Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 0007

 

   Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Сү.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                           

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Ц.Сувдаа

         Шүүгдэгч                                               Б.Б

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Х.Ундрах-Оргил

         Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолтой  Б.Б-т холбогдох 1815003220197 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Б овогт Б-ийн Б.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгийн торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний 15000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг / хоногоор тооцож 30 / гуч / хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жил, 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  

Гэр бүлийн тухай хуулийн 66.1 дүгээр зүйлийн 66.1-д зааснаар 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн С-ын Т, 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Б-ийн Д, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Б-ийн Ү нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Засаг дарга Б.С-д үүрэг болгож, асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох хүртэл  Б.Б-ийн төрсөн дүү Б.Б-д 3 хүүхдийг хариуцуулж,

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил давж заалдах гомдолдоо: “... Мөрдөн байцаалтын ажиллагааны талаар: Хэргийн баримтаас үзэхэд ... 2О18 оны 09 дүгээр сарын 27-ны орой Булган аймгийн Булган сумын нутагт Б.Б, Н.Н, Б.Б, н.Г, н.Ш, н.Н, н.Б нар нь архидан согтуурсны улмаас Б.Б, Н.Н нарын хооронд хэрүүл маргаан үүсэж, зодолдсон асуудал гарсан байна.

Дээрх хүмүүсийн мэдүүлгийг нягтлаж үзвэл Н.Н, Б.Б нар нь хоорондоо үснээсээ зулгаалцан, барьцалдсан талаар өөрсдөө болон гэрчүүд мэдүүлдэг, мөн Б.Б зодуулсан, бэртсэн талаараа мэдүүлсэн байхад түүний биед шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй, эрхийг нь зөрчиж хэт нэг талыг барьсан ба бусдад ял завшуулах боломжийг олгосон.

Нөгөөтэйгүүр хохирогч Н.Н-ийн биед шинжээч томилсон тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "яллагдагч,   шүүгдэгч,  тэдгээрийн  хууль  ёсны  төлөөлөгч,   өмгөөлөгчид   шинжээч томилох шийдвэрийг танилцуулна", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "яллагдагчид шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй" гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн.

Хэрэв танилцуулсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах,

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагч, прокурор нь шүүгдэгчийг өмгөөллүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор нь мөрдөн байцаалтын явцад хангасан бол Б.Б өөрт учирсан гэмтэл, бэртэлээ шүүх эмчид үзүүлэх, хохирол төлбөр нэхэмжлэх болон бусад зүйлийг шалгуулах байсан эрхийг үгүйсгэсэн болно.

Одоо Б.Б нь байнгын толгой өвдөнө, зүрхээр хатгуулдаг болсон бөгөөд хоригдсоноос хойш хүүхэд зулбах аюултай, доошоо тонус их хэмжээгээр өгч байна.

Шийтгэх тогтоолын талаар: Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоол нь өөрөө алдаатай, ойлгомжгүй байна.

Тухайлбал: Тогтоолын тодорхойлох хэсэгт... Насанд хүрээгүй Б.Т" нарын мэдүүлэг, "Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай дүгнэлт" зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж хэрэгт байхгүй зүйл оруулан бичиж буруутгаж, өөр гэрчийн мэдүүлэг иш татаж хууль ноцтой зөрчсөн, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.7 дахь хэсгийг зөрчсөн байна. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39 8 дугаар зүйлд заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3. дахь хэсэгт зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна ... зарим техникийн шинжтэй алдаа гарсан байгааг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б овогт Б-ийн Б нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Н-тай хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж, улмаар хоорондоо үсдэлцэх явцдаа түүний эрүүл мэндэд “...тархи доргилт, дух, зүүн хөмсөг, зовхи, хацар, баруун зовхи, хамрын нуруу, чамархайд улаан хүрэн өнгийн зулгаралт, баруун бугалганд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

хохирогч Н.Н, гэрч Б.Б, М.Ш нарын мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Булган аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 254 дугаартай дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч  Б.Б-ийн дээрхи гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүх түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Б.Б нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн байх бөгөөд тэрээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч нь жирэмсэн, мөн 1-5 насны хүүхэдтэй зэрэг хувийн болон ар гэрийн байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх боловч түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, тэнсэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Булган аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 254 дугаартай дүгнэлтийг Б.Б-т танилцуулсан /хх 36/ байх бөгөөд Б.Б нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... надад өвдөж зовиурлах зүйл байхгүй ... шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй ... ” гэсэн /хх 40/ байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан гэж үзэхгүй юм.

Түүнчлэн мөрдөн байцаалт дууссаны дараа Б.Б-т хавтаст хэргийн материалыг танилцуулсан баримт /хх 54/ хэрэгт авагдсан байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...насанд хүрээгүй гэрч Б.Т..., 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай дүгнэлт...” гэх мэтчилэн хавтаст хэрэгт авагдаагүй баримтуудыг бичиж, үг үсэг, техникийн шинжтэй хайхрамжгүй алдаа гаргасан байгааг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР                           

                           ШҮҮГЧ                                                       Сү.УРАНЧИМЭГ                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН