Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 0008

 

   Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Сү.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                            

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                           Ц.Гэрэлбаатар

         Шүүгдэгч                                            З.Ж

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                      Э.Алтан-Уяа

         Хохирогчийн өмгөөлөгч                    Д.Энхбаяр

         Нарийн бичгийн дарга                      С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 374 дүгээр захирамжтай  З.Ж-д холбогдох 1815002730164 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ... Ц А овогт З Ж.

   Шүүгдэгч З.Ж нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Арван наймт гэх нэртэй газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гарган улмаар иргэн С.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 374 дүгээр захирамжаар:

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Ж-д холбогдох эрүүгийн 1815002730164 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,

Яллагдагч З.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гэрэлбаатар эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захиражинд "...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлт болон тайлбарыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хянавал хохирогч С.Э, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нар тээврийн хэрэгсэлд хохирлын хэмжээ тооцсон шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжилгээ хийлгэх тухайгаа удаа дараа мэдэгдэж хх-ийн 56 хуудас авагдсан шинжээчийн дүгнэлтийг танилцсан баримтандаа дурдсан байна. Мөн хавтас хэргийн 95 хуудас шинжээчийн дүгнэлтийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. Хэдийн хохирогчийн өмгөөлөгч албан ёсны хүсэлтээ бичгээр тусгайлан хэрэгт гаргаж өгөөгүй ч дээрхи хүсэлтүүдийг хэргийн материал танилцах болон шинжээчийн дүгнэлтийг танилцах явцдаа гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна" гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлд хүсэлт, гомдол гаргахыг журамлаж өгсөн зохицуулалттай байна. Энэ хуулийн 15.2 дугаар зүйлд : “..." гэж заасан байна.

Гэтэл хэргийн оролцогч хохирогч С.Э, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нар тээврийн хэрэгсэлд хохирлын хэмжээ тооцсон шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаараа шинжээчийн дүгнэлтийг танилцсан баримтандаа тэмдэглэсэн ба хүсэлт гаргаж байгаа талаараа мөн гаргаж байгаа хүсэлтэндээ тогтоолгох үйл явдал, гаргуулах шийдвэрийн талаар заагаагүй, шинжээчийн дүгнэлтэд юуг дутуу үнэлсэн, юуг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, ямар үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах талаараа тэмдэглээгүй атлаа шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тэмдэглэл үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан журмын заалтыг хангаагүй  ба  мөрдөгч,   прокурор  ямар  үндэслэлээр  шинжээч дахин томилох нь ойлгомжгүй байх тул хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Мөн шүүгчийн захирамжинд "...Хэдийн хохирогчийн өмгөөлөгч албан ёсны хүсэлтээ бичгээр тусгайлан хэрэгт гаргаж өгөөгүй ч дээрхи хүсэлтүүдийг хэргийн материал танилцах болон шинжээчийн дүгнэлтийг танилцах явцдаа гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна" гэсэн нь ямар хууль зүйн үндэслэл журмын дагуу гаргасан гэж үзэж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй, ойлгомжгүй байна.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй" гэж заасан,

Мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно гэж заасны дагуу шүүх хэрэгт хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж үзэж хүсэлтийг хүлээн авсан атлаа дахин дүгнэлт гаргуулах эрх нь шүүхийн шатанд байхад хэргийг прокурорт буцааж дахин дүгнэлт гаргуулахаар заасан нь үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан гэж үзэхээр байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 374 дугаартай шүүгчийн захирамжийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар ...прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “...  Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн  тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл

шүүгдэгч З.Ж-д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагатай гэж үзэж хэргийг Булган аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 5-д “Хүсэлт, гомдлыг амаар, эсхүл бичгээр гаргана...” гэж, 15.2 дугаар зүйлийн 3-т “Хүсэлтэд тогтоолгох үйл явдал, гаргуулах шийдвэрийн тухай заана” гэж тус тус заасан байх бөгөөд хэргийн оролцогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүсэлт гаргах эрхтэй юм.

... улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашины эвдрэлийн талаарх 18/263 дугаартай үнэлгээг хохирогч, түүний өмгөөлөгч нарт танилцуулсан тухай баримт /хх 56/ хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд “тээврийн хэрэгсэлд хохирлын хэмжээ тооцсон шинжээчийн үнэлгээг зөвшөөрөхгүй, дахин шинжилгээ хийлгэнэ” гэж бичсэн байна.

Анхан шатны шүүх хохирогч, түүний өмгөөлөгч нар нь 18/263 дугаартай үнэлгээг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа, дахин эсхүл нэмэлт дүгнэлт гаргуулах эсэх талаараа тодорхой дурьдаагүй байхад хэргийн оролцогч хүсэлт гаргасан гэж дүгнэсэн нь буруу юм.

Мөн шүүгчийн захирамжинд “...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 18/264 тоот дүгнэлт, автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан эргэлзээтэй...” гэж ... улсын дугаартай “Хайрхан” маркийн мотоциклийн үнэлгээг дурьдсан байх ба хохирогч С.Э, хохирогчийн өмгөөлөгч Д.Э нар нь 18/264 дугаартай үнэлгээ биш харин 18/263 дугаартай үнэлгээг зөвшөөрөхгүй гэсэн байна.

Түүнчлэн 18/263 дугаартай үнэлгээний тайланд “уг машины эвдэрсэн эд ангид үзлэг хийсэн” гэжээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 374 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч З.Ж-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР

                           

         ШҮҮГЧ                                                       Сү.УРАНЧИМЭГ                                                                                      

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН