Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.Эрхэмбаяр Шүүгдэгч Н.Эрсболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эрсболдод холбогдох дүгнэлтийг 2123000000187 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 33 настай эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж дүү нарын хамт Завхан аймгийн Шилүүстэй суманд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Тайж овогт Нямсүрэнгийн Эрсболд, /регистрийн дугаар: ИУ88020315/

Шүүгдэгч Н.Эрсболд нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2оны 11 дүгээр сарын 03-ны орой Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Чагнаадоржийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Тайж овогт Нямсүрэнгийн Эрсболд нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 03-ны орой Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Чагнаадоржийн нүүрэн тус газар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Н.Эрсболд өөрийг нь нүүрэн тус газар нь цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Г.Чагнаадоржийн “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Шилүүстэй сумын Сайхан 4 дүгээр багийн даргын нөхөн сонгууль дээр иргэн Н.Эрсболд гэгч миний бие эрх чөлөөнд халдаж зодсон. Тухайн үед нь гайгүй юм байлгүй нэг нутгийн хүмүүс гээд тэгээд Хөгжил багийн нутагт шүлхийн өвчнөөс урьдчилан сэргийлэх постонд 2 хоног үүрэг гүйцэтгээд орж ирсэн чинь өчигдрөөс хойш зүүн талын хавирга өвдөөд болдоггүй, тэгээд бас зүүн нүд хөхөрсөн, хамар бас битүүрээд болдоггүй. Сайхан багийн засаг даргын сонгууль болж байхад Д.Батсүх гэгч намайг “Очирхуяг гэгчид саналаа өгчих” гэхээр нь би “тэгье” гэж хэлсэн чинь “чамд итгэхгүй байна” гэж намайг дагаж орж ирсэн чинь сонгуульд ажиллаж байсан хүмүүс “хүн саналаа өгөх гэж байхад” гээд “Д.Батсүхийг хойшоо бол” гээд тэгээд би саналаа өгчхөөд Д.Батсүхтэй хамт гараад тэгээд эхнэр намайг “гэртээ ороё” гээд тэгсэн чинь Д.Батсүх манай эхнэрийг тавьчих гээд намайг машин луу сууя гэхээр нь архи өгөх гэж байгаа юм болов уу гэж бодоод л ганц татчихая гээд машины арын заалны хаалгыг нь өөрөө онгойлгож ороод намайг Н.Эрсболд гэгч намайг нүүр лүү цохиод л тэгээд тухайн үед мэдэхгүй болсон байсан тэгээд Д.Батсүх намайг машин луу оронгуут хаалга цаанаас нь хаагаад хүнтэй юм ярьж харагдсан тэгээд машин луугаа орж ирээд Н.Эрсболдыг надаас салгаад 2 суудлын хоёр луу хийж дараад тэгээд би “амьтны нүдээс холдоё, гэрт хүргээд өгчих” гэсэн чинь Батсүх машинаа унаж намайг гэрийн үүдэнд буулгаж өгөөд явсан. Би нүүр лүүгээ цохиулаад л өөр бусдыг нь санадаггүй. Яг ямар шалтгааны улмаас намайг зодсон талаар мэдэхгүй байгаа юм, сонгуульд санал өгөөгүй гээд тэгсэн юм болов уу гэхээр намайг санал хэнд өгсөнийг мэдэхгүй байж тэгмээргүй юм. Намайг суухад тэр Н.Эрсболд, Ичинхорлоо гээд Д.Батсүхийн ахын нь эхнэр байсан байхаа. Манай эхнэр машины гадаа байсан болохоор сайн хараагүй байх гэхдээ Батсүхийг хүнтэй юм ярьж байхад нь машин дотор чинь хүн зодолдоод байна гэж хэлээд хаалгыг нь онгойлгуулсан гэсэн. Тухайн үед би бага зэрэг согтуу байсан. Батсүх архи уудаггүй юм, уугаагүй байсан байх. Н.Эрсболд архи уусан байсан нэлээн согтуу байсан байх Д.Батсүх 2 суудлын хооронд дарсан байхад л ална тална гээд орилж чарлаад байсан. Сайхан багийн ИНХ-ын дарга Болдбаатар гэгчийнд ороход аймаг явах гэж байгаа гээд хүмүүс байсан, тэгээд тэнд ганц 2 архи уулцсан. Тэгээд гэртээ ирээд тал шил 0.5 литртэй тал шил хараа байсныг Амгаа гэгчтэй уугаад тэгээд л соёлын төв орох гэж яваад Д.Батсүхтэй таараад л тийм зүйл болчихсон. Н.Эрсболд намайг машин руу ороход нүүр лүү цохиод л тэгээд юм харж чадахаа байсан яг хэд цохисныг нь мэдэхгүй. Өөр хэн нэгэнтэй огт маргалдаж муудсан зүйл байхгүй. Зүүн нүд хөхөрсөн, хамар дотор далдаа битүүрээд бүлхэрсэн цус гараад байна, тэгээд зүүн талд хавирга өвдөөд байгаа. Нэг л хавирга гэмтсэн болов уу гэж бодож байна. Тухайн үедээ үзүүлээгүй. Маргааш нь хөдөө явж постонд 2 хоноод орж ирээд тэгээд соёлын төвийн халаалтаар ус алдаад тэрийг янзалж байгаад сая 2021 оны 11 дүгээр сарын 07-ны орой л үзүүллээ. Зүүн нүд хөхөрсөн, хамар дотор далдаа битүүрээд бүлхэрсэн цус гараад байна, Тэгээд зүүн талд хавирга өвдөөд байгаа. Нэг л хавирга гэмтсэн болов уу гэж бодож байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Н.Эрсболд Г.Чагнаадоржийн нүүрэн тус газарт нь цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Ч.Мөнхсаруулын “...Шилүүстэй сумын Сайхан 4 дүгээр багийн даргын дахин сонгууль дээр би нөхөртэйгээ хамт саналаа өгчихөөд гарсан чинь Д.Батсүх хамт гараад, тэгээд би гэртээ орьё гээд нөхрийнхөө баруун гараас нь гэр лүүгээ чирээд Д.Батсүх нөгөө гараас нь машиндаа суулгах гэж чирээд намайг тавьчихаа гээд байхаар нь “архи уулгах гэж байгаа биз” бодоод тэгээд би тавьсан чинь Д.Батсүх хамт авч яваад, манай нөхөр Чагнаадорж машиных нь арын заал руу орох гээд Батсүх эргэж очоод хүмүүстэй юм ярьж байсан чинь л тэр Эрсболд манай нөхрийг нэг юмаар цохичих шиг болсон яг цохихийг нь хараагүй тэгээд би гүйж очоод хаалгыг нь онгойлгоход Эрсболд суудал дээр суучихсан, манай нөхөр нүүр амаар нь цус болсон Эрсболд зүгээр хоорондоо муудалцаад байж байхаар нь би Батсүх дээр очоод “та чинь хүн зодуулах гэж машиндаа суулгасан юм уу, тэр 2 муудалцаад байна” гэсэн чинь Батсүх очоод Эрсболдыг суудлын хооронд дарж суугаад нөгөөх нь хашигчаад байсан тэгээд би гэрээсээ нөхрийхөө цусыг арчих юм аваад гараад ирсэн чинь нөгөө машин хөдлөөд соёлын төвийн цаагуур тойроод урд хашааны хаалган дээр манай нөхрийг буулгаад явсан ямар шалтгааны улмаас муудалцсаныг мэдэхгүй ээ. Эрсболд, манай нөхөр байсан Батнасан гуайн эхнэр Ичинхорлоо тэнд байсан. Тэгээд Батсүх ирж салгасан. Манай нөхрийг “ах, дүүгээ мэддэггүй” гээд зөндөө л юм хэлээд байсан. Өөр юу гэж хэлээд орилоод байсныг нь сандаггүй, тэгээд манай нөхөр урдаас нь “мангар пизда” гээд л муудалцаад байсан. Н.Эрсболд нэлээн архи уусан согтуу байсан. Д.Батсүх зүгээр байх шиг байсан. Манай нөхөр бас Амгаа гэгчтэй гэрт байсан тал шил архиа уусан болохоор бас бага зэрэг согтуу л байсан. Машинд байсан Ичинхорлоо гэгчийг сайн мэдээгүй их л ууртай харагдсан. Зүүн нүд хөхөрсөн, хамар битүүрээд цус гараад байна, тэгээд зүүн талд хавирга өвдөөд байна гээд байгаа. Тухайн үедээ үзүүлээгүй. Маргааш нь хөдөө явж постонд 2 хоноод орж ирээд тэгээд соёлын төвийн халаалтаар ус алдаад тэрийг янзалж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 07-ны орой л үзүүллээ. Зүүн нүд хөхөрсөн. Хамар дотор талдаа битүүрээд бүлхэрсэн цус гараад байна, тэгээд зүүн талд нь хавирга өвдөөд байна гээд байгаа. Тухайн үедээ гайгүй юм байлгүй нэг нутгийн хүмүүс гээд байгаад байсан юм...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.Батсүхийн “...Би улиастай суманд амьдардаг, төрсөн нутагтаа ирсэн байж байгаад Сайхан 4 дүгээр багийн даргын дахин сонгууль дээр очоод санал авах байр луу орчхоод гарах гэж байхад Чагнаадорж саналаа өгч байсан, тэгээд саналаа өгөхөөр нь хамт гараад тэгээд Чагнаадоржийг жаахан архи уусан байсан болохоор нь би машин луу сууж байгаач хөгшөөн гээд тэнд байсан ганц 2 хөгшин хүмүүс байхаар нь мэндлээд юм яриад байж байхад Чагнаадоржийн эхнэр “Эрсболд, Чагнаадорж нарыг муудалцаад байна” гэхээр нь би очсон чинь Чагнаадоржийн хамрын цус гарсан бололтой Эрсболд өөдөөс нь хараад миний машины арын зааланд сандал дээр нь сууж байсан тэгээд Эрсболд тэр Чагнаадорж 2 маргалдаад барьцалдаад авахаар нь би Эрсболдын гарыг нь мушгиж суудлын хоор луу унагааж дараад байж байхад Отгон сумаас Пүрэвбаатар ирсэн байсан хүрээд ирэхээр нь би машин бариад хөдөлчих гээд тэнд сонгууль болоод олон хүн байсан болохоор нь Соёлын төвийн хашаанд Чагнаадоржийнх байдаг болохоор нь урд талын үүдэнд нь оччих гээд тэгээд би Эрсболдыг суудлын хооронд дарсан байдалтай байгаагаарай Чагнаагийн үүдэнд очиж Чагнаадоржийг гэртээ ор гэж буулгаад тэгээд Эрсболдыг гэрийн гадаа нь очиж Эрсболдыг буулгаад тэгээд л яваад өгсөн. Намайг очиход Чагнаадорж, Эрсболд 2 л машин дотор байсан тэгээд л Пүрэвбаатар ирэхээр нь машинаа бариулаад явсан. Би огт архи уудаггүй юм. Эрсболд бага зэрэг халамцуухан байсан харин Чагнаадорж нилээд согтуу байсан. Харин би Эрсболдыг машинд байгааг нь мэдээгүй Чагнаадоржтой хамт гарч ирээд машиндаа ороод жаахан нутгийн сонин хуучлах гээд явж байгаад замдаа хөгшин настай хүмүүс байхаар нь тэд нартай мэндлээд Чагнаадоржийг “машинд сууж бай хө” гээд тэр зуур Чагнаадоржийн эхнэр Мөнхсаруул манай хамаатан садан хүн байгаа юм “тэр ирээд зодолдоод байна” гээд тэгээд би очсон чинь л Чагнаадоржийн хамрын цус нь гарсан Эрсболд зүгээр хоорондоо бие биенээ “пизда” энэ тэр гээд барьцалдаад авахаар нь л би Эрсболдыг дарж унагаагаад хүргэж өгсөн. Тэрнээс яг хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Бүдрагчаагийн “...Би ээждээ эмийн сангаас эм авах гээд явж байхад соёлын төвийн хажуугаар явж байсан чинь тэнд сонгууль болж байсан тэгээд цагаан фурганд хүмүүс байхаар нь хаалгаар нь шагайсан чинь дотор нь Эрсболд, Чагнаадорж нар арын суудал дээр урд урдаасаа хараад суусан, “чи, би дээрээ тулсан муудалцаж” байхаар нь л би хаалгыг нь буцааж хаагаад яваад өгсөн. Чагнаадоржийн хамрын цус нь гарсан харагдсан яг яагаад хамрын цус нь гарсныг мэдээгүй, юм ч дугараагүй зодолдож байхыг нь хараагүй тэгээд л яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Ичинхорлоогийн “...Шилүүстэй сумын Сайхан 4 дүгээр багийн даргын дахин сонгууль дээр би Д.Батсүх гэгчийн фурган машинд сууж байхад Эрсболд гэгч халамцуу л байх шиг байсан орж ирээд араас нь удалгүй Чагнаадорж орж ирээд хаалга онгойлгохоор нь би машинаас нь буугаад Чагнаадорж машин луу орж байсан машины хаалга нь онгорхой Чагнаадоржийн эхнэр хажууд нь зогсож байсан тэгээд би соёлын төв рүү орсон...” гэсэн мэдүүлэг, Н.Эрсболд Г.Чагнаадоржийг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Базардаргиагийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 000000404 дугаартай “...1.Г.Чагнаадоржийн биед хамрын таславчны муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүгэгдэж болно. 3.Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Иргэн Г.Чагнаадоржийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Н.Эрсболд нь хохирогчийг нүүрэн тус газарт нь цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Н.Эрсболд нь хохирогч Г.Чагнаадоржийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг заазуураар цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд Н.Эрсболдыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Г.Чагнаадоржийн”... гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Н.Эрсболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдэлд хүч оруулах зорилгоор зэвсэг ашигласан хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эз зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугзүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Нямсүрэнгийн Эрсболдыг Эрүүгийн хуулийн 11.6 дугзүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрсболдыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрсболдод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож эдлүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрсболд нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ