Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/545

 

 

                                                     

 

 

 

 

 

 

2020         07         07                                   2020/ШЦТ/545

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Улсын яллагч: П.Итгэл,

Шүүгдэгч: Н.Б, С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Н.Б............................................/, Боржигон овогт С.Ц .............................................. нарт холбогдох эрүүгийн 2011 0000 00598 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... ХХК-д туслах ажилтан, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт, Багануур дүүргийн .. дугаар хороо, Нарийн ..тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 342 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Н.Б /.................................................................................

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 02-ний өдөр Өвөрхангай аймгийн ... суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй гэх, ... ХХК-д ажилладаг, ам бүл 3, ээж, ах нарын хамт, Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо .. дугаар гудамжинд байх нийтийн байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт С.Ц ................................................................................/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 5 дугаар сарын 12-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжинд С.Цтай маргалдан улмаар харилцан зодолдож түүний биед баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хөхлөг орчимд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зүүн эгэм орчим, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Ц нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, .. дугаар гудамжинд Н.Бтой маргалдан улмаар харилцан зодолдож түүний биед зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл, баруун эгэмний гадна хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

            Хохирогч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...өнөөдөр ажлын газрынхантайгаа Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо ... худалдааны төвийн тэр хавьд ажлын газрын Б ахынд очиж ажлын газрынхантайгаа 1 сав пиво хувааж ууж байгаад орой болсон байна гээд Ээгий эгч, Б хоёрын хамт айлаасаа гараад такси бариад харих санаатай явж байгаад тамхи татмаар санагдаад байхаар нь таксиний жолоочийг түр зогсохыг гуйгаад нэг худгийн хажууд 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн тамхи татаад зогсож байхаар нь би очоод эрэгтэйгээс нь “тамхиа зарчих худалдаж авъя” гэсэн чинь “500 төгрөг” гэхээр нь “үнэтэй байна” гэж хэлээд машиндаа суусан чинь тамхи асуусан эрэгтэй машин дээр ирчихсэн жолоочийн арын суудалд суусан байсан намайг нүүр нүдгүй цохиж эхэлсэн ...миний биед баруун нүд, баруун талын хүзүү тэр чигтээ хөндүүр байна үл таних залуу дээрх гэмтлийг учруулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  19-20-р хуудас/

Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 5 дугаар сарын 12-ны шөнө 1 цагийн үед байх Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны... тоотод найз охин А найз Э таксинд суулгаж өгөх гэж гараад гудамжинд бид хоёр тамхи татаад зогсож байтал Приус маркын машин ирж зогсоод дотроос нь нэг залуу гарч ирээд надад тамхи байна уу зарчих гэхээр нь би байхгүй гэтэл Э 500 төгрөгөөр нарийн тамхи байна гэтэл арай үнэтэй юм бишүү гээд цаашаа эргээд явсан тэгээд машин нь хөдлөөд цаашаа яваад зогсоод нөгөө залуу бууж ирээд чи яасан том пизда вэ гээд намайг зодсон тэгээд тэр бид хоёрыг салгаад байж байтал хашаанаас А дүү Бя хоёр гарч ирээд маргалдаж байсан тэгээд бужигнаж байтал цагдаа нар ирээд аваад явсан. Би гэртээ пиво уусан байсан ...тэр залуу согтуу байсан ...Цагаадай миний нүүр лүү гараараа цохиод нүд хөхөрсөн байсан баруун чих зулгарсан байсан” гэх мэдүүлэг /12-13-р хуудас/

            Гэрч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 5 дугаар сарын 11-ны 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн ..дугаар хороо .. тоот гэртээ найз Э нөхөр Б, дүү Бя нарын хамт С гэх нэртэй 2.5л савлагаатай пиво уугаад 2020 оны 5 дугаар сарын 12-ны шөнө 00 цаг 10 минутын үед байх Э гэрлүүгээ явах гэхээр нь манай нөхөр суулгаад өгье гээд гэрээс гарсан тэгээд удаад байхаар нь араас нь гартал манай гудамжинд манай нөхрийн дээр нэг залуу гарчихсан цохиж байсан тэгэхээр нь очоод салгаж байтал хамт явж байгаа бололтой эмэгтэй тоосго бариад манай дүү Бя руу дайраад үснээс нь зулгаагаад ноцолдож байтал манай нөхөр салгаад байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. ...манай найз Э нөхөртэй маань тамхи татаад байж байтал тэр хүмүүс машинтай ирээд тамхи асуухаар нь манай найз Э нэг ширхэгийг нь 500 төгрөгөөр зарна гээд л муудалцсан юм шиг байна лээ. ...манай нөхөр доор нь орчихсон зодуулж байсан харин манай найз Э худаг дээр хараад зүгээр сууж байсан нэг эмэгтэй нь машины хажууд тоосго барьчихсан зогсож байсан дахиад нэг залуу нөгөө хоёрыг салгах гээд байж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас/

            Насанд хүрээгүй гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би таньдаг эгч Агийн гэрт хонох гээд очсон байтал 2020 оны 5 дугаар сарын 12-ны шөнө 00 цаг 30 минутын үед эгчийн нөхөр Б найз Эг гаргаж өгөхөөр гарсан тэгээд удаад байна гээд А эгч бид хоёр араас нь гартал Ба ах нэг ахтай зууралдаад зогсож байсан хажууд нэг эгч тоосго бариад зогсож байсан тэгтэл А эгч чи яагаад манай нөхрийг цохих гээд байгаан гэтэл тэр эгч А эгчийн үснээс зулгаагаад газар унагаасан би тэгэхээр нь очоод салгах гэтэл тэр эгч миний үснээс зулгаагаад доошоо дараад миний нүүр лүү гараараа 3 удаа цохиод миний гэдэс рүү өшиглөөд гарнаас татаад чирсэн тэгтэл Ба ах дундуур орж ирээд салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн шинжээчийн №5729 тоот дүгнэлт: 1. Н.Бын биед зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл, баруун эгэмний гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.  3. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32-р хуудас/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн шинжээчийн №5730 тоот дүгнэлт: 1. С.Цн биед баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хөхлөг орчимд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зүүн эгэм орчим хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.  3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хөхлөг орчимд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд нь тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зүүн эгэм орчим, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28-р хуудас/,

   Хохирогч С.Цгийн гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-р хуудас/

Шүүгдэгч Н.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47-р хуудас/

Шүүгдэгч С.Цгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61-р хуудас/

Шүүгдэгч Н.Бын ажлын газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 60-р хуудас/

Чингэлтэй дүүргийн...дугаар хорооны засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 585 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 41-р хуудас/

Шүүгдэгч Н.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 54-р хуудас/

Шүүгдэгч С.Цгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 55-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар шүүгдэгч /хохирогч/ Н.Бын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 69-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар шүүгдэгч /хохирогч/ С.Цгийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 70-р хуудас/

Яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 79-р хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 5 дугаар сарын 12-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, ... дугаар гудамжинд С.Цтай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар харилцан зодолдож хохирогчийн биед баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хөхлөг орчимд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Ц, гэрч Ц.А, насанд хүрээгүй гэрч Х.Б нарын мэдүүлэг,   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн шинжээчийн №5730 тоот дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Н.Б нь өөрийн үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна. 

Прокуророос шүүгдэгч Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Ц нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжинд Н.Бтой маргалдан улмаар харилцан зодолдож түүний биед зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл, баруун эгэмний гадна хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Бын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн шинжээчийн №5729 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Ц нь өөрийн үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос шүүгдэгч С.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Ц, Н.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлийн улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Энэхүү гэмт хэрэг нь шүүгдэгч нарын харилцан биесээ үл хүндэтгэсэн зангаас үүдэж үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Хохирогч /шүүгдэгч/ Н.Б нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаарх хүсэлтэндээ “...сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгч С.Ц нь бусдад төлөх төлбөргүй байна.   

Хохирогч /шүүгдэгч/ С.Ц нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаарх хүсэлтэндээ “...ямар нэгэн санал гомдол байхгүй хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүгдэгч Н.Б, С.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.Б нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 342 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын хэмжээг 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож үлдэгдэл 6 сар 16 хоногийн хугацааг тэнсэн суллагдсан байна. Шүүгдэгч Н.Б нь хэдийгээр урьд гэмт хэрэг үйлдэж, шүүхээр хорих ял шийтгэгдсэн боловч эдлээгүй үйлдсэн хорих ялыг тэнссэн сулласан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзнэ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Ц нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч Н.Бын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч С.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, шүүгдэгч С.Ц нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Н.Б ................................/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт С.Ц ........................................................-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.  

2. Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун  мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, шүүгдэгч С.Цд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун  мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Н.Б, С.Ц нарт сануулсугай.

5. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, шүүгдэгч С.Ц нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б, С.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР