Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 18

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Хонгорзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарыг оролцуулан “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О.А.Ж.С-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв. 

Нэхэмжлэгч: “О” ХХК

Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан 16-р баг, .-р хороолол, . тоот.

Хариуцагч: Б.О.А.Ж.С

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, 5/2 Засгийн газрын ..-р байр.

Нэхэмжлэлийн шаардлага: “Б.О.А.Ж.Сын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Гадаад дотоод худалдаа, худалдааны зуучлал, хууль зүйн зөвлөгөө өгөх, орчуулга хийх зэрэг чиглэлээр өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.

Манай компани нь анх Б.О.А.Ж.С-ын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/297 дугаартай захирамжаар Богдхан уулын дархан цаазат газрын “Т*******” гэх газарт 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар анх ашиглаж эхэлсэн бөгөөд ашигласан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тус газарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар аялал жуулчлалын ногоон бүс байгуулахаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн бөгөөд улмаар хөтөлбөр батлагдах шатандаа явагдаж байгаа болно.

Өөрөөр хэлбэл, манай компани нь 2018 онд Европын холбооны байгальд ээлтэй технологи ашиглан эрүүл хүнс ургуулан түүн дээр суурилсан амралт, хүний бие эрүүлжүүлэх төвийг барьж байгуулах төсөл боловсруулагдсан байсан бөгөөд санхүүжилтийн асуудал шийдэгдэх шатандаа байхад Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж сонсох ажиллагаа огт хийгээгүй, ямар үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа талаар санал, тайлбар гаргах боломжийг олгоогүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гэрчилгээний 2011/123 дугаартай, аж ахуйн нэгж байгууллагын 191100*******/ тоот гэрчилгээг 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр олгосон байдаг бөгөөд уг гэрчилгээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүчинтэй байгаа.

Мөн өмнө нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 349 дугаартай албан бичгээр манай компанид хандан Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичигт Улаанбаатар хотын баруун өмнөд бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4-р хороо, 8-р дугаар хорооны нутаг дэвсгэр дархан цаазат газрын Зайсангийн ам, Хүүшийн ам, Энхтайваны ам, Арцатын ам, Нүхтийн задгай, Т*******, Жаргалантын ам зэрэг амуудад нийслэлээс төлөвлөсөн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нийтийн эзэмшлийн гудамж, авто замын сүлжээ, инженер дулааны шугам, цахилгаан өндрийн шугамын сүлжээтэй трассыг дархан цаазат газарт, газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын орц, гарцтай уялдуулан төлөвлөн ажиллаж байгаа тул танай ашиглахаар авсан талбайгаас хэсэгчлэн цуцлах болсныг мэдэгдье гэсэн албан тоотыг ирүүлсэн тул бидний зүгээс төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулахгүй байх гэсэн үүднээс ямар нэгэн байдлаар маргаан тухайн үед  гаргаагүйг энд дурдах нь зүйтэй.

Гэтэл Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаар манай газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байсныг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олж мэдлээ.

Дээрх Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Манай компани нь энэ хугацаанд бидний зүгээс газар ашиглалтын төлбөрт 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг төлсөн байхад газрын төлбөр огт төлөөгүй, тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн газар ашиглах эрхийн гэрчилгээг дуусгавар болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/297 дугаар тушаалаар “О” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Т*******анд 3.5 га газар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон.

Нэхэмжлэгч 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гадаад, дотоод худалдаа, худалдааны зуучлал, хууль зүйн зөвлөгөө, орчуулга хийх чиглэлээр өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар аялал жуулчлалын ногоон бүс байгуулахаар баримт бичиг бүрдүүлэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж хөтөлбөр батлагдах шатандаа байгаа. 2018 оны Европын Холбооны байгальд ээлтэй технологи ашиглан эрүүл хүнс ургуулан түүндээ суурилан хүний биеийг эрүүлжүүлэх төв байгуулах төсөл боловсруулсан гэсэн.

“О” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулсан байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд аялал жуулчлалын бааз байгуулах ба жилийн 4 улиралд тасралтгүй ажиллах, хоногт дээд зэрэглэлийн 20, энгийн 20-50 хүн хүлээн авах хүчин чадалтай 2 давхар зочид буудал байх бөгөөд 2 дугаар давхарт нь 10 өрөөтэй, 1 дүгээр давхарт ресторан, паб, караоке болон хурлын заалтай. Мөн модон байшин 10 ширхэг, 5 ханатай монгол гэр 10 ширхэг байх бөгөөд өвөл зуны аялал болон спортын байгууламжууд, харуулын байр, машины зогсоол, гүний худаг, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын хувьд 500 сая төгрөгийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг батлуулсан гэжээ.

Нэхэмжлэгчийн дээр дурдсан гадаад худалдаа, хууль зүйн зөвлөгөө өгөх, орчуулгын ажил нь тусгай хамгаалалттай газар нутаг дахь төсөлд хамааралгүй, улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны хэсэгт ч аялал жуулчлал гэж байхгүй, байгальд ээлтэй технологи ашиглан эрүүл хүнс ургуулан түүндээ суурилан хүний биеийг эрүүлжүүлэх төв байгуулах талаар ч төсөлд тусгагдаагүй, хөтөлбөрийг хэрэгт хавсаргаагүй, төрийн захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн гэдэг нь хэрэгт авагдаагүй, тасралтгүй үйл ажиллагаа явуулсан гэдэг нь нотлогдохгүй байхад шүүгчийг төөрөгдүүлж худал тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй, шүүхийг үл хүндэтгэж байна гэж үзэж байна.

Нөгөө талаар Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр батлуулаагүй, хэрэгжүүлж ажиллаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан дээр дурдаад байгаа хөтөлбөр, төвийн талаар нэмэлт тодотгол хийгээгүй байгаагаас харагдаж байна. Энэ нь газар дээр хийсэн үзлэгээр газар ашиглах зөвшөөрөл аваад 7 жил болж байхад нэг ч үйл ажиллагаа явуулаагүй, хашаа ч бариагүй, төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулахаар цахилгаан, худаг гаргуулаагүй байгаагаас илт харагдаж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12 дахь хэсэгт заасан “Байгаль орчны ... төлөвлөгөөний хэрэгжилтэд ... төрийн захиргааны төв байгууллага ... хяналт тавина.”, 9.2 дахь хэсэгт “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна”, 9.8 дахь хэсэгт “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална.”, “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 5.7 дахь хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч нь нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний хүрээнд боловсруулан батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тулгуурлан тухайн жилд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөг боловсруулан, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.”, 5.11 дэх хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй ... төслийн үйл ажиллагааг эхлэх, үргэлжлүүлэх эрхгүй.”, 5.12 дахь хэсэгт “Тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 5 жилээс дээшгүй хугацаатай байх бөгөөд түүнээс олон жил үргэлжлэх төслийн хульд менежментийн төлөвлөгөөг 5 жил тутамд шинэчлэн боловсруулж батлуулна.”, 5.13 дахь хэсэгт “Тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдсаны дараа байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага нь төсөл хэрэгжүүлэхийг албан бичгээр зөвшөөрнө.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

“О” ХХК нь Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж сонсох ажиллагаа огт хийгээгүй, ямар үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа талаар санал, тайлбар гаргах боломжийг олгоогүй гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд оролцогчийг сонсох талаар зохицуулсан бөгөөд 26.1-д “3ахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.”, 27.4-т “Сонсох ажиллагааг дараахь арга хэлбэрээр явуулна”, 27.4.5-д “цахим хэлбэрээр санал авах” гэж заасны дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэл болгон газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу газар ашиглах эрхийг цуцлах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тавьж мэдэгдсэн.

“О” ХХК нь газрын төлбөр бүрэн төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй тул Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн А/121 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу газар ашиглах эрхийг цуцлах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тавьж мэдэгдсэн ба 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор доорх материалуудыг бүрдүүлэн холбогдох тооцоо нийлэх талаар, болон холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлах болсныг мэдэгдсэн. Жагсаалтын 81 дүгээрт “О” ХХК Ташгай ам, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг дурдсан.

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 349 тоот албан бичгээр “орц, гарц гаргах ажилтай уялдуулан танай ашиглахаар авсан талбайгаас хэсэгчлэн цуцлах болсныг мэдэгдье” гэснийг “төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулахгүй байх гэсэн үүднээс ямар нэг байдлаар маргаан тухайн үед гаргаагүй” гэснийг харахад үйл ажиллагаа явуулаагүй, төлбөрөө төлөөгүй компанийн хувьд чимээгүй, дуугүй өнгөрөөхөөр шийдсэн нь харагдаж байна. Хэрэв хөтөлбөр батлагдсан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн, газрын төлбөрөө төлсөн байсан бол ийнхүү “чимээгүй, дуугүй өнгөрөөхөөр шийдэх үү.” Харин ч “Манай аль газраас ямар хэмжээгээр цуцлах гэж байна вэ, бидний эрх ашиг зөрчигдөнө, бид төлбөрөө төлсөн, ийм төсөл маань хэрэгжих боломжгүй болно” гээд л ярих байсан байх.

“О” ХХК нь газрын төлбөр бүрэн төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй тул Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн А/121 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэл болгон газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтыг тус тус зөрчсөн тул газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болсон.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх заалтыг үндэслэл болгохдоо “О” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт “Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тул газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болсон.

Нэхэмжлэгч газрын төлбөр 7.5 сая төгрөг төлсөн гэх боловч энэ нь улсын тэмдэгтийн хураамж, газрын төлбөр огт биш юм. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11 дэх заалтад “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоход нийслэлд м.кв тутамд 5000 төгрөг, аймагт м.кв тутамд 100 төгрөг” гэж заасны дагуу 3.5 га-д 7.5 сая төгрөг төлсөн байна.

Нийслэлийн газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01-09/2405 тоот албан бичгээр “О” ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/297 дугаар тушаалаар газар ашиглах эрх авсан өдрөөс хойш 190.549.000 төгрөг /нэг зуун ерөн сая таван зуун дөчин есөн мянга/ төлөөгүй талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.

Газар ашиглах гэрээ байгуулаагүйн улмаас төлбөр төлөөгүй гэж нэхэмжлэгч дурдаж байгаа боловч газар ашиглах эрх олгогдсоноос хойш гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаатай холбоотой. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18/005 дугаартай албан хүсэлтээр гэрээ байгуулах хүсэлт ирүүлсэн байгаа нь нэхэмжлэгч энэ талаар мэдэж байсныг илэрхийлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” 3 дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.” 4 дэх хэсэгт “Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, авч болно.” гэж заасан.

        Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “Газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.4 дэх заалтад “Газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” байхыг баримталсан. 

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу улсын тусгай хамгаалалттай газрын ангиллаар улсын тусгай хэрэгцээнд авсан, дархан цаазат газрын ангилалтай газар нутаг бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэх үндэслэлээр л ашиглуулахаар хуульчилсан бөгөөд хуульд заасан үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй бол төр буцаан авах нь зүй ёсны хэрэг билээ.                 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар, бодит нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл “Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

“О” ХХК нь Б.О.А.Ж.С-ын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/297 дугаартай захирамжаар Богдхан уулын дархан цаазат газрын “Т*******” гэх газарт 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар анх ашиглах эрхтэй болсон байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “... санхүүжилтийн асуудал шийдэгдэх шатандаа байхад Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж сонсох ажиллагаа огт хийгээгүй, ямар үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа талаар санал, тайлбар гаргах боломжийг олгоогүй, ... газар ашиглалтын төлбөрт 17.000.000 /арван долоон сая / төгрөгийг төлсөн байхад газрын төлбөр огт төлөөгүй, тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн газар ашиглах эрхийн гэрчилгээг дуусгавар болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэж, хариуцагчаас “... газар дээр хийсэн үзлэгээр газар ашиглах зөвшөөрөл аваад 7 жил болж байхад нэг ч үйл ажиллагаа явуулаагүй, ... яамны цахим хуудаст 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “... 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор доорх материалуудыг бүрдүүлэн холбогдох тооцоо нийлэх талаар, болон холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлах болсныг” мэдэгдсэн ...” гэх хариу тайлбарыг хийсэн.

Маргаан бүхий Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40.1.3, 40.1.5, 40.1.6 дүгээр зүйл болон бусад холбогдох албан даалгавар, саналыг үндэслэж гарсан байх бөгөөд “О” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэж  хариуцагчийн зүгээс тайлбарладаг.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж зааснаар “О” ХХК нь газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу тухайн газрыг ашиглахдаа зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй байна.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, ... газраас ... тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор ... гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 34 дүгээр зүйлийн 1-д “... газар ашиглах гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна.”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/  ... газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, ... Засаг даргатай байгуулах ... газар ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд газар ашиглагч нь зөвхөн гэрээнд тодорхой заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг ашиглаж, гэрээнд зааснаар газрын төлбөрөө төлөх үүрэгтэй, харин газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, гэрээнд тусгаж, гэрээг бүртгэх нь газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтны үүрэг байна.

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн хувьд маргаан бүхий газрыг хууль ёсоор ашиглах эрх хэзээнээс үүссэн нь эргэлзээтэй. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гэрчилгээний 2011/123 дугаартай, аж ахуйн нэгж байгууллагын 191100*******/ тоот гэрчилгээг 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр олгосон бөгөөд уг гэрчилгээний хугацааг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар сунгажээ. Хариуцагч ийнхүү “О” ХХК-ийн гэрчилгээний хугацааг сунгахдаа “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэсэн эсэх, газар ашигласны төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд  2018 оны гэрээнд гэрээний нэг тал болох Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй, мөн хариуцагчаас гэрээг баталгаажуулаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй юм. Хэдийгээр “О” ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад гурвалсан гэрээг байгуулах талаар хүсэлтийг цахимаар албан ёсоор ирүүлж байгаагүй нь шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгээр нотлогдох боловч гэрээний бусад талууд болох захиргааны байгууллагаас тухайн гэрээг байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, газар ашигласны төлбөрийг хуулийн этгээдээс хураан авч улсын төсөвт байршуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүйг зөвтгөх боломжгүй. 

“Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2011/123 дугаар гэрээний 2.4-т зааснаар газрын төлбөрийн хэмжээг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаар тогтоолоор тогтоож, 3.5 га газрын нэгжийн үнийг 396 төгрөг буюу 1 жилд 13.860.000 төгрөг байхаар, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2018/26 дугаар гэрээний 2.4-т газрын төлбөрийн хэмжээг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаар тогтоолоор тогтоож, газрын нэгжийн үнийг 1320 төгрөг буюу 1 жилд 46.200.000 /дөчин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг байхаар заажээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.   

“О” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг нь дуусгавар болгохдоо ямар учир шалтгаанаар нэхэмжлэгч тухайн газраа ашиглах боломжгүй байсан, “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан эсэх, нэхэмжлэгч газар ашигласны төлбөрт хэдийг хэзээнээс эхэлж төлөх ёстой байсан зэргийг хариуцагч нягталж, тодруулах ёстой байжээ. Хэдийгээр маргаан бүхий 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалыг гаргахдаа хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу газар ашиглах эрхийг цуцлах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудсаар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн байх боловч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хөндсөн захиргааны акт гаргахдаа холбогдох хууль тогтоомж болон бодит нөхцөл байдлыг судалж, тогтоох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Учир нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдсэн, дахин шинэ акт гарч хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх, “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г талууд хууль журмын дагуу байгуулж, баталгаажуулах боломжтой эсэх, тухайн гэрээнд ямар эрх зүйн актыг үндэслэж газрын нэгжийн үнийг тогтоох, нэхэмжлэгчээс газар ашигласны төлбөрт хэдийг хэзээнээс эхэлж төлөх ёстой зэрэг асуудлыг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул хариуцагч маргаан бүхий актын “О” ХХК-д холбогдох хэсгийг хууль ёсны дагуу гаргах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх гаргасан шийдвэрээ биелүүлэх арга, журам, хугацааг тодорхойлох нь зүйтэй ба хариуцагч Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулиудад  нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргах боломжит хугацааг манай  улсын цаг агаарын болон аялал жуулчлалын салбарын онцлог байдлыг харгалзан  4 сараар тогтоож, Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг  түдгэлзүүлж шийдвэрлэв. Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүйд тооцно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гартал Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас бодит нөхцөл байдлыг сайтар судалж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол Б.О.А.Ж.С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.  
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан  авснаас  хойш  14  хоногийн  дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН