Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2015/0030

 

Х.Г*******, Ш.С******* нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Х.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э*******, гуравдагч этгээд Х.Г******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 450 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Х.Г*******, Ш.С******* нарын нэхэмжлэлтэй, Н*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Г*******, Ш.С******* нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 332, 2012 оны 11 дүгээр сарын 19-нийөдрийн 353 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 0дугаар сарын 15-ны өдрийн А/201 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартааСонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 10000 мкв газрыг иргэн Х.Г*******т тус дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 332 тоот захирамжаар эзэмшүүлсэн. Тус газрын эзэмших эрхийг 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 тоот захирамжаар иргэн Х.Г*******, Ш.С******* нар шилжүүлэн авсан байна. Анх газар олгохдоо Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн Газрын тухай хуулийг зөрчин хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байна. Н******* 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/201 дугаар захирамжаар иргэн Х.Г*******, Ш.С******* нарт хууль зөрчиж газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосон. Ингэж шийдвэрлэсэн захирамжийг гаргахдаа Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол Засаг дарга өөрөө буюу дээд шатны Засаг дарга хүчингүй болгоно гэсэн эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Засаг дарга өөрийн гаргасан шийдвэрээ хууль зөрчсөн гэж үзвэл өөрөө буюу дээд шатны Засаг дарга хүчингүй болгоно гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн Х.Г*******, Ш.С******* нарт газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэжээ.

Гуравдагч этгээд Х.Г******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний 332 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонд 5.0 га газрыг Б******* ХХК-иас шилжүүлж авсан. Улмаар уг газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний 353 дугаар захирамжаар өөрийн ах Х.Г*******, Ш.С******* нарын нэр дээр шилжүүлсэн бөгөөд одоо миний зүгээс энэ газрыг эзэмшихтэй холбогдон эрх ашиг хөндөгдөх, нэхэмжлэх зүйлгүй болно гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 450 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Г*******, Ш.С******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/201 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдэврлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Т******* давж заалдах гомдолдооНийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/201 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд аж ахуйн зориулалтаар 20000 мкв газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 332 дугаар захирамжийн иргэн Х.Г*******т, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамжийн иргэн Х.Г*******, Ш.С******* нарт холбогдох заалтыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дээрх захирамжууд нь дараах үндэслэлээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн шийдвэр юм.

Дүүргийн Засаг дарга хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн газарт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан нь 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн болно.

Анхан шатны шүүх эдгээр үндэслэлүүдийг дараах байдлаар тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна.Үүнд:

1. Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2007 оны 144 дүгээр захирамжаар "Б*******" ХХК-д олгосон 5.0 га газраас 2008 оны 332 дугаар захирамжаар иргэн Х.Г*******т 2.0 га газрыг шилжүүлсэн, иргэн Х.Г*******ийн эзэмшил газрыг Х.Г*******, Ш.С******* нарт 2012 оны 353 дугаар захирамжаар хувааж эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэгч нарын газарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан зохицуулалт үйлчлэхгүй гэж дүгнэж шийдвэрийн үндэслэл болгосон.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 332 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад иргэн Х.Г*******ийн нэр дээр 2.0 га газрыг "Б*******" ХХК-ийн эзэмшлийн 5.0 га газраас шилжүүлэн эзэмшүүлсэн болохыг дурьдсан боловч, 2 дугаар хавсралтад "Б*******" ХХК-нд 5.0 га газрыг эзэмшүүлэхээр хэвээр үлдээсэн байдаг. Иймээс Х.Г******* нь "Б*******" ХХК-иас газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн аваагүй, харин дүүргийн Засаг дарга Х.Г*******т шинээр дуудлага худалдаа төсөл шалгаруулалт явуулалгүйгээр 2.0 га газрыг эзэмшүүлсэнээрээ Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн шийдвэр гаргасан болно.

Энэ хууль бус захирамжаар олгосон гэрчилгээг шилжүүлсэнээрээ дүүргийн Засаг даргын 2012 оны 353дугаар захирамжийн холбогдох заалт нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр болсон.

2. Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.3-т "Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар..." гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, дулаан, уур, цэвэр, бохир, ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс "Барилгын тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан "барилгын техникийн нөхцөл"-ийг авч болох газар хамаарна" гэж, мөн Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "барилгын техникийн нөхцөл" гэж барилга байгууламжийн дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан, холбоожуулалт, радио, дохиоллын эх үүсвэрт холбох тухай эрх бүхий этгээдээс гаргах шийдвэрийг ойлгоно" гэж заажээ. Иймд Х.Г*******, Ш.С******* нарт эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан "...Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар..." юм.

Шүүх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдиййн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байх тул инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хууль бус дүгнэлт болжээ.

Газрын тухай хууль"-ийн 25.4-т зааснаар " Нийслэл сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна." гэж заасан бөгөөд нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь шугам сүлжээний асуудлыг төлөвлөдөг баримт бичиг биш, зөвхөн эзэмшүүлж, ашиглуулах газрын хэмжээ байршлыг тогтоон төлөвлөдөг биримт бичиг юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдлыг ханган, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 450 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны А/201 дүгээр захирамжаар иргэн Х.Г*******т Газрын тухай хуулийг зөрчиж, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшүүлсэн гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 332 дугаар захирамжийн Х.Г*******т, уг хууль зөрчиж олгосон газрын эрхийг Ш.С*******, Х.Г******* нарт шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Х.Г*******т Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын шалган нэвтрүүлэх товчооны баруун урд талд аж ахуйн зориулалтаар 20000 мкв газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбай, зориулалт байршил өөрчлөх тухай 332 дугаар захирамжаар эзэмшүүлэхдээ Б******* ХХК-ийн 5 га газраас 2 га газрыг Х.Г*******ийн нэр дээр шилжүүлж, үлдсэн газрыг баталгаажуулж авахаар гаргасан хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, кадастрын зураг, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг үндэслэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасны дагуу газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Улмаар Х.Г******* нь өөрийн эзэмших эрх үүссэн 2 га газрыг иргэн Х.Г*******, Ш.С******* нарт шилжүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаар захирамжаар тус бүрт 1 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байх ба нэхэмжлэгч Х.Г*******, Ш.С******* нар өөрсдийн эзэмшлийн газарт хөрөнгө оруулалт хийж, эзэмшиж ашиглаж байгаа талаарх баримт хэрэгт авагджээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байхад хариуцагчаас Дүүргийн Засаг даргын захирамжид Б******* ХХК-ийн 5 га газраас 2 га газрыг Х.Г*******т шилжүүлсэн гэж дурдсан боловч уг захирамжийн хавсралтад Б******* ХХК-д 5 га газар эзэмшүүлсэн тул Х.Г*******т газар шилжүүлсэн гэж үзэхгүй, шинээр газар баталжуулсны дагуу дуудлага худалдаанд орох ёстой байсан гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Хэдийгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 332 дугаар захирамжаар Батцагаан ХХК-д 5 га газрыг эзэмшүүлэх гэж гарсан, хариуцагчаас гаргасан кадастрын зурагт 50000 мкв хэмжээтэй, кадастрын зургаар уг 5000 мкв газар нь нэхэмжлэгч нарын газраас тусдаа байгаа боловч уг захирамжийг үндэслэн гарсан 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд Б******* ХХК 30000 мкв газрыг эзэмшүүлэхээр заасан, түүнчлэн гуравдагч этгээд Х.Г*******т 20000 мкв газрыг шилжүүлсэн баримтуудыг дүүргийн газрын албанаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан байна.

Дээрх зөрүүтэй байдал нь нэхэмжлэгч нарын буруу биш бөгөөд захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагаа байхад хариуцагчаас энэ байдлын талаар нягтлан судалж, холбогдох хяналт шалгалтыг хийгээгүй атлаа шинээр баталгаажуулсан учир дуудлага худалдаа сонгон шалгаруулалт явуулаагүй гэж үзэж нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч нарын шилжүүлэн авсан маргаан бүхий газар нь Б******* ХХК-ийн газраас тусдаа гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчаас тухайн газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хамаарч байгаа гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчдийн газар эзэмших эрх уг газрыг шилжүүлэн авсны дагуу үүссэн, нэхэмжлэгчид тухайн газартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байхад уг нөхцөл байдлыг хянан шалгаж, харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу юм. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэлгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэххэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 450дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН