Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2238

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02195 дугаар шийдвэртэй, Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Майцэцэгт холбогдох, өвлөгдсөн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, нэхэмжлэгч Б.Мөнхболдын газар эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох,

Өвлөгдсөн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өвлөгдвөл зохих хөрөнгө биш болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй,

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, өвлөгдсөн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай гуравдагч этгээд Б.Энх-Амгалан, С.Дамир, С.Динара бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Мөнхболд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Бадрал,

Хариуцагч Б.Майцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр,

Гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг,

Гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанцэцэг, өмгөөлөгч Д.Цэндсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон бид нар эцнг Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгч буюу төрсөн хүүхдүүд юм. Аав Б.Балдан-Осор нь ээж Н.Оюунсүрэнтэй 1982 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Б.Мөнх-Оргил 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, Б.Мөнхболд 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, Б.Цолмон 1998 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. 2011 онд тэд гэрлэлтээ цуцлуулж, аав Б.Балдан-Осор 2013 онд Б.Майцэцэгтэй гэр бүл болсон боловч 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан. Нэхэмжлэл гаргахаас өмнө бид 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Гэрэлд өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан бөгөөд аав нас барах хүртлээ Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 83Б дугаар байр, 91 тоотод оршин сууж байсан нь лавлагаагаар тодорхой болсон учир тус дүүргийн нотариатч Н.Туяад өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаснаар Монголын Нотариатчдын Танхимаас лавлагаа авч Б.Майцэцэг нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Гэрэлд хандан өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авахаар хүсэлт гаргасныг мэдсэн. Б.Майцэцэгтэй өвлөгдсөн эд хөрөнгийг хуваах асуудлаар хэлэлцэн зөвшилцөх гэсэн боловч бидэнд “өвлөгдөх эд хөрөнгийг өгөхгүй, дангаар эзэмших эрхтэй” гэж маргасан тул нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг үндэслэн Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон биднийг Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрших, улсын бүртгэлийн Ү-2201037710 дугаартай, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбайтай хувийн орон сууц, гарааж, мөн хаягт байрлах 95/7 тоот, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж, “Тоёота Ланд круйзер-200” маркийн 03-21 УБГ улсын дугаартай автомашин, “Есөнбүрд” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. “Есөнбүрд интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас бидэнд ногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.

Мөн өвлүүлэгчийн мөнгөн хөрөнгө хадгалагдаж байгаа Худалдаа хөгжлийн банкны 499202313 тоот ам.долларын дансны үлдэгдэл 280 ам.долларын 75 хувь, Голомт банкны 1809328974 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 1 075 833 төгрөгийн 75 хувь, 1402001111 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 76 000 төгрөгийн 75 хувь, Төрийн банкны 102700181094 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 81 800 төгрөгийн 75 хувь, 343200147906 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 4 281 145 төгрөгийн 75 хувь, Хаан банкны 5058201636 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 370 098 төгрөгийн 75 хувь, 5058206191 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 1 769 279 төгрөгийн 75 хувь, 5077184753 тоот ам.долларын дансны үлдэгдэл 2 096 ам.долларын 75 хувь, нийт 7 654 155 төгрөг, 2 376 ам.долларын мөнгөн хөрөнгөөс бидэнд дээрх хэмжээгээр ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

Нэхэмжлэгч Б.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,

Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд орших нэгж талбарын 18628312635606 дугаар бүхий, 430 м.кв талбайтай газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/135 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар Б.Балдан-Осорт олгосон байх бөгөөд уг газрыг өвлүүлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээгээр эзэмшиж байжээ. Иймээс Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасны дагуу би дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтэй байна. Иймд дээрх газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр Б.Мөнхболд намайг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Майцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар маргаж буй өв хөрөнгийг өөрсдийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сард шүүхэд гаргасан ба шүүгчийн 102/Ш32015/26500 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.10-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх захирамжаар нэхэмжлэгч нарыг өв нээгдэх нэг жилийн хугацаа болоогүй байхад нэхэмжлэл гаргасныг зааснаас гадна өвлөх эрхийн гэрчилгээ авснаар өвийг нэхэмжлэх эрх үүсэхийг тодорхой заасан. Нэхэмжлэгч нар өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй атлаа өөрсдийгөө өвлөгч хэмээн тодорхойлж эд хөрөнгө гаргуулахаар дахин нэхэмжлэл гаргасан. Тэдгээрт өвлөх эрхийн гэрчилгээ олгогдохгүй байх үндэслэлтэй. Учир нь маргаж буй нэр бүхий хөрөнгө төдийгүй бусад хөрөнгө, хөрөнгийн эрх нь өвлүүлэгч буюу миний талийгаач нөхөр Б.Балдан-Осорын өмчлөлд хууль ёсоор шилжсэн эсэх асуудлаар би гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Миний бие Б.Балдан-Осортой 2010 оны сүүлээр танилцах үед салсан эхнэр Н.Оюунсүрэн хамтран эзэмшиж байсан хөдлөх болон үл хөдлөх дундын өмчөө бүгдийг өөртөө болон хүүхдүүддээ шилжүүлэн авсан байсан. Иймд Б.Балдан-Осорт оногдох хөрөнгө огт байгаагүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, өдөр тутмын хэрэглээний зардлаа ч шийдвэрлэж чадахгүй, гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан, 3 дугаар зэргийн группт орсон, сэтгэл зүйн хувьд амьд явах итгэл нь бүрэн тасарсан, төрсөн эхийнхээ Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр байранд амьдарч байсан. Тухайн үед би нэг хүүхэдтэй, нөхөр Б.Энхтүвшингээс 1991 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан байсан. Б.Балдан-Осор нь “Есөнбүрд” ХХК-ийг 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 44 000 000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэй үүсгэн байгуулсан ба үйл ажиллагаа эрхлээгүй, татварт хасах тайланг 2000 оноос хойш гаргаж, 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдөр татан буугдаж, эрх зүйн чадамжгүй болсноор компанийн бүртгэлээс албан ёсоор хасагдсан байсан юм. Б.Балдан-Осор нь эрхэлсэн ажилгүй, түүнийг эмчлүүлэн эрүүл болгох нь миний үүрэг болж, хариуд нь тэрээр мэргэжилдээ тулгуурлан барилга барьж өгөхөөр “Есөнбүрд” ХХК-ийг шинээр байгуулсан.

2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийн дурмийн сантай, нэг гишүүнтэй, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл эрхлэх “Есөнбүрд” ХХК-ийг байгуулан Б.Балдан-Осор захирлаар ажилласан ба түүний ажлыг дэмжиж барилгын салбарт нь миний бие хөрөнгө оруулсан. 2011 оны эхний сард Баянгол дүүрэг, 18 дугаар хороонд байрлах аж ахуйн зориулалттай 2168 м.кв талбайтай газрыг би Б.Өвгөнхүүгээс 550 000 000 төгрөгөөр худалдан авч, 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн газрын албатай байгуулснаар хууль ёсны эзэмшигч болсон. Тус газарт орон сууц барих талаар Б.Балдан-Осортой ярьж тохиролцон, холбогдох газраар зураг төслийг хийлгэн 12 давхар 230 айлын “Мажести” хотхоны ажлыг захиалагч, хөрөнгөө 100 хувь оруулагчийн үүднээс “Хамтран ажиллах” гэрээг “Есөнбүрд” ХХК-тай хийж 04 дүгээр сарын 01-ний өдрөөс барилгын газар шорооны ажлыг эхэлсэн.

Уг барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Есөнбүрд” ХХК , “Профтехникс” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Ви Энд Эич Би” ХХК, зураг төслийг “Хатанбаатар” ХХК болон бусад компаниудтай гэрээг хийж ажилласан. Барилгын ажил эхлэх үеэс би санхүүжилтын асуудлыг 100 хувь хариуцаж байсан. Б.Балдан-Осорын зааварласан, шаардагдах хөрөнгүүдийг гэрээтэй аж ахуйн нэгжүүдэд тасалдуулахгүй тухай бүр төлбөр тооцоог данс болон бэлнээр хийж, барилгын ажилд шаардагдах бараа материал авах зардлыг “Есөнбүрд” ХХК-д тухай бүр шилжүүлж байсан. Б.Балдан-Осор нь Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газар газар эзэмших эрхийг хууль ёсны үндэслэл журмын дагуу олж аваагүй. Эзэмших эрхийг шилжүүлэн авсан үйл баримт нь одоог хүртэл эрх зүйн зөрчилтэй байгаа. Энэ газарт баригдсан 95/3 тоот амины орон сууцыг миний хөрөнгөөр барьсаныг Эрүүгийн хэрэгт томилогдсон ШШҮХ-н ЭЗШ-ны шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод байгаа. Б.Балдан-Осор, П.Наранхүү нар үгсэн хуйвалдаж өмчлөгч наймайг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Б.Балдан-Осорын өмчлөлд шилжүүлэн авсан ба үүнийг эрүүгийн журмаар шалгаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Майцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Балдан-Осорын банкны мөнгөн хадгаламжаас өвлөгч Б.Майцэцэгт оногдох хэсгийг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаартай, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж, эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй, 18628312635606 нэгж талбарын дугаар бүхий, 430 м.кв талбайтай газрыг эзэмших эрх, мөн хаягт байрлах 95/7 тоот, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж, “Тоёота ланд Круизер-200” маркийн 03-21 УБГ улсын дугаартай, автомашин нь нэхэмжлэгч нарын өвлөгдвөл зохих хөрөнгө биш, Б.Майцэцэгийн хуваарьт өмч мөн болохыг тогтоож өгнө үү.

Б.Мөнхболд, Б.Мөнх-Оргил, Б.Цолмон нарын хүсэлтээр шүүх банкуудаас талийгаачийн нэр дээрх хадгаламжийн лавлагааг авсан. Энэ мөнгөн хөрөнгөөс хууль ёсны өвлөгчийн хувьд оногдох хэсгийг тогтоолгоно. 9 ширхэг амины орон сууцны барилгыг Б.Майцэцэг миний 1 900 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Есөн бүрд” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр барьж хамтран борлуулж, цэвэр ашгийг тэнцүү хуваан авахаар тохиролцож, 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” гэх хэлцлийг хийсэн. 2 ширхэг орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээ хууль бусаар Б.Балдан-Осорын нэр дээр гарсан. Энэ нь миний хуваарьт хөрөнгө юм.

Маргаж буй 430 м.кв газрыг өвлүүлэгч Б.Балдан-Осор эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж авсан нь эрх зүйн зөрчилтэй, маргаантай асуудал тул эзэмших эрх өвлөгдвөл зохих маргашгүй эрх биш. Мөн 03-21 УБГ улсын дугаартай, “Тоёота ланд Круизер 200” маркийн суудлын автомашиныг 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би Ц.Мөнх-Эрдэнээс худалдан авч, Голомт банкин дахь 1605019001 тоот дансанд 100 000 ам.долларын төлбөрийг хийсэн тул миний хуваарьт хөрөнгө мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчдээс Б.Майцэцэгийг хууль ёсны нэг өвлөгч болох тухайд маргаагүй бөгөөд өвлөгдөх эд хөрөнгөөс өөрсдөд оногдох хэсгийг л гаргуулахаар шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл, Б.Майцэцэгт өвлөгдөх компанийн хувьцаа, банкны харилцах дансны мөнгөн хөрөнгийн оногдох хэсэгт маргахгүй. Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж 95/3 тоот хаягт байрших, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаартай, 000327371 тоот гэрчилгээтэй 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж, мөн хаягт байрших 95/7 тоот, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гараажийг “Есөн бүрд” ХХК-ийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулж өөрийн хуваарьт хөрөнгө болгон авсан тул хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөх эд хөрөнгөд хамаарна.

Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж 95/3 тоот хаягт байрших, Б.Балдан-Осор агсны эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй, 18628312635606 нэгж талбарын дугаар бүхий, 430 м.кв талбайтай газар нь мөн өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар учраас эзэмших эрх нь өвлүүлэгчийнх бөгөөд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэсний дагуу эзэмших эрхийг өвлөгдөх зүйлд хамаарна гэж үзэж байна. “Тоёота ланд Круизер-200” маркийн 03-21 УБГ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийн баталгаажилт нь эрх бүхий байгууллагад түүний нэр дээр бүртгэлтэй байгаа тул хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөх эд хөрөнгө юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Энх-Амгалан шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Миний эх Б.Майцэцэг талийгаач Б.Балдан-Осортой 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн амьдарч бид нэгэн гэр бүл болж эмээ, өвөө нарын хамт 4 жилийн хугацаанд амьдарсан. Талийгаач эцэг Б.Балдан-Осор гэр бүлээ цуцлуулсан, өөрийн гэх өмч хөрөнгө юу ч байхгүй, бөөрний архаг дутагдал оноштой маш хүнд өвчтэй байсан ба гэр бүлийн бид бүгд л түүнийг өөрсдийн зүгээс чадах чинээгээрээ асран хамгаалахад гар бие оролцож байсан. Бидэнтэй амьдарсанаас хойш эмчилгээ хийлгэж бие нь сайжирч үйл ажиллагаа явуулахгүй болсон “Есөн бүрд” ХХК-д эх Б.Майцэцэгээс оруулсан хөрөнгө оруулалтын үндсэн дээр сэргээн үйл ажиллагааг нь явуулах болсон. Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж 95/7, мөн хаягт байрлах 95/3 тоот хаягт байрлах тус бүр 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, граж, “Тоёота Ланд круйзер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашин нь гэр бүлийн гишүүд болох Б.Балдан-Осор, эх Б.Майцэцэг, Б.Энх-Амгалан бидний оруулсан хөрөнгөөр, хамтын хөдөлмөрийн үр шимээр бий болсон тул дээрх хөрөнгөөс гэр бүлийн гишүүний хувьд надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нар гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Дээрх шаардлагыг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх ёстой. Гэтэл 4 шаардлага нь нэхэмжлэгч нарт ямар ч холбогдолгүй. Шаардлага бол дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах гэж байгаа. Тиймээс энэ шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шаардлага гаргаж байгаа этгээдийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны өвлөгч биш. Хуулиар бол дагавар хүүхэд өвлөх эрх эдлэхгүй тул бие даасан шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчид холбогдуулж гаргасан нь буруу. Шаардлагын үндэслэл болж байгаа хөрөнгүүд миний хөрөнгө гэж хандаад байна. Энэ хэрэг өв залгамжлах, өвлүүлэх талаар яригдаж байгаа тул уг шаардлага энэхүү  маргаанд хамааралгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Майцэцэг гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн хувьд өв залгамжилах шаардлага гаргаагүй. Харин гэр бүлийн дундын өмч хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийн гаргуулах шаардлага гаргасан байгаа учир шаардлагыг нь дэмжиж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Талийгаач Б.Балдан-Осор нь 1979 онд ОХУ-ын Харьков хотын Нийтийн Аж ахуйн барилгын дээд сургуульд суралцаж байхдаа Киргиз улсын иргэн Сатыбекова Жылдызтэй танилцаж, хамтран амьдарсан ба энэ хугацаанд 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү Сатыбеков Дамир,1983 оны 7 дугаар сарын 27-ны өдөр охин Сатыбекова Динара нар төрсөн ба одоо Киргиз улсад амьдарч байна. 1982 онд талийгаач Б.Балдан-Осор нь Сатыбекова Жылдызын төрсөн нутаг болох Киргиз улсын Талас хотод очиж эхнэрийнхээ төрөл төрөгсөд, хамаатнуудтай танилцаж, хүүгээ ээжийнх нь эцэг эхэд үлдээгээд өөрсдөө Харьков хот руу буцаж, удалгүй Б.Балдан-осор нь Монголдоо буцсан байдаг.

Сатыбеков Дамир, Сатыбекова Динара нарын эх, эцэг нь хоорондоо захидлаар харилцаж байгаад сүүлдээ холбоо тасарч нэг хэсэг хугацааг өнгөрүүлсэн ч хүү Сатыбеков Дамир 2000 оноос ОХУ-ын ОРТ-1 сувгаар гардаг “Жди меня” хөтөлбөрөөр дамжуулан өөрийн эцгийг хайж, 2006 онд түүний утасны дугаарыг олж авснаар олон жил тусдаа байсан үр хүүхдүүд эцэгтэйгээ уулзаж холбоо тогтоосон байдаг. Талийгаач Б.Балдан-Осор нь 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 26-ны хооронд Киргиз улсад зочлон очиж, түүнээс хойш хүүхдүүдтэйгээ байнгын харилцаа холбоотой байж, хүүхдүүдээ Монголд урьж авчран өөрийн төрөл төрөгсөд, хамаатнуудтайгаа танилцуулж хүү Сатыбеков Дамир, охин Сатыбекова Динара нар эцэг нэгтэй дүү нартайгаа танилцан уулзаж, ах дүүсийн холбоотой болсон.

Иймд Балдан-Осорын том хүү Сатыбеков Дамир, охин Сатыбекова Динара нар талийгаач Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгч мөн тул Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7, мөн хаягт байрлах 95/3 тоот хаягт байрлах, тус бүр нь 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, граж болон “Тоёота Ланд круйзер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашин, “Есөнбүрд” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас ногдох хэсгийг тогтоолгох, Б.Балдан-Осорын арилжааны банкууд дахь хувийн харилцах дансан дахь мөнгөн дүнгээс ноогдох хэсгийг гаргуулах, эзэмшилд нь байсан Портер маркийн 91-67 УНР, 73-51 УНЧ улсын дугаартай, жижиг оврын ачааны автомашин 2 ширхэг, Хьюндай майти маркийн 91-87 УНЦ улсын дугаартай, дунд оврын ачааны автомашин, Мицубиши Кантер маркийн 45-31 УНТ улсын дугаартай, ачааны автомашин, Сүзүки аерио маркийн 52-85 УНО улсын дугаартай, суудлын автомашин, Сүзүки свифт маркийн 72-95 УНТ улсын дугаартай суудлын автомашин, нийт 6 автомашинаас ноогдох хэсгийг гаргуулах, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд орших, нэгж талбарын 18628312635606 дугаар бүхий, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй 430 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах, нэгж талбарын 18628312660622 дугаар бүхий, газар эзэмших эрхийн 000509941 тоот гэрчилгээтэй, 400 м.кв талбайтай газраас гуравдагч этгээд нарт ноогдох хэсгийг тус тус гаргуулахаар бие даасан шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нар гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Эдгээр хөрөнгүүдээс ногдох хэсгийг гаргуулах тухайд маргахгүй. 6 ширхэг авто машин талийгаачийн өвлөгдөх хөрөнгө гэдгийг нотлох баримтгүй. Эдгээр нь “Есөнбүрд” ХХК-ийн хөрөнгө. Тиймээс компани татан буугдсан үед хөрөнгийг хувааж авах байх. 400 м.кв газар талийгаачийн нэр дээр байгаа гэх баримт байхгүй. Тиймээс өөр хүний нэр дээр байдаг газар тул өвлөгдөх хөрөнгө биш гэв.

 

Хариуцагч Б.Майцэцэг гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

Дээрх 430 м.кв талбайтай газар Б.Балдан-Осор агсны нэр дээр бүртгэлтэйг нотлох баримт хэрэгт авагдсан. 6 ширхэг автомашин хэнийх гэдэг нь тодорхой биш байгаа. Бие даасан шаардлагыг нь дэмжиж байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126 дугаар зүйлийн 126.2.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж, “Тоёота Ланд круйзер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.Майцэцэгийн өмчлөлд тус тус шилжүүлж, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18628312635606 дугаартай, 430 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийн өвлөгчөөр хариуцагч Б.Майцэцэгийг тогтоож,

хариуцагч Б.Майцэцэгээс 175 292 502 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Б.Энх-Амгаланд, 45 434 065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 45 434 065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 45 434 065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цолмонд, 45 434 065 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Дамирт, 45 434 065 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Динара нарт тус тус олгож,

талийгаач Б.Балдан-Осорын нэр дээрх “Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 15-156721 дугаар данс дахь 251 төгрөгийн 41.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 41.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 41.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 41.8 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 41.8 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 41.8 төгрөгийг гуравдагч С.Динарад,

Голомт банк дахь 1809328974 дугаар төгрөгийн данс дахь 1 075 833 төгрөгийн 179 305.5 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 179 305.5 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 179 305.5 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 179 305.5 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 179 305.5 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 179 305.5 төгрөгийг гуравдагч С.Динарад,

Голомт банк дахь 1809328974 дугаар төгрөгийн данс дахь 76 000 төгрөгийн 12 666.6 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 12 666.6 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 12 666.6 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 12 666.6 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 12 666.6 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 12 666.6 төгрөгийг гуравдагч С.Динарад,

Төрийн банк дахь 102700181094 дугаар төгрөгийн данс дахь 81 800 төгрөгийн 13 633.3 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 13 633.3 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 13 633.3 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 13 633.3 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 13 633.3 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 13 633.3 төгрөгийг гуравдагч этгээд С.Динарад,

Төрийн банк дахь 343200147906 дугаар төгрөгийн данс дахь 4 281 145 төгрөгийн 713 524.1 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 713 524.1 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 713 524.1 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 713 524.1 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 713 524.1 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 713 524.1 төгрөгийг гуравдагч С.Динарад,

Хаан банк дахь 5058201636 дугаар төгрөгийн данс дахь 370 098 төгрөгийн 61 683 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 61 683 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 61 683 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 61 683 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 61 683 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 61 683 төгрөгийг гуравдагч С.Динарад,

Хаан банк дахь 5058201636 дугаар төгрөгийн данс дахь 1 769 279 төгрөгийн 294 879.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 294 879.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 294 879.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цолмонд, 294 879.8 төгрөгийг хариуцагч Б.Майцэцэгт, 294 879.8 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 294 879.8 төгрөгийг гуравдагч С.Динарад,

Худалдаа хөгжлийн банк дахь 499202313 дугаар ам.долларын данс дахь 280.40 ам.долларын 46.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 46.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Мөнхболдод,46.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Цолмонд, 46.7 ам.долларыг хариуцагч Б.Майцэцэгт, 46.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Дамирт, 46.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Динарад,

Хаан банк дахь 5077184753 дугаар ам.долларын данс дахь 2096.85 ам.долларын 174.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд, 174.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Мөнхболдод, 174.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Цолмонд, 1223.1 ам.долларыг хариуцагч Б.Майцэцэгт, 174.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Дамирт, 174.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Динара нарт тус тус олгож,

“Есөнбүрд” ХХК /РД: 543019/-ийн энгийн хувьцааны 16.66 хувийг нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил, 16.66 хувийг нэхэмжлэгч Б.Мөнхболд, 16.66 хувийг нэхэмжлэгч Б.Цолмон, 16.66 хувийг хариуцагч Б.Майцэцэг, 16.66 хувийг гуравдагч этгээд С.Дамир, 16.66 хувийг гуравдагч этгээд С.Динара нар тус бүр өвлөх эрхтэй болохыг тогтоож,

нэхэмжлэгч Б.Мөнхболдын “Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18628312635606 дугаартай, 430 м.кв талбайтай газар эзэмших эрхийн өвлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийг,

хариуцагч Б.Майцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаартай, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гараажийг, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрлах, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай, 000327377 тоот гэрчилгээтэй,170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж болон “Тоёота ланд Круизер-200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.Майцэцэгийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох хэсгийг,

гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын “Портер” маркийн, 91-67 УНР улсын дугаартай автомашинаас, “Портер” маркийн, 73-51 УНЧ улсын дугаартай автомашинаас, “Хьюндай майти” маркийн, 91-87 УНЦ улсын дугаартай автомашинаас, “Мицубиши Кантер” маркийн, 45-31 УНТ улсын дугаартай автомашинаас, “Сүзүки аерио” маркийн, 52-85 УНО улсын дугаартай автомашинаас, “Сүзүки свифт” маркийн, 72-95 УНТ улсын дугаартай автомашинаас ногдох хэсэг гаргуулах, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд орших, нэгж талбарын 18628312635606 дугаар бүхий, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй 430 м.кв газраас, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах, нэгж талбарын 18628312660622 дугаар бүхий, газар эзэмших эрхийн 000509941 тоот гэрчилгээтэй, 400 м.кв талбайтай газраас ногдох хэсэг гаргуулах” хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон нар хариуцагч Б.Майцэцэгт холбогдуулан “Есөнбүрд итернэшнл” ХХК-ийн хувьцаанаас оногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 400 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Мөнхболдоос төлсөн 70200 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 3 979 793 төгрөгийг, гуравдагч этгээд Б.Энх-Амгалангаас төлсөн 1 196 599 төгрөгийг, гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нараас төлсөн 1 266 799 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 316 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас 70200 төгрөг гаргуулан хариуцагчид, 70200 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарт, нэхэмжлэгч нараас болон хариуцагчаас тус бүр 598 299 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Б.Энх-Амгаланд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 3 дугаар хэсэг гудамжид байрлах, 95/3, 95/7 тоот орон сууц, гараажийг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэхдээ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-д заасныг тус тус үндэслэлээ болгосон. Энэхүү зохицуулалтыг хэрэглэхдээ уг үл хөдлөх эд хөрөнгийг бий болсон эх үүсвэр, тухайн хөрөнгийг бий болгоход оролцсон гишүүдийн оролцоо, тухайн хөрөнгийн өмчлөгч нь хуульд заасан журмаар тодорхойлогддог тухай бодитой дүгнэлт өгөлгүйгээр орхигдуулан, гэрлэснээс хойш бий болсон хуваарьт хөрөнгө байх боломжгүй мэтээр дүгнэн, зөвхөн гэрлэснээс хойш бий болсон л бол гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө хэмээн үзэх нь энэхүү хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байгаа болно.

Дээрх хоёр орон сууц нь үл хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 109, Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15, 16, 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус заасан журмын дагуу өмчлөх эрх нь үүсэх тул улсын бүртгэлээр өмчлөгч нь тодорхойлогдож байхад хамтран өмчлөгч бий болгосон нь буруу. Түүнчлэн уг орон сууцнууд нь өвлүүлэгчийн 100 хувийн эзэмшлийн “Есөн бүрд” ХХК-ийн бизнесийн зориулалтаар барьж ашиглалтад оруулсан барилга бөгөөд уг компанийн зөвшөөрлийн дагуу анх удаа нас барагчийн нэр дээр бүртгэгдсэн ба гэр бүлийн бусад гишүүдийн оролцоотойгоор бий болоогүйгээс гадна уг орон сууцнуудыг гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан амьдарч байгаагүй зэрэг нь гэр бүлийн өмч гэх үндэслэлийг няцаадаг.

Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодохойлох маргаан буюу гуравдагч этгээдийн шаардлагыг нэхэмжлэгч нарт холбогдуулан шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Б.Энх-Амгалан оролцож хоёр орон сууцыг гараажийн хамт, 03-21 УБГ улсын дугаартай автомашиныг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гээд гишүүнд ногдох хэсгээ гаргуулах шаардлага гаргасан. Ийнхүү шаардлага гаргахдаа нэхэмжлэгч нарт холбогдуулсан.

Гэтэл гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох асуудал нь гэр бүлийн гишүүд хоорондын маргаан байтал нэхэмжлэгч буюу гэр бүлийн ямар нэгэн холбоогүй этгээдэд холбогдуулан шаардлага гаргасан нь буруу тул энэ талаар бид анх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа гаргах үед нь энэ маргааныг бид хариуцах үндэслэлгүйг тайлбарлан хэлж байсан ч шүүх хүлээн авч нэхэмжлэгч нарт холбогдуулан шийдвэрлэж, улмаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нараас гаргуулж, гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Майцэцэг дээрх хөрөнгийг өөрийн хуваарьт хөрөнгө гэдэг бол гуравдагч этгээд Б.Энх-Амгалан гэр бүлийн дундын хөрөнгө хэмээн маргадаг тул хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах ёстой байсан гэж үзэж байна.

Түүнчлэн Б.Энх-Амгалан нь өөрийгээ өвлүүлэгчийн гэр бүлийн гишүүн гэж шаардлага гаргадаг ч өвлүүлэгчийн нас барсан хаягт буюу гэрт оршин сууж, амьдарч байгаагүй болно. Тодруулбал, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83Б байрны 91 тоотод оршин сууц байгаагүй харин Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 16/1 дүгээр байрны 12 тоотод оршин суудаг, насанд хүрсэн этгээд юм. Иймд гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон нар хариуцагч Б.Майцэцэгт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 3 хэсэг гудамж, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаартай, 000327371 тоот гэрчилгээ бүхий 95/3 тоот, мөн хаягт байрлах Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай, 000327377 тоот гэрчилгээтэй, 95/7 тоот тус бүр нь 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гараажийн хамт, “Тоёота ланд круйзер 200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашин, “Есөнбүрд” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, Б.Балдан-Осорын нэрийн харилцах болон хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгө зэргээс ногдох хэсгийг гаргуулах,

нэхэмжлэгч Б.Мөнхболд нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд орших, нэгж талбарын 18628312635606 дугаартай, гэр бүлийн хамтын хэрэглээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 дугаар гэрчилгээтэй, 430 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч Б.Майцэцэг дээрх шаардлага тус бүрийг эс зөвшөөрч “Есөнбүрд” ХХК-ийн хувьцаа болон Б.Балдан-Осорын нэр дээрх банкны мөнгөн хадгаламж тус бүрээс өвлөгч Б.Майцэцэгт оногдох хэсгийг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 3 хэсэг гудамж, 95/3, 95/7 тоот хаягт байрлах, тус бүр нь 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж болон Тоёота ланд круйзер 200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашин зэргийг өөрийн хуваарьт өмч болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Баянголын ам, нэгж талбарын 18628312635606 дугаартай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, 000512366 дугаар гэрчилгээтэй, 430 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарын өвлөгдвөл зохих зүйл биш болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Б.Энх-Амгалан нь нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон нарт холбогдуулан гэр бүлийн дундын хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 3 хэсэг гудамж, 95/3, 95/7 тоотод байрлах, тус бүр 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж болон “Тоёота ланд круйзер 200” маркийн 03-21 УБГ улсын дугаартай автомашинаас гэр бүлийн гишүүний хувьд өөрт ногдох хэсгийг гаргуулах /3хх 70-72/,

гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нар нь нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон, хариуцагч Б.Майцэцэг нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 3 хэсэг гудамж 95/3, 95/7 тоотод байрлах  хувийн орон сууц, гарааж, “Тоёота ланд круйзер 200” маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашин, “Есөнбүрд” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, Б.Балдан-Осорын нэр дээрх банкны хадгаламж болон мөнгөн хөрөнгө, 91-67 УНР, 73-51 УНЧ улсын дугаартай жижиг оврын ачааны автомашин, 91-87 УНЦ улсын дугаартай дунд оврын ачааны автомашин, 45-31 УНТ улсын дугаартай ачааны автомашин, 52-85 УНО, 72-95 УНТ улсын дугаартай, суудлын автомашин зэрэг 6 тээврийн хэрэгсэл, Сонгинохайрхан дүүрэг, Баянголын ам, нэгж талбарын 18628312635606 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 430 м.кв талбайтай, 000512366 дугаар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газраас ногдох хэсгийг гаргуулах бие даасан шаардлагыг тус тус гаргажээ. /3хх 94-97/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Сатыбекова Дамир, Сатыбекова Динара нар нь нас барагч /2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр/ Б.Балдан-Осорын төрсөн хүүхдүүд болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч Б.Майцэцэгийн хувьд түүнтэй 2010 онд гэр бүл болсныг, 2013 онд гэрлэлтээ бүртгүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан байна. /1хх148/

 

Талууд дээрх үйл баримтад маргаагүй ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар тухайн иргэдийг шүүх нас барагчийн хууль ёсны өвлөгч бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд буюу хариуцагч Б.Майцэцэгийн хүү Б.Энх-Амгаланг нас барагчийн эд хөрөнгө болон эрхийг хууль ёсоор өвлөх эрхгүй боловч Б.Балдан-Осор, Б.Майцэцэг нартай хамт амьдарч байсан, түүний гэр бүлийн гишүүн гэж үзсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасантай нийцжээ.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай холбогдуулан нас барагчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгө болон эрхийг Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг үндэслэн өвлөгч Б.Мөнх-Оргил, Б.Мөнхболд, Б.Цолмон, Сатыбекова Дамир, Сатыбекова Динара, Б.Майцэцэг нарт адил хэмжээгээр хуваарилж шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгө болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах хэсгийг тус тус тодорхойлсноор гишүүн бүрт оногдох хэсгийг хуваарилсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, талуудын маргаж буй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 3 хэсэг гудамж, 95/3, 95/7 тоотод байрлах, тус бүр нь 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж, “Тоёота ланд круйзер 200” маркийн 03-21 УБГ улсын дугаартай автомашиныг өвлөгч Б.Майцэцэгийн өмчлөлд шилжүүлж, нэгж талбарын 18628312635606 дугаартай 430 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн өвлөгчөөр түүнийг тогтоосон байна.

 

Дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг үнэлсэн мэргэжлийн байгууллагын үнэлгээг үндэслэн хариуцагч Б.Майцэцэгээс гэр бүлийн гишүүний хувьд оногдох 175 292 502 төгрөг гаргуулж гуравдагч этгээд Б.Энх-Амгаланд, нэхэмжлэгч Б.Мөнхболд, Б.Мөнх-Оргил, Б.Цолмон, гуравдагч этгээд С.Динара, С.Дамир нарт тус бүр 45 434 065 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг, шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөгч нарт адил тэнцүү хэмжээгээр хуваарилж зохигчдын хэн алины эрх ашигт нийцүүлсэн гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн, нас барагч Б.Балдан-Осорын эзэмшиж байсан хадгаламжийн болон харилцах дансны мөнгөн хөрөнгийг тухайн банкуудын лавлагааг үндэслэн хууль ёсны өвлөгч нарт тэнцүү хэмжээгээр хуваарилж, “Есөнбүрд” ХХК-ийн энгийн хувьцааг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын ирүүлсэн баримтад тулгуурлан нэр бүхий өвлөгч нарыг тус бүр 16,66 хувиар өвлөх эрхтэй болохыг тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх, хэргийн үйл баримтад дүгнэлт хийснээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, 3 хэсэг гудамж 95/3 тоот хаягт байрлах 430 м.кв талбайтай газар эзэмших эрхийн өвлөгчөөр тогтоолгох Б.Мөнхболдын нэхэмжлэлийн шаардлага, Сонгинохайрхан дүүрэгт байрлах 95/3, 95/7 тоот тус бүр нь 170 м.кв талбайтай 2 ширхэг хувийн орон сууц, гарааж болон 03-21 УБГ улсын дугаартай автомашин зэргийг өөрийн хуваарьт өмч болохыг тогтоолгох хариуцагч Б.Майцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, бага болон дунд оворын ачааны 6 ширхэг тээврийн хэрэгслээс ногдох хэсгийг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах 430 м.кв, 400 м.кв талбайтай газар тус бүрийн ногдох хэсгийг гаргуулах тухай гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Мөнхболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сод-Эрдэнэ нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “Сонгинохайрхан дүүрэгт байрлах улсын бүртгэлийн Ү-2201037710, Ү-2201037705 дугаарт бүртгэлтэй 95/3, 95/7 тоот орон сууц, гаражийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх нь хэргийн бодит байдалд нийцэхгүй. Өвлүүлэгчийн 100 хувийн эзэмшлийн “Есөнбүрд” ХХК-ийн бизнесийн зориулалтаар барьж ашиглалтанд оруулсан барилга” уг компанийн зөвшөөрлөөр нас барагч Б.Балдан-Осорын нэр дээр бүртгэгдсэн, гэр бүлийн гишүүдийн оролцоотой бий болоогүй” гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах талаар зохицуулсан тул энэ талаар гуравдагч этгээд Б.Энх-Амгалан шаардах эрхтэй. Шүүх хуулийн дээрх заалт болон Б.Энх-Амгалан нь нас барагч, хариуцагч Б.Майцэцэг нарын гэр бүлээс өрх тусгаарласан, гэр бүлийн гишүүнээс гарсан гэх үйл баримт тогтоогдоогүйг үндэслэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, түүнд ногдох хэсгийг уг хөрөнгийн 33 хувь буюу 3/1 гэж зөв тодорхойлон хуваарилсныг буруутгах боломжгүй байна.

 

Харин Б.Энх-Амгалан нь бие даасан шаардлагаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан байхад шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нар болон хариуцагчид холбогдуулан гэж тодорхойлсныг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой гэж үзэв. Өөрөөр хэлбэл, уг шаардлагыг шийдвэрлэхдээ шүүх тухайн хөрөнгийг Б.Майцэцэгийн өмчлөлд шилжүүлсэнтэй холбоотойгоор Б.Энх-Амгаланд гэр бүлийн гишүүнийх нь хувьд ногдох хэсгийн үнийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн байх тул тухайн шаардлагыг хариуцагчид холбогдуулж шийдвэрлэсэн гэж үзэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Б.Мөнхболдын өвлөх эрхтэй холбоотой түүний хууль ёсны эрх ашиг хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 1 034 413 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                                

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА