Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 451/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

Улсын яллагчаар М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгч Ж.З нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Зт холбогдох эрүүгийн 2134000000118 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Ж.З

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.З нь цахилгаан хөрөө ашиглан, зөвшөөрөлгүйгээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн Зүүн наран гэх газраас 2020 оны 10 дугаар сард 10м3 нойтон шинэс хэрэглээний мод бэлтгэж, П.Жаргалсайханаар туслалцуулан уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр “05-20 БРА” улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 4.818.726 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ж.З нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-20 тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 22 тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24 тал/, Эд хөрөнгөн битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-28 тал/, Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхчойдорын мэдүүлэг /хх-ийн 34 тал/, шүүгдэгч Ж.Зын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 тал/, иргэний нэхэмжлэгч П.Жаргалсайханы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, гэрч С.Бямбацэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 40 тал/, гэрч Ш.Балдандоржийн мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/, гэрч Я.Отгонтуяагийн мэдүүлэг /хх-ийн 47 тал/, гэрч С.Дашчойдорын мэдүүлэг /хх-ийн 48 тал/, гэрч С.Ширммэнтогоогийн мэдүүлэг /хх-ийн 52 тал/, Гэрч Ж.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 54 тал/, Гэрч Д.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/, 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Мөнгөнморьт” Сум дундын Ойн ангийн ойн ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэйн С.Бямбацэрэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-79 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /85-96 тал/, “Эм Жэй Жэй Эм”-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 102-113 тал/, иргэний нэхэмжлэгч П.Жаргалсайханы мэдүүлэг /хх-ийн 136-137 тал/, Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхчойдорын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 197 тал/, шүүгдэгч Ж.Зын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 210 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.З нь цахилгаан хөрөө ашиглан, зөвшөөрөлгүйгээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн Зүүн наран гэх газраас 2020 оны 10 дугаар сард 10м3 нойтон шинэс хэрэглээний мод бэлтгэж, П.Жаргалсайханаар туслалцуулан уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр “05-20 БРА” улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 4.818.726 төгрөгийн хохирол учруулсан  болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-20 тал/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 22 тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24 тал/,

-Эд хөрөнгөн битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-28 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхчойдорын “...Миний бие иргэн айл өрхөд түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг иргэний хүсэлтээр хариуцсан нутаг дэвсгэртээ 1 иргэнд жилд 8 куб метр мод бэлтгэх эрх олгох эрхтэй байдаг. Хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийг Ойн анги өгч, хяналт тавьдаг” ... гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

-Шүүгдэгч Ж.Зын гэрчээр өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сард байх Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр баг “Бор хоньт” гэх газарт өвөлжөөний газар сумын газрын албаар дамжуулан авсан. Тухайн модыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг “Зүүн наран” гэх газраас өрөө унагааж бэлтгэсэн ба ачиж тээвэрлэхдээ өөрийн төрсөн ах П.Жаргалсайхантай хамт ачиж тээвэрлэж, өвөлжөө барьсан. “05-50 БРА” улсын дугаартай, цэнхэр өнгийн Хьюндай портер” маркийн тэврийн хэрэгслээр тээвэрлэсэн ба уг тээврийн хэрэгсэл манай төрсөн ах П.Жаргалсайханы тээврийн хэрэгсэл байгаа юм. Би өөрийн цахилгаан хөрөөгөөр модоо бэлтгэсэн ба цагаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн хөрөө байгаа юм. Одоо уг хөрөө Төв аймгийн Мөнгөнморьт суманд манай гэрт байгаа. Би яг ямар газар гэдгээ сайн санахгүй байна. Ямар ч байсан өөр газраас бэлтгэх ёстой байсан боловч би өөртөө ойрхон газраас модоо бэлтгэчихсэн юм. Зөвшөөрөлд дурдсан газраас биш өөр газраас мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

-Иргэний нэхэмжлэгч П.Жаргалсайханы гэрчээр өгсөн “...Ж.З над руу утсаар яриад би Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЖАргалант 1 дүгээр баг Бор хоньт гэх газар өвөлжөө барих гэж байгаа юм, та ирээд туслаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн “05-50 БРА” улсын дугаартай цэнхэр өнгийн Хьюндай портер” маркийн машинтай ирээд дүүгийн хамтаар Бор хоньт гэх газраас мод болон ургаа мод тайрч шургааглаад өвөлжөө барих газарт нь зөөж аваачин 20 орчим хоног хийгээд дутуу бариад орхисон. Тухайн үедээ гоожин авчихсан гээд надад нэг юм үзүүлж байсан. Мөн газрын гэрчилгээ авсан гэж байсан. Тэгээд би зөвшөөрөлтэй юм байна гэж ойлгоод хамт хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

-Гэрч С.Бямбацэрэнгийн “...2020 оны 10 дугаар сард байсан байх Ш.Балдандорж гэх хүнд 5 куб метр хэрэглээний зөвшөөрөл өгсөн санагдаж байна. Ш.Балдандорж бол өөрийнхөө нөхөрлөлийн талбай дээрээсээ бэлдэх ёстой байсан. Уг талбай нь “Тэнүүн”-нд байдаг юм. Уг зөвшөөрлийг бусдад шилжүүлж болохгүй бөгөөд өөр газраас бэлдэнэ гэдэг зөвшөөрөлгүйд тооцогдоно. Бор хоньтод 2020 онд ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй, өгдөггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

-Гэрч Ш.Балдандоржийн “...Ж.З нь манай эхнэр н.Мандахын дүү байгаа юм. Ж.Зт н.Дэлгэрцэцэг гэдэг хүн бяруу өгсөн гэсэн. Тэгээд тухайн газартаа өвөлжөө барихаар болсон бөгөөд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг Бор хоньт гэдэг газар өвөлжөө барихаар н.Бямбацэрэнгээс би өөрөө нэр дээрээ авч өгсөн юм. Тэгээд тухайн зөвшөөрлөөр Бор хонын амнаас Сайхан санаа ХХК-ийн мод хийж байсан газраас хийсэн гэсэн, би өөрөө очиж үзээгүй. Уг зөвшөөрлийг би 2020 оны 10 дугаар сард н.Бямбацэрэнгээс би өөрөө хуурай хэрэглээний гоожин бичүүлж авсан. Нийт 5 куб метр...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,

Гэрч Я.Отгонтуяагийн “...Ж.З нь 2020 онд сумын Засаг даргад газар эзэмших хүсэлт бичиж гаргасны дагуу Мөнгөнморьт сумын 1 дүгээр баг Тэрэлжийн Бор хоньт гэх газарт өвөлжөөний газрын эзэмших зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай гэрээ байгуулж Засаг даргын захирамжаар олгосон. Одоо ту газар нь мэдээллийн санд ороод кадастрын зураглал хийгдээд эзэмшиж ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,

-Гэрч С.Дашчойдорын “...Түлээний мод бэлтгэх зөвшөөрлийг тухайн газрыг хариуцаж байгаа байгаль хамгаалагч иргэдэд бичиж олгодог, жилдээ 8 куб метр түлээний зөвшөөрлийг иргэдэд олгодог юм. Хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийг Сум дундын ойн ангид иргэд бичгээр хүсэлт гаргасныг хүлээн авч зөвшөөрлийг өгдөг. Байгаль орчны яамнаас аймагт жилд бэлтгэх модны хэмжээг өгөөд түүнийг нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцээд сумдад хуваарилж тус хувиарлалтын дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мод бэлтгэдэг аж ахуй нэгжид хувааж өгөөд тус хэмжээний дагуу Сум дундын ойн анги зөвшөөрлийн бичгийг нь өгч хяналт тавьж ажилладаг. Ж.Зыг түлээний болон хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан эсэхийг бол мэдэхгүй байна. Дээрх хоёр албан тушаалтнаас асуухад тодорхой болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,

-Гэрч С.Ширммэнтогоогийн “...Энэ хүн манай 1 дүгээр багийн харьяатхүн бол биш. Аль багт харьяалагдаж байгааг нь мэдэхгүй байна. Би ажлаа аваад 1 сар гаран болж байна. Тус хүнийг Бор хоньт гэх газарт газар эзэмшиж өмчлдөгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/,

-Гэрч Ж.Эрдэнэцэцэгийн “... Тус хүн нь Багануур дүүрэгт амьдардаг байсан. Сүүлийн хэдэн жил манай сумын 1 дүгээр багт мал маллаж амьдар болсон. Албан ёсоор шилжиж ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Тус хүн Бор хоньт гэх газарт газар эзэмшиж татвар төлж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/,

Гэрч Д.Дэлгэрцэцэгийн “...Ж.З нь манай нөхөр н.Гэрэлцогтод туслаад машин тэрэг засдаг ажил хийдэг бөгөөд ядарсан хүн байгаа юм. Тэгээд Ж.З надаас танай газрын ойролцоо хашаа барьж болох уу гэхээр нь зөвшөөрөл юм нь болох юм бол надад дургүйцэх зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд мөн Ж.Зын эгчийнх нь нөхөр болох н.Балдандоржоос өмнө нь авах ёстой байсан гоожингоо бичүүлж аваад Ж.Зт туслах зорилгоор өгчихсөн юм. Өгөхдөө дараа нь чи надад хашаа барихад туслаарай гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,

-2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Мөнгөнморьт” Сум дундын Ойн ангийн ойн ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэйн С.Бямбацэрэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-79 тал/,

-“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /85-96 тал/,

-“Эм Жэй Жэй Эм”-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 102-113 тал/,

-Иргэний нэхэмжлэгч П.Жаргалсайханы “...”05-50 БРА” улсын дугаартай цагаан өнгийн портер машиныг би өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч, өөрийн амжиргаагаа залгуулдаг юм. Уг мод бэлтгэсэн асуудлыг зөвшөөрөлгүй гэдгийг нь дараа нь мэдсэн. Тухайн үед бол миний төрсөн дүү надад зөвшөөрөл үзүүлж байсан болохоор зөвшөөрөлтэй гэж бодоод тусалсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Уг тээврийн хэрэгслийг надад хүлээлгэн өгсөн тул нэхэмжлээд байх зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 136-137 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхчойдорын дахин өгсөн “...Ж.З нь нийт 4.818.726 төгрөгийг 2 хувааж төлсөн байсан. Одоо нөхөн төлбөр болох 9.637.452 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 197 тал/,

Шүүгдэгч Ж.Зын яллагдагчаар өгсөн “...Намайн Ж.З гэдэг юм. Би 1964 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг гэх газарт төрсөн. Би өмнө нь нэрээ анзааралгүй Ж.Зоригтбаатар гэж хэлээд байсан юм. Сүүлд миний нэр буруу бичигдээд байгааг шүүх дээр мэдсэн. Миний албан ёсны нэр бол Ж.З юм. Би өөрөө бичиг үсэг мэдэхгүй хүн байгаа юм. Би “Арилдий” ХХК-д сар бүр 800.000 төгрөгийн цалинтай ажил хийж байгаа, сар бүр 500.000-600.000 төгрөгийн төлбөр төлж, 1 жил, 6 сарын хугацаанд хохирлоо бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 210 тал/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэгт шалгагдвал зохих зүйлсийг бүрэн шалгасан байх тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч Ж.Зыг хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Шүүх хуралдааны товыг иргэний нэхэмжлэгч П.Жаргалсайханд мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхчойдорт мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, үлдэгдэл хохирлоо төлчихвөл гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байна. Шүүгдэгч Ж.З нь байгаль орчинд нийт 14.456.178 төгрөгийг хохирол учруулснаас мөрдөн байцаалтын шатанд 4.818.726 төгрөгийг, шүүхийн шатанд 1.605.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 8.032.452 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Ж.Заас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах “ ялын дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Ж.Зын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүх шүүгдэгч Ж.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах Прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Ж.З нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Бусад асуудлаар:

            Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Зыг шүүхээс тогтоосон Төв аймгийн Мөнгөнморьт сумаас бусад нутаг дэвсгэрт явахыг хориглох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар Төв аймгийн Мөнгөнморьт сумаас бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулж,

            Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ж.Зын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “05-50 БРА” улсын дугаартай цэнхэр өнгийн “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшил бөгөөд хууль ёсны эзэмшигч нь иргэний нэхэмжлэгч П.Жаргалсайхан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул “05-50 БРА” улсын дугаартай цэнхэр өнгийн “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.467.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Заас гаргуулж улсын орлого болгож,  

            Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 218 ширхэг буюу 10м3 модыг нойтон шинэс мод болон цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн 2134000000118 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ж.З нь цагдан хоригдсон хоноггүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ж.Зыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З-г өөрийн оршин суух газар болох Төв аймгийн Мөнгөнморьт сумаас явахыг хориглох, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Зт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Ж.Зыг тогтоосон тодорхой бүсээс гарахыг хориглосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар байгаль орчинд учирсан 14.456.178 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Ж.З нь 6.423.726 төгрөг төлсөнг дурдаж, 8.032.452 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Зын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “05-50 БРА” улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.467.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Заас гаргуулсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн 218 ширхэг буюу 10м3 нойтон шинэс мод болон хөрөөг тус тус улсын орлого болгож, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн 2134000000118 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ж.З нь цагдан хоногдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Ю.ЭНХМАА