр бид 2 тухайн мотоциклийг түлхээд хорооллын доод адаг руу явсан бөгөөд хорооллын доод адагт очиход Мягмарбаяр өөрийнхөө мотоциклийг нэг жалганд нуусан байсан. Мягмарбаяр хулгайлж авсан мотоциклийн кондукторын утсыг салгаж байгаад маниулыг нь гишгэж асаасан, би хулгайлж авсан мотоциклийг жолоодоод, Мягмарбаяр өөрийнхөө мотоциклийг жолоодоод сумын төвөөс гарч хогны хонхорын хойд талд байдаг нэг айлын эзэнгүй өвөлжөөнд очсон. Мягмарбаяр бид 2 хулгайлж авсан мотоциклоо өвөлжөөний эзэнгүй хашаа руу оруулж байгаад бензиний банк, хойд талын бөгсний гэрэл, толгойны хамгаалалт, туслах данхраад, аккумлятор, астачер зэргийг тайлж аваад тухайн мотоциклийг тэнд нь үлдээсэн. Мягмарбаяр “2-уулаа энэ мотоциклийг энд нь үлдээгээд явъя. Хэд хонож байгаад дахин буцаж ирж авъя” гэж хэлсэн бөгөөд Мягмарбаяр өөрийнхөө мотоциклийн бензины банкыг тэр дор нь тайлаад нөгөө мотоциклоос тайлж авсан банкыг өөрийнхөө мотоцикльд тавьсан. Мөн хулгайлж авсан мотоциклоос тайлж авсан аккумлятор, 2 хацар зэргийг Мягмарбаяр өөрийнхөө мотоциклийн эд ангитай сольж тавьсан. Тэнд очихоос өмнө Мягмарбаярын мотоцикль нь аккумляторгүй явж байсан байна лээ. Бид 2 хулгайлж авсан мотоциклоос тайлсан бусад эд, ангиудыг Мягмарбаярын өөрийнх нь мотоциклоос тайлж авсан бензины банк, 2 хацар зэрэгтэй хамт аваад сумын төврүү явсан. Тухайн үед Мягмарбаяр өөрөө мотоциклоо жолоодож явсан бөгөөд сумын төвд очоод хашаагүй, нэг эзэнгүй амбаарын хажууд зогссон. Мягмарбаяр бид 2 тэнд очоод Мягмарбаярын өөрийнх нь мотоциклоос тайлж авсан бензины банк, 2 хацар зэргийг, хулгайлсан мотоциклоос тайлж авсан хойд талын бөгсний гэрэлтэй хамт тухайн амбаарт оруулж тавьсан. Мягмарбаяр нь хулгайлсан мотоциклоос тайлж авсан толгойн хамгаалалт, туслах данхраад, астачер зэргийг аваад намайг гэрт хүргэж өгчихөөд явсан. Маргааш өдөр нь буюу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би нөгөө эзэнгүй, муу амбаар дээр очиж Мягмарбаярын мотоциклоос тайлсан бензиний банк, 2 хацар, хулгайлсан мотоциклоос тайлж авсан бөгсний гэрэл зэргийг аваад өөрийнхөө мотоциклийн эд ангитай сольж тавьсан. Би хувьдаа улсын дугааргүй, хар өнгөтэй, Мустанг-5 маркийн, Хятад мотоцикьтой бөгөөд тухайн эд ангиудыг сольсоны дараа миний мотоцикль улаан өнгөтэй болсон. ...Би хулгайн хэрэг хийсэндээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх 1-ийн 100-101-р тал/,

    Шүүгдэгч Д.Мэндбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би Мягмарбаяртай хамт Бат-Эрдэнийн мотоцикль хулгайлсандаа гэмшиж харамсаж байна. Дахин ийм хэрэг хийхгүй байж чадна. Хохирлоо төлж барагдуулсан, надад хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг,

    52. Шүүгдэгч Г.Рэнчинлхүндэвийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би  Цагаанхайрхан сумын Хулж багт хөдөө байж байгаад 2016 оны 06 дугаар сарын 28-ны орой 19.00 цагийн орчимд хувийн ажлаар Цагаанхайрхан сумын төвд орж ирсэн. Би Цагаанхайрхан суманд ирээд шууд Мягмарбаярын гэрт очсон. Тэгээд Мягмарбаяртай уулзаад зогсож байтал Алтанбулаг, Дашбаяр нар хүрч ирсэн. Тухайн үед Алтанбулаг 2 литерийн Хүрхрээ нэртэй пиво 1-ийг авчихсан явж байсан. Мягмарбаяр, Дашбаяр, Алтанбулаг  бид 4 тухайн пивыг ууя гэж ярилцаад Бат-Эрдэнийн гэрийн гадна очиход тэнд Мартбаяр, Ууганбаяр, Бат-Эрдэнэ нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд Мартбаяр, Ууганбаяр, Бат-Эрдэнэ, Дашбаяр, Мягмарбаяр, Алтанбулаг бид нар сумын төвийн доод талд гарч “Улаан чулууны булаг” гэх газарт очсон. Бид нар тэнд очоод удаагүй байж байтал бид нарын араас Отгонбаяр, Отгонбаатар нар ирсэн. Тухайн үед Отгонбаяр нь өөрийнхөө мотоциклийг жолоодоод, Отгонбаатар ард нь суучихсан ирсэн. Отгонбаяр бид нарын хажууд ирж зогсонгуутаа мотоциклоосоо буугаад бид нартай хамт суусан. Харин Отгонбаатар  Отгонбаярын мотоцикль дээр суугаад үлдсэн. Бид нарыг пиво ууж дууссаны дараа Отгонбаатар нь Отгонбаярт хандаж “Надад мотоциклийнхоо түлхүүрийг өгч бай” гэж хэлэхэд Отгонбаяр “Би чамд түлхүүрээ өгөхгүй. Би явахаараа өөрөө мотоциклоо бариад явна” гэж  хэлсэн. Отгонбаатар нь нэлээд согтсон байдалтай байсан бөгөөд Отгонбаяр луу “Чи мотоциклийнхоо түлхүүрийг өг” гээд дахин дахин хэлээд байхаар нь би Отгонбаатарт хандаж “Чи одоо яах гээд байгаа юм. Чи согтуу байна. Тэгээд ч Отгонбаяр чамд мотоциклийнхоо түлхүүрийг өгөхгүй гэж хэллээ ш дээ” гэж хэлэхэд Отгонбаатар “2 хүн ярьж байхад чи илүү. Чамд хамаагүй асуудал” гэж над руу уурласан. Би дахин “Чи согтуу байна ш дээ” гэж хэлэхэд Отгонбаатар “Чи муу одоо яах гээд байгаа юм” гэж хэлээд босож  над уруу дөхөж ирээд миний цээжрүү гараараа түлхсэн.  Тэгэхээр нь би “Чи ямар овоо юм бэ. Хоёулаа эр хүн шиг учраа олъё” гэж хэлээд дээл болон дээгүүр өмсөж байсан цамцаа тайлаад Отгонбаатарын духны хэсэгрүү гараараа 1 удаа цохисон. Энэ үед Бат-Эрдэнэ миний хажуугаар орж ирээд Отгонбаатарын баруун талын шанаа руу нь зүүн гараараа 1 удаа цохичихоод холдоод явсан. Отгонбаярын мотоциклийг Дашбаяр өргөж босгож байсан. Тэр үед Отгонбаяр нь сууж байсан газраасаа босч ирээд “Чи яагаад хүний мотоцикль унагааж байгаа юм” гэж Отгонбаатар луу уурлахад Отгонбаатар “Битгий хуц. Чи юу гээд байгаа юм” гэж Отгонбаяр луу ууралсан. Тэгээд Отгонбаяр баруун талын гараараа Отгонбаатарын зүүн  талын шанааны хэсэгт 1 удаа цохисон. Би Отгонбаярын хажуугаар Отгонбаатарын нүүрний хэсэг рүү баруун гараараа 3 удаа цохисон. Тэр үед Отгонбаатарын дээд талын уруул нь язарч, бага зэрэг цус гарсан. Отгонбаатар надад цохиулаад газарт унаад босч ирсэн. Тэгээд Отгонбаатар бид 2 маргаад зогсож байгаад би дахин Отгонбаатарын толгой руу нь гараараа 1 удаа цохиход Отгонбаатар газарт унасан. Отгонбаатар нь нэлээд согтсон байсан учраас амархан газарт унаж байсан. Отгонбаатар газарт унаад босч ирэхдээ гартаа чулуу бариад босч ирээд уг чулуугаараа намайг цохих гэхээр нь би чулуутай гарнаас нь барьж авсан. Энэ үед Алтанбулаг бид 2-ын дундуур орж салгасан. Отгонбаатар гартаа барьж байсан чулуугаараа хүн цохиж, зодоогүй. Алтанбулаг  Отгонбаатарыг тэвэрчихсэн зогсож байсан бөгөөд Отгонбаатар нь гартаа байгаа чулууг хаяхгүй болохоор нь Мартбаяр бид 2 чулууг хаяуулах гэж оролдсон боловч чадаагүй. Тэгээд би Отгонбаатараас бага зэрэг холдоод Ууганбаярын мотоциклийн хажууд зогсож байтал Отгонбаатар нь Ууганбаярын мотоциклийг өшиглөж унагаагаад надруу дайрахаар нь би Отгонбаатарыг тэвэрч авсан. Энэ үед Ууганбаяр цаанаас хүрч ирээд “Чи яагаад зүгээр байсан хүний мотоцикль унагааж байгаа юм” гэж хэлэхэд Отгонбаатар “Чиний сэгийг унагаахад яадаг юм” гэж хэлсэн. Тэгтэл Ууганбаяр нь баруун гараараа Отгонбаатарын нүүрний хэсэг рүү 1 удаа цохиод, хөлөөрөө өшиглөх гэтэл Отгонбаатар хөлийг нь барьж аваад Ууганбаярыг газарт унагаасан. Тэгтэл Мартбаяр нь бид нарын дундуур орж салгасан. Мартбаяр нь Ууганбаярыг татаад холдуулахаар нь би дахин Отгонбаатар луу дайрч Отгонбаатарын зүүн талын шанаа руу нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Намайг өшиглөх үед Отгонбаатар нь газарт унасан бөгөөд би Отгонбаатарын дээрээс дарж байгаад нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Дашбаяр миний хажуугаар орж ирээд Отгонбаатарын толгой руу 1-2 удаа цохисон. Мөн Мягмарбаяр хүрч ирээд Отгонбаатарын зүүн талын хавирганы хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Мартбаяр, Алтанбулаг нар бид нарыг салгаж холдуулсан. Тэрнээс хойш Отгонбаатар дахиж босч ирээгүй. Отгонбаатар “Миний ах уруу залга. Та нар явцгаа. Зайлцгаа” гэж орилж байсан. Тэгээд тэнд Отгонбаатар, Мартбаяр, Ууганбаяр, Бат-Эрдэнэ нар үлдээд бид нар гэрлүүгээ явсан. Бид нарыг явах үед Отгонбаатар газарт хэвтэж байсан. Тэнд байсан хүмүүсээс Мартбаяр, Алтанбулаг нар Отгонбаатарыг цохиж, зодоогүй. Дашбаяр, Мягмарбаяр, Ууганбаяр, Бат-Эрдэнэ, Отгонбаяр бид нар бүгд Отгонбаатарыг цохиж зодсон. Дашбаяр, Мягмарбаяр, Ууганбаяр, Бат-Эрдэнэ, Отгонбаяр бид нар мөнгөө нийлүүлж байгаад 120.000 төгрөгийг хохирогч Отгонбаатарт өгсөн. Өөр ямар нэгэн хохирол төлбөр төлж барагдуулаагүй байгаа. Миний бие хийсэн хэрэгтээ харамсаж байгаа. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,   

   Шүүгдэгч Г.Рэнчинлхүндэвийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “ Отгонбаатарыг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Отгонбаатараас уучлалт гуйж байна. Хохиролд миний бие 100000 төгрөг өгсөн. Мөн өмнө бид 6-лаа нийлээд 120000 төгрөг өгсөн байгаа. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй байж чадна. Надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг,

    53. Шүүгдэгч М.Дашбаярын мөрдөн байцаалтад өгсөн : “.....Бид нар Алтанбулагийн авсан пивыг хувааж ууж дууссаны дараа Отгонбаатар нь Отгонбаярд хандаж “Надад мотоциклийнхоо түлхүүрийг өгч бай. Би дээшээ явчихаад ирье” гэж хэлэхэд Отгонбаяр “Би мотоциклийнхоо түлхүүрийг өгөхгүй. Чи согтуу байж мотоциклийн түлхүүрээр яах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл Отгонбаатар нь Отгонбаярд хандаж дахин дахин “Мотоциклийнхоо түлхүүрийг өг” гэж хэлээд байсан. Тэгтэл Рэнчинлхүндэв “Чи мотоциклийн түлхүүр авч хаачих гээд байгаа юм, чи согтуу байна” гэж хэлэхэд Отгонбаатар “2 хүн ярьж байхад 3 дахь хүн нь илүү. Чамд ямар хамаатай юм” гэж хэлэхэд Рэнчинлхүндэв “Надад хамаатай болоод хэлж байна” гэж хэлэхэд Отгонбаатар “Чи муу одоо яах гээд байгаа юм” гэж хэлээд сууж байсан мотоциклоо хаячихаад Рэнчинлхүндэв рүү ойртож очоод Рэнчинлхүндэвийн цээж рүү нь гараараа түлхсэн. Отгонбаатарын сууж байсан мотоцикль газарт унасан байхаар нь би очиж босгосон. Тэр үед Рэнчинлхүндэв “Чи яагаад байгаа пизда вэ” гэж хэлээд Отгонбаатарын толгой руу нь гараараа 1 удаа цохичихоод дээл болон дээгүүр өмсөж байсан цамцаа тайлчихаад Отгонбаатарын духны хэсэг рүү нь гараараа дахин 1 удаа цохисон. Энэ үед Бат-Эрдэнэ наанаас нь очоод “Чи муу гоймонгийн хүүхэд ийм том байж болохгүй” гэж хэлээд Отгонбаатарын баруун талын шанаа руу зүүн гараараа 1 удаа цохисон. Энэ үед Мартбаяр нь Бат-Эрдэнийг салгаж холдуулсан. Тэгтэл Отгонбаяр сууж байсан газраасаа босч ирээд “Чи яагаад хүний мотоцикль унагааж байгаа юм” гэж Отгонбаатар луу уурлахад Отгонбаатар “Битгий хуц пизда” гэж хэлэхэд Отгонбаяр нь Отгонбаатарын зүүн талын шанааны хэсэгт баруун гараараа 1-2 удаа цохисон. Мөн Рэнчинлхүндэв нь Отгонбаярын хажуугаар Отгонбаатарын нүүрний хэсэг рүү нь цохиж байсан. Отгонбаатар нь Отгонбаяр, Рэнчинлхүндэв нарт цохиулаад газарт унаад босч ирээд дахин Рэнчинлхүндэвтэй маргаж, хэрэлдсэн. Рэнчинлхүндэв нь дахин Отгонбаатарын толгой руу нь гараараа 1 удаа цохиход Отгонбаатар буцаад газарт унасан. Отгонбаатар нь газарт унаад босч ирэхдээ зүүн гартаа чулуу бариад босч ирээд барьж байсан чулуугаараа Рэнчинлхүндэвийг цохих гэж дайрах үед Алтанбулаг тэр 2-ын дундуур орж салгасан. Отгонбаатар гартаа барьж байсан чулуугаараа хүн цохиж, зодоогүй. Рэнчинлхүндэв Отгонбаатараас бага зэрэг холдоод Ууганбаярын мотоциклийн хажууд зогсож байтал Отгонбаатар нь Ууганбаярын мотоциклийг хөлөөрөө өшиглөж унагаагаад Рэнчинлхүндэвийг цохих гэж дайрсан. Энэ үед Ууганбаяр цаанаас хүрч ирээд “Чи пизда яагаад хүний мотоцикль унагааж байгаа юм” гэж хэлэхэд Отгонбаатар “Энэ сэгийг унагаасан ч яадаг юм” гэж хэлэх үед Ууганбаяр нь баруун гараараа Отгонбаатарын нүүрний хэсэг рүү 1 удаа цохиод, хөлөөрөө өшиглөх гэтэл Отгонбаатар хөлийг нь барьж аваад Ууганбаярыг газарт унагаасан. Энэ үед Мартбаяр, Алтанбулаг нар нь Отгонбаатар, Ууганбаяр, Рэнчинлхүндэв нарын дундуур орж салгасан. Мартбаяр, Алтанбулаг нар Ууганбаярыг татаж холдуулах үед Рэнчинлхүндэв Отгонбаатарыг өшиглөж унагаагаад нүүрнийх нь хэсэгрүү нь 2-3 удаа гараараа цохисон. Отгонбаатар хүний үгэнд орохгүй хүмүүстэй маргаж, зодолдоод байхаар нь миний уур хүрээд Рэнчинлхүндэвийн хажуугаар очиж Отгонбаатарын зүүн талын шанааны хэсэг рүү нь 1 удаа цохисон. Мөн Мягмарбаяр Отгонбаатарыг газарт хэвтэж байхад нь зүүн талын хавирганы хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Энэ үед Мартбаяр, Алтанбулаг нар бид нарыг салгаж холдуулсан. Тэрнээс хойш Отгонбаатар дахиж босч ирээгүй. Бат-Эрдэнэ “Та нар явж бай. Би учрыг нь олно” гэж хэлэхээр нь Рэнчинлхүндэв, Мягмарбаяр, Отгонбаяр, Алтанбулаг бид нар явсан. Тэнд Отгонбаатар, Мартбаяр, Ууганбаяр, Бат-Эрдэнэ нар үлдсэн. Бид нарыг явах үед Отгонбаатар газарт хэвтэж байсан. Тэнд байсан хүмүүсээс Мартбаяр, Алтанбулаг нар Отгонбаатарыг цохиж, зодоогүй. Рэнчинлхүндэв, Мягмарбаяр, Ууганбаяр, Бат-Эрдэнэ, Отгонбаяр бид нар тус бүр 20000 төгрөгөөр нийлж байгаад нийт 120.000 төгрөгийг Отгонбаатарт өгсөн. Өөр ямар нэгэн хохирол, төлбөр төлж барагдуулаагүй байгаа.

    - ....... би Мягмарбаярт хандаж “2-уулаа Мөнхдэлгэрийн гэрээс хулгай хийе. Тэдний гэрт мотоцикль байгаа байх. Би мотоциклийн эд анги хулгай хийж өөрийнхөө мотоциклийг сэлбэх гэсэн юм” гэж хэлэхэд Мягмарбаяр зөвшөөрсөн. Тэгээд Мягмарбаяр бид 2 миний өөрийн улсын дугааргүй, улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоциклоор Батболдын хашаа руу явсан. Бид 2 Батболд ахын хашааны гадна очоод хашааных нь хаалгыг онгойлгож байгаад би өөрийнхөө мотоциклийг хашаа руу түлхэж оруулсан. Тухайн хашаан дотор Батболд ахын байшин, амбаар, Мөнхдэлгэр ахын гэр зэрэг нь эзэнгүй, цоожтой байсан. Мягмарбаяр бид 2 эхлээд Батболд ахын байшингийн таамбарын гадна талын цоожийг мотоциклийн дугуйны лапатк төмрөөр хөшиж, цохиж эвдээд, хаалгыг онгойлгосон. Батболд ахын байшингийн таамбарт улаан өнгөтэй, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикль байхаар нь бид 2 тухайн мотоциклоос бөгсний гэрэл, хойд талын дохио 2 ширхэг, карбиратор, урд талын дөрөө данхраадын хамт, хойд талын дугуй, урд талын дугуй, 2 талын хацрын таг, гинж зэрэг зүйлийг нь авсан. Бид 2 Батболдын байшингийн таамбараас тухайн эд зүйлийг авч гараад өөрийнхөө мотоциклийн хажууд тавьчихаад Мөнхдэлгэрийн гэрийн хаалганы гадна талын модон таамбарын цоожийг мөн л лапаткаар цохиж цоожыг онгойлгосон. Тэгээд тухайн таамбар дотор байсан мотоциклийн урд талын дугуй 1 ширхэг, бугын эвэр 2 ширхэг, гүзээтэй ямааны мах 1 ширхэг зэргийг авсан. Цаашаа Мөнхдэлгэрийн гэрт орж авдар дээр нь байсан бэлэн 7000 төгрөгийг аваад Мөнхдэлгэрийн гэрээс гарсан. Бид 2 Мөнхдэлгэр ахын гэрээс өөр ямар нэгэн зүйл аваагүй бөгөөд гүзээтэй ямааны мах нь ойролцоогоор 30 килограмм орчим жинтэй байсан байх. Мөнхдэлгэрийн гэрээс авсан эд зүйлээ мөн л мотоциклийн хажууд тавьчихаад хашааны хойд хэсэгт байсан Батболдын модон амбаар луу орсон. Тухайн амбаарын хаалганд хар өнгөтэй цоож зүүсэн байсан бөгөөд тухайн цоожийг авч хаяад ороход дотор нь цэнхэр өнгөтэй, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Мягмарбаяр бид 2 тухайн мотоциклоос хойд, урд амартизатор 4 ширхэг, 4 ширхэг гэрэл, дохио, тормозны пидал, бөгсний улаан гэрэл, хянах самбар, ачааны даруулга, хойд талын дөрөө 1 хос, маниул, хаазны тросс, консны тросс, карбиратор зэрэг зүйлийг тайлж аваад өөрийнхөө мотоциклийн хажууд зөөж хүргэж тавьсан. Мөн тухайн мотоциклийн их гэрэл, нугасан холбоо, 2 хацрын таг, өвдөгний хамгаалалт, суудал, банк, аккумлятор зэргийг тайлж тэнд нь амбаар дотор хаясан. Тухайн эд ангиуд нь Мягмарбаяр бид 2-ыг бусад эд ангиудыг тайлж авахад саад болж байсан учир тэнд нь тайлж хаясан юм. Бид 2 Батболдын байшин, амбаар, Мөнхдэлгэрийн гэрээс хулгайлсан эд зүйлээ заримыг нь миний мотоцикльд ганзагалаад, заримыг нь дундуураа дүүрээд бүгдийг нь аваад явсан. Мягмарбаяр бид хоёр хулгайлж авсан ямааны махаа хөдөө хээр, ойн захад аваачиж хаясан.  Мягмарбаяр бид 2 ямааны мах хулгайлж авсан шалтгаан нь хүмүүс мах хулгай хийснийг үзээд бид 2-оос өөр хүн хулгай хийсэн буюу гэр бүлтэй, ахуйн хэрэгцээндээ эд зүйл хулгай хийсэн мэтээр харагдуулах гэж мах хулгай хийсэн. Нэг ёсондоо өөрсдийн энэ хулгайн ул мөрөө баллах гэж мах хулгай хийсэн юм. Бид 2 хулгайлж авсан эд зүйлээ аваад Мягмарбаярын гэрт очсон. Хулгайлсан эд зүйлээс бугын 2 ширхэг эвэр, мотоциклийн 3 ширхэг дугуй зэргийг би аваад Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутаг “Шар зулзаганы овоо”-ны хажуу талын ой модон дотор нуусан. Мотоциклийн бусад эд ангиудыг Мягмарбаяр аваад өөрийнхөө хашаа руу орсон. Маргааш өдөр нь буюу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би Мягмарбаяртай уулзаж хулгайлж авсан мотоциклийн эд ангиудыг өөрийнхөө мотоцикльд сольж тавьсан. Тухайн хулгайлсан эд ангиудыг Магмарбаяр гэрийнхээ ард нууж тавьсан байсан. Миний мотоцикль гэж яриад байгаа мотоциклийг би 2016 оны 03 дугаар сарын эхээр Мягмарбаяраас худалдаж авсан мотоцикль байсан. Би ууланд нуусан байсан 3 ширхэг дугуйны 2 ширхэг дугуйг нь өөрийнхөө мотоцикльд сольж тавьсан. Тэрнээс хойш 20 гаруй хоногийн дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 10-ны үед Мягмарбаяр надтай хамт хулгай хийснээ хүмүүст хэлчихсэн байсан. Тэгээд би Батболд, Мөнхдэлгэр, Нямаа нарт баригдах юм байна гэж бодоод Батболдын эхнэр нь Цагаанхайрхан сумын төвд байхад нь уулзаад хулгай хийсэн болохоо хэлсэн. Тухайн үед Мягмарбаяр Улаангом явчихсан байсан учраас би өөрийнхөө мотоцикльд тавьсан эд ангиудыг буцааж тайлаад Нямаа/ Нямсүрэн/-ийн мотоциклийг засаж, сэлбэж өгсөн. Мөн 2 ширхэг бугын эвэр, 7000 төгрөг зэргийг Сарантуяа эгчид буцааж өгсөн. Бас Батболдын мотоциклийн эд ангиудыг Батболдод буцаан өгсөн. Намайг Нямаагийн мотоциклийг засаж, эд ангиудыг нь буцааж тавьж байх үед надтай хамт Ууганбаяр гэдэг залуу байсан. Би Батболд, Мөнхдэлгэр, Нямаа нарыг хохиролгүй болгосон.

    - 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг Бургаст гэх газарт мал хариулаад явж байтал Ариунболдын хонь эзэнгүй хээр бэлчиж байхаар нь тухайн хониноос 7 тооны мал хулгайлаад нэг эзэнгүй айлын хаваржаа руу оруулж хашсан. Ариунболд миний хулгайлж хашсан хонийг өөрөө олоод авчихсан байсан. Надад мөнгөний хэрэг гараад байсан учраас би тухайн 7 малыг зарж мөнгө олъё гэж бодож хулгайлсан байсан юм. Би дээрх хэргүүдийг хийсэндээ гэмшиж, ойлгож байна. Дахин хэрэг төвөгт холбогдохгүй байж чадна. Надад хөнгөн ял шийгэж өгнө үү” гэх мэдүүлэг,

    54. Шүүгдэгч М.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “  Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн өдөр архи уусан байсан учраас ийм хэрэгт оролцсон. Хохирогч Отгонбаатараас одоо уучлалт гуйж байна.Өмнө нь 1 удаа манай ангийнхан уулзахад Отгонбаатартай уулзаж уучлалт гуйх гэсэн боловч зориг хүрээгүй . Хохиролд 20000 төгрөг өгсөн, боломжгүй учраас нэмж мөнгө өгч чадаагүй байгаа. Энэ зун сумандаа очоогүй учраас ажил хийж мөнгө олох боломж олдоогүй .  Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна ” гэх мэдүүлэг,

               55. Шүүгдэгч П.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Отгонбаатарыг зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Тухайн өдөр Отгонбаатарыг зодох гэж бодоогүй, зодооныг салгаж байсан. Гэтэл Отгонбаатар миний мотоциклийн дэргэд зогсож байгаад  мотоциклийг унагаачихаар нь уурлаад цохисон. Уучлалт гуйх зориг хүрээгүй, одоо уучлалт гуйж байна. Хохиролд өмнө нь бид нар тус бүр 20000 төгрөг өгсөн, сүүлд би 100000 төгрөг нэмж өгсөн. Буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,

   56. Шүүгдэгч Б.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Отгонбаатарыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь Отгонбаатартай уулзаж уучлалт гуйх гэсэн боловч зориг хүрээгүй, одоо уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохиролд анх 20000 төгрөг өгсөн, нэмж өгч чадаагүй” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.   

                Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:   Шүүгдэгч П.Мягмарбаяр, Д.Мэндбаяр нар бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 16-ны шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн төвд оршин суух М.Лхагважавын хашаан дотроос хохирогч Б.Бат-Эрдэнийн мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоцикль хулгайлж 1395000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Бат-Эрдэнэ, гэрч М.Болормаа, Л.Биндэръяа, М.Лхагважав, Б.Жавхлантөгс нарын мэдүүлэг, мотоциклийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, шүүгдэгч П.Мягмарбаяр, Д.Мэндбаяр нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

                -Шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр нар бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 18-ны шөнө  Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн төвд байх Т.Батболдын амбаараас хохирогч М.Нямсүрэнгийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн эд анги болох хойд, урд амартизатор 4 ширхэг, хойд урд дугуй обудтайгаа, 4 ширхэг гэрлэн дохио, тормозны пидал, бөгсний улаан гэрэл, хянах самбар, их гэрэл, ачааны даруулга, хойд дөрөө, маниул, хаазны тросс, консны тросс, карбиатор, нугасан хобоо, 2 талын хацарны таг, өвдөгний хамгаалалт, суудал, банк, аккумлятор зэргийг хулгайлж 569.500 төгрөгийн, мөн тус хашаанд байх Т.Батболдын байшингаас мотоциклийн карбиратор, бөгсний гэрэл, хойд талын хоёр ширхэг дохио, урд талын дөрөө, данхраад, урд талын дугуй обудтайгаа, 2 талын хацар гинж зэрэг эд зүйл хулгайлж 198.000 төгрөгийн, мөн тус хашаанд байх Т.Мөнхдэлгэрийн гэрээс ямааны 50 клограмм мах , бугын эвэр 2 ширхэг, 7000 төгрөг бэлнээр, мотоциклийн дугуй 1 ширхэгийг хулгайлж нийт 497.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч М.Нямсүрэн, Т.Мөнхдэлгэр, Т.Батболд, гэрч Г.Төөрүүл, Ц.Сарантуяа, Ц.Мөнхжаргал, П.Ууганбаяр нарын мэдүүлэг, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, шүүгдэгч П.Мягмарбаяр, Д.Мэндбаяр нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, 

    -Шүүгдэгч М.Дашбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг “Дунд булаг” гэх газраас хохирогч Т.Ариунболдын нас гүйцсэн эр хонь 6, нас гүйцсэн эр ямаа 2-ыг хулгайлж 840.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Ариунболд, гэрч П.Даваабаяр, Я.Сугардорж нарын мэдүүлэг, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 239 тоот Малын үнэлгээ тогтоосон тухай тайлан, шүүгдэгч М.Дашбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

                -Шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр, Б.Отгонбаяр, П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв нар бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Цагаанхайрхан сумын Ар булаг багийн нутаг “Улаан чулууны булаг” нэртэй газарт хохирогч Б.Отгонбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Отгонбаатар, гэрч Г.Алдрай, Б.Мартбаяр, Э.Алтанбулаг, Л.Солонго, Анхцэцэг, нарын мэдүүлэг, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр, Б.Отгонбаяр, П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.   

                 Шүүгдэгч П.Мягмарбаяр, Д.Мэндбаяр нар хохирогч Б.Бат-Эрдэнийн мотоциль хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ П.Мягмарбаяр эзэмшлийн мотоциклийг унаж хэрэглэсэн, мөн шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр нар хохирогч Т.Батболд, Т.Мөнхдэлгэр, М.Нямсүрэн нарын эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ М.Дашбаярын эзэмшлийн мотоцикль унаж хэрэглэсэн, шүүгдэгч М.Дашбаяр нь хохирогч Т.Ариунболдын 8 тооны хонь, ямаа хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ нас гүйцсэн морийг уналга болгон хэрэглэсэн нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон боловч мөрдөн байцаалтын явцад хэрэгт эдгээр мотоцикль, морийг битүүмжлээгүй байх ба шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр нар мөрдөн байцаалтад “ Уг мотоциклиуд одоо байхгүй, алга болсон, өөр хүнийх байсан” гэх мэтээр мэдүүлсэн, мөн М.Дашбаярын унаж хэрэглэсэн морь нь өөр хүнийх болох нь тогтоогдсон байна.

                Шүүгдэгч Бух овгийн Пүрэвжавын Мягмарбаяр, Зургаадай овгийн Магнайбаярын Дашбаяр нарыг бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг, мөн бүлэглэн бусдыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Бух овгийн Долгорсүрэнгийн Мэндбаярыг бүлэглэн, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг, Бууч овгийн Пүрэвсүрэнгийн Ууганбаяр, Бууч овгийн Мянганлангийн Бат-Эрдэнэ, Зургаадай овгийн Гэлэгжамцын Рэнчинлхүндэв, Шарилж овгийн Батсайханы Отгонбаяр нарыг бүлэглэн бусдын бие махбидид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

                 Шүүгдэгч П.Мягмарбаяр, Д.Мэндбаяр нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бат-Эрдэнэд нийт 1.395.000 төгрөгийн, П.Мягмарбаяр, М.Дашбаяр нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч М.Нямсүрэнд 569.500 төгрөгийн,  хохирогч Т.Батболдод 198.000 төгрөгийн, хохирогч Т.Мөнхдэлгэрт 497.000 төгрөгийн,  М.Дашбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ариунболдод 840.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн үнэлгээ тогтоосон дүгнэлт зэргээр тогтоогдсон,  шүүгдэгч нар нь хохирогч нарт хулгайлсан эд зүйлийг буцаан өгч, хохиролгүй болгосон, хохирогч нар мөрдөн байцалтын шатанд “Шүүгдэгч нараас нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгч П.Мягмарбаяр, Д.Мэндбаяр, М.Дашбаяр нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ.

           Харин шүүгдэгч  П.Мягмарбаяр, М.Дашбаяр, Б.Отгонбаяр, П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Отгонбаатарын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь 326 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч Б.Отгонбаатар нь гэмт хэрэг гарсан даруйд Цагаанхайрхан сумаас Улаангом уруу ирж, оношилгоо, шинжилгээ хийлгэсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд  тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч нараас 2 сая төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын явцад хэрэгт хохирлын талаархи нотлох баримт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. Мөн хохирогч Б.Отгонбаатарт шүүгдэгч  М.Дашбаяр 220000 төгрөг,  Б.Отгонбаяр 20000 төгрөг, М.Бат-Эрдэнэ 20000 төгрөг, П.Мягмарбаяр 20000 төгрөг, П.Ууганбаяр 120000 төгрөг, Г.Рэнчинлхүндэв 120000 төгрөг, нийт 520000 төгрөг өгсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

               Шүүгдэгч П.Мягмарбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 460.000 төгрөг, М.Дашбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн нас гүйцсэн морины үнэ 750.000 төгрөг, мотоциклийн үнэ 460.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх  нөхцөлд тооцсон болно.

                Шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр, Д.Мэндбаяр, Б.Отгонбаяр, П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний нэхэмжлэл хангах зорилгоор шүүгдэгч П.Мягмарбаярын 24 инчийн өнгөт зурагт, Д.Мэндбаярын 5 тооны эм ямаа, М.Дашбаярын 13 настай морь, М.Бат-Эрдэнийн 14-94 УВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль, П.Ууганбаярын улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикль, Б.Отгонбаярын улсын дугааргүй, улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоцикль, Г.Рэнчинлхүндэвийн улсын дугааргүй, шар өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоцикль битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох  нь зүйтэй гэж үзэв.           

                 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

               1. Шүүгдэгч Бух овгийн Пүрэвжавын Мягмарбаяр, Зургаадай овгийн Магнайбаярын Дашбаяр нарыг бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг, бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Бух овгийн Долгорсүрэнгийн Мэндбаярыг бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгө хулгайлсан, Бууч овгийн Пүрэвсүрэнгийн Ууганбаяр, Бууч овгийн Мянганлангийн Бат-Эрдэнэ, Зургаадай овгийн Гэлэгжамцын Рэнчинлхүндэв, Шарилж овгийн Батсайханы Отгонбаяр нарыг бүлэглэн бусдын бие махбидид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр нарт тус тус эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар тус бүрт 300 цаг албадан ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Мэндбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоног баривчлах ял, шүүгдэгч П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв, Б.Отгонбаяр нарт тус тус 300 цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар оногдуулсан 300 цаг албадан ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялд тус тус багтааж, тус тус эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял эдлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр, Д.Мэндбаяр нарт оногдуулсан баривчлах ялыг тус тус тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв, Б.Отгонбаяр нар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг дурдсугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч П.Мягмарбаярын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 460.000 төгрөг, М.Дашбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн нас гүйцсэн морины үнэ 750.000 төгрөг, мотоциклийн үнэ 460.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

                8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3-д зааснаар хохирогч Б.Отгонбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

                9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч П.Мягмарбаярын 24 инчийн өнгөт зурагт, Д.Мэндбаярын 5 тооны эм ямаа, М.Дашбаярын 13 настай морь, М.Бат-Эрдэнийн 14-94 УВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль, П.Ууганбаярын улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикль, Б.Отгонбаярын улсын дугааргүй, улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоцикль, Г.Рэнчинлхүндэвийн улсын дугааргүй, шар өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоцикль битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

                10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр, Д.Мэндбаяр нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Отгонбаяр, П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.        

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АЛТАН