| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2017/0591/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/600 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2017/ШЦТ/600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч А.Нямсүрэн,
Шүүгдэгч Б.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Хт холбогдох эрүүгийн 1711001800246 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , 1964 оны 7 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 19-274 тоотод оршин суух,
урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 451 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хугацааны өмнө тэнсэн сулласан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 9-ний 251 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 195 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж, урьд 251 тоот тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил хорих ялаар шийтгэж, 2001 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 172 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгэж, 2008 оны 4 сарын 15-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Шүүгчийн 50 тоот захирамжаар сулласан, регистрийн дугаар
Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 7 сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 19 гудамжны 274 тоотод эхнэр болох С.Саранцэцэгт агсам тавин улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Хаас мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..2017 оны 7 сарын 3-ны өдөр Замын-Үүд сумаас толгой цувдай бөөндөж авч ирээд түүнийгээ 7 буудлын орчимд зараад найзын хамт 2 шил архи уучихаад гэртээ хариад эхнэр Саранцэцэгтэй маргалдаж гэртээ агсам тавьсан, тэр үед эхнэр цагдаа дуудаж, намайг бариулж улмаар түр саатуулах байранд хоноод маргааш нь гарахад эхнэр гомдолтой гээд цагдаад өргөдөл өгсөн байсан. Түүнээс хойш манай эхнэр шүүх эмнэлэгт үзүүлчихээд гэртээ 2-3 хоночихоод урагшаа Эрээн хотруу явсан юм.. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. гэсэн мэдүүлэг /хх 31-32/
Хохирогч С.Саранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ..Би нөхөр Хишигбаяртай 30 гаруй жил хамт амьдарч байна. Албан ёсны гэр бүлийн баталгаатай. Манай нөхөр Хишигбаяр нь Дорноговь аймагт ажиллаж байгаад 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ирээд Хүчит шонхор зах дээр авч ирсэн толгой цувдайгаа зарчихаад 20 цаг өнгөрч байхад гэртээ согтуу ирсэн. Ирэхэд нь хоол, цай хийсэн байсан тэрийгээ ууж идчихээд унтсан. Тэгээд унтаж байгаад шөнө 1 цагийн үед намайг унтаж байхад гэнэт босч ирээд үсдэж чирээд нүүр ам руу өшиглөөд эхэлсэн. Ална хядна гээд л бахираад байсан. Тэгэхээр нь би арай гэж гарыг нь тавиулаад гарч гүйгээд хашааны гадна байж байгаад орж ирэхэд унтаж байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Бид хоёрт муудалцсан зүйл байгаагүй ээ. Үсдээд хавирга руу өшиглөсөн. Үсдээд чирэхэд дрожин дээр нүүр халцалчихсан.. гэсэн мэдүүлэг /хх 19/.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹8709 дугаартай дүгнэлтэнд: ..С.Саранцэцэгийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, зүүн баруун бугалга, баруун шуу, өвдөг цус хуралт, дух баруун хацар баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.. гэсэн дүгнэлт /хх 26/
Шүүгдэгч Б.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 36-52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Х нь 2017 оны 7 сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 19 гудамжны 274 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр болох хохирогч С.Саранцэцэгт агсам тавин улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Х нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтийг прокурор хүлээн авч түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулж, гарын үсэг зуруулж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлага хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Б.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР