| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маруушийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 163/2018/0185/Э |
| Дугаар | 0010 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 0010
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Сү.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Гэрэлбаатар
Шүүгдэгч Ц.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга
Хохирогч Ц.А
Хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолтой Ц.Г-т холбогдох 1815001980146 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б-ын гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... Х овогт Ц-ын Г.
Шүүгдэгч Ц.Г нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Мэргэний хөтөл гэх нэртэй газарт ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Б.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Ц.М-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор:
Х овогт Ц-ын Г-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурван/ жилийн хугацаагаар хасаж, 1 / нэг / жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан 1 /нэг / жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохирогч Б гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.2, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1- дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-өөс 5099841 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.А-т олгох, Хохирогч О.Ц оршуулахтай холбогдон гарсан зардал, хохирогч Б.Т, Ц.А нарын эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, иргэний нэхэмжлэгч Х к ХХК–ны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж түүний ял эдлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулга давж заалдах гомдолдоо: “... Ц.Г анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, осолд орох үедээ өөрөө гэмтэл авч цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэж ЭХ-ийн 7.1 дүгээр зүйлийг үндэслэн оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү...” гэжээ
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г-т оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хохирол төлбөрийг гаргуулахад татгалзах зүйлгүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Х овогт Ц-ын Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодон Орхон аймгаас Хөвсгөл аймгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 9.2.т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн Мэргэний хөтөл гэх газарт зам тээврийн осол гарган иргэн Б.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн Ц.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн О.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, иргэн Ц.М-ын амь насыг хохироосон болох нь
хохирогч Ц.А, О.Б, Б.Т, О.Ц, гэрч Ж.М, Т.Ж нарын мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтлийн талаарх 176, 175, 252 дугаартай дүгнэлтүүд, амь хохирогч Ц.М-ын нас барсан шалтгааныг тогтоосон 46 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Тасгийн 46 тоот дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Ц.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Шүүх Ц.Г-өөс 5.099.841 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А-т олгох, хохирогч О.Ц оршуулахтай холбогдон гарсан зардал, хохирогч Б.Т, Ц.А нарын эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, иргэний нэхэмжлэгч Х к ХХК–ны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлагдсан.
Ц.Г-ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Ц.Г нь шийтгэх тогтоол гарснаас хойшхи хугацаанд хохирогч Ц.А-т гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг төлсөн баримтыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд ирүүлсэн байна.
Ц.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх ба уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл /тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд жолоогоо шилжүүлсэн/ нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүний өмгөөлөгч З.Баттулгын давж заалдах гомдлыг хүлээн авч, Ц.Г-т хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн хохирогч нарт учруулсан хохирлоо 3 сарын хугацаанд нөхөн төлөх арга хэмжээ авах үүргийг шүүгдэгч Ц.Г-т хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Ц.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасч,
тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хохирогч нарт учруулсан хохирлоо 3 сарын хугацаанд нөхөн төлөх арга хэмжээ авах үүргийг Ц.Г-т хүлээлгэсүгэй” гэсэн заалт,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ц.Г-т мэдэгдсүгэй” гэсэн заалт,
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар Ц.Г-т тэнссэн хугацаанд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай” гэсэн заалтуудыг тус тус нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулгын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Ц.А-т хохирол төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ц.Г-ийг сулласугай.
5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧ Сү.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН