Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 26 өдөр                        Дугаар                            Улаанбаатар хот

          128/ШШ2019/0201

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гэрч Б.Т нарыг оролцуулан “Т.Э.П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.М.Г.Т.Г К.Х.Дд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

            Нэхэмжлэгч: “Т.Э.П” ХХК

            Хариуцагч: А.М.Г.Т.Г К.Х.Д

            Нэхэмжлэлийн шаардлага: “А.М.Г.Т.Г К.Х.Д-ын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А.М.Г.Т.Г К.Х.Д-д даалгах”.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т.Э.П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хайгуулын XV... тоот тусгай зөвшөөрлийг авч өнөөдрийг хүртэл ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Дээр дурдсан хайгуулын XV... тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 онд сунгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан. Бидний зүгээс өмнө нь цаг хугацаанд нь төлбөрөө төлж, асар их мөнгө зардал гаргаж хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан болон бусад үндэслэлийг харгалзан үзэхгүйгээр хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Энэхүү тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрээ бидэнд албан ёсоор мэдэгдээгүй, бид мэдээгүй.

2018 оны 01 дүгээр сард очоод асуухад манай байгууллагад албан ёсоор ханд, тусгай зөвшөөрөл сунгагдаагүй байна гэж аман хэлбэрээр  хэлсэн. Тиймээс манай компанийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18/05 тоот, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09 тоот албан бичгээр хандсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас манайд албан ёсоор хариу өгөөгүй.

Харин Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр огноолоод 7/3113 тоот албан бичгээр хариу өгснийг тус компанийн Гүйцэтгэх захирал С.Ө би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “М.Ш” ХХК-ийн бичиг хүргэгчээс авч, гарын үсэг зурсан. Гэтэл уг албан бичигт “... С.Өөд утсаар хариу өгсөн” гэж үндэслэлгүй зүйл бичсэнийг зөвшөөрөхгүй байна. Мөн тус албан бичигт 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/172 тоот албан бичгийг хавсаргасан гэх боловч хавсаргаагүй байсан буюу дугтуйнд байгаагүй. Энэхүү албан бичгийг манай компанид урьд өмнө нь ирүүлж байгаагүй.

Манай байгууллага нь 2007 оноос хойш тус зөвшөөрлийг авснаас өөрийн хөрөнгө нөөцөөрөө хайгуулын ажлыг тогтмол хийж, төлбөрийг тогтмол төлж байсан бөгөөд энэ тухайгаа Ашигт малтмал, газрын тосны газарт тайлан гаргаж явдаг байсан. Мөн цаашид тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж, хайгуулын үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа тул захиргааны хэргийн шүүхэд  хандаж байна.

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV... тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А.М.Г.Т.Г К.Х.Д-д даалгаж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч А.М.Г.Т.Г К.Х-ээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А.М.Г.Т.Г К.Х.Д-ын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, XV... тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт орших “Баянцогт” нэртэй газар 2743 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV... дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн төвийн даргын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2320 дугаар шийдвэрээр “Т.Э.П” ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.3-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахыг шаардсан.

“Т.Э.П” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуулын XV... тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргах ёстой байсан.

“Т.Э.П” ХХК нь  хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалыг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст огт гаргаж өгөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/172 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлж мэдэгдсэн.

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгах хууль зүйн үндэслэлгүй.

 “Т.Э.П” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV... тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэртэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд “Т.Э.П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “А.М.Г.Т.Г К.Х.Д-ын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг А.М.Г.Т.Г К.Х.Д-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.  

“Т.Э.П” ХХК нь 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт орших “Баянцогт” нэртэй газар 2743 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон нь XV... дугаартай тусгай зөвшөөрлөөр[1] нотлогдож байна.

Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө төлөх ёстой байсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй харин хуульд заасан хугацааг хэтрүүлсэн үйл баримттай холбогдуулан маргасан.

Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан бөгөөд 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас дүгнэхэд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 30 хүртэл хоногоор хэтрүүлэн төлөх боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон байна. Нэхэмжлэгч компанийн хувьд энэхүү хэтрүүлсэн хоногийг нэмж тооцвол 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх үүрэгтэй атал 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн нь баримтаар[2] тогтоогдож байх боловч 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр XV... тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийн алданги 1,788,510.00 төгрөг, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 19,872,325.00 төгрөг, нийт 21,660,835.00 төгрөгийг хариуцагч байгууллагын төсвийн харилцах төрийн сангийн 118002-0000 дансанд гүйлгээ хийсэн[3] байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт маргаан бүхий захиргааны актыг хариуцагч гаргахаас өмнө холбогдох дансанд шилжүүлсэн нь нотлогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”,  56.1.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллага зөрчил үүссэн тухайн үед нь тусгай зөвшөөрлийг цуцлах захиргааны акт гаргаагүй мөртлөө нэхэмжлэгчээс төлбөрөө төлсний дараа буюу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл байдал өөрчлөгдсөн байхад тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах зарчмыг хөндсөн,  хуулийн зорилгодоо нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуулиар тогтоосон хугацааг бүх аж ахуйн нэгжид ижил тохиолдолд адилхан хугацаагаар тооцож шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй нь төрийн албаны эрх тэгш байдлыг хангах, хуулийг дээдлэх зарчмыг зөрчжээ.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “Захиргааны байгууллагын шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэнтэй нийцээгүй байна гэж шүүх дүгнэв.

Дээрх дурдсан үндэслэлээр маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэр гарах өдөр XV... тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөгдсөн байсан тул тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл байдал арилсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хавсаргах баримтын хамт гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуцагч байгууллагаас тодорхой хариу өгөөгүй, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18/05 тоот, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09 тоот албан бичгээр хандсаны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/3113 тоот албан бичгийг гардан авснаар уг өргөдлийг хянан шийдвэрлэсэн А.М.Г.Т.Г К.Х.Д-ын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот шийдвэрийг мэдсэн  гэж маргадаг.

Хариуцагчаас маргаан бүхий А.М.Г.Т.Г К.Х.Д-ын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот шийдвэрийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/172 тоот[4] албан бичгээр “Т.Э.П” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгүүлсэн албан ёсны хаягаар хүргүүлсэн боловч буцаалт хийгдсэн болох нь хариуцагч байгууллагын Баримт бичиг хүлээлцэх дэвтрийн бүртгэлээр[5] нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс А.М.Г.Т.Г К.Х.Д-д хүргүүлсэн 2017 оны 03 дугаар сарны 17-ны өдрийн 24 тоот[6] албан бичигт “... XV... дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон Кадастрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэр гарсан гэх бөгөөд шийдвэрийн мэдэгдлээ аваагүй байна, иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж  Кадастрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгон ... XV... дугаарын тусгай зөвшөөрлийг сэргээн 3 жилийн сунгалтыг олгоно уу” гэж дурдсан байгаагаас үзвэл нэхэмжлэгч компани уг албан бичгийг явуулах үедээ тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдсэний дагуу маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгуулахаар хариуцагч байгууллагад  хандаж байжээ.

Гэвч нэхэмжлэгчээс “...бид төлбөрийн маргаантай байсан тул Б.Т 2017 оны 03 дугаар сарны 17-ны өдрийн 24 тоот албан бичгийг явуулсан талаар бид мэдээгүй, уг албан бичигт С.Ө өөрөө гарын үсэг зураагүй, Б.Т гэх хүн зурсан...” гэх тайлбар нь гэрч Б.Т-ийн мэдүүлгээр[7] нотлогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч хуулиар тогтоосон хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй буруутай болохыг хариуцагч мэдэж байсан ч тухайн үед нь тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргаагүй, харин ч нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, хугацаа хэтэрсний алданги төлсний дараагаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан нь хариуцагч үндэслэлгүй хугацаа алдаж, бодит нөхцөл байдалд тохирохгүй захиргааны актыг шийдвэр гаргах ажиллагааны дараалал, журам зөрчиж гаргасан тул шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа нэхэмжлэгчийн тодорхойлсноор “...XV... тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” гэсэн байдлаар төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт шууд нөлөөлөх боломжгүй боловч нэгэнт Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг0020шүүх хүчингүй болгосон тул XV... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид  даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч ”Т.Э.П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч  А.М.Г.Т.Г К.Х.Д-ын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, XV... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр хуудас,

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудас,

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар хуудас,

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас,

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудас,

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар хуудас,

[7] 2 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудас,