| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0193/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2076 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2076
2020 12 18 2020/ШЦТ/2076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
Шүүгдэгч О.Жнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Жаргалсайханд холбогдох 2006 02538 2867 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Дөргөн суманд 1982 оны 03 дугаар сарын 01-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандлын 5 дугаар гудамжны 116-Б тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Я овогт Оын Ж/РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Жнь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны АТМ-д иргэн П.Эрхэмбаярын авалгүй орхиж явсан алдаатай гүйлгээ болох 400.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Жаргалсайханы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
ХААН банкны дансны хуулга /хх.16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Эрхэмбаярын өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 29-ний 13 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Авто Тээврийн Төвд байрлах Төрийн банкны АТМ-с өөрийнхөө ХААН банкны 4518186035 дугаарын данснаас 400.000 төгрөгийн гүйлгээ хийсэн юм. Тэгээд би мөнгөө авах гэж хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь ATM машин болохгүй байгаа юм байна гэж бодоод яваад өгсөн юм. Тэгтэл намайг явсны дараа АТМ-с гүйлгээний мөнгө гарсан байсныг миний дараагийн үйлчлүүлсэн хүн авчихсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх.18-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Жаргалсайханы яллагдагчаар өгсөн: “... би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто Тээврийн Үндэсний Төвийн үүдэнд байрлах АТМ-с 20.000 төгрөг авах гээд өөрийн төрийн банкны картыг хийхэд карт орохгүй дэлгэц дээр та мөнгөө авна уу гэсэн бичиг гарсан байсан, харсан чинь мөнгө байсан миний ойр хавьд хүн байгаагүй ба тэр мөнгийг аваад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх.35-36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Жнь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны АТМ-д иргэн П.Эрхэмбаярын авалгүй орхиж явсан алдаатай гүйлгээ болох 400.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
ХААН банкны дансны хуулга /хх.16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Эрхэмбаярын өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 29-ний 13 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Авто тээврийн төвд байрлах Төрийн банкны АТМ-с өөрийнхөө ХААН банкны 4518186035 дугаарын данснаас 400.000 төгрөгийн гүйлгээ хийсэн юм. Тэгээд би мөнгөө авах гэж хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь ATM машин болохгүй байгаа юм байна гэж бодоод яваад өгсөн юм. Тэгтэл намайг явсны дараа АТМ-с гүйлгээний мөнгө гарсан байсныг миний дараагийн үйлчлүүлсэн хүн авчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.18-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Жаргалсайханы яллагдагчаар өгсөн: “...би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто тээврийн үндэсний төвийн үүдэнд байрлах АТМ-с 20.000 төгрөг авах гээд өөрийн төрийн банкны картыг хийхэд карт орохгүй дэлгэц дээр та мөнгөө авна уу гэсэн бичиг гарсан байсан, харсан чинь мөнгө байсан миний ойр хавьд хүн байгаагүй ба тэр мөнгийг аваад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх.35-36/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Жаргалсайханы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Жаргалсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар О.Жаргалсайханы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч П.Эрхэмбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд О.Жаргалсайханыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
О.Жаргалсайханы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч П.Эрхэмбаяр нь хохирлын 400.000 төгрөгөө буцаан авсан, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч О.Жаргалсайханыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
О.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч О.Жаргалсайханы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
О.Жаргалсайханд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Жаргалсайханд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
О.Жнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Я овогт Оын Жаргалсайханыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жаргалсайханд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, О.Жаргалсайханд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Жаргалсайханд сануулсугай.
5. О.Жнь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 400.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Эрхэмбаяр нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Жаргалсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР