Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.Эрхэмбаяр Шүүгдэгч Ш.Сэджав Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Сэджавт холбогдох 2123000000188 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 17-нд Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 9, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Харчин овогт Шагжсүрэнгийн Сэджав, /Регистрийн дугаар: ИУ89021718/,

Шүүгдэгч Ш.Сэджав нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн нутагт 2020 оны 11 дүгээр сарын дундуур Ч.Батбаярын хариулгахаар өгсөн буюу итгэмжлэн хариуцуулж өгсөн 1 тооны морийг завшиж 1.200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Шагжсүрэнгийн Сэджав нь 2020 оны 11 дүгээр сарын дундуур Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн нутагт Ч.Батбаярын “хариулж байгаарай” гээд адуунд тавьсан халиун алаг зүсмийн гүүг бусдад худалдсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Ш.Сэджавын адуунд хариулуулахаар нийлүүлсэн талаар мэдүүлсэн хохирогч Ч.Батбаярын “...Шилүүстэй сумын Баян-Улаан багийн иргэн Сэджав айлын адуунд халиун алаг зүсмийн нэг тооны гүү нийлүүлж захиж орхисон байсан чинь 2020 оны 10 дугаар сард авах гээд очсон чинь алга болсон байсан. ...тэгээд хайгаад олдоггүй тэгээд дахиад утсаар яриад “тэнд энд байна гээд худлаа яриад байх юм, алдсан юм уу хүнд өгчихсөн юм уу, зарж борлуулсан юм уу, үнэнээ хэлчих” гэсэн чинь нэг удаа амандаа “би төлж өгнө” гэж хэлсэн. Сэджав надад миний халиун алаг гүүг “дүү нь зарчихсан юмаа” гээд оронд нь адилхан насны гүү өгье гэхээр нь “тэгээ тэг” гээд тэгээд надад бор зүсмийн гүүг өгсөн. ...хохирлоо барагдуулсан надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Ө.Алтаннямбуугийн “...Ш.Сэджав надаас ноднин мөнгө зээлсэн байж байгаад тэрэндээ сувиа халиун алаг гүү өгөхөөр нь өвлийн идшэндээ идсэн. ...халиун алаг зүсмийн нас гүйцсэн гүү байсан. ...ганцаараа өвөлжөөн дээрээ төхөөрсөн. 2020 оны 10-н сарын үед байхаа мөнгөний хэрэг болоод гээд 450.000 дөрвөн зуун тавин мянган төгрөг өгөөч гэхээр нь би тухайн үедээ нэг данс руу хийж өгч байсан. Сэджавын л данс байсан...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн Ш.Сэджавын “...Ч.Батбаяр ах өөрийнх нь азарга нь хураахгүй байсан учир “манай адуунд намайг харж байгаарай” гээд хэлээд үлдээсэн байсан. Тэр гүүг би хэлэлгүй зарчихсан. гүүг 2020 оны намар 800.000 төгрөгөнд зарсан. 450.000 төгрөгийг дансаар аваад бусдыг нь цувуулаад бэлэн авсан. Гэм буруугаа ойлгож байна. хохирлоо бүрэн төлсөн байгаа...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ш.Сэджавын үйлдлийн улмаас Ч.Батбаярт 1200000 төгрөгний хохирол учирсан нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 121 дугаартай “Хурдод” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр нотлогдсон. Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд “иргэн хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгчид халиун алаг зүсмийн нас гүйцсэн гүүг итгэмжлэн хариуцуулсан байна. Хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд өмчлөгч этгээдэд мэдэгдэлгүй дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо ашиглаж захиран зарцуулсан шууд санаатай, шунахай сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгчийн хувьд Ч.Батбаярын итгэмжлэн хариуцуулсан халиун алаг зүсмийн нас гүйцсэн гүүг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ш.Сэджавыг бусдын итгэмжлэн хариуцуулсан бод малыг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Ш.Сэджав хохирогчид хохирлоо бүрэн барагдуулсан нь хохирогчийн “хохирлыг барагдуулсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгч Ш.Сэджавт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгч Ш.Сэджавыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ш.Сэджав нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Шагжсүрэнгийн Сэджавыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сэджавыг 280 /хоёр зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сэджав нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д зааснаар шүүгдэгч Ш.Сэджавт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхэд хяналт тавихыг Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавихыг даалгасугай.

5. Шүүгдэгч Ш.Сэджавт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ш.Сэджав нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА