Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/479

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0445/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч Ж.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1818008940487 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б /РД: /, Увс аймгийн Өдөрхангай суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “.........................” ХХК-нд үйлдвэрийн дарга ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 5 дугаар байр, 17 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалт, “.........................” ХХК-ийн Үйлдвэрийн даргын ажлын байрны тодорхойлолтын 4-т “Үйлдвэрийн ажилчдад хийх ажилтай нь уялдуулан өдөр тутмын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх”, 5-д “Ажил, албан тушаал өөрчлөгдсөн албан тушаалтанд сургалт явуулж, аюулгүй ажиллах арга барилд сургах”, 7-д “Үйлдвэрийн явцад гарсан хүндрэлтэй асуудлуудыг техникийн болон захиргааны ажилтнуудад танилцуулан шийдвэрлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах”, 9-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, аюулгүй ажиллагааны дүрэм заавар, галын аюулаас урьдчилан сэргийлэхэд зориулсан зааварчилга, байгууллагаас зохиогдож байгаа сургалтад хамрагдах” гэх заалт, “.........................” ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай тушаал зэргийг биелүүлж ажиллаагүйн улмаас 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “.........................” ХХК-ийн үйлдвэрийн байранд тус байгууллагын гурилын үйлдвэрийн тариа бэлтгэгч ажилтай Х.Бх нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буудай буулгах бункер рүү орж буудайд даруулсны улмаас амь нас нь хохирсон болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Бын өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Бх, Г нар өглөө ирсэн. Тэгэхээр нь машин ирэхээр дуудъя гэж хэлээд буцаасан. 13 цагийн орчимд машин ирэхээр нь утсаар дуудсан. Үйлдвэрт саатал гараад ажил ихтэй байсан тул би зааварчилга өгч чадалгүй үүрэг гүйцэтгүүлсэн. Талийгаач будаанд дарагдсан байхаар нь хавхлагыг нь буулгаж Гыг дуудаж гаргаж ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгууллагаас хохирол төлбөрт 40.796.912 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Эын өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө манай нөхөр ажилдаа явсан. Тэгтэл ажилгүй гээд буцаж гэртээ ирчхээд 13 цагийн үед ажил дээрээ очоод будаа буулгасан. Тус өдрийн 00 цагийн үед надад ослын талаар мэдэгдсэн. Намайг очиход нөхөр маань бурхан болоод цогцос нь хөрсөн байсан. Нөхрийнхөө 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан. Үүнийг байр болгоод өгөөч гээд 33.000.000 төгрөгөөр Төмөр замд байр авахуулсан. Хохирол төлбөр төлөгдсөн. Миний охин 8 дугаар ангид сурдаг. Цаашид сурч боловсроход нь тусалж дэмжээсэй гэж хүсэж байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.Дгийн өгсөн: ...үйлдвэрийн дарга Б над руу залгаад “буулгаж байсан буудайны бункерт Бх ороод буудайд дарагдаад нас барчихлаа” гэж ярьсан. Би үйлдвэр дээр очоод талийгаачтай хамт ажиллаж байсан Гас юу болсон талаар асуухад “буудай буулгаж байхад бункер дотор хулгана гүйж байна гээд талийгаач бункер руу ордог дээд талын решотикийн дөрвөлжин хэсгийг аваад доошоо ороод тэр хулганыг алаад надад өгсөн. Тэгтэл талийгаач бункерт байсан буудайд цээж hүртлээ шигдсэн байсан. Тэгээд би талийгаачийг татаад авах гэтэл дийлдэхгүй байсан. Талийгаач “бункерын доод талын хаалтыг онгойлгочих” гэж хэлэхээр нь би доошоо буугаад бункерын доод талын хаалтыг онгойлгочхоод дээшээ гараад иртэл талийгаач буудайтайгаа доошоо живээд орчихсон байсан” гэж хэлсэн. Тэгээд Г үйлдвэрийн даргыг дуудаад доошоо орж бункерын буудайг асгаж талийгаачийг гаргаж авсан юм байна лээ. Буудай буулгаж байхад бункер рүү орж болохгүй, буудайгүй үед цэвэрлэгээ хийхээр онгойлгож ордог. Манай үйлдвэрт хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн ажилтан гэж байхгүй. Үйлдвэрийн дарга Б.Б нь үйлдвэрийн ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөг гэх мэдүүлэг /хх-ийн 97-98/,

Гэрч Д.Мын өгсөн: 2018 оын 11 дүгээр сарын 24-ний өдөр үйлдвэрийн дарга Б над руу залгаад “үйлдвэрт осол гарлаа. Буулгаж байсан буудайд хүн даруулж нас барчихлаа” гэж хэлсэн. Тэгээд үйлдвэр дээр ирэхэд буудай буулгагч автомат өргөгчийн хэсэгт үйлдвэрийн ажилчин Х.Бх дээшээ харсан байдалтай нас барчихсан байсан. Юу болсон талаар асуухад Бх нь буудай буулгадаг бункерын тагийг авч ороод буудайд шигдэж дарагдаад нас барсан байсан. Ямар учиртай тэгж доошоо орсныг сайн мэдэхгүй байна. Буудай бууж байхад бункер рүү орж болохгүй. Би өглөө 8 цагт үйлдвэрийн оператор, лаборант, ачигч, буулгагч нарыг ажилд гарахад нь аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гаргасан. Үйлдвэрийн дарга Б нь өдөр 13 цагийн үед талийгаач Бхийг буудай буулгуулахаар дуудсан юм байна лээ. Би Бхт зааварчилга өгөөгүй, ирж ажилласныг нь мэдээгүй. Би “.........................” ХХК-нд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс ажиллаж байгаа боловч одоо болтол намайг ажилд томилсон тушаал гаргаж танилцуулаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 99/,

Гэрч Б.Хын өгсөн: ...хувцасны өрөө рүү ороод утсаар ярьж байхад харуул Бб ирээд Бхийг буудайд даруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би очтол Бх буудайд живчихсэн байсан. Би дотор нь үсэрч ороод Гын хамт буудайг гараараа холдуулах гээд үзсэн боловч чадаагүй, арайхийж тэмтэрч талийгаачийг бункерээс татаж гаргасан. Гаргах үед амьсгал хураасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/,

Гэрч Ж.Гын өгсөн: Бх бид 2 авто өргөгч дээр ажиллаж байсан ба буудай бууж дууссаны дараа бид 2 гадуур нь асгарсан буудайг шүүрдэж бункер луу хийж байсан. Тэгтэл буудай буулгах хэсгийн бүтээлэгний доороос нэг хулгана гарч ирээд бункер луу орчихсон. Бх “энэ хулганыг алахгүй бол буудайтай хамт үйлдвэр лүү ороод үүрэлчихнэ” гээд бункер луу орсон. Тэгтэл Бх нь доошоо явж байсан буудайд бүсэлхий хэсгээрээ зоогдоод хөдөлж чадахгүй болсон. Би Бхийг дээрээ нь гараараа татаж гаргах гэтэл дийлэхгүй байсан. Тэр үед Бх нь “буудайг доош нь асгачихвал би үлдээд гарчих юм шиг байна” гэхээр нь би доошоо бууж хаалтыг нээчхээд гараад иртэл Бх буудайд шигдээд орчихсон толгойн орой нь харагдаж байсан. Би сандраад буудайг гараараа самардсан боловч буудай нурж орж ирээд байсан. Тэгэхээр нь харуулд “буудайд хүн шигдээд орчихлоо” гэж хэлсэн. Тэгтэл оператор Х, үйлдвэрийн дарга Б нар орж ирсэн. Б бид 2 бункерын доод талын туузан дамжлагаар асгарч байсан буудайг хажуу талаас нь зайлуулж, Хатанбаатар бункер дотор дээрээс нь буудайг ухаж Бхийг татаж гаргасан. Тэгтэл Бх нас барчихсан байсан. Тухайн өдөр надад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй. Ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгыг үйлдвэрийн дарга Б өгдөг гэх мэдүүлэг /хх-ийн 108-110/,

Гэрч Ц.Оын өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би хамгийн сүүлд ачиж ирсэн буудайгаа буулгасан. Тэр үед 2 эрэгтэй хүн буудай буулгах төхөөрөмж дээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 111-112/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “............”ын үйлдвэрийн байр байх ба уг газарт үзлэгийг хийхээр тогтож, үзлэгээр буудай орох бункерын дээр байрлах сараалжин төмрийн гол хэсэгт байх онгорхой хэсэгт 2 хөлийг нь унжуулсан, дээш харсан цогцос байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/,

“Ө Ч” ХХК-ийн гурилын үйлдвэрийн барилгын 1 давхрын схем зураг /хх-ийн 12-13/,

“Үйлдвэрийн осол нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний 22 цаг 30 минутад авто өргөгчөөс буудай хүлээн авах бункерт гарч, тариа бэлтгэгч Х.Бх өртөж нас барсан. Үйлдвэрийн дарга Б.Б нь тухай өдөр ажилтанд хийх ажилтай нь уялдуулан өдөр тутмын зааварчилга өгөөгүй, осолдогч нь силос руу буудай татах явцад хүн дотогш орох шатгүй, зориулалтын бус, решотик төмрөөр хамгаалсан буудайн бункерын нүхний хаалтыг онгойлгож доош унаж байсан буудайтай бункер луу орсон зэрэг нь осол гарахад нөлөөлсөн” гэх үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас /хх-ийн 29-30/,

Талийгаач Х.Бх нь “Ө Ч” ХХК-нд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс савлагчаар томилогдсон тухай түүний ажилд орох өргөдөл, “Ө Ч” ХХК-ийн захирлын тушаал, савлагчийн ажлын байрны тодорхойлолт, ажилд орох анкет /33-36/,

“.........................” ХХК-ийн үйлдвэрийн ажилчдын 2018 оны 11 дүгээр сарын 16-аас 24-нийг дуустал хугацааны цагийн бүртгэл, Үйлдвэр болон лабораторийн ажилчдын өдрийн ажлын тайлан /хх-ийн 39-41/,

“.........................” ХХК-ийн гурилын үйлдвэрийн ажилчдын “өдөр тутмын зааварчилганы журнал” гэх 4 ширхэг дэвтэр, “хөдөлмөр хамгааллын зааварчилганы дэвтэр” гэх 2 ширхэг дэвтрийг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, дэвтрүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-48/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Шинжилгээнд авсан Х.Бхийн цусанд этилийн спирт илэрсэнгүй” гэх, 02 дугаартай “Шинжилгээнд авсан Х.Бхийн ходоодны агууламжид этилийн спирт илэрсэнгүй” гэх, 04 дугаартай “Шинжилгээнд авсан Х.Бхийн цусны бүлэг нь AII байна” гэх шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 55-57/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 122 дугаартай “Талийгаачийн биед дээд уруул, эрүү хэсгийн шинэ зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач нь механик амьсгалт бүтэлтийн улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачийн нас барсан хугацааг шүүх эмнэлгийн анхны үзлэгээр тогтооно. Талийгаачийн цусны бүлэг AII байна. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58-63/,

Шинжээч С.Энхжингийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10-06-019/10 дугаартай “...Х.Бх нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртөж амь насаа алдсан тул үйлдвэрлэлийн осол мөн. Тухайн өдөр ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “...аюулгүй ажиллагааны зааварчилга ... аваагүй ... ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн ажил олгогчийн үүрэг биелэгдээгүй, “.........................” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 1/48 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “......................... ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохион байгуулалтын нэгдсэн дүрэм”-ийн 6 дугаар хэсгийн 6.5 дахь “Ажлын байрны өдөр тутмын давтан зааварчилгыг чанартай өгч, журналд тэмдэглэн зааварчилга авсан, өгсөн хүмүүс гарын үсэг зурснаар баталгаажна” гэсэн заалтууд хэрэгжээгүйгээс осол гарсан...” гэх дүгнэлт /хх-ийн 68-69/,

Шинжээч С.Энхжингийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19/01 дугаартай “...уг осол болсон өдөр Б хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны үүргийг гүйцэтгэж байсан тул “......................... ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохион байгуулалтын нэгдсэн дүрэм”-ийн 6 дугаар хэсгийн 6.5 дахь “Ажлын байрны өдөр тутмын давтан зааварчилгыг чанартай өгч, журналд тэмдэглэн зааварчилга авсан, өгсөн хүмүүс гарын үсэг зурснаар баталгаажна” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, хяналт тавиагүй байна...” гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 73/,

Шинжээч С.Баяраа, Д.Бямбасүрэн, Ц.Бадмаа нарын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний 05/092/10 дугаартай “...Х.Бх нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн нь үйлдвэрлэлийн осол мөн. Үйлдвэрийн дарга Б.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалт, “.........................” ХХК-ийн Үйлдвэрийн даргын ажлын байрны тодорхойлолтын 4-т “Үйлдвэрийн ажилчдад хийх ажилтай нь уялдуулан өдөр тутмын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх”, 5-д “Ажил, албан тушаал өөрчлөгдсөн албан тушаалтанд сургалт явуулж, аюулгүй ажиллах арга барилд сургах”, 7-д “Үйлдвэрийн явцад гарсан хүндрэлтэй асуудлуудыг техникийн болон захиргааны ажилтнуудад танилцуулан шийдвэрлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах”, 9-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, аюулгүй ажиллагааны дүрэм заавар, галын аюулаас урьдчилан сэргийлэхэд зориулсан зааварчилга, байгууллагаас зохиогдож байгаа сургалтад хамрагдах” гэх заалт, “.........................” ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай тушаал зэргийг зөрчсөн. Осолдогч Х.Бх нь будааны бункерт дур мэдэн орсон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт заасан “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн...” гэх дүгнэлт /хх-ийн 81-86/,

Шүүгдэгч Б.Быг үйлдвэрийн даргаар 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон тухай “Ө Ч” ХХК-ийн захирлын 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тушаал /хх-ийн 156/,

Талийгаач Х.Бхийг савлагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, тариа бэлтгэгчээр томилсон тухай “.........................” ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаартай тушаал /хх-ийн 158/,

Шүүгдэгч Б.Быг хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн ажилтнаар хавсран ажиллуулах тухай “.........................” ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай тушаал /хх-ийн 164/,

“.........................” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийт ажилтны сургалтын хөтөлбөр, сургалтын бүртгэл /хх-ийн 168-174/,

Талийгаач Х.Бхийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийт ажилтны сургалтын шалгалтын материал /хх-ийн 175/,

“.........................” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохион байгуулалтын нэгдсэн дүрэм /хх-ийн 176-183/,

“.........................” ХХК-ийн Үйлдвэрийн дарга болон тариа бэлтгэгчийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 186-187, 193-194/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.     

Шүүгдэгч Б.Бын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалт, “.........................” ХХК-ийн Үйлдвэрийн даргын ажлын байрны тодорхойлолтын 4-т “Үйлдвэрийн ажилчдад хийх ажилтай нь уялдуулан өдөр тутмын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх”, 5-д “Ажил, албан тушаал өөрчлөгдсөн албан тушаалтанд сургалт явуулж, аюулгүй ажиллах арга барилд сургах”, 7-д “Үйлдвэрийн явцад гарсан хүндрэлтэй асуудлуудыг техникийн болон захиргааны ажилтнуудад танилцуулан шийдвэрлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах”, 9-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, аюулгүй ажиллагааны дүрэм заавар, галын аюулаас урьдчилан сэргийлэхэд зориулсан зааварчилга, байгууллагаас зохиогдож байгаа сургалтад хамрагдах” гэх заалт, “.........................” ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай тушаал зэргийг биелүүлж ажиллаагүй үйлдэл нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “.........................” ХХК-ийн үйлдвэрийн байранд тус байгууллагын гурилын үйлдвэрийн тариа бэлтгэгч ажилтай Х.Бх нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буудай буулгах бункер рүү орж буудайд даруулсны улмаас амь нас нь хохирсонтой шууд шалтгаант холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас “.........................” ХХК-ийн тариа бэлтгэгч ажилтай Х.Бхийн амь хохирсон ба “.........................” ХХК-аас хохирол төлбөрт 40.796.912 төгрөг төлсөн, хохирогч Ж.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан “.........................” ХХК-аас амь хохирогчийн ар гэрт төлсөн хохирлын тооцоо, санхүүгийн баримтууд /хх-ийн 146-152/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Эын өгсөн “...Нөхрийнхөө 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан. Үүнийг байр болгоод өгөөч гээд 33.000.000 төгрөгөөр Төмөр замд байр авахуулсан. Хохирол төлбөр төлөгдсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний 2708 дугаартай албан тоот /хх-ийн 121/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч Б.Бын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд тэнссэн хугацаанд ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан “.........................” ХХК-ийн гурилын үйлдвэрийн ажилчдын “өдөр тутмын зааварчилганы журнал” гэх 4 ширхэг дэвтэр, “хөдөлмөр хамгааллын зааварчилганы дэвтэр” гэх 2 ширхэг дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “.........................” ХХК-нд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Б.Бд тэнссэн хугацаанд ямар нэгэн аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “.........................” ХХК-нд буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР