Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Буяннэмэхийн өргөн чөлөө, 2-р байр 1 тоотод оршин суух, Хувын отог овогт Алтансувдын Уранчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн банкны Дундговь салбарт холбогдох,

Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 06 сарын 19-ний өдрийн Б/72 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 сарын 21-нд 139/2017/00297/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Уранчимэг, хариуцагчийн төлөөлөгч Э.Хөхөөхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирлаар 2012 оны 12 сарын 10-ны өдөр томилогдсон. Уг албан тушаалд 5  жил гаран ажиллаж байна. 2017 оны 01 сард Э.Хөхөөхүү захирал шинээр томилогдсон ба 2017 оны 4, 5 саруудад манай тооцооны төвд хугацаатай даалгавар өгсөн. Даалгаварыг 57 хувьтай биелүүлсэн гэж надад 2017 оны 05 сарын 16-ны өдрийн Б/65 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Харин 2017 оны 05 сард өгсөн хугацаатай 5 даалгаварын 4-ийг биелүүлсэн ба уг 5 даалгаварын 4-ийг биелүүлэхэд 5 дахь даалгавар биелэх ёстой боловч биелэгдээгүй гэж үзэж дүгнэсэн. Уг даалгаврын биелэлтийг захирлын зөвлөлийн хурлаар оруулж 85.7 хувьтай дүгнэсэн. Гэтэл намайг хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлж ажлаагүй гэж үзэж 2017 оны 06 сарын 09-ний өдрийн Б/72 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гомдолтой байна. Мөн миний бие 2015 оны 03 сард хүүхэд төрүүлсэн ба манай охин одоогоор 3 нас хүрээгүй байхад намайг ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн. Иймд Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 06 сарын 19-ний өдрийн Б/72 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.  

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Хөхөөхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь салбарын тооцооны төв хариуцсан менежер О.Чойжилсүрэн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн Дундговь салбарын 2016 оны 4-р улирал, 2017 оны 1, 2-р улиралын бодит ашиг алдагдлын мэдээний нэгтгэлээс үзэхэд Сайнцагаан тооцооны төв нь байнга алдагдалтай ажиллаж байгаа нь тодорхой харагдана. Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирал А.Уранчимэгийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилгод ‘’Тухайн тооцооны төвийг орон нутгийн банк, санхүүгийн зах зээлд тэргүүлэгч нэгж байлгаж өндөр үр ашигтай ажилуулах’’ гэж заасан байгааг мөрдлөг болгон ажиллаагүй бөгөөд сүүлийн саруудад тогтмол алдагдалтай ажиллаж байгаатай холбогдуулан салбарын захирлын зүгээс хугацаатай үүрэг даалгаварыг 2017 оны 04 сарын 11-ний өдөр өгсөн. Гэвч өгсөн хугацаатай үүрэг даалгаварыг биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтын ‘’удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлэх’’ гэсэн заалтыг зөрчсөн тул 2017 оны 05 сарын 16-ны өдөр нэг сарын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед Сайнцагаан тооцооны төвийн захирал А.Уранчимэг 2017 оны 04 сарын 14-ний өдөр Тооцооны төвийн аюулгүй дохиоллыг идэвхжүүлээгүй хонуулсан ноцтой зөрчил гаргасан. Дээрх 2 зөрчил нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.3-т ‘’Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан’’ гэсэн заалтын дагуу ажил олгогчийн санаачлагчаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй байсан боловч ажил олгогчийн зүгээс ажилтны эрх зүйн байдлыг харгалзан үзээд 2017 оны 05 сарын 12-ноос 05 сарын 31-нийг хүртэл хугацаанд салбарын захирлын тооцооны төвийн санхүүгийн үзүүлэлт бүрээр төлөвлөгөө гаргаж тус бүр 100 хувь биелүүлж ажиллах хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлж ажиллаагүй зөрчил гаргасан. Энэ нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.18 дахь заалтыг зөрчсөн тул А.Уранчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, үүрэгт ажлаас нь халсан.

 

Ажилтан нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т хамаарах зөрчил гаргасан тул ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ‘’ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ах ахуй нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно’’ гэсэн заалтыг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэгч А.Уранчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Уранчимэг нь хариуцагч Төрийн банкны Дундговь салбарт холбогдуулан Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 06 сарын 19-ний өдрийн Б/72 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төрийн банкны Дундговь салбарын харъяа Сайнцагаан тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Төрийн банкны Дундговь салбар нь ажилтан Уранчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцалсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Төрийн банкны Дундговь салбарын Сайнцагаан тооцооны төв нь 2017 оны 01 дүгээрр сараас эхлэн алдагдалтай ажиллаж байсан байна /ХХ-18, 48-58/

            Алдагдалтай ажиллах болсон шалтгаан нь татан төвлөрүүлсэн хөрөнгийн дийлэнхи хувийг хүү өндөр хугацаатай хадгаламж эзэлдэг, боловсон хүчний зардал, түрээсийн байрны зардал өндөр байгаа нь нөлөөлсөн байна.  /ХХ-19, 21/

Төрийн банкны Дундговь аймаг дахь салбарын захирлын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 12 ны өдрийн хурлаар Төрийн банкны Дундговь аймаг дахь салбарын Сайнцагаан тооцооны төвд 2017 оны 05 дугаар сарын 31 ны өдрийг хүртэл

  1. Зээлийн багцыг 987,102.01 төгрөгт хүрч ажиллах,
  2. Депозитыг 900,000 төгрөгт хүрч ажиллах,
  3. Зээл олголтыг нэмэгдүүлснээр хүүний МАРЖ-ыг 6.2 хувьд хүргэх,
  4. 2017.05.31 өдрийн байдлаар алдагдлаас бүрэн гарч бодитой ашигтай ажиллах,
  5. Ангилал шилжсэн зээлийн үлдэгдлийг 8,630.86 хүртэл бууруулж ажиллах үүрэг даалгавруудыг өгсөн байна. /ХХ- 21/

Сайнцагаан тооцооны төв нь дээрхи үүрэг даалгаврыг

  1. Зээл олголтын багцыг 973,425.39 буюу 98,61%
  2. Депозитыг 911,678.50 буюу 101,30%
  3. Хүүний МАРЖ-ыг 7,92% буюу 127.72%
  4. 2017.05.31 өдрийн байдлаар алдагдлаас бүрэн гарч бодитой ашигтай ажиллах   үүрэг биелээгүй буюу 0 %
  5. Ангилал шилжсэн зээлийн үлдэгдлийг 8,550.01 буюу 100,95%-иар биелүүлсэн гэж Төрийн банкны Дундговь салбарын захирлын зөвлөлөөс дүгнэсэн байна. /ХХ-22/

 

Сайнцагаан тооцооны төвийн алдагдалтай ажиллах шалтгаан болсон боловсон хүчний болон байрны түрээсийн өндөр зардлыг тооцооны төвийн захирлын шийдвэрээр бууруулах боломжгүй байсан нь хэлэлцүүлгийн явцад тогтоогдлоо.

Төрийн банкны Дундговь салбарын захирлын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 12 ны өдөр өгөгдсөн хугацаатай үүргийн 5-р заалт буюу 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар алдагдлаас бүрэн гарч ашигтай ажиллах үүрэг нь 18 хоногийн хугацаанд биелүүлэх боломжгүй үүрэг гэж үзэж нэхэмжлэгч А.Уранчимэгийг Төрийн банкны Дундговь салбарын Сайнцагаан тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан ‘’Дундын цалин хөлс тодорхойлох журам’’-ын 7.а-д зааснаар ‘’Ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно’’ гэж заасан бөгөөд сүүлийн 3 сарын цалин 3001027,2 төгрөг 1 сард 1000342,4 төгрөг үүний ажлын 21,5 хоногт хуваахад 1 өдрийн цалин 46527,5 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 06 сарын 19-нөөс 2017 оны 08 сарын 25-ныг хүртэл нийт ажлын 45 хоногийн цалин 2093737,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хуульд заасан зохих шимтгэлийг суутган нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагч тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2093737,5 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 48449 төгрөг, нийт 118649  төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хувын отог овогт Алтансувдын Уранчимэг /ЖЮ83040501/-ийг Төрийн банкны Дундговь салбарын Сайнцагаан тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Төрийн банкны Дундговь салбараас ажилгүй байсан хугацааны цалин болон 2093737,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Уранчимэгт олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар А.Уранчимэгт олгох 2093739,5 төгрөгийн олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төрийн банкны Дундговь салбарт үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Төрийн банкны Дундговь салбараас 118649 төгрөгийг  гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.БАЯРДАВАА