| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0151/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/149 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.Эрхэмбаяр Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 2123001240180 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 22 настай эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, МУИС-ийн Завхан сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг 1 дүгээр 60 айлын 1-2 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Гэгээнтэн овогт Баянжаргалын Мягмарсүрэн, /регистрийн дугаар: ИУ99072016/,
Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Дэвшил сургуулийн хашаан дотор 17 настай Б.Билгүүнийг “чи манай дүүг дээрэлхсэн байна” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогч Б.Билгүүн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болд нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Баянжаргалын Мягмарсүрэн нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Дэвшил сургуулийн хашаан дотор 17 настай Б.Билгүүнийг “чи манай дүүг дээрэлхсэн байна” гэх шалтгаанаар зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Б.Мягмарсүрэнд зодуулсан талаараа насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний “...хичээлээ тараад ...ангийн охин Будхүүтэй явж байсан чинь намайг Мягмарсүрэн дуудсан юм. Дэвшил сургуулийн хашаа руу дагуулж ороод “чи манай дүүг дээрэлхсэн байна” гээд зүүн талын чих рүү 10 гаруй удаа алгадсан, баруун талын чих рүү 5, 6 удаа алгадсан ...гараараа 2 чих рүү 15, 16 удаа алгадсан, миний 2 чихний хэнгэрэг хагарсан, цоорсон, намайг Мягмарсүрэнгээс өөр хүн цохиж зодоогүй. Би 2 чихнийхээ хэнгэрэгэнд Улаанбаатар хотод Эм жи жи нэртэй эмнэлэгт нөхөөс хийлгэж одоо миний бие гайгүй болсон тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болдын “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай хүү Билгүүн, Мягмарсүрэнд зодуулж 2 чихний хэнгэрэг нь цоорсон, Билгүүнийг хот руу авч явж хэнгэрэг нөхүүлсэн, одоо биеийн байдал гайгүй болсон байгаа...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.Нямдоржийн “...Билгүүн ангийнхаа охинтой явж байхад нь таараад Билгүүнийг Мягмарсүрэн ах дуудаж сургуулийн хашаа руу авч ороод “чи манай дүү рүү томордог гэл үү” гэсэн утгатай юм яриад зүүн талын шанаа руу нь байх 10 гаруй удаа алгадсан, баруун талын шанаа руу нь нэг удаа алгадсан ...Мягмарсүрэн ахыг Насантогтох бид 2 болиулах гэсэн боловч бид хоёрыг “цаанаа байж бай” гээд уурлаад алгадаад байсан. Билгүүн алгадуулсныхаа дараа чихээ дараад байсан,. Билгүүний 2 шанаа руу Мягмарсүрэн ах гараараа олон удаа алгадсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч А.Насантогтохын “...замдаа Билгүүнтэй таараад Билгүүнийг Мягмарсүрэн дуудаад Дэвшил сургуулийн хашаа руу авч ороод Билгүүнийг олон удаа 2 шанаа хэсэг рүү нь гараараа алгадсан, Нямдорж бид 2 болиулах гэсэн боловч “та 2 цаанаа байж бай” гээд алгадаад байсан. Билгүүн алгадуулсныхаа дараа 2 чихээ дараад байсан...” гэсэн мэдүүлгээр, Насанд хүрээгүй гэрч Б.Лхагва-Очирын “...Мягмарсүрэн ах Билгүүн ахыг өөрөө дуудаж ирээд хоёр шанаа руу нь хэд хэдэн удаа алгадаад одоо яв гэж хэлээд явуулсан...” гэсэн мэдүүлгээр, Насанд хүрээгүй гэрч М.Будхүүгийн “...Б.Билгүүн бид хоёр сургуулиас гараад гэртээ харих гээд 60 айлын урд замаар явж байсан чинь Дэвшил сургуулийн хашаанаас 4 хүүхэд гарч ирээд хөөе гээд Б.Билгүүнийг дуудсан. Б.Билгүүн тэр хүмүүс дээр явж очсон чинь тэр хүмүүс Б.Билгүүнийг аваад Дэвшил сургуулийн хашаа руу аваад орсон. Тэр үед Дэвшил сургуулийн хашаан дотор тас тас гэсэн чимээ гараад “ах нарыгаа дуудаарай, ална шүү чамайг” гэсэн дуу гараад байсан. Би яахаа мэдэхгүй, сандарсан зогсож байсан чинь Б.Билгүүн Дэвшил сургуулийн хашаанаас гараад ирсэн, тэгээд “яасан зүгээр үү” гэсэн чинь Б.Билгүүн хоёр чихээ дараад “миний хоёр чих юм сонсохгүй байх шиг байна, чи юм ярьдаа, би сул ярьж байна уу, чанга ярьж байна уу” гээд байсан. Тэгээд салхи оруулахгүй гээд малгайгаа өмсөөд бид хоёр Богдын голын гүүрээр гараад Ундрам шатахуун түгээх газрын хажуугаар гараад явж байсан чинь Б.Билгүүний хамаатны ах нь машинтай ирж таарсан, Б.Билгүүн ахтайгаа уулзах гээд явсан, би гэртээ харих гээж цаашаа явсан. Тэр үед Дэвшил сургуулийн хашаан дотор тас тас гэсэн гарын алга хооронд нь хавсарч байгаа юм шиг чимээ 10-аас олон удаа гарсан. Билгүүн надад хэлэхдээ Мягмарсүрэн гэгч миний хацар, шанаа руу алгадсан гэсэн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ч.Алтантулгын “...Би тэр орой найзтайгаа хамт дэнжээс уруудаад харих гээд явж байхад Шунхлай ШТС-ын урд Билгүүнээ ангийнхаа охинтой явж байхтай нь таарахад “хүнд зодуулчихлаа, миний чихний хэнгэрэг хагарсан байх” гэж хэлсэн “хэнд зодуулсан бэ” гэж асуухад би сайн танихгүй Аралын 60-ын ойролцоо одоо байж байгаа байх гэхээр нь бид Билгүүнийг дагуулаад Аралын 60-н айл дээр ирсэн...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн “...Б.Билгүүн нэг охинтой хамт явж байсан. ...надтай хамт явж байсан Лхагва-Очир, Билгүүнийг заагаад “ахаа энэ дээр намайг дээрэлхээд байсан нөхөр байна” гэхээр нь би Б.Билгүүнийг дуудаад “чи яахаараа манай дүүг дээрэлхдэг юм бэ” гэж хэлсэн чинь Б.Билгүүн “би танай дүүг дээрэлхээгүй” гэсэн, тэгэхээр нь би Б.Билгүүний хоёр хацар, шанаа руу нь хэд, хэдэн удаа алгадаад “одоо яв” гэж хэлээд явуулсан. ... Алтантулга нь “чи яахаараа хүүхэд зоддог юм бэ, наад хүүхдийн чинь чих нь юм дуулахгүй байна, цагдаа дуудаж өгнө” гэхээр нь би Алтантулгад хандаж “за хоёулаа муудалцаад хэрэггүй байхаа, би эмчилгээний төлбөрийг нь төлнө” гэж хэлээд Алтантулгаас татах явцдаа өөрөө хальтраад уначихсан, тэгсэн чинь замын хажууд байсан төмөр шонг мөргөсөн. Би Б.Билгүүний баруун шанаа руу нь 1 удаа, харин зүүн шанаа, хацар хэсэгт нь гараараа 3-4 удаа алгадсан байх. Би тэр үед бага зэрэг согтуу байсан. Б.Билгүүн намайг цохиж зодоогүй. Б.Билгүүн нь манай дүү Лхагва-Очирыг дээрэлхсэн гэхээр нь түүнийг өмөөрч цохиж зодох болсон...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Билгүүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 000000336 дугаартай “...1.Иргэн Б.Билгүүний биед гэмтэл учирсан байна. 2.Иргэн Б.Билгүүний биед баруун, зүүн хэнгэргэн хальсны цоорол, зүүн чамархайн хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх үүссэн гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2021 оны 10 сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 4.Дээрх гэмтлүүд нь 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 5.Иргэн Б.Билгүүний биед үүссэн дээр гэмтлүүд нь зэвсгийн чанартай эд зүйлээр үүсгэгдээгүй. 6.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 7.Цаашид биеийн эрүүл мэндэд ямар байдлаар нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 8.Иргэн Б.Билгүүний биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь хохирогчийн зүүн чих, баруун чих рүү олон удаа алгадаж цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулсан байна. Шүүгдэгч Б.Мягмарсүрэн хохирогч Б.Билгүүний Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ. Иймд Б.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчид хохирол төлбөр төлсөн болох нь Б.Билгүүний “хохирлоо бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн” мэдүүлгээр тогтоогдож байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгч Б.Мягмарсүрэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгч Б.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэгээнтэн овогт Баянжаргалын Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /183000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Мягмарсүрэнд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА