Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2015/0024

 

Бишрэлт трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал, Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 508 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Бишрэлт трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Бишрэлт трейд ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, мөн

хуулийн 42 дугаар зүйлд заасан гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах тухай зүйл заалтуудад заасан үндэслэл бий болоогүй, эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад Нийслэлийн өмчийн харилцааны газраас газар чөлөөлөх мэдэгдэл ирүүлсэн.

Компанийн зүгээс дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар албан бичгээр хариу хүргүүлсэн атал 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас "Эко тогтол" ХХК-ийн ажилтнуудаар манай эзэмшлийн "Бишрэлт Плаза" зочид буудлын гаднах төмөр хашаа, авто зогсоолын зам талбайг эвдэж сүйтгэн бусдын өмчлөлд халдаж хохирол учрууллаа. Иймээс Бишрэлт трейд ХХК-иас Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар албадан чөлөөлсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Анкарагийн гудамжнаас Лааганы гудамж хүртэлх 0,26 км чулуун хучилттай авто замын трасст "Бишрэлт Холдинг" ХХК-ийн "Бишрэлт Плаза" зочид буудлын эзэмшил газар орсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/814 тоот газар эзэмших эрх олгох тухай захирамж, Нийслэлийн Авто замын газраас 2013 оны 1/2264 тоот албан бичгийн дагуу газар чөлөөлөх мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 тоот албан бичиг явуулсан.

Мэдэгдлийн дагуу тус компаниас томилогдсон Т.Болор-Эрдэнэтэй газар дээр нь нийслэлийн Авто замын газар, гүйцэтгэгч байгууллагын инженерүүдтэй уулзаж ярилцсан бөгөөд тус компанийн зүгээс газар чөлөөлөлтийг шинэ жилийн баяр өнгөртөл түр хойшлуулах хүсэлтээ 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 084 тоот албан бичгээр хандсан ба хүсэлтийг нийслэлийн Авто замын газартай зөвшилцсөний дагуу хүсэлтийг ханган шийдвэрлэсэн.

2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 8/181 тоот албан бичгээр дахин газар чөлөөлж замын ажлыг саадгүй явуулах талаар мэдэгдэж тус компани төлөөлөл болох Б.Ганбаатар нийслэлийн Авто замын газар, гүйцэтгэгч компанийн инженерүүдтэй газар дээр нь уулзан чөлөөлөх газрын зай хэмжээг тохиролцсон гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 508дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар албадан чөлөөлсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэврлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал давж заалдах гомдолдооУг шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нийтийн эрх ашгийн төлөө буюу нийслэлийн иргэдэд зориулж чулуун хучилттай авто зам тавьсан төрийн үйл ажиллагааг буруутгах боломжгүй гэж шүүх дүгнэлээ гэжээ". Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангахгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 3.1.3-т "газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ" гэж тодорхойлсон байдаг. Энэ хүрээнд "Бишрэлт Холдинг" ХХК нь захиргааны байгууллагатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд биелүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл "Бишрэлт Холдинг" ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн газраас хасалт хийсэн тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан эсэх нь тодорхойгүйгээр газрыг чөлөөлсөн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Нийслэлийн засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 тоот захирамж хүчин төгөлдөр байхад 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга А/814 тоот захирамж гарган Нийслэлийн авто замын газарт 0,288 га-г эзэмшүүлэхээр өгсөн байх ба "нэг газар дээр 2 захирамж" байгааг шүүх үнэлээгүй, Мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/814 тоот захирамжаа "Бишрэлт Холдинг" ХХК-д мэдэгдээгүй бөгөөд уг захирамжийг бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн ба үүнтэй холбоотой байдлын талаар шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Мөн уг шийдвэрт шүүгч энэхүү зөрүүтэй, алдаатай байдалд хяналт тавих, залруулах үүргээ биелүүлээгүй хариуцагчийн буруутай үйлдэл байна гэсэн боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймээс Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 508 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Бишрэлт трейд ХХК-иас Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар албадан чөлөөлсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Бишрэлт трейд ХХК нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Чандмань төвийн зүүн талд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 165 дугаар захирамжаар 5800 мкв, 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар 5870 мкв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгээр эзэмших эрхтэй болсон байна.

Харин Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Эко тогтол ХХК-ийн ажилтнуудаар нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газарт байрлах Бишрэлт плаза зочид буудлын гаднах төмөр хашаа, авто зогсоолын зам талбайн газрыг чөлөөлүүлжээ.

Хариуцагчаас дээрх газрыг чөлөөлсөн үндэслэлээ Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Анкарагийн гудамжаас Лааганы гудамж хүртэлх 0,26 км хатуу хучилттай авто замын трасст нэхэмжлэгчийн Бишрэлт Плаза зочид буудлын эзэмшил газар орсон, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/814 дүгээр захирамжаар Авто замын газарт 0,288 га газар эзэмших эрх олгосон, Нийслэлийн авто замын газраас 2013 оны 1/2264 тоот албан бичгээр газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн гэжээ.

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно. 42.2-д Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана гэж заасан байна.

Хэдийгээр хэрэгт авагдсан Бишрэлт холдинг ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 84 дүгээр албан бичгээр газар чөлөөлөх асуудлыг түр хойшлуулахаар Нийслэлийн өмчийн газарт хариу хүргүүлсэн, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар албан бичгээр эзэмшил бүхий газраас холбогдох хэсгийг чөлөөлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд уг газрын гэрээ, гэрчилгээн дээрх хэмжээ кадастрын зураглал дээр байгаа хэмжээ зөрж байгааг залруулах, мөн чөлөөлөх газарт дүйцүүлэн сонгосон байршилд газар эзэмшихээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт гаргаж байсан боловч үүнийг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар газрыг нөхөн олгох талаар урьдчилан тохиролцож, газар чөлөөлөхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж буй газар эзэмших эрх хүчин төгөлдөр, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээ зөрүүтэй байхад тухайн асуудлыг нягтлан шалгаагүй, нэхэмжлэгчтэй урьдчилан тохиролцох эрхийг хангалгүйгээр авто замын трасст газрыг оруулан Нийслэлийн авто замын газарт эзэмшүүлсэн нь буруу бөгөөд нэхэмжлэгчийн дээрх хүсэлтэд дурдсан асуудлыг шийдвэрлээгүй атлаа газрыг албадан чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн хууль бус үйлдлийг нийтийн эрх ашгийн төлөө авто зам тавьсан төрийн үйл ажиллагааг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 508 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Бишрэлт трейд ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-д заасныг баримтлан Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар албадан чөлөөлсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН