Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 170

 

Зохигч эвлэрснийг  баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Буяннэмэхийн өргөн чөлөөний гудамж, 55-р байрны 14 тоотод оршин суух Харчин овгийн Батбаярын Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах Шувуутай хийморь ХХК-нд холбогдох 6000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 ны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар  сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Уянга оролцов.   

                                           

Нэхэмжлэгч Б.Мөнхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 02 сарын 22-ны өдөр “Шувуутай хийморь” ХХК-ий барьж ашиглалтанд оруулсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Буяннэмэхийн өргөн чөлөөний 35 айлын орон сууцны 14 тоот 2 өрөө байрыг худалдаж авсан. Худалдах, худалдан авах гэрээнд 2 өрөө байр 42 мкв 1 мкв талбайн үнэ 11000000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж нийт 46200000 төгрөгөөр Төрийн банкны 8%-ийн ипотекийн зээлд 20 жилийн хугацаатайгаар хамрагдан худалдан авсан. Өөрийн 2 өрөө байрандаа 2017 оны 01 сарын 05-ны өдөр “Мандал харш” ХХК-аар хэмжилт хийлгэсэн. Хэмжилтээр 42 мкв байх ёстой байр 37.85 мкв гарсан. Манай байр 4.15 мкв-аар дутсан. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 4565000 төгрөг гарч байгаа юм. Уг байрыг худалдаж аваад 2 жил болж байна. Гэтэл цонхны амалгаа хийгдээгүй улмаас цонхоор салхи нэвт сийгдэг. Цонхоор дулаан алддаг. Байрны цонх чанарын шаардлага хангахгүй 2 шилнийх нь дотор ус урссан, байрны халаалтын систем буюу паар нь 2 өрөө байрыг халааж дийлэхгүй байгаа учир байр хүйтэн. Агааржуулалтын хоолой татдаггүйн улмаас агаар гадагшлахгүй байр чийг дааж, цонх цантаж хана мөөгөнцөрдсөн, нурсан. Салхитай үед чийг агаар гадагшлах байтал хүйтэн салхи өөдөөс үлдээж, асаасан чүдэнз унтардаг. Обой хууларсан, байрны өнцөг мөөгөнцөрдсөн, норсон. Мөн агааржуулалтын хоолойгоор бусад айлын дуу чимээ нэвтэрдэг. Эдгээр зөрчил доголдлыг арилгуулах, засварлуулах шаардлагыг оршин суугчдын зүгээс “Шувуутай хийморь” ХХК-ны захирал Б.Гантогтох, борлуулалтын менежер Б.Өлзийбаяр нарт удаа дараа тавьсан. “Шувуутай хийморь” ХХК-нд маш их гомдолтой байна. Байрны мкв 4.15мкв дутуу мөн аятай тухтай эрүүл саруул амьдрах орчин байхгүй, хүйтэн мөөгөнцөрдсөн, чийг даасан гэх зэрэг шалтгаанаар бие болон эд хөрөнгө, сэтгэл санаагаар маш их хохироод байна. Иймд байрны дутсан 4.15мкв-ын зөрүү 4565000 төгрөг, мөн байрны засварын 1435000 төгрөг, нийт 600000 төгрөгийг “Шувуутай хийморь” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Гантогтох шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Мөнхзаяа нь 2015 оны 02 сарын 22-ны өдөр Худалдах худалдан авах гэрээгээр манай “Шувуутай хийморь” ХХК-аас 42 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1м2-ыг 1100000 төгрөгөөр үнэлэн харилцан тохиролцож худалдаж авсан бөгөөд өдийг хүртэл 2 жил тус байранд амьдарч байгаа билээ. Гэтэл Б.Мөнхзаяа нь байрны м2-ын зөрүү 4.12м2-аар дутаж байна хэмээн 4565000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2 тал анхнаасаа орон сууцны м2-ын зөрүү хэмжээг гүйцэтгэлийн хананаас хана хоорондын зайгаар тооцож гэрээг байгуулан харилцан тохирч гарын үсэг зуралцан орон сууцыг хүлээн авсан. Иймд орон сууцны м2-ын зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Б.Мөнхзаяа нь байрны засвар, үйлчилгээтэй холбоотой асуудлаар 1435000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын засварын мөнгийг бэлнээр өгөх эсвэл байрны засвар үйлчилгээг компаний зүгээс хийж өгөхөд татгалзах зүйлгүй болно. Хэрэв дээрх хариу тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй бол манай компаний зүгээс 2 өрөө байраа эргүүлэн авч Б.Мөнхзаяагийн тус байранд 2 жил суусан ашиглалтын зардлыг хасан үлдэгдэл тооцоог хийн эргүүлэн авч болно гэжээ.

Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Мөнхзаяа би тус шүүхэд Шувуутай хийморь ХХК-аас худалдан авсан 2 өрөө байрны мкв дутуу, засвар хийх шаардлагатай гэж үзэн нийт 6000000 төгрөг нэхэмжилсэн болно. Нэхэмжилсэн мөнгөн дүнг Шувуутай хийморь ХХК-ны захирал Б.Гантогтохтой хэлэлцэн тохирч 4000000 төгрөгийг хүлээн авсан болно. Иймд Б.Мөнхзаяа би цаашид гомдол саналгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Мөнхзаяа нь Дундговь аймгийн Шувуутай хийморь ХХК-нд холбогдуулан 6000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Мөнхзаяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 6000000 төгрөгөөс 2000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, үлдэх 4000000 төгрөгийг 2017 оны 05 сарын 08-нд нэхэмжлэгчид төлж талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Зохигч ийнхүү эвлэрсэн нь Иргэний  хуульд  нийцсэн,  гуравдагч  этгээдийн  хуулиар  хамгаалагдсан  ашиг сонирхлыг  хөндөөгүй  байх  тул  зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгөөс 55475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхзаяа /РД:ЗФ89072104/ нь 6000000 /зургаан сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2000000 /хоёр сая/ төгрөгөөр бууруулж, хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Шувуутай хийморь ХХК /захирал Б.Гантогтох/ нь үлдэх 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг 2017 оны 05 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Б.Мөнхзаяад төлж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 55475 /тавин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шувуутай хийморь ХХК /захирал Б.Гантогтох/-аас 55475 /тавин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхзаяад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.УРАНЧИМЭГ