Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 0006

 

  Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Сү.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                             

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Ц.Гэрэлбаатар

         Шүүгдэгч                                               Б.Э

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                         М.Даваасүрэн, Ж.Шинэжаргал

         Хохирогч                                               Б.Э

         Хохирогчийн өмгөөлөгч                       С.Намжилмаа

         Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолтой  Б.Э-д холбогдох 1815001630145 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Ж.Шинэжаргал, хохирогч Б.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... Б овогт Б-ийн Э.

 Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хамтран амьдрагч хохирогч Б.Э-тай маргалдан улмаар нуруун дээр нь дарж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч  Б овогт Б-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,   

  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-аас 671005 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Булган сумын 3-р баг Б хэсгийн 12-06 тоотод оршин суух Б.Э-д олгож, үлдэх 7677217 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, 

 Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж,  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Ж.Шинэжаргал нар давж заалдах гомдолдоо: “... Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 178 дугаар бүхий шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсэг мөн 4 дэх хэсгийн... шүүгдэгч Б.Э-аас 671.005 төгрөгийг гаргуулж ... гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна

... Ялтны өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх нь хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Учир нь Б.Э хохирогч Э-д 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр буюу хэрэг гарснаас хойш эмчилгээний зардалд бэлнээр 845.000 төгрөг, дансаар 2.405.000 төгрөг, нийт 3.250.000 төгрөг өгсөн байдаг. Энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх хурал дээр гаргаж өгсөн боловч шүүх энэхүү баримтыг яаж үнэлж байгаа болон хохирол төлсөнд тооцсон эсэх, хэрвээ тооцоогүй бол ямар үндэслэлээр няцааж байгаа тухай дүгнэлтийг огт хийсэнгүй. Шийтгэх тогтоолд ч Э-ын хохирол төлсөн байдлыг орхигдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2.д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бий болсон байтал энэ зүйл заалтыг хэрэглээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт хүндрүүлсэн гэж үзэж байна.

Шүүх хуралдаан эхэлсэн үеэс шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хэлж байсан. Мөн гэм буруугийн шүүх хурал дуусахад хохирогчид шүүхээс төлөхөөр шийдвэрлэсэн 671.005 төгрөгийг шүүхийн танхимд төлж барагдуулсан байтал тогтоолд төлөөгүй мэтээр бичиж, хохирлыг төлсөн тухай дурьдсангүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2.д заасны дагуу хөнгөрүүлж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү...”  гэжээ.

Хохирогч Б.Э давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шинжилгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, Б.Эрдэнэбатын ял хөнгөдсөн, хохирлыг бүрэн гүйцэт төлөөгүй, цаашид бие эрхтэн, сэтгэл зүйн хувьд гомдолтой байна.

а/ ... нийт 8348222 төгрөгний хохирол нэхэмжилсэн ... шийтгэх тогтоолд хохирогчийн нэхэмжилсэн хохирлын төрлийг мөнгөн дүнгийн хэмжээ нийт хохирлын дүнг алдаатай бичсэнээс гадна тус тогтоолд хөдөлмөр халамжийн байгууллага болон багийн засаг дарга нараас ажилгүй /хх-221/-д амьжиргааны баталгаажих доод  түвшингийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөөр байхад ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4.т өмгөөлөгчийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалд тооцохгүй гэж хууль буруу тус тус тайлбарлалаа... Иймд 7.677.217 төгрөгийг гаргуулж Э надад олгож хохиролгүй болгох учиртай...

б/ ... Э зөвхөн рамны орлого ашигласны төлбөрөө надад өгч байхад түүнийг шүүх хохирол төлсөн мэтээр үзэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй...

в/ ... Хохирогч миний 3, 5 дугаар нурууны их биений хугарал нь гэмтлийн зэрэглэлийг тогтоох заавар журмын дагуу нуруунд учирсан их биеийн хугарлыг хүнд гэж тооцох ёстой байтал шүүх эмнэлэг энэ талаар CD бичлэг, мөн нарийвчилсан зураг зэргийг дүгнэлт гаргахад аваагүй, үзээгүй үнэн зөв дүгнэлт хийхгүйгээр хохирогч надад хугарсан нурууны гэмтлийг ерөнхий байдлаар хандаж хүндэвтэр гэмтэл гэж тооцоод байгааг хохирогч миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна.

 ... Шинжилгээний дүгнэлт гарснаас хойш 2018.07.03-ны өдрийн цээж нугаламны MRI зурагт ... мөн 2018.11.02-ны тодосгогч бодистой компьютер томографф цээж сээр нурууны зурганд ... нугасны хөндий рүү бага зэрэг шахсан өөрчлөлттэй гэсэн хүндэрсэн оношлогоо цаашид гараад байна.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд ... хүзүү, сээр нурууны их биеийн хугарал нугас дарагдаж жийргэвч мөгөөрс гэмтэл нь хүнд зэрэглэлд хамаарна гэжээ. ...Иймд учирсан гэмтлийг зөв тогтоож өгнө үү...” гэжээ.

Хохирогч Б.Э хариу тайлбартаа: “... Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.22.ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу шүүгдэгч Б.Э-аас 671.005 төгрөг гаргуулж гэснийг шүүх хурал дээр надад өгсөн нь үнэн боловч дараах төлбөрүүдийг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон учир Б.Э-ыг хохирогч надад төлөх төлбөрөө бүрэн барагдуулсан гэж түүнд оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх дээрх шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Э-аас дараах төлбөрүүдийг гаргуулан хохирогч надад олгуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт 7.029.217 гаргуулж гэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү...

Би өмгөөлөгч хөлслөн авч өмгөөлөгчдөө 800.000 төгрөгийг өмгөөллийн хөлс гэж өгөөд өмгөөлөгч маань Улаанбаатар хотоос нилээд олон удаа ирж очсоны зардалд 508.016 төгрөг өгсөн. Нийт 1.308.016 төгрөгийн өмгөөллийн хөлс төлсөн баримт, шатахууны үнэ буюу замын зардлын төлбөрийн баримтууд хэрэгт авагдсан байхад хохирогчид хамааралгүй хэргийн бусад оролцогчийн зардлыг зохицуулсан хуулийн зүйл заалтыг хэрэглэн хангахгүй орхисон нь зүйд нийцсэнгүй.

Би 2017.11.29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэн орлого олж чадалгүй эмнэлгээр яваа болохоо нотолсон баримтуудаа хэрэгт хийж өгөөд 2017.11.29-ний өдрөөс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгөөр тооцож төлбөр гаргуулах тухай шаардлагад маань ямар нэгэн дүгнэлтийг огт хийхгүйгээр хангахгүй орхилоо.

Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.2.д "Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй" гэжээ. Би хуулийн энэхүү заалтын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр /2017.11.29-ний өдрөөс 2018.11.22-ны өдрийн хооронд 240.000 төгрөг * 12 сар = 2.880.000 төгрөг/ 12 сар буюу 365 хоногийн төлбөрт 2.880.000 төгрөг шаардсан шаардлага маань хангагдах учиртай байтал хангасангүй намайг хохирсон дээр маань хохироосон шийдвэр гаргалаа.

Би 2017.11.29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тулгуур эрхтнийхээ өвчин, шаналгаа зовиураас шалтгаалан олон газраар явж шинжилгээ, оношлогоонууд хийлэсэн бүх баримтуудаа хэрэгт хийж өгөөд нийт төлбөрт 2.841.201 төгрөг нэхэмжилэхэд миний гаргаж өгсөн нотлох баримтуудыг огт үнэлэхгүйгээр хэрэгсэхгүй болголоо.

Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.1-д "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд ..., ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх,... зэрэг зайлшгүй бүх хохирогчид төлөх үүрэгтэй" гэжээ. ... Иргэний хуулийн дээрх заалтын дагуу би шүүгдэгчээс гаргуулан авах эрхтэй ... Шүүгдэгч Б.Э надад нийт 3.250.000 төгрөг өгсөн гэжээ. Энэ бүгд худлаа болох талаар дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Би Б.Э-тай 2016 оны 6 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан юм. Би тухайн үед хөрөө рам ажлуулдаг байсан бөгөөд  2.405.000 төгрөгийн банзны үнэ юм. Харин Б.Э ямар нэгэн орлого мөнгө байхгүй хүн учир юун 3.250.000 төгрөг өгсөн байх билээ. Иймд дээрх тогтоолтой хэргийг хянан үзэж тогтоолын тогтоох хэсэгт 671.005 гэснийг 7.029.217 төгрөг гаргуулан хохирогч Б.Э надад олгуулахаар шийдвэрлэж тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар  дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Ж.Шинэжаргал, хохирогч Б.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Б.Э-ыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хамтран амьдрагч хохирогч Б.Э-тай маргалдан улмаар нуруун дээр нь дарж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Түүнчлэн Б.Э-д холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд тусгайлан хуульчилсан бөгөөд прокурор энэ зүйлийн аль хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э-ыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1-д заасан шаардлага хангаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Э-д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Ж.Шинэжаргал, хохирогч Б.Э нарын давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Э-д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Ж.Шинэжаргал, хохирогч Б.Э нарын давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурьдсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Э-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР                           

                          ШҮҮГЧ                                                       Сү.УРАНЧИМЭГ                                                                                   

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН