Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/322

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн

улсын яллагч А.Дэлгэрмөнх

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын *-нд Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 2 сар 14 хоногтой, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4; эх, эгч, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 15 дугаар гудамж, ** тоотод оршин суух, ялгүй, ***дугаарын регистртэй, Х овогт Б-ийн С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.С 2018 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Байгал” дэн буудалд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис буюу тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 4.9 грамм, цэвэр жин нь 3.1 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байгаа. Манай тэр хавийн хүүхдүүд хэрэглэж үзсэн гээд байхаар нь сонирхоод татаж үзсэн. Гэхдээ надад ямар нэгэн өөрчлөлт, мэдрэмж мэдэгдээгүй.

Дахин ийм зүйл хийхгүй байж чадна. Манай гэрээс хураагдсан Woods’ гэх эмийг мөн л тэр хавийн хүүхдүүд хэрэглэдэг гээд байсан. Би ууж үзсэн. Нойр их хүрдэг юм билээ.

Цаашид ээжийнхээ үгэнд орж, муу хүүхдүүдтэй нөхөрлөхгүй байж чадна гэдгээ амлая. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С-ынхууль ёсны төлөөлөгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

С бол миний 2 дахь хүүхэд. Дээрээ нэг эгчтэй. Эгч нь нөхөрт гараад тусдаа амьдарч байгаа. Би өөрөө хөдөө орон нутгаар явж малын гэдэс цэвэрлэх ажил хийж мөнгө олдог. Ингэж явахдаа би хүүхдүүдээ төрсөн эгчийнхээ хараа хяналтад үлдээдэг. Миний охин уг нь ийм зүйл хийхээргүй, гэрээсээ гарахгүй, бага дүүгээ асраад байж байдаг юм. Цаашид охиндоо сайн хэлж, хараа хяналтдаа байнга байлгах болно. Миний охинд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв. 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Сд холбогдуулан түүнийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

насанд хүрээгүй гэрч Г.С “... 2018 оны 12 дугаар сарын 19-ний орой Н манай гэрт байхдаа 23 цагийн үед Стой уулзана гээд ярьсан байсан. Нарантуул-2 зах орчимд нийтийн байранд Стой уулзаад бид гурав эмийн сан орох гээд такси барьсан. Гадуур явж байгаад хорооллын Номингийн хажуугаар хойш эргээд Эмийн сан 24 цаг гэсэн рүү орж 2 ширхэг “Үүдэс” авсан. Тэгээд урагшаа 25 руу явж эмийн сангаас дахин нэг “Үүдэс” гээд эм авсан. Такситай гадуур явж байгаад С-ын найзаас таксины мөнгө авах гээд 5 шар яваад таксины мөнгө авсан. Тэгээд хүнсний 4 орсон. Эргээд 10 дугаар хороолол орчимд С-ын найзтай уулзахаар очсон. Би сайн санахгүй байгаа юм. 10 дугаар хороололд нэг газар очиход 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан санагдана. Тэнд бид хөзөр тоглоод сууж байхад гаднаас цагдаа нар орж ирээд нүд рүү гэрэл тусгаж харж байгаад Н, С бид гурвыг цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн. Би 10 дугаар хороололд ямар газар очсоноо санахгүй байгаа. С бид хоёр ганц хоёр удаа хэрэглэж байсан. С-ын цүнхнээс өвс гарч ирсэн. Тэрийг Н бид гурав хэрэглээгүй” /хх-н 4/,

“... уг эмийг хаанаас авснаа сайн санахгүй байна. Олон эмийн сангаар орсон учраас одоо санахгүй байна. Бид гурав ээлжилж ороод байсан юм. Нэг орж байгаа хүндээ 10.000 төгрөг өгөөд нийт 3 шилийг авсан. Гурван эмийг нэг нэгээр нь уухад толгой эргээд сонин болоод байсан. Ямар нэгэн санаа зорилго байгаагүй ээ. Н гээд байгаа охин санаачлаагүй ээ. С бид хоёр санааг нь гаргасан. С гээд охины цүнхнээс гарч ирсэн ургамлыг би өмнө нь харж байгаагүй. Тэр өдөр хэрэглээгүй. Өмнө нь ч гэсэн хэрэглэж үзээгүй. Н манай анги, бид нар 39 дүгээр сургуулийн 12 б ангийн сурагчид. Стой хүнээр дамжуулж танилцсан. 39 дүгээр сургуульд суралцаж байсан” /хх-н 6/,

“... би шинжээчийн дүгнэлттэй аавынхаа хамт танилцлаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. 2018 оны 12 дугаар сард найз С-ын хамт өвс гэх зүйлийг хэрэглэж үзсэн. С бид хоёр бараг өдөр болгон уулздаг байсан. Нэг өдөр бид хоёр уулзаад байж байтал С цүнхнээсээ нэг ууттай өвс гаргаж ирээд энэ нөгөө хүүхдүүдийн тадаад байдаг өвс шүү дээ, татаж үзэх үү гэж хэлсэн. Тэгээд би сонирхоод тэгье л дээ гээд С уг өвсийг e-баримтны цаасанд хийж тамхи шиг ороогоод, тамхины иш хийж ороогоод, танхины иш хийж байгаад татсан. Ингэж татахыг “жойн хийх” гэж нэрлэдэг юм билээ. Тэгээд би өвснөөс 2 удаа сорсон. Уг зүйлийг сорсоны дараа толгой их өвдөж байгаад нүүрэнд инээмсэглэл тодроод, бүх зүйлийг эерэгээр хараад ч байгаа юм шиг санагдсан. Тэгээд тэр өдрөөс хойш дахин хэрэглээгүй. Тийм учир миний шээснээс гарсан байх гэж бодож байна. Харин 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, “Woods” уудаг өдөр бол өвс хэрэглээгүй. С өвсийг хаанаас түүсэн талаараа бид нарт хэлээгүй. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ч өвстэй явж байгаагаа хэлээгүй. Гэвч С дүүргийн хэлтсийн байцаагч нарт Дарханаас түүсэн гэж хэлсэн мөртлөө, аав ээждээ хүн өгсөн гэж хэлээд байсан. Яг хаанаас олж авсанг нь би мэдэхгүй байна. Н, С бид нар аптекаас эм авч уучихаад Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн тийшээ Гацуурхан гэх паб руу явсанг санаж байгаа. Тэгээд тэндээсээ өөр нэг газар руу явсан. Яг хаашаа явсанг сайн санахгүй байна. Толгой тархи эргэлдээд, сандараад байсан. Гэвч ямар ч байсан С-ын таньдаг хүмүүстэй дөнгөж тааралдаад л удалгүй цагдаа нарт баригдсан. Яг ямар хүмүүс байсныг сайн санахгүй байна. Ер нь уусан эм маш хүчтэй нөлөөлөөд, ухаан санаа орж гараад байсан” /хх-н 29-30/ гэж,

насанд хүрээгүй гэрч Э.Н “... 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг 40 минутад гэрээсээ гараад хичээлдээ явсан. С гээд манай ангийн охин гэр рүүгээ явъя гэхээр нь би хамт очсон. Сгийн гэрт нь хүн байхгүй, бид хоёр байсан. Тэгээд С намайг манай гэрт хоночих гэхээр нь за тэгье гэж хэлсэн. Би гал тогооны өрөөнд нь гар утсаа цэнэглэж байхад С миний утсаар нэг хүнтэй ярьсан. Сг хэнтэй ярьсныг би мэдээгүй, миний утсанд 100 нэгж өгөөч гэхээр нь Сд хэлэхэд С би С гээд найзтайгаа ярьсан юм. Со нүүрний будгаа аваад ирээч гээд байна хамт явах уу гэхээр нь би үгүй маргааш болж болохгүй юм уу гэхэд Со одоо аваад ир гэнэ ээ, хоёулаа авч очоод будгаар будуулчихаад эргээд ирнэ гэхээр нь би хамт гарсан. Тэгээд Нарантуул 2 худалдааны төвийн орчимд нийтийн байранд С байсан. С намайг цуг явж бай, хамт нэг газар явна гээд С, С бид гурав Нарантуул 2-оос 22 цагийн үед гараад такси бариад эмийн сан хайгаад яваад байсан. Тэгж байгаад хороолол ороод Өргөө кино театрын орчимд эмийн санд ороод хоолойнд уудаг эм авах уу гээд, би ханиадтай болохоор за гэсэн. Тэгтэл эмийн сангаас “Үүдэс” гээд эм авна гэж надад хэлсэн. Тэр эм нь хоолойны зурагтай, W үсгээр эхэлсэн байсан. Тэр эм 200 граммтай хуванцар савтай шингэн эм байсан. Тэр эмнээс гурвыг аваад С, Со бид гурав нэг нэгээр нь уусан. Таксинд Со хүнтэй чат бичээд яваад байсан. Тэгж байгаад би хаана явж байгааг мэдэхгүй нэг газарт очсон чинь 3 банди, нэг охин сууж байсан. Тэр газар нь хоёр өрөө, арын өрөө нь ортой, урд өрөө нь ширээтэй, хэдэн пиво тавьсан байсан. Тэгтэл араас цагдаа нар орж ирээд С, Со хоёрын цүнхийг үзээд өвс байна гээд бид гурвыг цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн. Бид гурваас шинжилгээ авахад надаа нэг гарсан. Тэр хоолойны эмийг ууснаас болж гарсан байх” /хх-н 5/,

“... уг эмийг авахдаа эмийн сан хайж явж байгаад 2 ширхэг эмийг нь С худалдаж авсан. Би юу авах гээд яваад байсныг нь сайн ойлгоогүй. Нилээн эмийн сангаар орж байгаад авсан, хайгаад яваад байсан юм. Би Сгийн гэрт оройн 21 цагийн үед байж байгаад С бид хоёр Со гэх охинд будаг аваачиж өгнө гэж гарсан байсан юм. Тэр эмийг авах санаагаа надад хэлээгүй. Со, С хоёр авах гээд яваад байсан. Нэг эм нь 9500 төгрөг гэдэг, хуурай ханиалганд уудаг гэж байсан. Нийт 3 ширхэгийг аваад би тэр үед ханиадтай байсан учраас нэг нэгээр нь уусан. Би хагасыг нь уугаад, хагасыг нь хогийн саванд хаясан. Уг эмийг уухад дотор муухайраад удаа ч үгүй бөөлжөөд гаргачихсан. Цагдаа нар орж ирээд Согийн цүнхийг шалгаж үзэхэд дотроос нь гарч ирсэн, тийм өвс ургамлыг би өмнө нь харж байгаагүй, тэр ургамлыг огт хэрэглэж үзээгүй” /хх-н 7/,

“... би шинжээчийн дүгнэлттэй аавынхаа хамт танилцлаа. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болон түүнээс өмнө өвс гэх зүйлийг огт хэрэглэж үзээгүй. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр найз Стай уулзаад явж байгаад л С гэх охинтой уулзсан. Би Стой сүүлийн 2 жил таараагүй байж байгаад тэр өдөр л таарсан. Тэгээд С эмийн сан ороод “woods” гэх эм авсан. Тэр үед миний хоолой яг өвдчихсөн байсан. Тэгээд би юу вэ гэж асуутал хоолойны эм гээд савных нь гадна талын хоолойны зургийг харуулаад байхаар нь би талыг нь уусан. Тэгтэл дотор муухайраад би бөөлжөөд гаргачихсан. Өөр ямар нэгэн зүйл хэрэглээгүй. Яагаад миний шээснээс уг бодис илэрсэн болохыг мэдэхгүй байна. Би тэр өдөр Стой уулзана гэж Стай уулзаагүй, бас Сд өвс байсныг мэдээгүй. Цагдаа нар биднийг саатуулах үед л мэдсэн. С уг өвсийг хаанаас олсныг мэдэхгүй. С цагдаа нарт баригдсаны дараа Дархан билүү Эрдэнэтээс өөрөө явж түүсэн гэж хэлж байсан. Цагдаа нар С-ын цүнхийг шалгаад л уг өвсийг гаргаад ирсэн. Би тийм зүйлтэй явж байгааг нь ч мэдээгүй. Тэр хоёр цагдаа нарт баригдах үед бүр сонин болчихсон, хүүхэн хараа нь томорчихсон, сүнс сүүдэртэй явж байгаа юм шиг сонин сонин зүйл яриад, гар хөлөө сонин сонин хөдөлгөөд байсан. Тэр орой С хүмүүстэй уулзах гээд байх шиг байсан. Тэгээд 10 дугаар хорооллын тэр хавьд очоод С, С хоёр хүнтэй уулзана гээд машинаасаа буусан. Тэгээд намайг буугаад ир гээд байсан. Би жаахан дургүйцээд байсан боловч яах ч аргагүй машинаас буугаад нэг газар руу орсон. Уг газрыг би буудал байна гэдгийг ч мэдэхгүй тэр хоёрыг дагаад орсон. Тэгтэл нэг жижигхэн буудал шиг газар байсан. Тэр газар руу ороход 3 банди, 1 охин байсан. Бид нар ороод удаагүй. 1, 2-хон минутын дараа цагдаа нар ороод ирсэн. Би уг буудалд байсан хүмүүсийг танихгүй, С л утсаар холбогдож байгаад очсон” /хх-н 31-32/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 9-15/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 61-65/, шинжээчийн дүгнэлт /хх-н 36-45/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.С-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.С-ынгэм бурууг хэлэлцээд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг шүүх баримтлав.

Тухайлбал; Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодог онцлогтойгоос гадна нийгмийн хор аюул, уршиг ихтэй байдаг.

Шүүх нь ял, хариуцлага оногдуулахдаа тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг, ялангуяа мансууруулах бодистой хамаарал бүхий гэмт хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дээрх заалтыг анхаарах, гэмт хэргээс гарах үр дагаварыг тооцох учиртай.

Өөрөөр хэлбэл мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шүүгдэгчийг нэг талаас цээрлүүлэх, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх, нөгөөтэйгүүр түүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.С насанд хүрээгүй буюу өсвөр насны хүн болох нь түүний Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 74/, Нас тоолсон тэмдэглэл /хх-н 60/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 79/,

гэрч Ш.Бгийн “... С миний 2 дахь охин. 2002 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. С цэцэрлэгт огт яваагүй, гэрээрээ хүмүүжээд 2008 онд 6 настайдаа Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд элсэн орсон. Ингээд 39 дүгээр сургуульд 9 дүгээр анги хүртлээ сураад сугуулиасаа гарсан. 2017 онд сургуулиа төгсөөд Монголын үндэсний их сургуулийн Гоо засалчийн ангид оруулсан боловч 2 сар сураад л сургуулиа хаячихсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сараас хойш тодорхой хийсэн ажилгүй, гэр зуураа байх болсон. С-ын аав Ганбаатар гэж хүн байдаг боловч С-ыг 2 настай байхад нь архи дарс уугаад, намайг зодож нүдээд байхаар нь салчихсан юм. Миний охин багаасаа над болон манай эгч дээр өссөн. Охин С хүүхэд байхдаа үг дуу цөөтэй, гэр орноо сайн цэвэрлэдэг, ажилсаг, үгнээс гарахгүй хүүхэд байсан. Гэтэл 9 дүгээр ангид ордог жилээсээ уур уцаартай болж, үгэнд орохгүй болсон. С сургуульд сурч байхдаа хичээлдээ сайн, нийгмийн идэвхи сайтай хүүхэд байсан. Дуу дуулах дуртай, гэтэл 9 дүгээр ангид ордог жилээсээ л их өөрчлөгдөж, ааш авир нь эвдэрч эхэлсэн. С-ын найзуудаас би Сувдаа, С, Намуунаа нарыг мэднэ. Намуунаа гэдэг охинтой 10 жилд байхдаа найзалдаг байсан, их даруухан охин байдаг. Сүүлийн үед найзлахгүй байгаа юм билээ. Сувдаа гэдэг охин нь Завхан аймагт байдаг. С гэх охиныг би энэ хэргээс хойш л мэдэх болсон. Стай хир дотно болохыг би мэдэхгүй байна. 39 дүгээр сургуульд хамт суралцаж байсан гэсэн. С 9 дүгээр ангид сурч байхдаа Төгөлдөр гэдэг бандитай үерхдэг байсан. Гэвч тэр бандиасаа одоо бол салсан. Одоогоор нэг эрэгтэй хүүхэдтэй найзлаад байгаа юм шиг байсан. Би тэр хүүхдийн нэрийг мэдэхгүй байна. Хааяа миний утсаар яриад байдаг юм. Тэр банди эмээ, өвөөтэйгөө амьдардаг гэсэн. Тэр найз банди нь С-ыг гадуур тэнүүлэхгүй гэдэг, зөв хүүхэд юм шиг санагдсан. Миний охин уг нь тэгж их гадуур тэнээд байдаггүй байсан. Гэтэл 2018 оны 12 дугаар сард хар тамхины хэрэгт холбогдох үедээ 7 хоног гэрээсээ алга болсон. Тэгж явах үедээ л ийм хэрэгт холбогдчихсон байсан. Одоогоор сүүлийн 7 хоног гэрээсээ яваад ирэхгүй байна. Эгчтэйгээ фасебүүк хаягаар холбогдоод л байгаа юм, яг хаана байгаагаа хэлэхгүй, гэртээ ирэхгүй байгаа. Гадуур явахдаа халаасны хулгайч хүүхдүүдтэй нийлээд гадуур яваад байгаа юм шиг байна, нэг хүүхдээс асуутал С халаасны хулгайч хүүхдүүд таньдаг юм билээ, Сансар, хорооллоор явж байгаа сураг байсан гэж хэлсэн. С-ын фасебүүк хаягыг “Solongo Ganbaatar” гэсэн хаяг байгаа. Надтай фасебүүк хаягаараа харилцахгүй байгаа. Нэг удаа өнгөрсөн жил фасебүүк хаяг дээрээ үхмээр байна гэсэн утгатай зүйл бичсэн байсан гэсэн. Би ч түүнийг олж хараагүй, өөр хүн хараад надад хэлж байсан. Амьдрал ахуй нь тийм ч боломжийн биш болохоор тийм бодол төрөөд байдаг юм болов уу гэж бодох юм. С ямар нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаа байдал огт анзаарагдаагүй. Ааш авир нь эвдрээд л байсан. Шилжилтийн насандаа л байгаа юм болов уу гэж бодож явсан. Гэтэл ийм зүйл хэрэглээд зан ааш нь эвдрээд байсныг энэ хэрэгт холбогдсоноос хойш л мэдсэн. Биеийн жинд өөрчлөлт гараагүй, өсгөлүүн биерхүү хүүхэд. Арьсны өнгө, харц нэг их өөрчлөгдсөн зүйл байхгүй. Энэ хэрэгт холбогдсоноос хойш С-ыг би их ажиглаж, анзаарах болсон. С-ын сэтгэл санаа тогтворгүй болоод, юм асуухад айн айн гээд л төвлөрөхгүй, нэг л өөр болчихсон. Гадна харагдах байдлаар бол нэг их өөрчлөлт байхгүй, зан авир байгаа байдлын хувьд л их өөрчлөгдсөн. С ажил төрөл хийхгүй байгаа учир ямар нэгэн санхүүгийн эх сурвалж байхгүй. Манай эгч бид хоёроос өөр ажил хийдэг хүн байхгүй. Сд би мөнгө төгрөг өгөөд байдаггүй, түүнд өгөх мөнгө төгрөг ч надад байхгүй. Надад мөнгө байхгүйг мэддэг учир нэхээд ч байдаггүй. Хаанаас мөнгө төгрөг олоод байдгыг мэдэхгүй байна. С гадуур хэд хоног явж байгаад ирэхдээ хувцас хунар нь цэвэрхэн, гар хөл нь их цэвэрхэн ирдэг. Хаагуур яваад байдгыг үнэрээр хэлж мэдэхгүй байна. С олгой авхуулсан соривтой, нэг хөлнийхөө гадна талд Сны шивээстэй, хамар, чих, эрүүгээ цоолсон” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.С урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан баримт хэрэгт авагджээ. /хх-н 80/

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”, “Өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл”, “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах”, “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ”-г тусгайлан хуульчилжээ.

“Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” нь ял биш албадлагын арга хэмжээ бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байна.

 

Иймд өсвөр насны хүн буюу насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сд холбогдох хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нь хуулийн дээрх заалтад нийцэх тул түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Сд холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй дурдах нь зүйтэй.

 

Харин эд мөрийн баримтаар хураагдаж, одоо Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “уутны хамт 4.9 грамм, цэвэр жин нь 3.1 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болон декстрометорфаны агууламжтай WOODS” гэх нэртэй эмийн бодисыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэг, 8.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Х овогт Б-гийн С-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн өсвөр насны шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Сд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар түүнд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг мэдэгдэж, тухайн байгууллагад үүрэг болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний төрсөн эх Ш.Бд даалгасугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С-ыг ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

8. Эд мөрийн баримтаар хураагдаж, одоо Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “уутны хамт 4.9 грамм, цэвэр жин нь 3.1 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болон декстрометорфаны агууламжтай WOODS” гэх нэртэй эмийн бодисыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах тухай” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ