Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Х.Бум-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,   

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонзаяа,

Шүүгдэгч Ж.Отгонцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналаар Боржигин овогтой Жанцаны Отгонцэцэгт холбогдох эрүүгийн 2107 00000 0202 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 51 дүгээр магадлалаар шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1973 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн 8 дугаар хороо 55 дугаар байрны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:УД73041200/,

Боржигон овогт Жанцангийн Отгонцэцэг.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Отгонцэцэг нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороо 55 дугаар байрны 5 давхрын 14 тоотод байрлах өөрийн гэрийн тагтнаас 9 сартай бага насны хүүхэд болох Батзоригийн Сондорыг шидэж түүнийг алахыг завдсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “...Ж.Отгонцэцэг нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороо 55 дугаар байрны 5 давхрын 14 тоотод байрлах өөрийн гэрийн тагтнаас 9 сартай бага насны хүүхэд болох Батзоригийн Сондорыг шидэж түүнийг алахыг завдсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх явцад түүнийг гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэгтэй байх тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагатай байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон Ж.Отгонцэцэгт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 6 сарын хугацаагаар хэрэглэх саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгч Ж.Отгонцэцэгийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонзаяа шүүхийн хэлэлцүүлэгт: “.... Ж.Отгонцэцэгийн хувьд биеийн байдал нь маш их муудсан байна. Гол уудаг эм, тариа нь холдсон байна. Эм нь тэр чигээрээ боодолтойгоо манайд байгаа. Маш их салганаж улам дордож, нойргүй болсон байна. Уг нь эмний хүчээр овоо унтдаг байсан юм. Маш их дордсон байна. Цаашид шаардлагатай эмчилгээг хийлгэж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт: “....Охин одоо хөлд орчихсон. Ерөнхийдөө өөрөө алхаад байгаа. Биеийн байдлын хувьд 2 сардаа нэг удаа эмнэлэгт очиж шинжилгээ өгдөг. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бүтэн биеийн эход орно гээд цаг авчихсан байгаа. Одоогоор хүүхдийн биед нэг их мэдэгдсэн зүйлгүй байна. Өөрөөрөө алхаж тоглоод хэвийн хүүхэдтэй адилхан байгаа. Шүүгдэгчид зохих эмчилгээг нь хийлгэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчид холбогдох шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмтлийн эмнэлэгт анх очиход хэвлийн хөндий, цээжний хөндийн эрхтэний бяцралтай, зүрхний үйл ажиллагаа хэвийн бус, тархины цус хуралттай гэж байсан. Биеийн гадна хэсэгт хэвлийн зүүн тал зулгарсан, эрүүний доор зулгарсан байснаас бодоход анх зүүн талаараа унасан гэж үзэж байгаа....” /хх-10-14, 16-17 / гэх мэдүүлэг  

 

Гэрч Ж.Ягаанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 8 дугаар хороо 55-14 тоот байрных нь гадаа машинаа тавиад юмнуудаа буулгах гээд байж байтал манай дүү Ж.Отгонцэцэг байрныхаа буланд бид хэдийг хүлээсэн байдалтай зогсож байснаа манай машиныг харангуутаа шууд жолоочийн эсрэг талд Б.Сондорыг тэврээд сууж байсан манай охин Энхцэцэгээс охиныг нь булааж аваад байрлуугаа гүйгээд орчихсон. ...бид хэд махнаас нь идээд цай ууж байтал Ж.Отгонцэцэг, дахиад Б.Сондорыг уйлаад тэвэрч аваад том өрөөнөөсөө гараад гал тогооны өрөөрүү орчихсон. Тэгэхээр би хүргэн Батзоригт “хүүхэд уйлаад байна очоод хараадах” гэтэл Батзориг надад “за” гэж хэлээд нээх удаагүй бараг тэр доороо шахуй манай охин Б.Сондор уйлахаа болиод чимээгүй болчихсон тэгэхэд нь би юу болчихов гээд том өрөөнөөс гартал Ж.Отгонцэцэг үүднийхээ өрөөнөөс гараад ирчихсэн хээв нэг юу ч болоогүй юм шиг надад “би шидчихсэн шүү” гэж хэлсэн...” /хх-23-24/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Батнасан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Тэгээд бид нар Отгонцэцэгийн гэрт ороод хоол цай идэж уугаад сууж байх хооронд буюу цагийг нь санахгүй гэгээ тасарчихсан байхад Отгонцэцэг миний зээ охин Б.Сондор /9 сартай/ хүүхдийг тэврээд гал тогооныхоо өрөө лүү орсон юм. Нээх удаагүй охин маань уйлаад байхаар нь би Отгонцэцэгийн араас бид нар бүгдээрээ очсон чинь Отгонцэцэг бид нарын өөдөөс би Сондорыг шидчихлээ гэж хэлэхээр би Отгонцэцэгийн гэрээс гараад гүйсэн чинь Сондор газар уначихсан амьсгаатай байж байсан...” /хх-27-28/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Отгонзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 18-ны орой харанхуй болсон байхад манай охин 11 настай Ариунхүсэл гэртээ орж ирэхдээ уйлаад Отгонцэцэг эгч дөнгөж сая балконоос Сондорыг унагаачихлаа гэж хэлэхээр нь мэдсэн. ... Отгонцэцэгийг гавтай байхад нь уулзаад чи яаж байгаа юм бэ яагаад жаахан охиныг ингэж байгаа юм гэхэд уруул ам нь шазалзаж байснаа яадаг юм би санаатай унагаасан, унагаамаар санагдаад байсан юм гэж Отгонцэцэг хэлсэн. ... 2020 оны 11 дүгээр сараас эхлээд зан ааш нь гэнэт өөрчлөгдөж огцом уурлаж хүн рүү их дайрч хэрүүл их хийдэг болсон. 2021 оны хавар 1 дүгээр сараас эхлээд бүр дордоод амиа хорлох гээд байсан. Тэгэхээр нь Шар хадны эмнэлэгт үзүүлэхэд маш хурц хэлбэрийн стресс, сэтгэл гутрал гэж оношилж 2021 оны 05 дугаар сард Шар хадны эмнэлгийн хурцын тасагт хэвтсэн. 6 дугаар сарын 03, 04-ний үед Шар хадны эмнэлгээс гараад их хэмжээний эм тариа хэрэглэсэн ...” /хх-29/ гэх мэдүүлэг,

 

 Насанд хүрээгүй гэрч Ч.Анххүсэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оогоо эгч Сондорыг тэврээд гал тогооны өрөөндөө ороод удаагүй томчууд орилолдоод шуугилдаад явчихсан, би юу болж байгаа юм бол гээд бодоод том өрөөнөөс гараад хартал Оогоо эгч гал тогооны үүдэндээ би Сондорыг унагаачихсан байна ш дээ гээд гар нь чичирчихсэн зогсож байсан. Тэгээд би өөрийн дүү Баттүшигийг аваад гэр рүүгээ ороод ээждээ Оогоо эгч Сондорыг балконоос унагаачихлаа гэж хэлсэн...” /хх-32/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Энхмөнх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сэтгэцийн өвчин нь гэнэт гэнэт хөдлөх үедээ ийм зан гаргадаг бөгөөд жирийн үед эрүүл хүн шиг ярьдаг сэтгэдэг. ...2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэгт хөлсөлж байсан гэртээ байхдаа сэтгэцийн өвчин нь хурц хөдөлж хэнийг ч оруулахгүй хаалгаа дотроос нь түгжчихээд намайг хүн алах гээд байна гээд, эсвэл орж ирвэл би өөрийгөө ална гээд байхаар нь Чингэлтэй дүүргийн цагдаад дуудлага өгч 2 цагдаагийн ажилтан ирж онгойлгож ороод, цагдаагийн хамгаалалттай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт хүргэж хэвтүүлж байсан, хэвтүүлэх үеийн онош нь хурц хэлбэрийн солиорол гэсэн. Сэтгэцийн эмнэлэгт 1 сар хэвтэж эмчлүүлээд гарахдаа эмчилгээ заалгаж эм бичүүлж аваад гарч, эмээ ууж байсан...” /хх-36-37/ гэх мэдүүлэг,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн комссын дарга О.Баатаржав /Ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/, тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч З.Цэндсүрэн, сэтгэцийн эмч Я.Ганхүү нарын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №768 дугаартай дүгнэлт:

1. Ж.Отгонцэцэг нь Солиорлын шинж бүхий гүн сэтгэл гутрал бүхий хоёр туйлт сэтгэл цочирдолын эмгэг, сэтгэл гутрал дэмийрлийн хамт шинж сэтгэцийн эмгэгтэй байна.

2. Ж.Отгонцэцэг нь урьд өмнө нь Холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэл цочирдолын эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

3. Ж.Отгонцэцэг нь Солиорлын шинж бүхий гүн сэтгэл гутрал бүхий хоёр туйлт сэтгэл цочирдолын эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Ж.Отгонцэцэг нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.

4. Ж.Отгонцэцэг нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан ба Солиорлын шинж бүхий гүн сэтгэл гутрал бүхий хоёр туйлт сэтгэл цочирдолын эмгэг, сэтгэл гутрал дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

5. Ж.Отгонцэцэгийн дээрх эмгэг нь хөдөлж дахисан тохиолдолд өөрийн болон бусдын бие махбодь, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахаар үйлдэл хийх эрсдэлтэй байна. Ж.Отгонцэцэгийн дээрх эмгэг нь хөдөлж дахисан буюу Солиорлын шинж бүхий гүн сэтгэл гутрал бүхий хоёр туйлт сэтгэл цочирдолын эмгэг, сэтгэл гутрал дэмийрлийн хамт шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Ж.Отгонцэцэгийн дээрх эмгэг нь засрал сайжралын байдалд байгаа үедээ өөрийн болон бусдын бие махбодь, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах үйлдэл хийх эрсдэл бага байх боломжтой болно.

6. Ж.Отгонцэцэгт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 6 сарын хугацаагаар авах шаардлагатай байна.” гэх дүгнэлт /хх-43-44/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 500 дугаартай дүгнэлт:

1. Б.Сондорын биед их тархины аалзан хальсан доорх цус харвалт, цээжний битүү гэмтэл, зөөлөн эдийн няцрал, уушгины эдийн няцрал, хэвлийн битүү гэмтэл, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-46-47/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Ж.Отгонцэцэгийн сэтгэцийн өвчний түүх, лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Отгонцэцэг нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороо 55 дугаар байрны 5 давхрын 14 тоотод байрлах өөрийн гэрийн тагтнаас 9 сартай бага насны хүүхэд болох Батзоригийн Сондорыг шидэж түүнийг алахыг завдсан болох нь: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмтлийн эмнэлэгт анх очиход хэвлийн хөндий, цээжний хөндийн эрхтэний бяцралтай, зүрхний үйл ажиллагаа хэвийн бус, тархины цус хуралттай гэж байсан. Биеийн гадна хэсэгт хэвлийн зүүн тал зулгарсан, эрүүний доор зулгарсан байснаас бодоход анх зүүн талаараа унасан гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг, Гэрч Ж.Ягаанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 8 дугаар хороо 55-14 тоот байрных нь гадаа машинаа тавиад юмнуудаа буулгах гээд байж байтал манай дүү Ж.Отгонцэцэг байрныхаа буланд бид хэдийг хүлээсэн байдалтай зогсож байснаа манай машиныг харангуутаа шууд жолоочийн эсрэг талд Б.Сондорыг тэврээд сууж байсан манай охин Энхцэцэгээс охиныг нь булааж аваад байрлуугаа гүйгээд орчихсон. ...бид хэд махнаас нь идээд цай ууж байтал Ж.Отгонцэцэг, дахиад Б.Сондорыг уйлаад тэвэрч аваад том өрөөнөөсөө гараад гал тогооны өрөөрүү орчихсон. Тэгэхээр би хүргэн Батзоригт “хүүхэд уйлаад байна очоод хараадах” гэтэл Батзориг надад “за” гэж хэлээд нээх удаагүй бараг тэр доороо шахуй манай охин Б.Сондор уйлахаа болиод чимээгүй болчихсон тэгэхэд нь би юу болчихов гээд том өрөөнөөс гартал Ж.Отгонцэцэг үүднийхээ өрөөнөөс гараад ирчихсэн хээв нэг юу ч болоогүй юм шиг надад “би шидчихсэн шүү” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Гэрч Ч.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Отгонцэцэг миний зээ охин Б.Сондор / 9 сартай/-ыг тэврээд гал тогооныхоо өрөө лүү орсон юм. Нээх удаагүй охин маань уйлаад байхаар нь би Отгонцэцэгийн араас бид нар бүгдээрээ очсон чинь Отгонцэцэг бид нарын өөдөөс би Сондорыг шидчихлээ гэж хэлэхээр би Отгонцэцэгийн гэрээс гараад гүйсэн чинь Сондор газар уначихсан амьсгаатай байж байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Ж.Отгонзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 18-ны орой харанхуй болсон байхад манай охин 11 настай Анххүсэл гэртээ орж ирэхдээ уйлаад Отгонцэцэг эгч дөнгөж сая балконоос Сондорыг унагаачихлаа гэж хэлэхээр нь мэдсэн...” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Ч.Анххүсэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оогоо эгч Сондорыг тэврээд гал тогооны өрөөндөө ороод удаагүй томчууд орилолдоод шуугилдаад явчихсан, би юу болж байгаа юм бол гээд бодоод том өрөөнөөс гараад хартал Оогоо эгч гал тогооны үүдэндээ би Сондорыг унагаачихсан байна ш дээ гээд гар нь чичирчихсэн зогсож байсан. Тэгээд би өөрийн дүү Баттүшигийг аваад гэр рүүгээ ороод ээждээ Оогоо эгч Сондорыг балконоос унагаачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “...Б.Сондорын биед их тархины аалзан хальсан доорх цус харвалт, цээжний битүү гэмтэл, зөөлөн эдийн няцрал, уушгины эдийн няцрал, хэвлийн битүү гэмтэл, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэдийн төлөөлөгч Х.Бум-Эрдэнэ дүгнэлтдээ: “...Ж.Отгонцэцэг нь иргэн Батзоригийн охин болох 9 сартай Сондорыг 5 давхрын тагнаас унагаасан болох нь нотлогдож байна” гэсэн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

 

Шүүгдэгчийн үйлдлийг тогтоосон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэргийн оролцогч нарын мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийгөө хянах чадваргүй, дэмийрлийн байдалтай байсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Отгонцэцэгийн үйлдсэн хэргийн нөхцөл байдалд үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хүнийг алах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Ж.Отгонцэцэгийн  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Ж.Отгонцэцэг нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан ба Солиорлын шинж бүхий гүн сэтгэл гутрал бүхий хоёр туйлт сэтгэл цочирдолын эмгэг, сэтгэл гутрал дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байснаас гэмт хэргийн улмаас учрах хохирол, нийгмийн аюулыг бодитоор төсөөлж өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй, өөрөөр хэлбэл сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг бүрэн ухамсарлах чадваргүй байжээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь “Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн комссын дарга О.Баатаржав /Ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/, тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч З.Цэндсүрэн, сэтгэцийн эмч Я.Ганхүү нарын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 768 дугаартай: “...Ж.Отгонцэцэг нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан ба Солиорлын шинж бүхий гүн сэтгэл гутрал бүхий хоёр туйлт сэтгэл цочирдолын эмгэг, сэтгэл гутрал дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Отгонцэцэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 6 /зургаа/ сарын хугацаагаар авахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Отгонцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд нийт 163 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчид холбогдуулан хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигин овогт Жанцаны Отгонцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар бага насны хүүхдийг алахыг завдсан гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Отгонцэцэгт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Отгонцэцэгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 6 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ж.Отгонцэцэг нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс нийт 163 хоног цагдан хоригдсон бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Отгонцэцэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг

дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Х.ГАНБОЛД

                 ШҮҮГЧИД                                  Д.ЧИНЗОРИГ                                              

                                                                                     Э.ЭНХЖАРГАЛ