Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2241

 

“А Д Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02307 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А Д Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГАнд холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01353 тоот захирамжаар “А Д Г” ХХК-аас төлбөр гаргуулж “Ч и ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд “А Д Г” ХХК-ийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллагаанд оролцож эд хөрөнгийн үнэлгээг тус албанд 2 удаа гаргаж өгч байсан. НШГАнаас манай компанид мэдэгдэлгүйгээр үнэлгээчин томилж, эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэнийг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гомдол гаргасан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/01223 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн энэхүү шийдвэрт үнэлгээ хийгээд буй 5 ширхэг үл хөдлөх хөрөнгөөс тэргүүн ээлжинд төлбөр гаргуулах биш шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тодорхой дарааллын дагуу явуулахыг тодорхойлсон болно. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01353 тоот захирамжид дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар огт шийдвэрлээгүй болно. Гэтэл НШГА нь дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн авч давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд тодорхой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа талаар огт мэдэгдээгүй болно. НШГАнаас 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 3/19604 тоот мэдэгдлээр 5 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн, мөн дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шинжээч томилсон тохиолдолд манай компанид мэдэгдэх ёстой бөгөөд манай компанийн зүгээс тухай шинжээчээр үнэлгээ хийлгэх эсхүл шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д зааснаар татгалзан гаргах хүсэлт гаргах эрхийг хангаагүй юм. 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр НШГАнаас ирсэн мэдэгдэлд үнэлгээг хэн, ямар хуулийн этгээд хийсэн талаар огт дурдаагүй байна. Үнэлгээчин нь 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн байх бөгөөд барилгын гүйцэтгэлийг 30 хувьтай мэтээр буруу тодорхойлсон байна. Өнөөдрийн байдлаар дээрх барилгуудын гүйцэтгэл нь 90 орчим хувьтай байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар үнэлгээний талаар мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гомдолоо шүүхэд гаргаж болно гэж заасан байна. Иймд НШГАнаас хийлгэсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01353 дугаар захирамжийн дагуу “А Д Г” ХХК-аас 666 591 362 төгрөг гаргуулж “Ч и ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “А Д Г” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021842, Ү-2206021837, Ү-2206021838, Ү-2206021839, Ү-2206021841 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах аялал жуулчлалын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 153/01 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас авахад харилцан тохиролцоогүй тул “Мөнх оргил трейд” ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгон үнэлсэн үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон. Төлбөр төлөгч “А Д Г” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Воли цамхагийн 1003 тоот хаягаар захирал У.Бт 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/19604, 3/19605 дугаар албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлж, анхны албадан дуудлага худалдааны 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3/20107, 3/20106 дугаар мэдэгдэл, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 08/01 дугаар тогтоолыг төлбөр төлөгч “А Д Г” ХХК-ийн бичиг хэргийн ажилтан Д.Т-д гардуулж өгсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/Ш32017/11262 дугаартай захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба анхны албадан дуудлага худалдаанд оруулаагүй. Иймд “А Д Г” ХХК нь төлбөр төлөхөөс санаайтагаар зайлсхийж, удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн
37.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А Д Г ХХК-ийн хариуцагч
НШГАнд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй
болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн
ам /17090/ 26/3 тоот 144.81  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021837 дугаартай дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ү-2206021838 дугаартай дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ү-2206021839 дугаартай дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ү-2206021841 дугаартай дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ү-2206021842 дугаартай дуусаагүй барилгыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үнэлсэн М-О т ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 сарын 24-ний өдрийн 11262 дугаартай “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч А Д Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШГАнаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А Д Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02307 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01353 дугаар захирамжийн дагуу “А Д Г” ХХК-аас 666 591 362 төгрөгийг гаргуулж “Ч и ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үүсгэж “А Д Г” ХХК-ийн захирал У.Б болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С нарт 2016 оны 9 дүгээр сарын 02, 2016 оны 9 дүгээр сарын 16, 2017 оны 01 дүгээр сарын 04, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хугацаатай мэдэгдэл гардуулж, хуулийн этгээдийн банк дахь харилцах данснаас төлбөр гаргуулах тухай 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1/26882, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/15154 дүгээр албан бичгүүдийг арилжааны банкуудад тус тус хүргүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй, банк дахь харилцах дансны хасалтаар төлбөр төлөгдөөгүй тул төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй, төлбөр авагч “Ч и ББСБ” ХХК-ийн зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан болох нь Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 927, 928 тоот албан бичиг, мөн талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/012-6 тоот барьцааны гэрээгээр тус тус тогтоогдсон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021842, Ү-2206021837, Ү-2206021838, Ү-2206021839, Ү-2206021841 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах аялал жуулчлалын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул зах зээлийн үнэлгээгтогтоолгохоор 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183 тоот шинжээч томилох тогтоолоор “М о т” ХХК-ийг томилсон.

“М о т” ХХК-аас тогтоосон эд хөрөнгийн үнэлгээг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/19604, 3/19605 дугаар албан бичгээр төлбөр төлөгч “А Д г” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо YOLI цамхагийн 1003 тоот хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу баталгаат шудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгчид шинжээч томилох тогтоол танилцуулах тухай хуулийн зохицуулалт байхгүй ба өөрийн өмчлөлийн эд хөрөнгөндөө үнийн санал өгөх эрхтэй талаар төлбөр төлөгчид мэдэгдэж, тухайн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан.

Хуулийн этгээдийн эзэмшилд хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, банк дахь харилцах дансны хасалтаар төлбөр барагдаагүй тул өмчлөлд нь бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэсэн ба төлбөр төлөгчөөс төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх боломж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны туршид байсаар атал төлбөрөөс огт төлөлт хийгээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд удаа дараа гомдол гаргаж шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна.

Иймд “шинжээч томилох тогтоолыг төлбөр төлөгчид гардуулаагүй, хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааг дараалал зөрчиж, шууд үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан” гэж дүгнэж, хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “А Д г” ХХК нь хариуцагч НШГАнд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийлгүүлсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01353 дугаар захирамжаар “А Д г” ХХК-аас 666 591 362 төгрөгийг “Чинбаа инвест ББСБ” ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг захирамжид заасан төлбөрийн үүргийг гүйцэтгүүлэхээр НШГА нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021837 дугаартай дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021838 дугаартай дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021839 дугаартай дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021841 дугаартай дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021842 дугаартай дуусаагүй барилгуудыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 153/01 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авах ажиллагааг явуулжээ. /хэргийн 54-59 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон “С э” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний дөрийн 617 тоот дүгнэлттэй холбогдуулан “А Д г” ХХК нь нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь НШГАнаас 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 75 тоот шинжээч томилох тухай тогтоолыг төлбөр төлөгчид танилцуулаагүй гэх үндэслэлээр уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/01223 дугаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй байна. /хэргийн 11-13 дугаар тал/

 

Улмаар хариуцагч НШГАнаас дахин 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Шинжээч томилох тухай 183 дугаар тогтоол гаргаж, төлбөр төлөгч “А Д г” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барилгын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “М-О т” ХХК-ийг томилсоны дагуу 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 47/Ш тоот дүгнэлтээр дээрх обьектуудын зах зээлийн нийт үнэлгээг 1 379 728 000 төгрөгөөр тогтоожээ. /хэргийн 74-87 дугаар тал/

 

Хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Шинжээч томилох тухай 183 дугаар тогтоолыг төлбөр төлөгч “А Д г” ХХК-д танилцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч байгууллагаас гаргасан “А Д г” ХХК-ийн захирал У.Бтай утсаар холбогдон шинжээчийг үнэлгээ хийлгэх обьектод дагуулж очсон боловч, У.Б нь ирээгүй гэх тайлбар нь үнэлгээний байгууллагын талаар мэдээлэл өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийн хувьд эдлэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгосон гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч байгууллагын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/15154 дугаар албан бичгээр арилжааны банкуудад “А Д г” ХХК-ийн мөнгөн хадгаламж, харилцах дансны мэдээллийг гаргуулах, эзэмшдэг данснаас нь хасалт хийх, зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч уг албан бичигт “А Д г” ХХК-ийн регистрийн дугаар болох 5453038 дугаарыг 54533038 гэж буруу бичсэнтэй холбоотойгоор банкуудаас 54533038 регистрийн дугаартай хуулийн этгээд данс эзэмшдэггүй талаар болон регистрийн дугаар буруу байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтад заасан ажиллагааг хийгээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Уг ажиллагааг залруулан гүйцэтгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. /хэргийн 68-69, 71-72 дугаар тал/

 

Иймээс шинжээч томилсон тогтоолыг төлбөр төлөгчид танилцуулаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг зөрчсөн гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасан шинжээчийг татгалзан гаргах төлбөр төлөгчийн эрхийг хязгаарласан гэж анхан шатны шүүх дүгнэж төлбөр төлөгч “А Д г” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021837 дугаартай дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021838 дугаартай дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ү-2206021839 дугаартай дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ү-2206021841 дугаартай дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ 26/3 тоот 144.81 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ү-2206021842 дугаартай дуусаагүй барилгыг үнэлсэн “М-О” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, харуицагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ 

 

                                              ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД   

                       

                                                                                             С.ЭНХТӨР