Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2015/0350

 

Х.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Х.Б-н нэхэмжлэлтэй, УБЕ- газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийнилтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн хэмээн үзээд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.1-д заасны дагуу намайг албан тушаал бууруулсан.

Иймд УБЕ- газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1395 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-, Б.Г- нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ажлын байрны үндсэн зорилтын 1-д улсын бүртгэлийн үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, орон нутгийн хэмжээнд улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль журмын дагуу бүртгэгдсэн байх ёстой гэсэн чиг үүргийг тодорхойлж өгсөн байгаа.

УБЕ- газрын даргын 2009 оны 71 дүгээр тушаалаар батлагдсан УБЕ- газрын орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын дүрэм гэж байдаг. Уг дүрмийн 3.3.4-т Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нь улсын бүртгэгч болон харьяа сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах үүрэгтэй гэж заасан байдаг. Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийхэд зөрчил дутагдал гарсан. Энэ нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын илтгэх хуудас-аар нотлогдож байна.

Иймд УБЕ- газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1395 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй юм гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 307-р шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23.1, 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, УБЕ- газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1395 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Баярлхагвыг Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-д албан тушаал буурч ажилласан 7 сар 12 хоногийн цалингийн зөрүү болох 986920 төгрөгийг хариуцагч УБЕ- газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-, Б.Г- нар давж заалдах гомдолдоо:Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд хийгдэх үйл ажиллагаа буюу орон нутгийн хэмжээнд улсын бүртгэлийн үйл ажиллагааг хангалтгүй биелүүлсэн гэж үзэхдээ хэрэгжүүлбэл зохих ямар үйл ажиллагааг өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд хэрхэн доголдуулсан, эсхүл ямар журмыг хэрхэн зөрчсөн эсэхийг тогтоогоогүй байна.

Тодруулбал: Ажлын байрны тодорхойлолтод заагдсан үйл ажиллагаа нь хэрхэн биелүүлсэн эсхүл биелүүлээгүй болох нь хэмжигдэхүйц байдлаар дүгнэгдсэний үндсэн дээр тогтоогдсон гэж үзэх боломжтой гэж, мөн УБЕ- газраас Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар зөрчил гаргасан улсын бүртгэгч болон ажилтнуудад холбогдох хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэх талаар дурдаагүй боловч Х.Баярлхагвыг Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж тус хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчээр томилсон нь үндэслэлгүй байна гэж үзсэн байна.

Улсын бүртгэлиийн ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1395 дугаар тушаалаар Х.Баярлхагвыг Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Тасгийн даргаар томилсон.

УБЕГ-ын даргын тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хийгдэж байгаа бүртгэлийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаарх төлөвлөгөөт шалгалтыг Завхан аймгийн тус хэлтэс болон Улиастай, Их-Уул, Тэлмэн, Эрдэнэхайрхан, Идэр, Түдэвтэй сумдын хэмжээнд хийж гүйцэтгэсэн.

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нь хэлтсийн үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүрэгтэй.

Тухайлбал: Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилго: Орон нутгийн хэмжээнд УБЕ- хуулийг хэрэгжүүлж, иргэн, хуулийн этгээдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх бололцоог бүрдүүлэхэд хэлтсийг удирдан зохион байгуулах, үүссэн хариуцлагыг УБЕГ-ын даргын өмнө хүлээх, орон нутгийн удирдлагатай нягт хамтран ажиллах гэж, ажлын байрны үндсэн зорилтын 1-д улсын бүртгэлийн үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд Орон нутгийн хэмжээнд улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль журмын дагуу бүртгэгдсэн байна гэж тус тус заасан.

Мөн УБЕГ-ын даргын 2009 оны 71 дүгээр тушаалаар батлагдсан УБЕ- газрын орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын дүрэм-ийн 3.3.4-т Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нь улсын бүртгэгч болон харьяа сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах гэж заасан.

Гэтэл тус хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар улсын бүртгэлийн үйл ажиллагаанд зөрчил дутагдлууд гарсан нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын илтгэх хуудас-аар нотлогдож байна.

УБЕГ-ын даргын 2014 оны 1395 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23.1.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5-д Засгийн газрын агентлагийн дарга нь хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах эрхтэй, мөн хуулийн 8.4-т Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана. гэж тус тус заасныг үндэслэн Х.Баярлхагвыг албан тушаал бууруулан тус хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчээр томилсон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм.

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Б- нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгээр Улиастай суманд иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд 3, Их Уул сумын бүртгэлийн үйл ажиллагаанд 8, Идэр сумын иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд 5, Түдэвтэй сумын иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд 3, Завхан аймгийн хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаанд 5, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаанд 15 зөрчил илэрснээр нотлогдож байгаа юм.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчээс Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас Улсын бүртгэгч болон харьяа сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавина гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилгоо хангалтгүй биелүүлсэн гэж нэхэмжлэгчийг буруутган маргажээ.

УБЕ- газраас Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд 2014 оны 09 дүгээр сарын 03-07-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн шалгалтаар улсын бүртгэгч болон ажилтнууд зөрчил гаргасан талаар дурдсан боловч, хариуцагчаас эдгээр зөрчил дутагдлууд нь Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга улсын бүртгэлийн үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхэд удирдан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, хариуцлагыг УБЕ- газрын даргын өмнө хүлээх үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж нэхэмжлэгчийг буруутган Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан нь учир дутагдалтай болжээ.

Учир нь,

УБЕ- газрын даргаас нэхэмжлэгчийн 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 90.7 буюу маш сайн, 2014 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг нь В буюу сайн гэж тус тус үнэлж байсан атал бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг үйл ажиллагаа тус бүрээр тодорхой тогтоож, дүгнээгүйн дээр Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, сумдын бүртгэлийн үйл ажиллагаанд гарсан зөрчил дутагдлуудыг Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад шууд хамаатуулан түүнийг албан тушаал бууруулах үндэслэл болгосон нь буруу байна.

Хариуцагчаас ...улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих гэж заасан УБЕ- газрын орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын дүрмийг зөрчсөн гэх тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь дээрх дүрэм нь тодорхой шалгуур буюу хэмжигдэхүйц байдлаар тодорхойлогдоогүйн дээр нэхэмжлэгч хэрхэн зөрчсөнийг хариуцагчаас тодорхойлоогүй байгааг дурдах нь зүйтэй байна.

УБЕ- газраас хийсэн шалгалтын илтгэх хуудас[1]-ны 4.2-т бүртгэлийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тус хэлтсийн зарим албан хаагчдад хариуцлага тооцох талаар заасанчлан зөрчил гаргасан улсын бүртгэгч, нярав зэрэг тухайн ажил үүргийг хариуцсан ажилтнууд нь хууль, гэрээнд зааснаар хариуцлага хүлээх боломжтой байжээ.

Тодруулбал,

УБЕ- хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Дээд боловсролтой, улсын бүртгэгч бэлтгэх сургалтад хамрагдсан Монгол Улсын иргэнийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга улсын бүртгэгчээр томилж, чөлөөлнө гэж, 11 дүгээр зүйлийн 11.5.11-д улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх, 11.5.12-т өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах гэж улсын бүртгэгчийн үүргийг, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний бүртгэлийн ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрх хохирсон бол учирсан гэм хорыг хууль тогтоомжид заасны дагуу арилгана, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д улсын бүртгэгч энэ хуульд заасан журмыг зөрчиж эрхийн бүртгэл хийсэн, бүртгэлийн мэдээллийг задруулсан, эсхүл хууль зүйн үндэслэлгүйгээр бүртгэл хийхээс татгалзсан бол түүнд ерөнхий бүртгэгч, ерөнхий бүртгэгч энэхүү зөрчлийг гаргасан бол эрхэлсэн сайдын шийдвэрээр хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл ногдуулах гэж тус тус заажээ.

Улсын бүртгэгч нь мэргэжлийн сургалтаар бэлтгэгдсэний үндсэн дээр томилогдохын зэрэгцээ, үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх эрх, өөрийн үйл ажиллагааны үнэн зөвийг бүрэн хариуцах, хууль бус үйл ажиллагааны улмаас бусдад хохирол учруулсан бол гэм хорыг арилгах үүрэгтэйн дээр хэрэв тэрээр зөрчил гаргасан бол сахилгын шийтгэл хүлээлгэх талаар хуульд тодорхой заажээ.

Гэтэл шалгалтаар илэрсэн гэх "бүртгэлийн баримтад хүсэлт гаргагчийн гарын үсэг зуруулаагүй, бүрдүүлбэрт хууль заагаагүй баримт хавсаргасан, төрөлтийн бүртгэлд эмчийн гарын үсэг зуруулж, тамга тэмдэг дарагдаагүй, нас баралтын бүртгэлд эмнэлгийн тодорхойлолт хавсаргаагүй, үрчлэлтийн бүртгэлд цагдаа, эмнэлгийн тодорхойлолт хавсаргаагүй, иргэний үнэмлэхийн хугацаа дууссан байхад бүртгэл хийсэн, шилжин явагчийн бүртгэлд очих газрын хаяг бичээгүй, хуулийн этгээдийн бүртгэлийн тухайд үүсгэн байгуулагчийн шийдвэр нь тогтоолоор үйлдэгдсэн, хурлын тэмдэглэл алдаатай, үүсгэн байгуулагчийн шийдвэрээр гүйцэтгэх захирлыг томилсон зөрчилтэй, гэрчилгээний хуулбарыг хувийн хэрэгт хавсаргаагүй, компанийн дүрэм, шийдвэрт тусгагдсан үйл ажиллагааны чиглэл гэрчилгээнд зөрүүтэй бичигдсэн, үүсгэн байгуулагч нь 9 гишүүнтэй байхад дүрэмд 1 гишүүн гарын үсэг зураагүй, удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл хавсаргаагүй, захирамж кадастрын зургийн м.кв зөрүүтэй, үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгохдоо хэмжээг буруу бичсэн, улсын комиссын актад 1 хүний гарын үсэг дутуу, үйлчилгээний хураамж дутуу, газрын зориулалт зөрчиж бүртгэсэн, кадастрын зураг фото зураг зөрүүтэй байхад гэрчилгээ олгосон[2] зэрэг зөрчлүүдийг Улиастай, Их уул сум болон хуулийн этгээдийн улсын бүртгэгч нар гаргасан нь тогтоогдсон байхад хуульд заасны дагуу тэдгээр бүртгэгч нарт хариуцлага тооцох байтал нэхэмжлэгч Х.Баярлхагвыг Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалаас нь бууруулах үндэслэл болгосон байх тул хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 113 дугаар хуудаст

[2] Хавтаст хэргийн 45-62 дугаар хуудаст