Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 02

 

      

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн иргэн Ө.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СҮ ЭЦИТХ СҮА ЗД холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 05 дугаар тогтоол, СҮА ЗД-н 2019 оны 09 сарын 02-ны өдрийн Б/34 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагч СҮ ЭЦИТХ Г.Э, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, гэрч Д.Ж, Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Ээлжит бус хуралдаан зарлах” тухай 27 дугаар тогтоолоор сумын ИТХ-ын ээлжит бус 7 дугаар хуралдааныг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагт хуралдахаар товлож хуралдаанаар төсвийн тодотгол, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр тогтоосон. Ингээд хурлын ажлын албанаас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/18 тоот албан бичгээр хурлын төлөөлөгч нарт хурлын тов, хэлэлцэх асуудлыг мэдэгдэж, хэлэлцэх асуудалтай холбоотой бичиг баримтыг хүргүүлсэн.

Хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагаас хуралдах гэсэн боловч хуралдаж чадаагүй, үдээс хойш 15 цагт 22 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлсэн. Хурал эхлэхэд Иргэний хөдөлгөөнийхөн дайрч орж ирж, үймүүлж бужигналдан хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул ийм нөхцөлд хуралдаан хийх боломжгүй тул Монгол ардын намын бүлэг хуралдаанаас завсарлага авлаа гэж мэдэгдэж 11 төлөөлөгч хуралдааны танхимаас гарсан. Гэтэл үлдсэн 11 төлөөлөгч хуралдааныг цааш үргэлжлүүлэн төлөөлөгч Д.Ж-ыг шүүхийн захирамжаар мөнгөн торгуулийн ял сонссон гэсэн үндэслэлээр төлөөлөгчөөс нь огцруулж, сумын Засаг дарга Ө.Б-ыг холбогдох хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр огцруулах саналыг аймгийн Засаг даргад уламжилахаар 04, 05 дугаар тогтоолуудыг гаргасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт хурлын тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсарган хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан.

Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн сумын ИТХ-ын ээлжит бус 7 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд төлөөлөгч Д.Ж, сумын Засаг дарга Ө.Б-тай холбоотой асуудал тусгагдаагүй, шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараагаагүй асуудлыг хэлэлцэж тогтоол гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна.Тэгсэн атлаа Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан хэлэлцэх асуудлаа хэлэлцээгүй орхисон нь нийтийн эрх ашгийг хохироож байгаа бөгөөд зөвхөн намайг огцруулах зорилготой байсан нь харагдаж байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор заасан. Гэтэл Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2017/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, ял шийтгэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон хурлын төлөөлөгч Ш.Т хуралдаанд оруулж, хууль бусаар ирц бүрдүүлэн тогтоол гаргаж, хурлын төлөөлөгчид ялгамжтай хандан, Монгол ардын намын бүлгийг завсарлага авсан хугацаанд бүлэгт мэдэгдүүлэхгүйгээр хуралдааныг хууль бусаар үргэлжлүүлэн, хууль бус шийдвэр гаргаж миний эрх ашгийг хохироолоо.

Хууль зөрчин гарсан хурлын тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр захирамжаар сумын Засаг дарга Ө.Б-ыг огцруулсан нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Иймд Эрдэнэцагаан сумын ИТХ-ын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Сумын Засаг даргыг огцруулах тухай 05 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Эрдэнэцагаан сумын Засаг даргыг огцруулах тухай Б/34 дүгээр захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хүсэж нэхэмжлэл гаргав.

 

  Миний бие Эрдэнэцагаан сумын Засаг даргаар ажиллаж байхад 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар ямар нэгэн үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг огцруулсан үндсэн шалтгаан нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн гэсэн үндэслэлүүд байсан. Миний хувьд хуулийн дагуу ажилласан хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байгаа. Үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх асуудал дээр хуулийн хүрээнд үндсэн чиг үүргийнхээ дагуу ажлаа гүйцэтгэж явсан.

   2018 оныхоо ажлаар аймгийн 13 сумын ажлыг дүгнэхэд 3 дугаар байранд шалгарч байсан. Тийм учраас 2019 оны ажил дуусаагүй ба ажил дүгнээгүй байж ажлын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хууль зөрчсөн, ажлын чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлүүд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хурал явсан процесс нь хууль зөрчиж, хуулийн дагуу олонхийн санал аваагүй байхад огцруулсан нь тухайн хурал нь хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөллийн саналдаа: Эрдэнэцагаан сумын ээлжит бус 7 дугаар хуралдаан нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуралдахаар зарлагдсан байсан. Энэ хуралдаанаар хэлэлцэх асуудлаа нэгдүгээрт тэргүүлэгчдийн хурлаар баталсан байсан боловч хэлэлцэх асуудлын хүрээнд явагдаагүй. Тус хуралдаанаар сумын Засаг даргыг огцруулах асуудлыг нэмж оруулж ирээд “Эрдэнэцагаан сумын Засаг даргыг огцруулах” тухай 05 дугаар тогтоолыг гаргаж сумын Засаг даргыг огцруулсан. Огцруулсан тогтоолыг хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан. ... Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох судалгаа, лавлагаа, гаргах, шийдвэрийн төсөл хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн. Хуралдаанаар Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудалдаа оруулаад хэлэлцэж болно. Тэгэхдээ дээрх заалтыг зөрчсөн.

... Сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/20 тоот албан бичгээр 15 цагт хуралдаанд оролцоно уу гэсэн бичиг хүргүүлсэн. Хуралдааны тэмдэглэлд 16 цаг 30 минутад эхлэв гэж тэмдэглэгдсэн. Хурал эхлэхээс өмнө бэлтгэгдсэн жүжигчилсэн тоглолт байсан гэдэг нь харагдана. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан хурлын тэмдэглэлээс харахад “А” ХХК-д лиценз авахад зөвшөөрлийн бичиг өгсөн, “БХ” ХХК-иас мөнгө авсан гэж буруутган, огцруулах асуудал ярьсан байдаг. Тооллогын комиссын тогтоол дугааргүй гарсан, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар гэсэн /ядаж гарын үсгээ хаана зурахаа мэддэггүй төлөөлөгч нар/ боловч тогтоолд хэдэн төлөөлөгчөөс хэд дэмжсэн, хэд татгалзсан санал өгсөн нь тодорхойгүй.

Ингээд сумын ИТХ 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн сумын Засаг даргыг огцруулах тухай 05-р тогтоол гаргасан. Тухайн тогтоолыг гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэж үзсэн боловч ямар хууль тогтоомжийг хэзээ ямар үйлдлээр зөрчсөн нь тодорхойгүй. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулахаар саналд гарын үсэг зурж хурлын даргад өргөн мэдүүлсэн бол 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн. Одоог хүртэл гарын үсэг зурсан өргөн мэдүүлсэн материалгүй,  хэрэгт байхгүй.

... Хурлын ирц бүртгэгдээгүй учраас олонхи нь яаж бүрдсэн нь тодорхойгүй, хуулийн шаардлага хангаагүй асуудал хэлэлцсэн нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 24.3, энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох судалгаа, лавлагаа, гаргах, шийдвэрийн төсөл хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн.

Монгол ардын намын бүлгийн төлөөлөгчид завсарлага авсан хугацаанд хуралдааныг хууль бусаар үргэлжлүүлж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзсэн тул Аймгийн Засаг даргад уг хуралдаан хууль зөрчсөн талаар 11 төлөөлөгч болон сумын Засаг дарга Ө.Б нарын 12 хүний гарын үсэг бүхий асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг хүссэн хүсэлтийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн. Уг хүсэлтэд Аймгийн Засаг дарга хариу өгөөгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Өргөдөл гомдолд хариу өгөх тухай хуульд зааснаар аймгийн Засаг дарга дээрх хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй, ёстой. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй. Одоо хүртэл хариу өгөөгүй.

Харин 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 тоот захирамжаар Ө.Б-ыг огцруулсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.8, 32.2, 32.3, 32.7, Захиргааны ерөнхий хуулийн  40.5.2-г үндэслэн захирамж гаргасан. Аймгийн Засаг даргад Эрдэнэцагаан сумын Засаг даргыг огцруулах эрх хуулиар олгогдсон. Уг эрх олгогдсон заалтыг үндэслэсэн. Гэхдээ эрх бүхий албан тушаалтан, захиргааны байгууллага захиргааны акт гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан. Аймгийн Засаг дарга захирамж гаргах ажиллагаандаа эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй Ө.Быг оролцуулах, 15 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлэх, Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй байтал уг үүргээ биелүүлээгүй. Дээрх ажиллагааг явуулаагүйг учраас хуулийн заалтыг зөрчсөн. Захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэж заасан. Сонгох боломжит хугацааг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт 5 хоног гэж хуульчилснаар сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн. Ийм шийдвэрийг гаргах ашиг сонирхол аймгийн Засаг даргад байсан. Тийм ч учраас хуульд заасан үйл ажиллагааг явуулахгүйгээр тухайн шийдвэрийг гаргасан. Үүнийг сая шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох нэр бүхий 8 хүний тодорхойлолтод тодорхой харагдана. Аймгийн Засаг дарга болон сумын ИТХ нь Эрдэнэцагаан суманд их хэмжээний хадлан хадуулах сонирхолтой байсан. Энэ сонирхлыг нь сумын Засаг дарга Ө.Б гүйцэлдүүлээгүй. Сумынхаа нийт ард иргэдийн эрх ашигийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байсан. Хуйвалдааны зорилгоор огцруулах шийдвэр гаргасан гэж тодруулж хэлмээр байна. 

Хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж огцруулсан. Гэхдээ ямар хууль тогтоомж зөрчсөн, ямар чиг үүрэг хэрэгжүүлээгүй талаар дурдаагүй. Үүний үндэслэлээ тайлбарлахдаа аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/33 тоот захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан хэмээн нотлох баримт ирүүлсэн. Аймгийн Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан энэ үндэслэл нь тус сумын ИТХ-аар Ө.Б-ыг огцруулсан үндэслэл биш. Гал түймрийн асуудлаар сахилгын шийтгэл ногдуулсан. Нийт сумдын удирдлагуудад гарсан зөрчил дээр арга хэмжээ авсан. Харин огцруулсан асуудал нь энэ захирамжийн үндэслэлтэй нийцэхгүй. Энэ захирамж хэрэгжээгүй, цаг хугацааны хувьд ч хэрэгжих боломж байгаагүй, цаас болон үлдсэн.

Хэрэг шалгах явцад хариуцагч талаас нэхэмжлэгчийг хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдгийг батлахын тулд хэд хэдэн хүсэлт гаргуулж шалгуулсан. Үндсэндээ гаргасан шийдвэрийнхээ араас явж шалгуулсан. Энэ үндэслэлүүд нь нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа.

Нэгдүгээр үндэслэл нь: Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт албан бичиг явуулсан гэж буруутган, хариуцагч талын хүсэлтээр нотлох баримт цуглуулсан боловч энэ нь нотлогдоогүй, Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсонгүй. Ашигт малтмалын тухай хууль маш том хууль байгаа. Зөвхөн нэг Засаг дарга албан бичиг явуулснаар тэнд зөвшөөрөл олгогддог зүйл байхгүй. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлахад яригдах байх гэж үзэж байна.  

Хоёрдугаар үндэслэл нь: Багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлийг бусдад өгсөн нь хууль зөрчсөн гэж хүсэлт гарган, нотлох баримт бүрдүүлэн шалгуулсан боловч багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ө.Б-н мэдүүлэг, аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газрын тогтоол, бусад нотлох баримтаар Байгууллагын нууцын тухай хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсонгүй.

Гуравдугаар үндэслэл нь: Худгийн асуудлаар буруутгасан, нотлох баримтаар үгүйсэгдсэн. Чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гадаадад томилолтоор яваагүй гэж буруутгадаг. Энэ нь гадаад аялалаас чөлөөлөхийг хүссэн өргөдөл хүсэлт, эмнэлгийн магадлагаа нотлох баримтаар үгүйсгэгдэнэ. Хариуцагч тал гаргасан шийдвэрээ батлах гэж араас нь хөөж шалгуулаад ч тогтоож, нотолж чадсангүй. Үүгээр тус сумын ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэл нь үгүйсгэгдэнэ. Хууль бус болох нь тогтоогдож байна гэж үзэж байна.

Энэ шийдвэрүүдийг гаргахад ялангуяа сумын Засаг даргыг огцруулахад маш том хуйвалдаан явагдсан. Энэ хуйвалдаанд аймгийн Засаг дарга, түүний гар хөл болсон хүмүүс, сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, сумын ИТХ-ын төлөөлөгч нар оролцсон. Огцруулах шийдвэрийг хууль бусаар гаргахад авилга албан тушаал, хээл хахуулийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл явагдсан. Энэ асуудлыг өнөөдөр бид шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгч байна. Цаашдаа ч гэсэн холбогдох зохих газруудад хандаж хуулийн хүрээнд шалгуулна. Мөн 8 дугаар хуралдаан хууль бус явагдсан. Огцруулсан хурлын тогтоол нь хууль зөрчиж гарсан, түүнийг үндэслэн гарсан аймгийн Засаг даргын захирамж ч хууль бусаар гарч эрх ашгийг хохироосон. Тэр ч байтугай авилга, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж, хээл хахууль авч өгөлцөж энэхүү шийдвэрийг гаргасан нь хурлын төлөөлөгчдийн тодорхойлолт, ярианы бичлэгээр нотлогдож байгаа юм. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

            Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн иргэн Ө.Б-ыаймгийн Засаг даргын 2019 оны Б/53 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

            Эрдэнэцагаан сумын Засаг даргаар ажиллаж байсан Ө.Б нь аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, аймгаас зохион байгуулж буй аймаг улс олон улсын чанартай арга хэмжээнүүдэд оролцдоггүй, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлдэггүй зэргээр төрийн удирдлагын нэгдмэл тогтолцоо, төрийн албаны удирдах удирдуулах ёсыг үл биелүүлэн ажиллаж байсан тул удаа дараа сануулж арга хэмжээ авч байсан.

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас сумын Засаг даргаар ажиллаж байсан Ө.Б-ыг огцруулах асуудлыг олонхиийн саналаар шийдвэрлэж тогтоолыг өргөн барьсан байдаг. Тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт зааснаар уг өргөн барьсан асуудлыг аймгийн Засаг дарга 5 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Энэ үүргийн хүрээнд нэгэнт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар олонхи нь огцруулах саналыг өргөн барьсан тул тус саналыг дэмжиж Ө.Б-ыг сумын Засаг даргаас огцруулсан тул хууль зөрчсөн аливаа үйлдэл байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

            Хариуцагч Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Б-ын эхэмжлэлтэй захиргааны хэрэгт Эрдэнэцагаан сумын ИТХ-ын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “сумын Засаг даргыг огцруулах тухай ” 05 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

            2019 оны 08 дугаар сарын 28-аас 30-ны өдрүүдэд үргэлжлэн хуралдсан сумын ИТХ-ын 7 дугаар хуралдаан 22 төлөөлөгч хүрэлцэн ирснээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт зааснаар “аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаан тухайн Хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно ” хурал хууль ёсны ирцтэй хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “хуралдааныхаа дэгийг тухайн хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасны дагуу сумын ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдаанаар батлагдсан “Эрдэнэцагаан сумын ИТХ-ын хуралдааны дэг”-ийн 3-т “хэлэлцэж байгаа асуудлаар намын бүлэг завсарлага авч болно. ...Завсарлага авахдаа хуралдааны дарга болон нарийн бичгийн даргад амаар болон бичгээр мэдэгдэж хуралдааны тэмдэглэлд тусгуулна ” гэж заасан. Хуралдааныг нээгээд асуудал хэлэлцэж эхлээгүй байхад төлөөлөгч Д.Ж, Ц.Н, Г.АО нарын нэр бүхий төлөөлөгч нар хурлыг орхин гарсан. Дараа нь хэд хэдэн хүн хуралдааны явцын дунд ямар нэгэн тайлбаргүйгээр гарч явсан. Асуудал хэлэлцэж эхлээгүй байхад хуралдааныг шалтгаангүйгээр нийт 10 төлөөлөгч орхин гарсан, хэлэлцэж байгаа ямар асуудлаар завсарлага авч байгаагаа мэдэгдээгүй хэд хэдээрээ хурлыг орхин гарсныг МАН-ын бүлэг завсарлага авсан гэж үзэхгүй байгаа. Энэ талаараа мөн тэмдэглэлд тусгуулаагүй байдаг.

Иймээс Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж зааснаар хурал хууль ёсны ирцтэй хүчин төгөлдөр болсон. Нийт 21 төлөөлөгч санал хураалтад оролцсон гэж үзэн 10 төлөөлөгч нь эсрэг санал өгсөнд тооцогдон 11 төлөөлөгч дэмжсэн санал өгч хурлын шийдвэр хууль ёсны болсон.

Ш.Т хурлын төлөөлөгчөөс огцруулсан тогтоол гаргаагүй учраас түүнийг хуралдаанд оролцуулахгүй байх үндэслэлгүй гэж үзсэн. Ш.Т төлөөлөгчөөс огцруулах талаар эрх бүхий этгээдүүдээс хуралд санал оруулаагүй.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “хурлын тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэсэн эрхийнхээ дагуу сумын Засаг даргыг огцруулах саналыг нэр бүхий төлөөлөгчөөс гаргасан. Сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаанд оролцсон төлөөлөгчид бүрэн дэмжсэнээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээллийг төлөөлөгч болон Засаг даргад танилцуулсан. Засаг дарга хуралд оролцож холбогдох тайлбараа гаргах боломжоор хангасан.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга хууль тогтоож зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны хурал түүний бүрэн эрхийг хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэсэн бүрэн эрхийнхээ дагуу сумын ИТХ нь Засаг дарга Ө.Б-ыг Сүхбаатар аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 1/133 НАГ-2019-06/НА дугаартай албан шаардлагаар Төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, хээрийн түймэрт гал унтраах бүлгийг гаргаж ажиллуулаагүй зэрэг хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэн огцруулах саналыг аймгийн Засаг даргад уламжилж шийдвэрлэсэн.  

Хэд хоногийн өмнө намайг огцруулах талаар 20 төлөөлөгч хурал зарлаж, 12 дэмжиж намайг огцруулсан. Огцруулах талаар 4 үндэслэл бичсэн байсан. Энэ 4 үндэслэлийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг надаас хариу авч байна гэж ойлгож байна. Ямар нэгэн улс төрийн хувьд буруу санасан зүйл байгаагүй. Энэ талаар дараа нь хэлье гэж бодож байна. Тайлбараа бичгээр өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд нийт 22 төлөөлөгч ирсэн байгаа. Хуульд заасан ирцтэйгээр хуралдсан. Хуульд нийцсэн гэж үзэж байна. Засаг даргыг огцруулах асуудлыг 3/1 буюу 9 төлөөлөгч сумын ИТХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг  олонхиоороо шийдсэн байгаа. Огцруулах үндэслэл хууль зөрсөн гэж үзсэн. Ой хээрийн түймрийг бүлэг анги гаргаж унтраагаагүй. Хууль зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаарх бүх асуудлыг өмгөөлөгч танилцуулна гэв.

  

Гуравдагч этгээд Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 11-нд Эрдэнэцагаан сумын Монгол ардын намын бүлгийн хурал дээр дуудаж Засаг даргаар ажиллуулах тухай санал тавьсныг миний бие хүлээн авч мөн өдрийн орой сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Засаг даргаар томилох тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарч аймгийн Засаг даргад хүргэгдсэн юм. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн СҮА ЗД-н Б/35 тоот захирамжаар тус сумын Засаг даргаар томилогдсон болно гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөллийн саналдаа: ... Нэхэмжлэлийн дөрвөн үндэслэл байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь “Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар тогтоол”-ыг хүчингүй болгох байгаа. Тухайн тогтоолыг гаргахдаа ирц хүрээгүй, нийт 22 төлөөлөгчөөс ирц бүрдээгүй байхад хурал хуралдсан гэх нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл нь байна. Үүнийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 23 дугаар зүйлийн 23.9 дэх хэсэгт заасныг үндэслэн ирц бүрдсэн гэж үзэж байна. Ирц бүрдсэн талаарх тэмдэглэлийг ажлын албанаас гаргаж өгсөн байгаа. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нийт 22 төлөөлөгч ирсэн. Чөлөөтэй нэг, алс яваа хоёр, тасалсан нэг гэсэн ирцийн мэдээллийг хавтаст хэрэгт өгсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9 дэх хэсэгт “хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасан. Нийт 11 төлөөлөгч дэмжсэн талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. 10 төлөөлөгч хурлыг орхиж гарсан. Завсарлага аваагүй. Нэг төлөөлөгч хуралд суухгүй гэж чөлөө авсан. А төлөөлөгч “би энэ хуралд суухгүй, хөдөө явах ажилтай болчихлоо. Хоёрдугаарт ийм хуралд суухгүй гэж” үндэслэлээ хэлээд, чөлөө аваад хурлаас гарсан гэж үзэж байна. Хурлын тэмдэглэл дээр хэлсэн үг нь байгаа. Үүнийг нотлох баримт шинжлэн судлахад танилцуулна. Манай намын бүлэг завсарлага авсан гэж ярьдаг. Завсарлагыг яаж авах талаар дэгт заасан байгаа. Ямар асуудлаар яаж авах вэ? хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, намын бүлэг завсарлага авч болно гэж заасан. Намын бүлэг завсарлага авахдаа ямар үндэслэлээр завсарлага авахаа хэлнэ. Хэдэн минут завсарлага авах саналаа гаргаагүй. Гарч явах замдаа хэлсэн талаар тэмдэглэлд байгаа. Намын бусад төлөөлөгч нар сууж байгаа. Монгол ардын намын бүлгийн дарга Ж гарч явахдаа хэлсэн.

Дэгийг уншихаар “намын бүлэг завсарлага авч болно, 1 удаа 30 минутаас 1 цаг байна, хуралдааны дарга болон нарийн бичгийн даргад амаар болон бичгээр мэдэгдэж, тэмдэглэлд тусгуулна хуралдааны дарга хэлэлцэж байгаа асуудлаас нь шалтгаалаад завсарлагын хугацааг, тогтоож мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу завсарлага авагдаагүй. Тийм учраас завсарлага аваагүй хурлыг орхиж гарсан гэж үзэж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.

2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн  орой 17 цагт төлөөлөгчид санал гаргасан. Санал гаргах эрх нь төлөөлөгчид хуулиар олгогдсон байгаа. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 08 цагт хурал эхлэх талаар төлөөлөгч нарт танилцуулсан. Засаг даргад 2/20 тоот албан бичиг явуулсан. Амаар болон албан бичгээр мэдэгдсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл сонсох ажиллагааг ямар хэлбэрээр хийх вэ? гэхээр сонсгол хийх маягаар хийнэ. Тэгэхээр хавтаст хэргийн 47, 48, 49 дүгээр хуудсанд байгаа. Ө.Б нь өөрийн биеэр оролцож сумын Засаг даргыг огцруулах асуудалд өөрийн санал тайлбар хэлээд, сонсох ажиллагаанд өөрийн биеэр оролцсон. Тэгэхээр үүнийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг нь ямар агуулгатай гэхээр эрх ашиг нь зөрчигдсөн этгээдэд сонсох ажиллагааг хийх, мэдэгдэх, оролцуулах боломжоор хангуулах агуулгатай зохицуулалтыг хийсэн. Энэ зохицуулалтыг хийсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийх боломжит хугацаанд хийсэн.

Орой ажил тарж байхад ирсэн. Өглөө ажил цуглахад мэдэгдсэн. Өөрийн биеэр ирж оролцсон санал хүсэлтээ хэлсэн. ... Тогтоолын үндэслэл дээр хууль тогтоомж зөрчсөн. Өргөн барьсан саналд 5 үндэслэл дурдсан байгаа. Үүнд:

Нэгдүгээрт: Шилийн гол аймагт айлчилж, хоёр орны хамтын ажиллагааны уулзалтад оролцож олон асуудал шийдвэрлэх байсан ч оролцоогүй.

Хоёрдугаарт: Санамж бичиг солилцон ажилласан бөгөөд тус уулзалтад оролцож сум орон нутгийн шинжтэй асуудлаа шийдвэрлүүлээгүй. Гурав, дөрөв дэх асуудал нь цэвэр хууль зөрчсөн асуудал байгаа.

Гуравдугаарт: Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газраас төлөвлөгөөний дагуу 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтад хийсэн хяналт шалгалтаар 40 сая төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн болохыг тогтоосон.

Дөрөвдүгээрт: 2019 оны 7 дугаар сард өөрийн сумын нутаг дэвсгэрт гарсан гал түймрийг унтраах ажилд хайхрамжгүй хандаж, аймгийн Засаг даргын албан даалгаврыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учирсныг мэргэжлийн байгууллага тогтоосон.

Тавдугаарт: Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хадлангийн газар олголт, уул уурхайн компаниудтай харилцахдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн. Хууль зөрчсөн гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллага тогтоосон. Үүнийг процессын хуульд заасны дагуу хууль ёсны ирцтэйгээр буюу 22 төлөөлөгчтэй хурал хийсэн. Тогтоолыг баталсан санал нь 12 төлөөлөгчтэй оролцсон. Нэг төлөөлөгч чөлөө авч гарсан тул эсрэг санал өгсөнд тооцож, 12 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч дэмжсэн. Тухайн саналыг хууль ёсны гэж үзэх үндэслэлтэй. Дээрх хоёр асуудлын хүрээнд хууль зөрчсөн гэдгийг хариуцагч аймгийн Засаг дарга хариу тайлбартаа дурдсан. Тийм учраас хууль зөрчсөн нь холбогдох мэргэжлийн байгууллага тогтоосон учраас үүнийг дахин дахин яриад байх шаардлага байхгүй. Маргаж байгаа үндэслэл нь тус хурал процессын дагуу явагдаагүй гэж маргасан. Хурал хүчинтэй болсон эсэх асуудалд маргаан гараагүй. Тогтоол хүчингүй болгуулах талаар маргаж байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг хэлэлцсэн гэж байна. Хуульд хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг хэлэлцэхгүй гэсэн зохицуулалт байхгүй. Хуульд юу гэж байгаа вэ? гэхээр “хурлын дарга тухайн шатны Засаг даргыг томилуулах, чөлөөлүүлэх огцруулах асуудлыг хүлээн авах эсэх асуудлыг хуралд оруулах эрхтэй” Энэ эрхийнхээ дагуу тухайн саналыг оруулсан. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг тогтооно гэсэн байгаа болохоос биш. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална гэсэн асуудал байхгүй. Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг хэлэлцэхгүй гэсэн зохицуулалт байхгүй. Тийм учраас хурал өөрөө хэлэлцэх асуудлын жагсаалтдаа өөрчлөлт оруулаад, тухайн асуудлыг хэлэлцье гээд олонхиороо шийдвэрлэж хэлэлцсэн нь хуулийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн өөр бусад асуудал дээр тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Нотлох баримт шаардсан авсан нотлох баримттай холбоотой асуудлыг  нотлох баримт шинжлэн судалсны дараа тайлбар хэлнэ. Плаш дискээр авагдсан аудио бичлэг болох нотлох баримтыг шинжлэн судлахыг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар авагдаагүй нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлуулахгүй гэв.

 

Гэрч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ээлжит бус 7 дугаар хуралдаан зарлагдсан. Хурлыг зарласан тухай тараасан материалд газар зохион байгуулалт, төсвийн тодотгол гэсэн хоёр асуудлыг хэлэлцэнэ гэсэн материал тараагдсан. Миний хувьд тус сумын ИТХ дахь Монгол ардын намын бүлгийн даргаар ажилладаг. 08 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг өнгөрөөд хурлын нарийн бичгийн дарга Оюун-Эрдэнийн өрөөнд сумын Засаг даргын орлогч АО-той хамт орсон. Маргааш хурал болох гэж байна. Хуралд оруулах ямар нэгэн асуудал байна уу? ямар нэгэн санал орж ирсэн үү? гэхэд ирээгүй гэж хэлсэн.

Тэгээд маргааш тус хурал 09 цагт эхлэх байсан боловч 10 цагт эхэлсэн. Хурал эхлэхийн өмнө би хурлын даргын өрөөнд орсон. Хуралд ямар нэгэн асуудал мэдэгдсэн зүйл байна уу? гэхэд одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй байна гэсэн. Яагаад тэгж асуусан бэ? гэхээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан. Миний хувьд яагаад тэгж асуусан юм бэ? гэхээр тухайн хуралд зохих шийдвэр гаргах учраас асуусан.

ИТХ-ын нарийн бичгийн дарга ОЭ төлөөлөгч Ч.А-гийн мэдүүлснээр хоёр асуудлыг хэлэлцэнэ гэж оруулж ирсэн. Нэг дэх асуудал намайг огцруулах талаар оруулж ирсэн. Энэ асуудалд нилээн маргаан үүсэн. Хэдийгээр намайг буруутгаж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн өнөөдөр та бидний гар дээр ирээгүй байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр төлөөлөгчийг огцруулах талаар шийдвэр гаргана гэж хуульд заасан. Хүчинтэй, хүчин төгөлдөр гэж хоёр өөр шүү гэдгийг хурлын даргын өрөөнд ч хэлж байсан. Хурал дээр ч хэлж байсан. Нилээн маргаан болж, хурлын даргын хувьд завсарлага авъя гээд хурал завсарласан. Энэ хооронд та нар асуудлыг шийд гэж хурлын дарга хэлсэн. Ингэж гараад 14 төлөөлөгч бүлгийн хурал хийсэн. Тэгээд манай бүлэг дээрх асуудлын хүрээнд ярилцаад хуралд суухгүйгээр тодорхойгүй хугацаагаар завсарлага авъя гэсэн шийдэлд хүрсэн. Хуралдаан 15 цагт дахин эхэлсэн. Тэгээд хурлын даргын хувьд Д.Ж-ын талаар авч хэлэлцэхээ болъё гээд хурлыг нээе гэж хэлсэн.

Тэгээд хурлыг нээх гэж байтал гаднаас нилээн хэдэн хүн орж ирсэн. Гаднаас хөдөлгөөний хүмүүс орж ирээд, хурал замбараагүй болсон учир Монгол ардын намын бүлгийн даргын хувьд хурал хийх нөхцөл бололцоо байхгүй байна гэж хэлээд завсарлага авъя гээд гарсан. 14 төлөөлөгчөөс 13 төлөөлөгч гарсан. Тэгээд 13 төлөөлөгчгүйгээр хурал цааш үргэлжилж намайг огцруулах талаар хурал болсон. Намайг болон Засаг даргыг огцруулах талаар асуудалд мөнгө төгрөгний асуудал гарсан байсан. Мөн 26-ны өдрийн шүүх хуралд улс төрийн нөлөө орсон гэж бодож байна. ИТХ-ын дарга Г.Э бид хоёр Убаатар хотод сургалтанд сууж байхад хурлын дарга аймаг руу явж аймгийн Засаг даргатай уулзах ажил байна гээд надтай хамт явъя гээд ирсэн. Тэгээд хурлын дарга аймгийн Засаг дарга байхгүй байна. Нэг хүнтэй уулзлаа гэж хэлсэн. Тэгээд тэр хүн нь намайг дуудаж уулзаад, Ө.Б-ыг огцруулах хэрэгтэй байгаа учраас чи хэрэгтэй байна гэж хэлсэн. Мөн чи намын дэд дарга бол гэж хэлсэн. Тийм учраас чи Ө.Б-ыг огцруулах энэ асуудалд оролцох хэрэгтэй гэж хэлэхээр нь би төрсөн ах шиг хүндээ тэгж хандаж чадахгүй. Нэг нутаг усанд амьдардаг. Миний үр хүүхэд ч гэсэн амьдрах учраас тэгж чадахгүй гэж хэлэхэд за яах вэ? дараа нь чи мэдэрнээ гэж хэлсэн. Сумын Засаг дарга гурван удаа хурал хийх гэж үзсэн боловч хурал хийх шаардлага байхгүй гэсэн. Аймаг төсвөө хийгээгүй байхад төсвийн тодотголыг хийх шаардлага байхгүй гэсэн шалтгаанаар буцааж байсан. Тэгээд дөрөв дэх удаагаа дахин оруулж ирсэн. Тухайн үед би 08 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралтай учир тус хурлыг өмнө нь хийх арга байна уу? гэхэд тийм боломж байхгүй 28-ны өдөр хийнэ гэсэн. Миний хувьд аймаг төсвөө тодотгоогүй байхад төсвийн тодотголыг хийх шаардлага байхгүй гэсэн саналаа хэлсэн боловч олонхиороо шийдэж 28-ны өдөр хурлыг зарласан. 26-ны өдөр анхан шатны эрүүгийн шүүхийн шийдвэр нь намайг буруутгасан шийдвэр гарсан. Өмнөх шүүхийн шийдвэрээр намайг цагаатгасан дараагийн шүүхийн шийдвэр буруутгасан. Үүнд улс төрийн нөлөө орсон гэж бодож байна. Учир нь би үгүй гэж хэлснийхээ төлөө улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэж бодож явдаг. Энэ асуудалд хүн чанарын асуудал байвал байхаар асуудал байсан.

   Миний хувьд Монгол ардын намын бүлгийн дарга. Намайг хурлын дарга нэг өдөр дуудаад Ш.Т эрүүгийн хуулиар ял шийтгэл авсан байна. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоолоор хүчин төгөлдөр болсон байна. Одоо яаж шийдэх вэ? гэж надаас асуухад би үүнийг хуралд оруулж шийдэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн. Мөн Ш.Т огцруулах талаар хэдэн төлөөлөгч гарын үсэг зурж санал гаргаж байсан боловч шийдэгдээгүй. Зарчмын хувьд хуулийн дагуу төлөөлөгчөөс огцруулах ёстой хүнийг нь огцруулаагүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад намайг огцруулах шийдвэр гаргаж байгаа нь хурлын даргын хувьд хүнийг ялгаварлан гадуурхаж байна. Мөн хурлын чиг үүргийг хэрэгжүүлж чаддаггүй гэдэг нь эндээс харагдаж байгаа. Үүгээр ч тогтохгүй энэ хүмүүс 09 дүгээр сарын 10-даар 8 төлөөлөгч сууж байгаад Хятадын компанид их хэмжээний хадлангийн зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаж байсан. Тэгэхээр над шиг хүмүүсийг яаж бол яаж залилахаар хүмүүс байгаа гэв.

 

Гэрч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны Эрдэнэцагаан сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хуралдааны дэгийг баталсан. Сумын Засаг дарга Ө.Б-ыг огцруулах талаар 9 төлөөлөгч 5 үндэслэлээр санал гаргасан талаараа хэлье:

 

1. 2019 оны 06 дугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт айлчилж, хоёр орны хамтын ажиллагааны уулзалтад оролцож олон асуудал шийдвэрлэх байсан ч оролцоогүй. Энэ бол сум орон нутгийн хөгжил байсан. Эрдэнэцагаан сумын Засаг даргын хувьд очиж оролцох ёстой. Тухайн уулзалтад оролцоогүй нь нэгдүгээрт иргэдээ хүндлэхгүй байна. Хоёрдугаарт сум орон нутгийг доош нь татаж байна гэж үзэж байна. 

2. Мөн дээрх арга хэмжээний мөрөөр 2019 оны 08 дугаар сард Монгол улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны хил орчмын зургаан аймаг албан уулзалт зохион байгуулж, санамж бичиг солилцон ажилласан бөгөөд тус уулзалтад оролцож сум орон нутгийн шинжтэй асуудлаа шийдвэрлүүлээгүй. Энэ бол Эрдэнэцагаан сум болон Сүхбаатар аймгийн хөгжил шүү.

3. 2019 онд Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газраас төлөвлөгөөний дагуу 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтад хийсэн хяналт шалгалтаар 40 сая төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн болохыг тогтоосон. ИТХ-аар сум хөгжүүлэх сангийн хөрөнгө батлагддаг. Энэ мөнгийг сумын иргэдэд хүүгүй зээл олгох ёстой байдаг. Сумын иргэдийн төлөөлөгч нар өөрсдөдөө зээл  олгосон. Энэ бол албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж байна гэж үзэж байна. 2018 оны 04 дүгээр сард сумын иргэдийн төлөөлөгч нарын уулзалт болсон. Баруун аймгууд сум хөгжүүлэх сангийнхаа мөнгийг сумынхаа иргэдэд хүүгүйгээр олгодог юм байна лээ. 2018 онд Д.Ж 30 сая төгрөг, А хурлын төлөөлөгч 20 сая төгрөг, Батзоригт 30 сая төгрөгийн санхүүжилт авсан. Үүнийг албан тушаалаа хэтрүүлсэн гэж үзэж байна.

4. 2019 оны 7 дугаар сард өөрийн сумын нутаг дэвсгэрт гарсан гал түймрийг унтраах ажилд хайхрамжгүй хандаж, аймгийн Засаг даргын албан даалгаврыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учирсныг мэргэжлийн байгууллага тогтоосон.

5. Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хадлангийн газар олголт, уул уурхайн компаниудтай харилцахдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа талаар удаа дараа иргэд, аж ахуйн нэгжээс гомдол гарч байна. ... 9 төлөөлөгч Ө.Б-ыг огцруулах талаар санал гаргасан. 9 төлөөлөгчийн нэрийг дурдаад явъя гээд Ч.А, Ц.Н, С, С.А, Ш.Т, Б, Б, Г.Э /гарын үсэг зураагүй / Ж нар байсан. Иргэдийн хуралд бол тухайн саналыг авч хэлэлцэх бүрэн эрх байдаг.

... Ө.Б дарга нь 2016 оны 11 дүгээр сард Засаг дарга болсон. Ажлаа хүлээж аваад сар гарны дараа сумын иргэдийн хурал хуралдаагүй байхад “А” компанид 200 га талбай өгье гээд зөвшөөрөл олгох талаар яам руу бичиг явуулсан байсан. Энэ талаар би У сайд руу өргөх бичиг барьсан. Ө.Б нь албан тушаалаа хэтрүүлээд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “А” компанид зөвшөөрөл олгоё гээд тодорхойлолт хийж өгсөн байдаг. Үүний дагуу тусгай зөвшөөрлийг 2017 оны 04 дүгээр сарын 17-нд олгосон байсан. Энэ асуудал нь сумын ИТХ-аар батлагдсан тохиолдолд яам руу бичиг явах ёстой. Миний хувьд У сайдад хандсан. Тэгээд У сайд надад энэ талаарх бичгийг яамнаас авч өгсөн. 2019 оны 06 дугаар сард Эрдэнэцагаан сумын багийн хурал хийсэн. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 01/184 тоот гэсэн албан бичгээр А” компанийн замын асуудал шийдсэн хуурамч бичиг гаргасан байсан. Энэ талаар би аймгийн Засаг даргаас авсан. Энэ бичиг нь олдохгүй байсан. Нууц байх ёсгүй. Ө.Б-ы гарын үсгийг хуурамчаар зурахгүй. 2019 оны 07 дугаар сараас эхэлж “А” компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гээд аймгийн Засаг даргад бичиг явуулсан байсан. Бидний зүгээс “А” компанийн үйл ажиллагааг зогсоох гээд Улаанбаатар хотоос 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хөдөлгөөн дуудаж авчирсан. Тэгээд Ө.Б нь өөрөө 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр захирамж гаргаж тухайн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Ө.Б нь хуурамч бичиг баримтуудыг аймгийн Засаг дарга болон яаманд өгдөг. Ингэж албан тушаалаа хэтрүүлэн ажиллаж болохгүй.

... Дөрөвдүгээр багийн хурлын дарга Ө.Б нь нэг өдөр намайг Ө.Б дарга өрөөндөө дуудаад хурлынхаа тэмдэглэлийг аваад ир гэхээр өгсөн. Чи ажилтай бол явж бай би энэ бичгийг үзчихээд өгье гэж хэлсэн байсан. Тус багийн хурал дээр тухайн зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй байна. Учир нь манай багийн нутаг дэвсгэрт 6-7 нүүрсний уурхай байна. Мөн аймгийн Засаг дарга Ж.Э нь “Ураангүй аймаг” гэж уриалж байсан. Гэтэл газрын тосны зөвшөөрлийг 4 дүгээр багт гаргасан. 7 хоногийн дараа Ө.Б-г цагдаагийн дарга Э “ББ”-ын буудалд дуудаад хурлын тэмдэглэлээ ав гээд өгсөн. Тухайн хурлын тэмдэглэлд Н.Б гэж бичсэн байна. Багийн Засаг дарга Б гэж бичсэн. Уг нь бол А гэж байгаа. Ингээд тухайн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж гарын үсгийг нь сканердсан байсан. Энэ талаар бөөн маргаан үүссэн байсан. Ө.Б нь “би тогтоол гаргаж үзээгүй” гэж хэлсэн. Гэвч тогтоол гарсан байна. Хурлын нарийн бичгийн дарга О нь “тогтоолын бланк  манайд байхгүй. Манай бланк манай хурлынх биш байна” гэж хэлсэн. Энэ талаарх баримт надад байгаа. Ө.Б-н гарын үсгийг хуурамчаар үйлдээд яам руу бичиг явуулсан байсан. Ө.Б нь Эрдэнэцагаан сумандаа бол ерөнхийлөгч гэсэн үг. Тийм байж ард иргэдээ худалдаад байгаа болохоор энэ талаар хэлж явахаас өөр арга байхгүй байна. Бид нарын хувьд иргэдийнхээ төлөө явна гэж гарсан учраас ард иргэдийнхээ төлөө зүтгэнэ. Бид нар Ө.Б дарга ийм ийм хайгуулын зөвшөөрөл олгосон байна гэж хэлэхээр мэдээгүй гэж хэлдэг гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Ө.Б нь шүүхэд хандан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар тогтоол, аймгийн засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34  дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг ба энэ шаардлагуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

           Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нар болон өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, холбогдох нотлох баримтуудыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ө.Б-ынэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар тогтоол, аймгийн засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны Б/34 дүгээр захирамжийг хүчингүй болгож, энэ маргааныг шийдвэрлүүлэхийн тулд улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжийг төлүүлж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

           Нэг. Нэхэмжлэлийг хэлэлцэх үндэслэл.

           Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны зүйл нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн захиргааны хэргийн шүүхийн хянан хэлэлцэх маргаан байна гэж үзлээ. Учир нь маргаан бүхий тогтоолууд болон захирамж нь захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, талуудын харилцааг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан байх тул Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэж үзэж, холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

           Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан үндэслэл.

           Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 27 тоот тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдаан / цаашид хурлын хуралдаан гэх/-ыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 9 цагт хуралдуулахаар товлон зарлаж, уг хуралдаанаар төсвийн тодотгол, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн хоёр үндсэн асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэж хурлын төлөөлөгч нарт хурлын тов болон хуралдаанаар хэлэлцэх асуудлыг мэдэгджээ.

           Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийт 27 төлөөлөгчтэй бөгөөд үүнээс тухайн өдрийн хуралдаанд 22 төлөөлөгч ирж хуралдаан эхэлсэн байна.

           Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэгт “ хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу орхиж гарахыг хориглоно ” гэсэн байхад хуралдааны явцад 1 төлөөлөгч зөвшөөрөл авч хуралдаанаас гарч, нэр бүхий 10 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхин гарсан байх ба үлдсэн төлөөлөгчид үргэлжлүүлэн хуралдсан нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг зөрчөөгүй, хурал хүчинтэй байна.

           Ийнхүү хуралдаанаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж хурлын 05 дугаар тогтоолоор сумын Засаг дарга Ө.Б-ыг огцруулах саналыг аймгийн Засаг даргад уламжилж шийдвэрлэжээ.

           Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “ энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслөө хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй ” гэж заажээ.

           Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, санал дэвшүүлэх эрх бүхий хуулийн 12.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасан этгээдүүд нь дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан шаардлагыг хангаж санал гаргасан тохиолдолд л хуралдаанаар хэлэлцэхээр нарийвчлан зохицуулсан байна.

           Гэтэл дээрх хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, хурлын төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдээгүй зохион байгуулалтын асуудал хэлэлцэж хуулийн дээрх заалтыг зөрчсөн болох нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын тэргүүлэгчдийн “ ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай ” 2019 оны 08 дугаар сарын 14-ний 27 тоот тогтоол, хурлын  2019 оны 08 дугаар сарын 23-ны 2/18 тоот албан бичиг, ээлжит бус 8 дугаар хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

           Энэ тохиолдолд хурлын төлөөлөгчид ч тухайн хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдээлэлтэй болох, үүнтэй холбогдуулан өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх, санал дүгнэлт гаргах, ард түмний төлөөлөл болохын хувьд асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бодитоор олгоогүй гэж үзэх үндэслэлтэй болно.

           Иймд хуралдаан дээр тус сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж, зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчин гаргасан болох нь тогтоогдож байх тул хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн нь хууль бус болжээ.

           Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс хуралд Засаг дарга Ө.Б-ыг дуудан оролцуулж түүнээс төлөөлөгчид асуулт асууж, тайлбарыг нь сонсон сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарлаж байгаа ч Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах процессыг зөрчиж,  асуудалд баримт нотолгоотой тайлбар гаргах боломжийг цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид олгоогүйгээс болж түүний  улс төрийн алба хаах эрх, Засаг даргын хувьд хуулиар олгогдсон нийтлэг бүрэн эрх нь зөрчигдсөн байна.

            Түүнчлэн Хурлын дээрх тогтоолыг үндэслэн аймгийн Засаг дарга “ Эрдэнэцагаан сумын Засаг даргыг огцруулах тухай ” 2019 оны 09 дүгээр сарын 02-ны Б/34 тоот захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч Ө.Б-ыг сонсох ажиллагаанд оролцуулахаар мэдэгдсэн, санал тайлбарыг авсан талаарх баримт байхгүй байгаа тул захиргааны шийдвэр гаргахад сонсох ажиллагаа хийсэн байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэхээр байна.

            Нэхэмжлэгч талаас ажил үүргээ хангалттай гүйцэтгэж шагнал урамшил авч байсан талаарх баримт шүүхэд ирүүлсэн, хариуцагч талаас нэхэмжлэгч Ө.Б нь хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул арга хэмжээ авч байсан талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн хэдий ч Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг зөрчиж хуралдсан гэсэн үндэслэлээр тогтоол, захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа энэ маргааны хувьд ажил үүргийн гүйцэтгэл, хариуцлагатай холбоотой хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

           Аймгийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд сумын Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан хэдий ч Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчин хэлэлцэх асуудлын дарааалалд ороогүй, төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдээгүй  асуудлыг хэлэлцэж  Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдаанаас гарсан 05 тоот хууль бус тогтоолыг үндэслэн захирамж гаргасан байх тул аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

           Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “ улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно ” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйл, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 2019 оны 08 сарын 28-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 05 дугаар тогтоол, СҮА ЗД-н 2019 оны 09 сарын 02-ны өдрийн “Эрдэнэцагаан сумын Засаг даргыг огцруулах тухай” Б/34 тоот захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 35100 / гучин таван мянга нэг зуу /, аймгийн засаг даргаас 35100 / гучин таван мянга нэг зуу / төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭТУЯА