Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 020/2014/0632/З |
Дугаар | 221/МА2015/0358 |
Огноо | 2015-08-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2015/0358
Б.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 344 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Э-ын нэхэмжлэлтэй, СХД- дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миниий бие энэхүү газартаа одоог хүртэл амьдарч байна. Гэтэл надаас өөр хүн эзэмшээгүй, ашиглаагүй, амьдраагүй байхад СХД- дүүргийн Засаг дарга 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 373 дугаар захирамжаараа уг газрыг Г.Ж-д эзэмшүүлэхээр болсон нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Иймд СХД- дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 373 дугаар захирамжийн иргэн Г.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч СХД- дүүргийн Засаг дарга М.Чинболд шүүхэд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн Засаг даргын 2011 оны 373 дугаар захирамжаар иргэн Д.Б-аас нэр шилжүүлэн иргэн Г.Ж- газрыг авсан байна. Нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа 180000000- нэгж талбарын дугаартай дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87 дугаар гудамжны 23а тоот хашааны газартай Г.Ж-ы 18631311380176 тоот нэгж талбарын дугаар бүхий газар нь ямар нэгэн байдлаар давхцаагүй байна.
Иргэн Б.Э- нь өөрийн өмчлөл бүхий газартаа буугаагүйгээс маргаан үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Г.Ж- шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Э-ын эзэмшиж, өмчилж байгаа газар нь СХД- дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87-23а тоотод байршилтай нэгж талбарын 180000000- дугаартай 481 м.кв хэмжээтэй газар нь Г.Ж- миний өмчилж буй газрын эсрэг талын гудамжинд хашаалагдсан, тусдаа газар болох нь кадастрын зураг, хорооны тодорхойлолт, хаягжилтын бүртгэл зэрэг баримтаар нотлогдож байна.
Иймд СХД- дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11 -ний өдрийн 373 дугаар захирамжаар Г.Ж- надад дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87 дугаар гудамжны 22 тоот хаягт 699 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар өмчлүүлсэн явдал нь Б.Э-д олгогдсон дээрх 87 дугаар гудамжны 23а тоот газартай давхцаагүй, нэхэмжлэгчийн газар эзэмших, өмчлөх эрхийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 344 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.2.1, 38.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ын СХД- дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 373 дугаар захирамжийн иргэн Г.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А- давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 344 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Учир нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан бөгөөд маргалдаж байгаа газар нэхэмжлэгч Б.Э- хогийн цэг байхаас нь цэвэрлэн одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд уг газрыг хуучин эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан н.Э-аас бэлэн мөнгийг нь төлөөд худалдаж авсан, дараа нь хэн ч амьдардаггүй хогийн цэг байхад нь цэвэрлэн амьдарсан гэдгийг гэрч н.Урнаа мэдүүлдэг бөгөөд Б.Э- нь ганц хүүтэй өрх толгойлсон эмэгтэй уг газрыг худалдан авахад мөнгө хүрэхгүй байсан тул өөрийн группийн мөнгөө цуглуулан, дээрээс нь ломбардаж авсныг гэрч н.Урнаа мэдүүлдэг.
Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд энэ байдлыг мэдэх хэсгийн ахлагч н.Аюурыг гэрчээр оролцуулах, мөн эрх шилжүүлэх гэрчилгээн дээр н.Э-аас н.Б-д, н.Б-аас н.Ж-д эрх шилжүүлэхдээ зөвхөн нэг талын хүсэлтээр хийсэн байдаг бөгөөд шүүхэд гэрчээр оролцсон н.Б- ч энэ тухайгаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.
Гэтэл анхан шатны шүүх газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасан эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг тус тус зөрчсөн.
Нэхэмжлэгч Б.Э-д уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг СХД- дүүргийн Засаг даргын 2009 оны 69 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн, энэхүү газарт нэхэмжлэгч 10-н жил амьдарсан байхад 2011 оны 11 дүгээр сарын 11-нд тус дүүргийн Засаг даргын 373 дугаар захирамжаар Г.Ж-д газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлсэн нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Э- нь ...одоо амьдарч байгаа энэ газрыг анх хогонд дарагдсан байхад нь цэвэрлэж, улмаар уг газраа эзэмших хүсэлтийг гаргаснаар СХД- дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 69 дүгээр захирамжаар эзэмших эрх олгосон, 2005 оноос одоог хүртэл амьдарч байгаа юм. Гэтэл тус дүүргийн Засаг дарга 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 373 дугаар захирамжаар миний эзэмшин амьдарч буй энэхүү газрыг Г.Ж-д эзэмшүүлэхээр болсон нь хууль зөрчсөн... гэж, хариуцагчаас ...нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа 1 дүгээр хорооны Толгойтын 87 дугаар гудамжны 23а тоот хашааны газартай Г.Ж-ы эзэмшил газар давхцаагүй, иргэн Б.Э- өөрийн эзэмшил бүхий газартаа буугаагүйгээс маргаан үүссэн, нэхэмжлэл үндэслэлгүй... гэж тайлбарлан маргажээ.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.Э-д газар эзэмших эрх олгосон захирамжийн хавсралтад СХД- дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 10 өдрийн дугааргүй, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5872, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2674 дүгээр бүхий Бямбадаш овогтой Э- нь Толгойтын 87-23а тоотод ам бүл 2 оршин суудаг гэж тодорхойлсон тодорхойлолтууд, түүнчлэн СХД- дүүргийн Засаг даргаас Б.Э-д газар эзэмшүүлж шийдвэрлэсэн 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 69 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон газар өмчлөх эрхийн гэрчилгээ, тэдгээрийн хавсралтад газрын байршлыг Толгойтын 87-23а гэж заасан байхаас гадна гэрч М.Даваасүрэн, О.Уранчимэг нарын мэдүүлэгт ...Б.Э- одоо амьдарч байгаа газраа хог шороог нь цэвэрлэж 2005 оноос амьдарч байгаа... гэжээ.
Харин гуравдагч этгээд Г.Ж- нь Толгойтын 87 дугаар гудамжны 22 тоотод байршилтай 699 м.кв талбай бүхий газрыг иргэн С.Б-аас шилжүүлэн авч дүүргийн Засаг даргын 2011 оны 373 дугаар захирамжаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Би дээрх хаягт байршилтай эзэмшил, өмчлөлийн газар дээрээ 2011 оноос эхлэн өөрөө хашаа хатгаж, дотор нь байшин барихаар суурь цутгасан боловч уг газар дээр Б.Э- гэр барьж суугаад өөрийн газар гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд ...тус газрын хаягжилтын асуудал будлиантай, тодорхой бус байж ирсэн, одоо ч тодорхой бус байгаа... гэж тус тус маргаан бүхий газрын хаяг, байршил-ын талаар буюу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь нэг хаягт байршиж буй газрыг өөрийн эзэмшил, өмчлөлийн газар гэж ойлгож, маргаж байх ба эзэмшүүлж, өмчлүүлсэн газар давхцалтай эсэхийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлох боломжгүй, эргэлзээтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс миний эзэмшил, өмчлөлийн газар гэж маргаж буй тус газрын харьяа хороо, дүүргээс хаягжилтыг хэдэн удаа сольсныг тухайлбал, нэхэмжлэгчийг анх газар эзэмших хүсэлт гаргахад тус газар ямар хаягтай байсан дараа нь хэзээ, хичнээн удаа хэрхэн өөрчлөгдсөн талаарх холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Түүчлэн шүүх хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал болох гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газарт анх эзэмшиж байсан гэх М.Э- болон шилжүүлэн эзэмшсэн гэх Д.Б-, Г.Ж- нар оршин сууж байсан эсэхийг тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатайг анхаарвал зохино.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 344 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ