Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/985

 

 

 

 

 

 

 

 

  2020         12             03                                    2020/ШЦТ/985

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч О.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас О.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2008000001412 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймаг Бүрэнтогтох суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 5, хадам эцэг, эхнэр, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, О.Э-.

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.Э- нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ноос 30-ны өдрүүдэд Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Өнөрбаатарын Хаан банкны 5057713453 дугаартай данснаас 894.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчО.Э- мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч О.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хаан банкныхарилцагч Энхжаргалын Өнөрбаатарын 5057713354 дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 3 дугаар хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “... 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Өнөрбаатарын Хаан банкны виза картыг шалгахад 895.337 төгрөг орчихсон байсан газрыг зааж өгье гэж хэлсэний дагуу түүний хэлсэнээр Төв номын сангийн хажуугаар гарч Төв шуудангийн гэрлэн дохиотой уулзвараар зүүн тийш эргэж төв замаар Саппоро чиглэлд явав. Чигээрээ төв замаар Зүүн 4 зам болон 25 дугаар эмийн сан, 10 дугаар хорооллын хажуугаар дайрч гарч Саппорогийн Миний захын урд талд ирэхэд энд ингээд зогсчих, зам гараад зааж өгье гэсний дагуу гэрлэн дохиотой уулзвараар явган зам гарч Гурвалжин барилгын зах гэсэн бичигтэй ягаан өнгийн байшингийн хажуугаар гарч түүний урд талд байрлах шар өнгийн 5 давхар Барилгын материалын худалдаа гэсэн хаягтай байшингийн хажууд очиход энэ байшингийн нэг давхарт байрлах Хаан банкны АМТ-рүү анх орж Өнөрбаатарын дансанд мөнгө орсон эсэхийг шалгаж үзэхэд мөнгө орсон байсан гэж заасны дагуу гэрэл зургаар бэхжүүлэв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4-9 дүгээр хуудас/

 

Хохирогч Э.Өнөрбаатарын “Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдарч байгаад 2020 оны 5 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод ажил хийж амьдрах зорилгоор шилжиж ирсэн. Анх Улаанбаатар хотод ирээд очих айл олдохгүй байсан бөгөөд нутгийн ах болох Энхманлайтай утсаар холбогдож уулзаад Энхманлайтай хамт амьдрахаар болж бид хоёр түүний түрээслэж байсан нийтийн байранд хэсэг хугацаанд хамт амьдарч эхэлсэн. Тэгтэл 2020 оны 6 дугаар сарын эхээр түрээслэж байсан нийтийн байрных нь түрээсийн хугацаа дуусч бид хоёр Энхманлайгийн найз охин Даваадуламын гэрт нь буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны гудамжинд байрлах гэрт нь очиж ойролцоогоор 20 орчим хоносон бөгөөд 2020 оны 7 дугаар сарын дундуур буюу миний санаж байгаагаар Үндэсний их баяр наадмын дараа би Улаанбаатар хотод амьдардаг нагац ахтайгаа холбоо барьж миний амьдарч байсан газар буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Даваадуламынд ирж надтай уулзаад намайг гэртээ очихыг урьсан бөгөөд би тухайн өдөртөө нагац ахынх руугаа явсан. Нагац ахындаа очоод байж байтал миний карт байхгүй байсан бөгөөд эргээд санатал тэдний гэрээс явдаг өдөр би өөрийнхөө картыг гэрийнх нь баруун хойд талын авдар дээр ил орхисноо санасан бөгөөд маргааш нь очоод авах гэтэл хайгаад олоогүй бөгөөд Энхманлайгаас картаа асуутал олдохгүй байна, байхгүй байна гэхээр нь тухайн үедээ тоогоогүй орхичихсон юм. Тэгээд би тухайн айлд буцаж очоогүй. Нагац ахындаа амьдарч эхэлсэн бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Транс бус ХХК-д засварчинаар ажилд орсон бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр цалин бууж 895.000 төгрөг миний 50577133454 тоот данс руу орсон бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Хаан банкинд очиж данснаасаа мөнгө авах гэтэл миний дансанд мөнгө байхгүй байсан бөгөөд тодруулаад асуутал 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 5000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 230.000, 180.000, 25.000, 124.000, 160.000, 170.500 нийт 894.500 төгрөгийн зарлага хийсэн байсан бөгөөд миний алга болсон. Банкны виза картыг ашиглан дээрх гүйлгээг хийсэн байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 16-18 дугаар хуудас/

“... Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би ажил ихтэй болохоор шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

О.Э-гийн яллагдагчаар өгсөн “Би 2020 оны 8 дугаар сараас эхэлж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 24 дүгээр гудамж 4 тоотод найз охин Даваадуламын гэрт хамт амьдарч байгаа юм. Мөн тухайн үеэс эхэлж манай нутгийн дүү болох Өнөрбаатар надтай хамт манай найз охины гэрт хамт 1 сар орчим амьдарсан. Тэгтэл 2020 оны 8 дугаар сард Өнөрбаатар надад Хаан банкны виза карт алга болчихлоо, танай найз охины гэрт байсан гэж хэлэхээр нь би тухайн үед хайгаад олоогүй. Тэгээд хэд хоногийн дараа найз охины гэрийг буулгаж янзалж байтал авдарных нь араас Өнөрбаатарын ногоон өнгийн Хаан банкны виза карт гараад ирэхээр нь авч халаасандаа хийсэн. Тэгээд Өнөрбаатарт хэлэхгүй өөртөө байлгаж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Паркын ойролцоо явж байгаад Өнөрбаатарын Хаан банкны үлдэгдлийг шалгаж үзтэл 7000 төгрөг байхаар нь 5000 төгрөгийг авсан юм. Тэгээд тэрнээс хойш виза картыг нь өөртөө байлгаж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Гурвалжин захын ойролцоо явж байгаад Хаан банкны АТМ орж дансыг нь шалгаж үзтэл 895.337 төгрөг орчихсон байхаар нь Хархорин зах ороод гутал, өмд, куртик 180.000 төгрөгөөр авч өмсөөд 25.000 төгрөгөөр гар утасныхаа зайг солиулж, 124.000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр авч халаасандаа хийгээд 160.000 төгрөгөөр гутал, өмд, куртик авч, 170.5000 төгрөгөөр нь Samsung А-7 загварын гар утас худалдаж авсан. 230.000 төгрөгийг нь хүн гуйж байгаад пос машинд уншуулж бэлнээр авч нийт 894.500 төгрөгийг хувьдаа авч хэрэглэж дуусгасан юм. Би 2020 оны 7 дугаар сард Өнөрбаатартай хамт Драгоны Хаан банк дээр очиж виза карт захиалж авсан юм. Тухайн үед Өнөрбаатар өөрийнхөө төрсөн өдрөө 1029 гэж кодоо хийлгэхээр нь цээжилж авсан.

... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч О.Э- нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосго 24 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух Л.Даваадуламын гэрт хохирогч Э.Өнөрбаатарын Хаан банкны дансны 5057713453 дугаартай виза картыг үлдээсэн байсныг авч 2020 оны 9 дүгээр сарын 20-ноос 30-ны өдрүүдэд Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглан 894.500 төгрөгийг авсан үйл баримт тогтоогджээ.

Иймд шүүгдэгч О.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Мөрдөн шалгах явцад хохирогч Э.Өнөрбаатар “... Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би ажил ихтэй болохоор шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч О.Э-гийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

         

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Э-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт таван цаг хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Э- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ