Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 020/2014/0074/З |
Дугаар | 221/МА2015/0026 |
Огноо | 2015-01-14 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2015/0026
Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, С.Д******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 479 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар шийдвэрийн Т******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Калдастрын хэлтсээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат нэртэй газарт байрлах 22981 гектер талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-010923 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Т******* ХХК-д 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгожээ.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн S1968Х дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Т******* ХХК-ийн эзэмшилд байсан ХV-010923Х тоот ашигт малтмалын хайгуулын талбайгаас олгогдсон 22981 гектер талбай бүхий ашигт малтмалын хайгуулын талбайгаас 2847,74 гектер талбайг буцаан хүлээлгэж өгснийг бүртгэж, үлдэж байгаа 8003,16 гектер талбайд шинээр XV-010923 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бичиж олгох, 12130,31 гектер талбайг XV-010923 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэх 335 дугаар шийдвэрийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан.
Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 6-7612 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүд цуцлагдах үндэслэл бүрдсэн болохыг хуулин 56.2-д заасны дагуу мэдэгдэж, Т******* ХХК-ийн албан ёсны хаягаар шуудангаар хүргүүлсэн бөгөөд хариу ирүүлээгүй тул хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 479 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэврлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц******* давж заалдах гомдолдоо: Шүүх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах эрхийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олгосон гэж дүгнэжээ. Гэвч бодит байдал дээр хариуцагчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэдгийг дараах тайлбаруудаас харж болно. Үүнд:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах субьектыг "Төрийн захиргааны байгууллага" гэж маш тодорхой, нарийвчлан заажээ.
"Төрийн захиргааны байгууллага" гэдэг нэр томъёог Ашигт малтмалын газрын нүүрсний, кадастрын эсхүл геологийн гэх мэт тус байгууллагад дарга гэсэн албан тушаал хашиж буй этгээд болгонд халдаан хэрэглэж болохгүй бөгөөд харин төрийн захиргааны байгууллагын "дарга" гэж ойлгох нь зүйтэй юм. Учир нь Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1 -т "Агентлагийг Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон дарга тэргүүлнэ", 8.3-т Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 8.3.1-т "энэ хуулийн 7.1.1-д заасан хууль т*******оомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих", 8.4-т "Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана" гэж тус тус заажээ. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах эрх бүхий төрийн захиргааны байгууллага гэсэн нэр томъёо нь төрийн захиргааны байгууллагын дарга буюу "Ашигт малтмалын газрын дарга" гэдэг нь эргэлзээгүй байна. Харин Кадастрын хэлтсийн дарга нь хуулиар тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд Агентлагийн тухай хуулийн 9.3-т заасны дагуу "нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, үр дүнг агентлагийн даргын өмнө хариуцах" ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах гол эрх хэмжээг олгосон уг заалтыг анхан шатны шүүх ******* авч үзээгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийг бусад хуулиудтай харьцуулан үзсэн ч хуулийн 56.1 дэх заалт нь зөвхөн Ашигт малтмалын газрын даргад эрх олгосон гэдэг нь тодорхой байна. Тиймээс давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 56.1 дэх заалтаар Ашигт малтмалын газрын даргад тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээ олгогдсон талаар зөв тайлбар гарган цаашид хуулийг нэг мөр хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байна.
2. Хариуцагч 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6-3827 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа Ашигт малтмалын тухай 11.1.15-д заасны Кадастрын хэлтсийн даргад эрх хэмжээ олгогдсон гэж тайлбар гаргасан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.15 дахь заалт нь "тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, шилжүүлэх" зэрэг эрх хэмжээг Кадастрын хэлтэст олгоогүй бөгөөд зөвхөн эдгээр ажиллагааг "олон нийтийн хяналтан дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх" гэсэн ганцхан эрхийг Кадастрын хэлтсийн даргад олгосон гэдэг нь заалтыг бүтэн уншихад илэрхий харагдаж байна. Тиймээс Ашигт малтмалын хуулийн 11.1.15 дахь заалтаар цуцлах эрх олгогдсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй ба үүнийг ч анхан шатны шүүх хүлээн зөвшөөрсөн. Энэ тухай шүүгч шийдвэрийн т*******оох хэсгийн агуулгыг амаар тайлбарлахдаа хэлсэн ба мөн шүүхийн шийдвэрийн агуулгаас ч тодорхой харагдаж байна.
3. Гэсэн хэдий ч шүүх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хариуцагчид акт гаргах эрх олгосон гэж дүгнэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болжээ. Учир нь нэгдүгээрт, гомдлын эхэнд дурьдсанчлан тусгай зөвшөөрлийг цуцлах эрх бүхий этгээдийг тодорхойлсон Ашигт малтмалын тухай хуулийн 56.1 дэх заалтыг үл хайхран шууд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиас дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээ талаасаа буруу юм. Энэхүү хоёр хууль нь нэг нэгнийгээ нөхсөн шинжтэй, хослуулан хэрэглэх боломжтой, хоорондоо харилцан хамааралтай хуулиуд бөгөөд Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан зохицуулалт байхгүй, дутуу зохицуулсан эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн агуулгатай зөрчилдөхөөргүй зэрэг тохиолдлуудад л Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй юм. Тиймээс манай хэргийн тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1-д тусгай зөвшөөрлийг цуцлах субьектыг "төрийн захиргааны байгууллага" гэж тодорхой заасан байхад уг зохицуулалтыг хэрэглэхгүйгээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглэж байгаа нь буруу юм.
Шүүхийн хууль хэрэглээний дээрх алдааг үл хайхран Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.5-ыг хэрэглэсэн тохиолдолд ч Кадастрын хэлтсийн даргад цуцлах эрх олгогдсон гэж үзэх үндэслэл мөн л т*******оогдохгүй байна. Учир нь шүүх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.5-д тусгай зөвшөөрлийг "олгосон байгууллага" цуцлана гэсэн заалтыг гол үндэслэлээ болгожээ. Манай компанийн зүгээс олгосон байгууллага нь буюу Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй гэсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг ******* үгүйсгээгүй юм. Харин Ашигт малтмалын газар дотроо ямар этгээд нь цуцлах вэ гэдэг дээр бид маргасан. Өөрөөр хэлбэл маргааны зүйл нь "байгууллага" биш "албан тушаалтан" юм. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.5-т "олгосон байгууллага" цуцлана гэж зааснаас "олгосон албан тушаалтан" нь цуцлана гэж заагаагүй. Гэтэл шүүх энэхүү ялгааг гаргахгүйгээр мөн л хууль хэрэглээний алдааг давтан гаргажээ.
Түүнчлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажилд олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг, цаг хугацаа их шаарддаг зэрэг онцл*******ой байдаг ба тусгай зөвшөөрлийг цуцлах ажиллагааны үр дүнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж төдийгүй ажилчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг олон этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөж байдаг тул "цуцлах" эрх нь "олгох" эрхээс илүү их сөрөг үр дагавар дагуулах магадлалтай "хүнд" эрх юм. Тиймээс ч хууль т*******оогч Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.19 дэх заалтаар тусгай зөвшөөрөл олгох эрхийг Кадастрын хэлтсийн даргад, Ашигт малтмалын тухай хуулийн 56.1 дэх заалтаар "цуцлах" эрхийг Ашигт малтмалын газрын дарга буюу дээд шатны албан тушаалтанд олгосон байна.
Захиргааны байгууллага, албан тушаалтнаас гадагш чиглэсэн аливаа акт гаргахдаа тухайн актад эрх хэмжээ олгож буй хуулийн заалтыг зайлшгүй бичих шаардлагатай юм. Ийнхүү хуулийн заалтыг актад тусгахын ач холбогдол нь тухайн актыг гаргах үндэслэлийн талаарх захиргааны албан тушаалтны итгэл үнэмшил болон хүсэл зоригийг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой юм. Гэтэл маргаан бүхий 65 тоот шийдвэрт захиргааны албан тушаалтанд эрх олгосон ямар хуулийн заалтыг хэрэглэсэн нь бичигдээгүй байдаг. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх хэмжээгүй этгээд захиргааны акт гаргасан гэдгийг дахин нотолж байгаа юм.
2. Хариуцагчийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6-7612 албан тоотод "...ээлжит жилийн төлбөрөө анх олгогдсон хугацаанаас өмнө төлсөн нотлох баримтаа ирүүлнэ үү" гэжээ. Эндээс үзэхэд хариуцагч хуульд заасан "жил бүр урьдчилан" гэдгийг тухайн жилийн хугацаа эхлэхээс нь "өмнө" гэж буруу тайлбарлан хэрэглэж иржээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 34.2-т заасан "жил бүр урьдчилан" гэсэн томъёолол нь хугацаа дуусахаас нь урьдчилж төлөх буюу 2012 оны 12 сараас 2013 оны 12 сар хүртэл хугацааны тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг 2013 оны 12 сар дуусахаас өмнө урьдчилан төлөх ёстой гэж ойлгогдож байна. Харин үүнийг "өмнө" гэж тайлбарлавал 2012 оны 12 сараас өмнө төлөх ёстой гэж ойлгогдоно. Манай компанийн хувьд 2013 оны 2 сард тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34.2-т заасны дагуу урьдчилан төлсөн тул тэдгээрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 34.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн "олгосон өдрөөс" нь эхлэн тооцдог ба өөрөөр хэлбэл төлбөр төлөх тодорхойлоход тухайн тусгай зөвшөөрлийг хэзээ олгосон гэдгийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Манай компанийн эзэмшлийн 10923Х, 14640Х гэсэн хоёр тусгай зөвшөөрөл нь хоёр өөр цаг хугацаанд олгогдсон тул төлбөр төлөх хугацааны хувьд тус тусад нь авч үзэх нь зүйтэй юм.
Хариуцагчийн "өмнө" нь төлөх ёстой гэсэн хуулиас гажуудсан тайлбарыг хэрвээ зөв гэж үзвэл 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан болж таарна. Үүнээс хойш 5 хоногийн дараа буюу 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай компанид мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарладаг. Гэвч мэдэгдэл хүргүүлснээс хойш 1 сар 22 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ аваагүй бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч компанид төлбөр төлөх хугацаа олгосон гэж ойлгогдож байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.4-т зааснаас үзэхэд мэдэгдэл өгсөнөөс хойш 1 сар 22 хоног тусгай зөвшөөрлийг цуцлахгүй хүлээж байгаа үйлдлийг захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн уг захиргааны акт нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бөгөөд энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зохицуулалт үзэл баримтлалтай нийцэж байна. Учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-т Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд ... 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно гэжээ. Ашигт малтмалын тухай хуульд түдгэлзүүлэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн түдгэлзүүлэх заалт нөхөж хэрэглэгдэнэ. Бид ийнхүү түдгэлзсэн хугацаанд буюу тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарахаас өмнө 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3-т зааснаар манай компанийн тусгай зөвшөөрийг цуцлах бус харин ч аливаа асуудалгүйгээр сэргээх үүрэгтэй юм. 4. Манай компани 14940Х тусгай зөвшөөрлийг 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шинээр авсан. Өөрөөр хэлбэл 14940Х тусгай зөвшөөрөл нь 10923Х зөвшөөрлөөс өөр хугацаанд олгогдсон байх тул төлбөр төлөх хугацааг ч тусад нь салгаж тооцох ёстой.
Тусгай зөвшөөрөл шинээр олгох гэдэг нь хууль зүйн утгаараа тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарч, шинэ дугаар бүхий гэрчилгээ олгогдохыг ойлгоно. Түүнээс хавсралтад тэмдэглээ хийж тусгай зөвшөөрөл олгогдсон хугацааг өөрчлөх боломжгүй юм. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрт "...Увс аймгийн Бөх мөрөн сумын Ямаат нэртэй 8003,16 гектар талбайд шинээр 14940Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бичиж олгох..." гэсэн байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 14940Х тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон. Тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн огноо, гэрчилгээний тэмдэглэгээ зөрсөн тохиолдолд шийдвэрийн огноог баримтлах нь зөв юм.
Тиймээс хариуцагчийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан биш "өмнө" нь төлөх ёстой гэсэн буруу тайлбарыг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн 14940Х зөвшөөрлийн хувьд 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө буюу 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлбөрийг төлсөн тул 14940Х тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэлгүй байна. Дээрх байдлаар шүүх Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудыг зөрчиж, буруу тайлбарлан шийдвэр гаргажээ. Иймд Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88.1.2-т заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны хорьдугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 479 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат нэртэй газар байрлах 22981 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 10923Х дугаартай тусгай зөвшөөрлийг Т******* ХХК-д анх 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгосон байна.
Улмаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаар шийдвэрээр тус компаниас ирүүлсэн өргөдлийг үндэслэн тус талбайгаасаа 2847,74 гектар талбайг буцааж хүлээлгэн өгснийг бүртгэж, үлдэж байгаа Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат нэртэй 8003,16 гектар талбайд шинээр 14940Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бичиж олгох, 12130,31 гектар талбайг 10923Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бичиж тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-т тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс энэ хуульд заасны дагуу төлөх төлбөр-ийг ойлгохоор, 32 дугаар зүйлийн 32.1-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлөх-өөр зохицуулсан.
Т******* ХХК-д Увс аймгийн Бөхмөрөн суманд 12119.75 гектар талбайд ХҮ-010923 дугаартай, 7996.81 гектар талбайд ХҮ-014940 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгосноос тооцоход тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө төлөх байжээ.
Гэтэл ашигт малтмалын хайгуулын 10923Х, 14940Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан Т******* ХХК нь 2012 онд төлөх жилийн ээлжит төлбөрөө урьдчилан төлөлгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөхөөр зохицуулсныг зөрчиж, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлжээ.
Иймд Т******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмалын хайгуулын 10923Х, 14940Х тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгч 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 335 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч компани газрын зарим хэсгийг хүлээлгэн өгсөн талаар гэрчилгээний хавсралтанд тэмдэглэл хийсэн өдрөөр буюу манай компани 14940Х тусгай зөвшөөрлийг 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шинээр авсан, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрт .. Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат нэртэй 8003,16 гектар талбайд шинээр 14940Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бичиж олгох-оор шийдвэрлэсний дагуу 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 19940Х тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон. Иймд 14940Х тусгай зөвшөөрлийн хувьд 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс тухайлбал шийдвэр гарсан өдрөөс өмнө буюу 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгдсөн тул 14940Х тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Гэтэл 14940Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шинээр олгохдоо Т******* ХХК-д энэхүү тусгай зөвшөөрлийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл олгосон гэж тэмдэглэсэн байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хавсралтад тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн байгааг баталгаажуулсан зэргээс үзэхэд тус компани ээлжит жилийн төлбөрөө жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө төлөх үүргээ мэдээгүй байсан гэх үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу Төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл т*******оогдсон талаар 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6-7612 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгүүлсэн тус компанийн албан ёсны хаягаар шуудангаар хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан шуудангийн бүртгэлийн дэвтрийн бичилт, баримт бичиг хүлээлцэх дэвтрийн бүртгэл зэргээр нотлогдож байна. Мөн Үндэсний шуудан сонины 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 287 дугаарын 8 дахь нүүрт Т******* ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 10923Х, 14940Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай, мөн сонины 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 034 дугаарын 4 дэх нүүрт дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан тухай нийтэд мэдээлсэн байна.
Төрийн захиргааны байгууллага дээр дурдсанаар хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаягаар цуцлах үндэслэл бүрдэж буй тухай мэдэгдлийг хүргүүлсний дараа 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр Т******* ХХК-ийн 010923Х, 014940Х хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч Т******* ХХК нь дээрх 010923Х, 014940Х тусгай зөвшөөрлийн 2012 оны ээлжит жилийн төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, төрийн захиргааны байгууллага дээрх байдлаар хуульд заасан үүргээ биелүүлсэн нөхцөлд мэдэгдэл манай компанид болон харьяалах татварын албанд ирээгүй гэсэн хариуцагчид хамааралгүй нөхцөл байдлуудаар түүнийг буруутгах боломжгүй бөгөөд өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээр дурдсан тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй байдлаа мэдэгдэл хүлээж аваагүй-гээс гэж тайлбарлаж байгаа үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т Газар, байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг .. Ашигт малтмалын тухай.. хуулиар зохицуулна гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон... хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж зааснаас үзэхэд ашигт малтмалын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулсан гол хууль нь Ашигт малтмалын тухай хууль байна. Харин Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.5, 15.10.6-д заасан ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа төрөөс тусгай зөвшөөрөл зайлшгүй авах аж ахуйн үйл ажиллагааны төрлийг зааж зохицуулсан ерөнхий хууль байхад нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан тусгай зөвшөөрлийг цуцлахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зүйл заалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзэх боломжгүй.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Агентлагийн эрхлэх тодорхой асуудлыг хууль т*******оомж, хуулиар эрх олгосон бол Засгийн газрын шийдвэрээр т*******ооно гэж, 8 дугаар зүйлийн 8.6-д Агентлагийг дарга төлөөлнө гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Төрийн захиргааны байгууллагын ...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхлэх-ээр зохицуулсан хүрээнд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, шилжүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд геологи, уул уурхай, кадастрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хуульд заасан үндэслэлээр цуцалсан нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 479 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН