Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 650

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 16 өдөр                       Дугаар                               Улаанбаатар хот

   128/ШШ2019/0899

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн, иргэдийн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагч Н.З.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, гуравдагч этгээд “И.Э.Ө” ХХК-ийн өмгөөлөгч Г.Д, гуравдагч этгээд “А.Т” ХХК-ийн өмгөөлөгч Н.О нарыг оролцуулан “З.Т.Г” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Н.З.Д, С.З.Д-д тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.

            Нэхэмжлэгч: “З.Т.Г” ОНӨААТҮГ

            Хариуцагч: Н.З.Д

            Хариуцагч: С.З.Д

            Гуравдагч этгээд: “И.Э.Ө” ХХК

            Гуравдагч этгээд: “А.Т” ХХК

            Нэхэмжлэлийн шаардлага: “С.З.Д-ын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, С.З.Д-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Н.З.Д-ын 2015 оны А/829 дүгээр захирамжийн “З.Т.Н” ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгох, Н.З.Д-ын 2016 оны А/524 тоот захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З.Т.Г” ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.З.Д-ын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, С.З.Д-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай үндсэн шаардлагын тухайд,

Манай байгууллагын эзэмшлийн газраас С.З.Д нь Газрын тухай хуулиар өөрт эрх олгогдоогүй, эрх хэмжээгээ хэтрүүлэн “И.Э.Ө” ХХК-д 1500 м.кв газрыг олгосон байдаг.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.5.3-т “Энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан байдаг.

Гэтэл уг маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон болох нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09/259 тоот албан бичгээр нотлогдож байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргыг өөрт эрх олгоогүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн С.З.Д-ын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар “И.Э.Ө” ХХК-д 0,5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг боловч, энэ нь газрын гэрчилгээнд 1500 м.кв болж өөрчлөгдсөн байдаг. Мөн “И.Э.Ө” ХХК нь 2008 онд анх үүсгэн байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан тухайн байгууллагын улсын бүртгэлийн лавлагаа болон бусад баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, уг газар олгосон захирамж гарсан үе буюу 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “И.Э.Ө” ХХК гэдэг нэртэй аж ахуйн нэгж, байгууллага огт байхгүй байхад ямар хүсэлтийг үндэслэн тус С.З.Д-ын шийдвэр гарсан гэдэг нь тодорхойгүй байна. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна” гэсэн хуулийн заалтыг мөн зөрчсөн байна.

С.З.Д-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох энэ шийдвэр нь захиргааны хууль бус актад үндэслэн, түүний эрх зүйн үйлчлэлийг сунгаж гарсан агуулга бүхий захирамж тул илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Тодруулбал, С.З.Д-ын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар хууль зөрчиж олгосон газрын эзэмших эрхийн хугацаа дуусч, үйл ажиллагаа явуулаагүй байхад С.З.Д-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Иймд С.З.Д-ын 2007 оны 377 дугаар захирамж, С.З.Д-ын 2015 оны А/435 дугаар захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасныг зөрчсөн.

Н.З.Д-ын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн “З.Т.Н” ОНӨААТҮГ-т холбогдох хэсэг, Н.З.Д-ын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 тоот захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухайд,

Н.З.Д-ын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших хууль ёсны эрхэд халдаж, эзэмшиж буй газрын хэмжээг бууруулсан байдаг. Тухайн газрыг хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж, хамгаалж ирсэн бөгөөд 1998 онд анх 36.777 м.кв талбай хашаалсан байдаг. С.З.Д-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамж нь одоо үйлчилж байгаа Н.З.Д-ын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн үндэслэл болсон тул энэ шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байгаа юм.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/911 тоот албан бичгийн 8 дахь хавсралтад газрын хэмжээ давхцаж бүртгэгдсэн гэж дурдсан байдаг.

Мөн хууль бус газар олголтыг судалж үзэлгүй Н.З.Д-ын 2016 оны А/524 тоот захирамжаар шийдвэрлэсэн үйлдэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан байх ба манай байгууллагын эзэмшлийн газрыг судалж үзэлгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байхад бусдад эзэмшүүлэх шийдвэр гарсан нь хууль зүйн хувьд алдаатай шийдвэр юм.

Иймд Н.З.Д-ын 2015 оны А/829 дүгээр захирамж болон Н.З.Д-ын 2016 оны А/524 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчиж байна.

Ийнхүү удаа дараагийн хууль бус газар олголтууд хийгдсэнээр нийтийн тээврийн стандартын парклах, маневарлах тооцоолол бүхий талбай төлөвлөлт, зохион байгуулалтад өөрчлөлт орж орц, гарцыг хааж хөдөлгөөнд хязгаарлагдмал байдал үүсгэснээр зорчигч, тээврийн онцгой объектын үйл ажиллагааны горим, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсч байна. Мөн дээрх шийдвэрийн улмаас “З.Т.Г” ОНӨААТҮГ-ын хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байна.

Иймд С.З.Д-ын 2007 оны 377 дугаар захирамж, мөн С.З.Д-ын 2015 оны А/435 дугаар захирамжийн "И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Н.З.Д-ын 2015 оны А/829 дүгээр захирамжийн “З.Т.Н” ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгох, Н.З.Д-ын 2016 оны А/524 тоот захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Н.З.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу  тайлбартаа: “... Н.З.Д-ын 2015 оны А/829 дүгээр захирамжийн “З.Т.Н” ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгох, 2016 оны А/524 дүгээр захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч байгууллагын 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №1/78 дугаартай албан бичигт Н.З.Д-ын Тамгын газрын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07/227 дугаартай албан бичгээр хариу өгсөн байгаа.

Тус албан бичигт дурдсанаар нэхэмжлэгч байгууллагыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр объект барьж байгуулсанд буруутгасан. Улмаар газрын хэмжээг хасч нэхэмжлэгч байгууллагад эзэмшүүлсэн захирамжийн үндэслэлийг дурдсан.

Харин гуравдагч этгээд болох “И.Э.Ө” ХХК-ийн эзэмшил газар нэхэмжлэгч байгууллагыг эзэмшлийн газартай давхцалгүй болохыг дурдаад С.З.Д-ын 2015 оны А/435 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч тал тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ эдлээгүй нь захиргааны шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Илт хууль бусад тооцуулах үндэслэл нь хуулийн этгээдийг байгуулагдаагүй байхад хүсэлтийг шийдвэрлэсэн нөхцөл байдал гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ бичсэн.

Н.З.Д-ын маргаан бүхий шийдвэрүүд “И.Э.Ө” ХХК нь хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвартай байх үед гарсан. Иймээс дээрх үндэслэлд хамаарахгүй.

Иймд гуравдагч этгээдийн маргаан бүхий газрын дуудлага худалдааны үнийг төлсөн, эрх бүхий шийдвэрээр баталгаажсан, хууль ёсны итгэлийг хамгаалж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч С.З.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан инженерийн шугамд холбогдсон, холбогдохоор төлөвлөгдсөн, холбогдох боломжтой газар учраас дүүргийн Засаг даргын хувьд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхгүй, уг газрыг харин Н.З.Д шийдвэрлэх зохицуулалттай гэсэн.      Хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд тухайн газар нь дээрх шаардлагын дагуу Н.З.Д-ын эрх хэмжээнд хамаарна гэдэг нь нотлогдохгүй байна. Иймд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу дүүргийн Засаг дарга шийдвэрлэх эрхтэй бөгөөд дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж нь хууль ёсны захирамж юм.

Мөн 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай албан бичгээр илэрхийлсэн байдаг. Хуулийн этгээдийн удирдлага өөрчлөгдсөнөөр өмнөх байр суурь өөрчлөгдөнө гэсэн үг биш. Хуулийн этгээдийн тасралтгүй, залгамжлагдаж явах зарчимд тулгуурлана.

2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дүгээр дэмжих албан бичиг өгснөөр дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжийг мэдэж байсан гэдэг нь нотлогдохоор байна.

Дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж, 2015 оны А/435 дугаар захирамжууд нь Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлэхээс өмнө гарсан. Иймд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хуулийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан журмуудын дагуу гомдлоо гаргах ёстой байсан.

2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр манай захирамжийг мэдсэн гэж үзвэл 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “И.Э.Ө” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу Н.З.Д бусдад газар эзэмшүүлэхээр хуульчилсан газрыг мөн заалтыг буруу хэрэглэн манай компанид газар олгосон мэтээр дурджээ. Үүнд ямар нэгэн буруу зүйл байхгүй бөгөөд С.З.Д огт хууль зөрчөөгүй болно. Учир нь тухайн газар нь өөрөө дээрх хуулийн 21.2.3-т заасан журмын дагуу бусдад олгогдохоор хуульчлагдсан газарт хамаарахгүй юм.

Мөн нэхэмжлэгч дээрх асуудлыг өөрийнх нь эрхийг зөрчсөн явдал гэж үзэн шүүхэд хандаад байгаа бөгөөд уг захиргааны актаас хойш гарсан бүхий л актууд нь ижилхэн илт хууль бус учраас манай байгууллагын эрхийг зөрчиж байна. Иймд хүчингүй болох ёстой гэсэн байдлаар дурдсан байгаа нь буруу юм. Учир нь С.З.Д-ын 2007 оны 377 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоосон шийдвэр шүүхээс гараагүй байхад бусад захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоох, эсхүл хүчингүй болгох зэрэг шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг сэргээх үр дагавар үүсгэхгүй юм. Тодруулбал, нэхэмжлэгчийн эрх гагцхүү С.З.Д-ын 2007 оны 377 дугаартай захирамж үгүйсгэгдсэнээр л сэргээгдэнэ. Бусад тохиолдолд сэргээгдэх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2 зэрэг заалтуудыг иш татан нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэл болгосон байгаа нь буруу байна. Учир нь 2007 оны 377, 2015 оны А/435 дугаартай захирамжууд нь уг хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнөх цаг үед гарсан байдаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэж 2007, 2015 онуудын харилцааг зохицуулах боломжгүй юм. Хэдийгээр Захиргааны ерөнхий хуульд илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан байх боловч уг заалтын үйлчлэл 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарч үйлчлэхгүй билээ.

Мөн Н.З.Д-ын 2015 оны А/829, 2016 оны А/524 дугаартай захирамжууд нь дээрх тайлбартай ижил байдлаар тайлбарлагдана.

Иймд дээрх захиргааны актууд нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй байх бөгөөд уг асуудлыг одоо шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэхэд нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шүүх нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “А.Т” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2010 оноос хойш “З.Т.Г” ОНӨААТҮГ-тай тохиролцож н.Цэвээн-очир даргын хүсэлтийн дагуу шатахуун түгээгүүрийг сэргээн засварлаж 340,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа.

2017 онд “И.Э.Ө” ХХК тухайн газарт газар эзэмшсэнээр манай үйл ажиллагаа доголдоход хүрч болзошгүй байгаа. Газар эзэмших эрх нь 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 377 дугаар захирамжаар 0.05 га газрыг тус газрын зүүн талд байршуулан үйлчилгээний барилга барих зориулалтаар эзэмшсэн нотлох баримтууд байдаг. Судалж үзэхэд “И.Э.Ө” ХХК нэг ч удаа хүсэлт гаргаж, тухайн газар давхцалтай эсэхийг шалгаж байгаагүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 32.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хууль зөрчөөд захирамж гаргасан.

Улмаар 2008 онд гэрчилгээ нь гарсан байдаг. Захирамжийг 0.05 га газрыг  1500 м.кв болгож гаргасан. Зүүн талд байсан байрлалыг урд талд болгож, үйлчилгээний зориулалтыг орон сууж болгосон байсан.

Одоогийн хууль болон өмнөх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслээгүй илт хууль бус, эрх зүйн алдаатай захирамж гаргасан. 2008 онд “И.Э.Ө” ХХК байгуулагдсан байхад 2007 онд түүнд газар эзэмшүүлсэн нь илт хууль бус болох нь илэрхий байна. Хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдахгүй. А/435 дугаар захирамж Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийг зөрчсөн. Тус хэсэгт сум дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ, эзэмших нөхцөлийг хангаж, ажилласан эсэхийг хянаж түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийг сунгадаг. “И.Э.Ө” ХХК 2007 оноос хойш 10 жил газар эзэмшихдээ хуульд заасан нөхцөлийг хангаагүй цаасан дээр л эзэмшдэг гэж байна. 2008 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 64 тоот албан бичгээр “И.Э.Ө” ХХК-ийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн гээд байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж байгаа. Гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ заавал гэрээний дагуу шилжүүлдэг. Албан бичгийг өгсөн дариуд “И.Э.Ө” ХХК-д эзэмшүүлж байгаа асуудал биш. Хууль зөрчсөн асуудлаа хөөн хэлэлцэх хугацаагаар зөвтгөж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Н.З.Д-ын захирамжийн үндэслэл А/829, А/524 дүгээр захирамжууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг маш ноцтой зөрчсөн. 1997 оноос хойш шатахуун түгээх станц байсан, байсаар ч байх болно. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа ганцхан төрийн өмчит компани учир нэхэмжлэлийн шаардлагыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “З.Т.Н” ОНӨААТҮГ-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагаа  өөрчилж эцсийн байдлаар “С.З.Д-ын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсэг, С.З.Д-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Н.З.Д-ын 2015 оны А/829 дүгээр захирамжийн “З.Т.Н” ОНӨААТҮГ-д холбогдох хэсгийг, Н.З.Д-ын 2016 оны А/524 дүгээр захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” гэж тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримт, бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            “З.Т.Г” ОНӨААТҮГ хуучин нэрээр “Автобус-3 компани Улсын үйлдвэрийн газар” Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаар тогтоолоор байгуулагдаж, Н.З.Д-ын 1997 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/98 дугаар захирамж[1], 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/64 дүгээр захирамжуудаар[2] 3.7 га газрыг тээврийн үйлчилгээний зориулалтаар ашиглах эрх олгогдож, 1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн[3], 1999 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн газар ашиглах гэрээг байгуулж уг гэрээнд газрын хэмжээг 36.777 м.кв гэж заасан нь холбогдох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Улмаар Н.З.Д-ын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар газрын талбайн хэмжээг 32.120 м.кв болгож[4], Н.З.Д-ын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжаар[5] талбайн хэмжээг 25.000 м.кв болгон өөрчилж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ[6] олгосон байна.

            Гуравдагч этгээд “И.Э.Ө” ХХК-ийн хувьд С.З.Д-ын 2007 оны 12 дугаар  сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар[7] тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “У.Г” компанийн зүүн талд байршуулан үйлчилгээний барилга барих зориулалтаар 0.05 га газар эзэмшүүлсэн боловч, 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээнд[8] газрын талбайн хэмжээ 1500 м.кв гэж бичигдэж, 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ[9]. Улмаар С.З.Д-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжаар Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, зориулалтыг үйлчилгээ, орон сууц гэж өөрчилж, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээ[10] олгосныг Н.З.Д-ын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжаар[11] баталгаажуулсан байна.

            Шүүхээс Сүхбаатар дүүргийн Газрын албанд хийсэн бичиг баримтын үзлэгээр С.З.Д-ын 2007 оны 377 дугаар захирамжаар “И.Э.Ө” ХХК-д газар эзэмшүүлэхтэй холбоотой газрын хувийн хэрэг архивд байхгүй, харин дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дугаартай захирамжтай газрын хувийн хэрэгт “И.Э.Ө” ХХК-иас газар эзэмшиж, ашиглахаар гаргасан хүсэлт, өргөдөл байхгүй болох нь тогтоогдсон. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/10551 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа[12] болон хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр гуравдагч этгээд “И.Э.Ө” ХХК 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдсан нь тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримттай хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй.

            Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд гуравдагч этгээд “И.Э.Ө” ХХК үүсгэн байгуулагдаагүй, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй, газар эзэмшихээр ямарваа нэгэн хүсэлт гаргаагүй байхад С.З.Д-ын 2007 оны 377 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгоно”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна” гэж заасныг тус тус зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй. 

 Гуравдагч этгээд “И.Э.Ө” ХХК-иас “У.Г” УҮГ нь 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 64 тоот албан бичгээр дүүргийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрч байна, тусгаарлаж хашихад татгалзах зүйлгүй гэсэн нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн маргаж буй дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлснээс хойш гарсан байгаагаас дүгнэхэд “И.Э.Ө” ХХК-ийн газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэх боломжгүй байна.

            Мөн маргаан бүхий 377 дугаар захирамжид “И.Э.Ө” ХХК-д эзэмшүүлсэн газрын байршлыг “У.Г”-ын зүүн талд, газрын хэмжээг 0.05 га гэж заасан боловч, 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг 3 дахин нэмэгдүүлж 1500 м.кв  болгосон нь 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/2148 тоот албан бичгээр ирүүлсэн Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн зургаас үзэхэд нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа нь “...С.З.Д 2015 оны А/435 дугаар захирамжийг гаргахдаа Гарын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нотолж байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “... дүүргийн Засаг даргын 2015 оны  А/435 дугаар захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсэг нь захиргааны хууль бус актад үндэслэн, түүний эрх зүйн үйлчлэлийг сунгаж гарсан агуулга бүхий захирамж тул илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй. Учир нь С.З.Д-ын 2007 оны 377 дугаар захирамжаар хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж “И.Э.Ө” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад, тухайн газарт зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байхад хариуцагч дүүргийн Засаг дарга газар давхцал, бодит нөхцөл байдлыг тодруулалгүйгээр 2015 оны А/435 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр дахин сунгасан нь ойлгомжгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Н.З.Д газрын харилцааны талаар дараахь бүрэн эрх хэрэгжүүлнэ”, 21.3-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний  үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан бөгөөд маргаан бүхий газар нь инженерийн шугам, сүлжээнд холбогдсон болох нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09/259 тоот албан бичгээр нотлогдож байх тул дүүргийн Засаг дарга хуулиар өөрт олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй. 

Хариуцагч Н.З.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “И.Э.Ө” ХХК-ийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны мэтгэлцээний явцад гаргасан “...захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэх зохицуулалт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон тул С.З.Д-ын 2007 оны 377 дугаар захирамж, 2015 оны А/435 дугаар захирамж нь хугацааны хувьд энэхүү хуулийн зохицуулалтад хамаарахгүй...” гэх тайлбарын тухайд.

Нэхэмжлэгчийн илт хууль бус болгохыг тогтоолгохоор маргаж буй С.З.Д-ын 377 дугаар захирамж 2007 онд гарсан боловч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “...захиргааны акт... илт хууль бус болох, нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болно. Өөрөөр хэлбэл, 2007 онд үүсгэн байгуулагдаагүй байсан аж ахуйн нэгжид Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр газар эзэмшүүлж, улмаар газрын хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээр нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцал үүсгэж, дараа дараагийн эрх зүйн зөрчилтэй илт хууль бус захиргааны акт гаргах үндэслэл болсонд нэхэмжлэгч өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хүчингүй болсон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах нь шударга ёс, хууль дээдлэх зарчимд нийцэхгүй болно.

Одоогийн мөрдөгдөж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан 14 дүгээр зүйлийн 14.5, 47 дугаар зүйлийн 47.1-д ”Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.4-т ”Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэх заалтын агуулга, хуулийн үзэл баримтлал болон хууль тогтоогчдын хүсэл зориг нь аливаа хууль тогтоомжийг зөрчиж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болон хөндөж болзошгүй захиргааны байгууллагын гаргасан илт хууль бус захиргааны акттай эрх нь хөндөгдсөн этгээд хэдийд ч маргах эрхийг олгосон бөгөөд захиргааны байгууллагын гаргасан хууль зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааг төрийн албаны тасралтгүй, залгамж чанартай байх зарчмаар хэдий ч засаж залруулах боломжийг олгосон явдал юм.

Иймд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх илт хууль бус захиргааны акттай эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд хэдий ч захиргааны байгууллагад хандах эрхтэй бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг баримтлах нь хууль дээдлэх зарчимд нийцнэ. 

Харин маргаан бүхий 2007 оны 377 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл болон илт хууль бус болохыг тогтоох хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг тогтооход уг захирамж гарах үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийг дагаж мөрдөх ёстой.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.9-д захиргааны акт илт хууль бус байх тохиолдлуудыг нэрлэн заасан. С.З.Д-ын 2007 оны 377 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “Энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 38 дугаар зүйлийн 38.4-т “ эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасныг үндэслэл болгож “И.Э.Ө” ХХК-д “У.Г” компанийн зүүн талд байршуулан үйлчилгээний зориулалтаар 0.05 га газрыг үйлчилгээний барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн.

Уг маргаан бүхий акт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдын нэр дээр шилжүүлэх харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн боловч бодит байдалд нэхэмжлэгчийн хүсэлтээр өөрийнх нь газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээдэд шилжүүлээгүй, харин ч эсрэгээрээ эзэмшил газартай нь давхцуулан 2007 онд улсын бүртгэлд бүртгэлгүй, үүсгэн байгуулагдаагүй байсан “И.Э.Ө” ХХК-д газар олгосон талаар дээр дурдсан. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй байна. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийг зааж, 35.2-т “энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын хувьд төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах эрхээ бусдад шилжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд хариуцагч С.З.Д хуулиар өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчжээ гэж шүүх дүгнэв. Тухайлбал, дүүргийн Засаг дарга бүрэн эрхээ хэтрүүлэн газрын харилцааг зохицуулсан хуулийн дээрх  заалтыг зөрчиж, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн үндэслэлээр уг 377 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байх тул гарсан цагаасаа хойш хүчин төгөлдөр бус байдаг хуулийн зохицуулалтаар түүнийг үндэслэж гарсан С.З.Д-ын 2015 оны А/435 дугаар захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй.

Н.З.Д-ын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн[13] хувьд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д ”Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна.” 21.2.4-т “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэснийг үндэслэж Н.З.Д-ын 2004 оны 30 дугаар   захирамжийн “З.Т.Н” ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн газрын хэмжээг 25.000 м.кв болгон өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, С.З.Д-ын 2007 оны 377 дугаар захирамжаар “И.Э.Ө” ХХК-д үйлчилгээний барилга барих зориулалттай 0,05 га газрыг “У.Г” компанийн зүүн талд эзэмшүүлсэн боловч 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээнд газрын талбайн хэмжээг 1500 м.кв гэж бичигдэж улмаар дүүргийн Засаг даргын 2015 оны А/425 дугаар захирамжаар “И.Э.Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж зориулалтыг үйлчилгээ орон сууц гэж өөрчилснийг үндэслэж нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг 1500 м.кв-аар багасгасан.

Ийнхүү нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг хууль зүйн үндэслэлгүйгээр багасгаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн  С.З.Д-ын 2007 оны 377, 2015 оны А/435 дугаар захирамжууд илт хууль бус захиргааны актын хувьд гарсан цагаасаа хойш эрх зүйн үйлчлэлгүй болохыг дээр дурдсан.

Н.З.Д-ын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн[14] хувьд мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтаас гадна 33 дугаар зүйлийн 33.1.1-д “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... нийслэл, ... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэснийг үндэслэж “И.Э.Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулахдаа С.З.Д-ын 2015 оны А/435 дугаар захирамжийг үндэслэсэн байна. Ийнхүү Н.З.Д-ын 2016 оны А/524 дүгээр захирамж гарснаар дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцжээ.  

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Газрын албаны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/2450 тоот албан бичгээр[15] өөрийн эзэмшил газрын хэмжээ 25.000 м.кв болсныг мэдсэнээс хойш буюу 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн шүүхээр маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн газрын хэмжээг 25.000 м.кв болгон өөрчилж, багасгаснаас зөвхөн гуравдагч этгээд “И.Э.Ө” ХХК-д олгосон 1500 м.кв газартай маргаж, өөрийн эзэмшил талбайн хэмжээг 26.500 м.кв байх ёстой гэж маргасан. Ийнхүү маргаж буй үндэслэлээ С.З.Д-ын 2007 оны  377 дугаар захирамжийн, мөн  дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбон нийтийн тээврийн стандартын парклах, маневарлах тооцоолол бүхий талбай төлөвлөлт, зохион байгуулалтад өөрчлөлт орж, улмаар орц, гарцыг хааж хөдөлгөөнд хязгаарлагдмал байдал үүсгэснээр зорчигч, тээврийн онцгой объектын үйл ажиллагааны горим, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсч байгаа талаар тайлбарласан.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасны дагуу зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглах эрхтэй бөгөөд маргаан бүхий дээрх захиргааны актуудаар “З.Т.Н” ОНӨААТҮГ-ын эзэмшил газрын хэмжээг үндэслэлгүйгээр багасгаж “Их ирэл өргөө” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсний улмаас нэхэмжлэгч хууль ёсны дагуу олгогдсон эзэмшил газраа бүрэн хэмжээгээр нь эзэмших, ашиглах нь зөрчигджээ шүүх дүгнэв. 

Хэдийгээр Н.З.Д-ын 2015 оны А/829, 2016 оны А/524 дүгээр захирамжууд нь Газрын тухай хуульд Н.З.Д-ын бүрэн эрх, эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах зүйл заалтыг үндэслэсэн байх боловч эдгээр нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд хамааралгүй байна. Тухайлбал, А/524 дүгээр захирамжаар “И.Э.Ө” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д ”... иргэн гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан ... эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас  илүүгүй байна”, 29.2-т  “... хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд  0.1 га-гаас илүүгүй газар...”, 29.3-т “...үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна.”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д ” ... төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэхдээ...” гэснээс гадна С.З.Д-ын илт хууль бус 2007 оны 377 дугаар захирамж, түүнийг үндэслэж гарсан мөн дүүргийн Засаг даргын  2015 оны А/435 дугаар захиргааны актыг тус тус үндэслэсэн.

Нэхэмжлэгч  “З.Т.Н” ОНӨААТҮГ-ийн өмчийн эрх, үйл ажиллагааны зарчим, журам нь  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдах ёстой бөгөөд хариуцагч Н.З.Д дээрх захиргааны актуудыг гаргахдаа тухайн орон нутгийн өмчит байгууллагын өмчлөгч болох нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санал, зөвшөөрлийг нь авалгүйгээр, газрын байршил, давхцлыг нягталж судлалгүйгээр Газрын тухай хуульд заасан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөтэй уялдуулж газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах эрхээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байх тул дээрх маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.2, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 61 дүгээр  зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “З.Т.Н” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С.З.Д-ын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсэг, С.З.Д-ын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Н.З.Д-ын 2015 оны А/829 дүгээр захирамжийн “З.Т.Н” ОНӨААТҮГ-д холбогдох хэсгийг, Н.З.Д-ын 2016 оны А/524 дүгээр захирамжийн “И.Э.Ө” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.З.Д, С.З.Дас 35.100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй.

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.БАТСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН

                                         ШҮҮГЧ                                 Н.ДОЛГОРСҮРЭН

           

 

 

 


[1] 1-р хавтаст хэргийн 21 дэх тал

[2] 1-р хавтаст хэргийн 23-25 дахь тал

[3] 1-р хавтаст хэргийн 8-10 дахв тал

[4] 1-р хавтаст хэргийн 23-25 дахь тал

[5] 1-р хавтаст хэргийн 30-32 дахь тал

[6] 2-р хавтаст хэргийн 46 дахь тал

[7] 1-р хавтаст хэргийн 53-54 дэх тал

[8] 1-р хавтаст хэргийн 71 дэх тал

[9] 1-р хавтаст хэргийн 66-67 дахь тал

[10] 1-р хавтаст хэргийн 60 дахь тал

[11] 1-р хавтаст хэргийн 33 дахь тал

 

[12] 2-р хавтаст хэргийн 179 дэх тал

 

[13] 1-р хавтаст хэргийн 30 дахь тал                                 

[14] 1-р хавтаст хэргийн 33 дахь тал

 

[15] 1-р хавтаст хэргийн 22 дахь тал