Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0579

 

Б.Б, Д.Б, Я.А******* нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Б, Д.Б, Я.А*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н*******, гуравдагч этгээд “Б*******” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д*******, Б.Э*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.М******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 438 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б, Д.Б, Я.А******* нарын нэхэмжлэлтэй, Б*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .Б, Д.Б, Я.А******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Б******* хорооллын орон сууцны 401-408, 410, 412, 414, 416, 418 дугаар байрны Б******* СӨХ-г Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/14, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар гэрчилгээг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 438 дугаар шийдвэрээр: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.6, 9 дүгээр зүйлийн 9.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т заасныг баримтлан иргэн Б.Б, Д.Б, Я.А******* нарын Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Б******* хорооллын орон сууцны 401-408, 410, 412, 414, 416, 418 дугаар байрны Б******* СӨХ-г Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон СӨХ-г бүртгэж 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/14, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар гэрчилгээг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н******* давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэгдүгээрт, нэхэмжлэлийн шаардлагыг анхаарч авч үзээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болоод түүний үр дагаврыг анхаараагүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлүүдийг заасан байдаг бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3 дахь заалтыг удирдлага болгосон. Захиргааны акт илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах нь маргаан бүхий акт огт гараагүй мэт байх үр дагавартай байдаг. Тэгвэл байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулаад 6 жил болсон СӨХ-ны гишүүдийн төлбөр, бусад үйл ажиллагаа юу болох вэ?

Улсын дээд шүүхийн 2006 оны “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 37 дугаар тогтоолын 19-д “Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-т заасан “...акт нь илт хүчин төгөлдөр бус болох...” гэдэгт мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд хамаарах бөгөөд илт хүчин төгөлдөр бус захиргааны актын улмаас бусдын нийтлэг эрх зөрчигдсөн байхыг хэлнэ” гэж заасан. Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн аль хэсэгт заасан үндэслэл байгааг тогтоогоогүй атлаа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хоёрдугаарт, шүүх заасан захиргааны акт нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг зөрчсөн гэж үзэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, тус бүртгэл нь СӨХ дахин байгуулах эрхийг хаагаагүй.

Гуравдугаарт, хэргийн оролцогчийн шүүх хуралд оролцож, мэтгэлцэх эрхийг хязгаарлан шүүх хурлыг хийсэн. Тус шүүх хурал болох үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 1 дүгээр тогтоолоор дүүргийн сонгуулийн хорооны гишүүнээр томилогдож, шүүх хуралд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон. Мөн Дүүрэг хөгжлийн төвийн мэргэжилтэн н.Одбаярт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Б*******” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 438 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д “Энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед топгоогдвол шүүх тогтоол, шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “сууц өмчлөгч гэж нийтийн зориулттай орон сууцны байшин дахь орон сууцыг захиран зарцуулах эрхтэй” этгээдэд нэхэмжлэгч Б.Б, Д.Б нар хамаарахгүй, тухайн орон сууцны өмчлөгч биш болохыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэх эрх бүхий байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар нотолсон байтал анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн.

Б******* хороолол бүрэн оршин суугчидтай болсны дараа СӨХ-г байгуулах ёстой байсан буюу тэр болтол анх санаачилга гаргаж, хуульд заасан оршин сууж буй байрныхаа дундын өмчлөлийн эд хөрөнгийг зүй зохистой нийтээр ашиглах, эзэмших, өмчлөх, хамгаалах асуудлыг хуулийн хүрээнд гүйцэтгэж, эрх бүхий байгууллагад бүртгүүлж албан ёсоор байгуулсан 159 иргэний саналаар байгуулсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Б******* хороолол нь 2009 онд 2 ээлжээр ашиглалтанд орсон бөгөөд захиалга өгч төлбөрөө бүрэн төлсөн 300 орчим иргэдэд байрны түлхүүрийг хүлээлгэн өгч эрх ашгийг хамгаалах зорилгоор иргэдийн хүсэлтийн дагуу СӨХ байгуулах хурлыг хийсэн талаар нотлох баримтыг хэрэгт өгсөн.

СӨХ байгуулсан нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэх заалттай нийцсэн байхад СӨХ байгуулах хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “сууц өмчлөгч мөн болохыг хариуцагч нягтлан шалгах үүрэгтэй” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Үүгээр СӨХ-ны гүйцэтгэх захирлыг мөн тухайн орон сууцны өмчлөгч байна гэж дүгнэн, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “дүрэмд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэх захирлаар холбооны гишүүн бус хүнийг сонгож болно” гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарпаж хэрэглэсэн.

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслээгүй, талуудын маргааныг үнэн зөвөөр шийдвэрлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Б******* “тус дүүргийн 12 дугаар хорооны Б******* хорооллын 401-408, 410, 412, 414, 416, 418 дугаар байрны оршин суугчдын хурлын тогтоол, өргөдөл, холбогдох материалыг хянан үзээд “Б*******” Сууц өмчлөгчдийн холбоог /цаашид СӨХ гэх/ Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/14, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар гэрчилгээг тус тус олгожээ.

Уг үйл баримтыг нэхэмжлэгч нар “...дээрх байруудын өмчлөгчид нь 1830 өрх байгаа боловч тус СӨХ-г байгуулсан хуралд бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцоогүй учир хүчин төгөлдөр бус хурал болсон. Ийнхүү хууль бусаар байгуулагдсан СӨХ хууль бус үйл ажиллагаа явуулж байна” гэж, хариуцагч ”...дүүргийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн дагуу СӨХ байгуулах хурлын тэмдэглэл, өргөдөл СӨХ-ны дүрэм зэргийг үндэслэн гэрчилгээ олгосон” гэж маргасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж дүгнэлээ.

Б******* хорооллын оршин суугчид 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр СӨХ байгуулах асуудлыг хэлэлцэж, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, улмаар “Б*******” СӨХ-ны анхдугаар хурал 2010 оны 01 дүгээр сарын 29, 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд болж, тус хуралдаанаас дотоод асуудал хэлэлцсэн тухай 01, СӨХ-г байгуулах, гүйцэтгэх захирлыг томилох тухай 02 дугаар тогтоолуудыг баталсан байх боловч тус хурал нь дараах үндэслэлүүдээр хууль зөрчсөн байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, “Их үйлсийн эрэлд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1/018 тоот албан бичиг, СӨХ-ны дүрэм болон бусад нотлох баримтуудаар СӨХ байгуулах саналыг 159 оршин суугч гаргаж, “Б*******” СӨХ байгуулагдсан болох нь тогтоогджээ.

Тодруулбал, 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 129/2009 дүгээр актаар Б******* хорооллын 1390 айлын орон сууц бүхий 7 байрыг байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн байхад ийнхүү 159 оршин суугч санал өгсөн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох заалттай нийцэхгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 15.2-т “Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно” гэж заажээ.

Гэтэл тухайн үед 7 байр ашиглалтад орсон байхад хариуцагч тус хорооллын 401-408, 410, 412, 414, 416, 418 дугаар байр буюу нийт 13 байруудыг нэгтгэн нэг СӨХ-г бүртгэж, 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10/14 дугаартай гэрчилгээ олгосон боловч 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 135 дугаар гэрчилгээ дахин олгохдоо хариуцагч Б******* нь СӨХ-г бүртгүүлэхээр ирүүлсэн материалыг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй нь сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байхад тухайн үед ашиглалтад ороогүй байрны оршин суугчдын эрх ашгийг хөндсөн, энэ нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан, тус СӨХ-г байгуулах хуралдааны тэмдэглэлээс үзвэл анхдугаар хурлыг санаачлан зохион байгуулсан “Б*******” СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Чулуунбат нь тухайн хороололд орон сууц өмчлөгч биш байх тул мөн хуулийн 15.3-д “Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачлагаар хуралдуулна” гэж заасантай нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Б******* хорооллын орон сууцны 401-408, 410, 412, 414, 416, 418 дугаар байрны “Б*******” СӨХ-г Баянзүрх дүүргийн СӨХ-ны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон тус СӨХ-г бүртгэж, 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/14, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН