Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/499

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Хохирогч: О.Т-,

Шүүгдэгч: Д.А- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905018890523 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.А-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.А- нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13-126 тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран  амьдрагч О.Т-г 8 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч О.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...4 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн үед Д.А- зүүн нүдэн дээр цохьсон. Намайг хоол идэхгүй гэж хэлэхэд зодсон. Намайг нүдний хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Миний нүд муу харж байгаа. Би Д.А-гээс 300.000 төгрөг нэхэмжилсэн. 300.000 төгрөгийн хохирол гарсан тул энэ мөнгөө авмаар байна. Би гомдолтой байна...” гэв.

Хохирогч О.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13-126 тоотод байрлах гэрт хамтран амьдрагч Амартүвшин болон хамаатных нь Баярмаа, Эрдэнэтуяа гэх хоёр дүү, мөн хүргэн Анхбаяр нарын хамт байсан ба тухайн үед Амартүвшин гэнэт уурлаад “би чамайг тэжээж чадахгүй” гэхээр нь би уурласан. Тэгсэн чинь надад Баярмаа хоол хийж өгөхөөр нь би “идэхгүй” гэсэн чинь Амартүвшин “чи хүний хийж өгсөн хоол идэж чадахгүй даварсан казак вэ” гэснээ гараараа хоолой боож авсанаа орон дээр хэвтүүлээд нүүр рүү 2 удаа гараараа цохьсон. Тэр үед би уйлаад дүү рүүгээ ярих гэсэн чинь Амартүвшин миний гар утсыг булаагаад авчихсан. Тэгэхээр нь би гэрээс гарах гэсэн чинь Эрдэнэтуяа намайг гаргаагүй. Тэгсэн гэрээс гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/,

Гэрч М.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Амартүвшин ах Т- эгчтэй гэрт орж ирсэн. Тэгээд би хоол хийгээд Т- эгчийн урд тавьсан чинь Т- эгч хоолоо идэхгүй Амартүвшин ахын өмнө тавьчихаад цай ууж байснаа гэнэт Амартүвшин ах руу ууж байсан цайгаа цацчихсан. Тэгсэн Амартүвшин ах босож ирээд Т- эгчийг нэг удаа нүүр рүү нь алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/,

Гэрч Н.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед манай гэрт дүү Эрдэнэтуяа байсан ба удалгүй араас Амартүвшин эхнэр Т-гийн хамт ирсэн. Тэгээд хоол хийгээд идэж байсан чинь Т- жаахан уурлаад байхаар нь дүү Эрдэнэтуяа хоолоо ид гээд хоол аягалаад өгсөн. Тэгсэн чинь Т- аягатай цай Амартүвшин рүү цацчихсан. Тэр үед Амартүвшин уурлаад Т-гийн нүүр рүү нэг удаа гараараа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/,

Шинжээчийн 5108 тоот дүгнэлтэд: “...О.Т-гийн биед зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, дээд зовхины дотор гадаргуун цус хуралт, зүүн нүдний алимны гадна салст, баруун нүдний алимны дотор салстын цус харвалт, зүүн шанаа, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 22/,

Яллагдагчаар Д.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Т- жирэмсэн болсон бөгөөд одоо 8 сартай жирэмсэн. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. ...Эрдэнэтуяа хоол хийгээд Т-гийн өмнө хоол аягалаад өгсөн чинь идэхгүй байж байснаа миний урд хоолоо тавьчихсан. Тэгэхээр нь би уурлаад “яагаад хүн хоол хийж өгч байхад идэхгүй байгаа юм бэ” гээд бид хоёр маргалдсан. ...Т- аягатай цай над руу цацахаар нь би нүүр рүү нь хоёр удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 55-58/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 27-44, 65, 69-78, /, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 46-49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.А- нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13-126 тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран  амьдрагч О.Т-г 8 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Т-гийн: “...тухайн үед Амартүвшин гэнэт уурлаад “би чамайг тэжээж чадахгүй” гэхээр нь би уурласан. Тэгсэн чинь надад Баярмаа хоол хийж өгөхөөр нь би “идэхгүй” гэсэн чинь Амартүвшин “чи хүний хийж өгсөн хоол идэж чадахгүй даварсан казак вэ” гэснээ гараараа хоолой боож авсанаа орон дээр хэвтүүлээд нүүр рүү 2 удаа гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/, гэрч М.Э-гийн: “...Т- эгч хоолоо идэхгүй Амартүвшин ахын өмнө тавьчихаад цай ууж байснаа гэнэт Амартүвшин ах руу ууж байсан цайгаа цацчихсан. Тэгсэн Амартүвшин ах босож ирээд Т- эгчийг нэг удаа нүүр рүү нь алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/, гэрч Н.А-ын: “...Т- жаахан уурлаад байхаар нь дүү Эрдэнэтуяа хоолоо ид гээд хоол аягалаад өгсөн. Тэгсэн чинь Т- аягатай цай Амартүвшин рүү цацчихсан. Тэр үед Амартүвшин уурлаад Т-гийн нүүр рүү нэг удаа гараараа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/, шинжээчийн 5108 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.

Хохирогч О.Т- нь тухайн үед жирэмсэн байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, жирэмсний хяналтын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.А- нь хамтран амьдрагч О.Т-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь түүнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж” үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Д.А- нь 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Ч.Оюунжаргал гэх хүнтэй гэр бүлээ батлуулсан лавлагаа хавтаст хэрэгт авагдсан байх боловч, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр хохирогч Т-тай хамт амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Д.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А- нь хохирогч О.Т-гийн нүүрэн тус газар нь алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Т-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 300.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Д.А-гээс 300.000 төгрөг гаргуулж хохирогч О.Т-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Д.А-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, түүний хувийн байдал буюу урьд нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.А- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А- нь шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-гээс 300.000 төгрөг гаргуулж хохирогч О.Т-д олгосугай.
  6. Хохирогч О.Т- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР