Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1008

 

       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч Ш.Б , түүний өмгөөлөгч Ж.Б  ҮД:/0214/,

шүүгдэгч Ц.Б , түүний өмгөөлөгч Б.Гомбодорж ҮД:/2977/, Э.Түвшинбаяр ҮД:/2400/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М овогт Ц-н Б-д холбогдох эрүүгийн 1903009860442 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Мовогт Ц.Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Б  нь 2019 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 54 дүгээр сургуулийн урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1,97% согтолттой үедээ Тоёота Альфард маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ш.Б ыг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн  овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах”, “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 54 дүгээр сургуулийн урд талын замд буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зүүн урд замд өөрийн эзэмшлийн Тоёота Альфард загварын 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, улмаар зам тээврийн осол гарган явган зорчигч Ш.Б ыг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, ослын газрыг орхиж зугтаасан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Тодруулбал,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Б ын мэдүүлсэн “...Өглөө 4 цагийн үед гэрээсээ гарсан, гарахдаа 200 гр татчихаад гарсан. Арван жилийн ангийн эмэгтэйтэй уулзаад ажлаас нь 12 цагийн үед гарсан. ТҮЦ-ийн цаанаас зам гарсан. Зам гарахдаа машин ирж байгааг харсан. Зогсоно гэж бодсон. Нэг сэрсэн чинь унасан байсан. Дахиад ухаан алдсан. Гэмтлийн эмнэлэг орсон чинь гайгүй байна гээд явуулсан. Тэгсэн орой нь гэртээ ирээд ухаан алдаад маргааш өглөө нь эмнэлэг орсон. ...900.000 төгрөг дансаар авсан. Эмчилгээнд 1.936.000 төгрөг өгсөн нь үнэн. Миний биеийн байдал сайжраагүй, эмчилгээ дуусаагүй, хөлийн хугарал эдгээгүй явж байна. Цаашид эмчилгээ хийлгэнэ гэж бодож байна. Сүүлийн 2 сар нэг ч удаа шүүгдэгч утсаар яриагүй алга болсон. Би за яахав 5.000.000 төгрөг өгчих тэгээд дуусгая гэж хэлсэн. Гэтэл шүүгдэгч би ялаа аваад явчихна гэж хэлсэн. Шүүх хуралдаанд цалин болон бусад гарах зардалд 15 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,    

        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б ы мэдүүлсэн “...Би гэм буруугаа ойлгож ухаарч байгаа. Тухайн үед их согтолттой байсан. Би үнэхээр осол хийсэндээ итгээгүй, цагдаа зогсооход би ухаан орсон. Би ослын талаар юу ч мэдээгүй. Маргааш өглөө нь 11 цагийн үед над руу та зам тээврийн осол гаргасан байна, хүн мөргөсөн байна гэж хэлсэн. Тэр үед л би мэдсэн. Хаагуур юу хийж явсанаа мэдээгүй, надад архи зохидоггүй жоохон уугаад тасарчихдаг...” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний орой 21 цагт дүү Мөнхбатын гэрт очиж тос өгчихөөд тэндээсээ 22 цагт гараад 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудал дээр автобуснаас буусан. Тэнд найз Э гэж хүнтэй уулзаад нэг газарт орж юм ярьж суугаад 200 гр архи уучихаад манай найз намайг гэрт хүргэж өгөхөөр болоод бид хоёр нөгөө газраас гараад урд зүг рүү явсан. 3, 4 дүгээр хорооллын дунд замын 54 дүгээр сургуулийн урд талын явган хүний гарцаар хойноос ургашаа гарч явтал машин ирж мөргөөд би ухаан алдсан. Ухаан орох үед цагдаа ирж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. Эмнэлэгт үзүүлээд маргааш ир гээд явуулсан. Би гэртээ очоод дахин ухаан алдаад маргааш нь Мөнгөнгүүр эмнэлэгт үзүүлсэн. Машинд мөргүүлээд миний элэг, дэлүү гэмтсэн, шүд унасан, хэл гэмтсэн байна. Би гэмтлийн эмнэлэгт хэвлийн хөндийн хагалгаанд орсон. Би машины маркийг хараагүй. Бие сайн биш байна...“ гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/,

Гэрч Ж.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хорооллын эцсийн И-март дэлгүүрт ажилладаг. 2019 оны 8 дугаар сарын 24-ний 21 цагийн үед манай 10 жилийн найз Б  манай ажил дээр ирсэн. Бид хоёр ангийхаа хүүхдүүдийн тухай яриад байж байгаад орой 23 цагийн үед манай ажил тараад бид 2 гарсан чинь Б  хоёулаа ганц ганц пиво уух уу гэхээр нь үгүй ээ би юм уухгүй, чи уувал уу гээд бид 2 ажлынхаа баруун талд байдаг Эрхэс од гэдэг ресторанд ороод тэнд Б  100 гр архи уусан. Би архи дарс уугаагүй. Тэндээс 00 цаг өнгөрөөгөөд гараад салаад явах гэсэн чинь Б  арай явж чадахгүй юм шиг 2 залуутай муудалцах гээд байх шиг байхаар гэрт нь хүргэж өгье гэж бодоод би Б ыг дагуулаад явсан. Хорооллын эцсээс нилээн доошоо яваад хорооллын голын зам руу ороод ирсэн. Бид 2 тухайн замын ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явган хүний гарцаар зам хөндлөн гарсан юм. Тэр үед би Б ын зүүн талд сугадаад явж байгаад охины чинь дугаар хэд юм бэ залгаад хэлчихье гэсэн чинь дугаарыг нь хэлэхгүй маяглаад байхаар нь би чи яасан маягтай юм бэ гээд гараа сугалаад түрүүлээд алхаад замаар гарч дуусаад замын бордюр дээр гишгэх үед ард “түс тас” гэсэн чимээ гарсан. Эргээд хартал Б  агаар дээр хөөрч ирээд газарт маш хүчтэй унасан. Тэгсэн мөргөсөн машин нь тэр чигээрээ зугтаагаад яваад өгсөн. Би орилоод байсан чинь нэг машин зогсоод эгчээ араас нь хөөх үү гэхээр нь би яаж явах юм бэ гэсэн чинь за за номерыг нь харчихаад ирье гээд яваад өгсөн. Тэр машиныг делика, юм уу алфарьд маркийн машины аль нэг нь байж магадгүй гэж бодсон. Нэг залуу ирээд та орилоод байхаар цагдаа, түргэнд дуудлага өгөөч  гэхээр нь би утсаа өгөөд тэр залуугаар дуудлага өгүүлсэн. Тэр үед Б  юу ч ярихгүй толгойноос нь цус гараад байсан. Мөн амьсгалахгүй байснаа хэсэг хугацааны дараа амьсгалж эхэлсэн. Эхлээд цагдаа ирээд, дараа нь түргэн ирээд аваад явсан. Дараа нь намайг цагдаа нар дагуулж яваад хэмжилт хийсэн. Тухайн үед сайн хараагүй, дараа нь бодож байхад ямар ч байсан 4 тоо оролцсон байсан санагдаж байсан. Бид хоёр зам гарах үед машин байхгүй байсан. Хаанаас гараад ирснийг хараагүй. Шөнө байсан болохоор тухайн замд хөдөлгөөн бараг байхгүй байсан. Дугаарыг нь хараад ирье гэсэн машин буцаж ирээгүй. Гэрэлтүүлэгтэй орчин сайн харагдаж байсан. Өдөр шиг байсан. Би Б ын толгойноос цус гарч байгааг холоос харж байсан очихоос айгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

 

Гэрч С.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ослын талаар мэдсэн. Миний толгой маш их өвддөг учраас би 10 хоногийн эмчилгээнд явсан. Тэнд ямар ч утас харилцаа холбоо байхгүй газар байсан. Тэнд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр очиод 6 хоноод байж байхад манай эрэгтэй дүү ирээд нөхрийн осол гаргасан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

 

Гэрч М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Осол гаргасан өдрөө бид нар руу яриад хэлсэн. Эхлээд ээжид хэлээд ээж бид нарт хэлсэн. Тухайн үед жолоодож явсан машин нь өөрийнх нь машин байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

 

Шүүгдэгч Ц.Б ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай эхнэр сувилалд явчихсан, эхнэрийн дүү бас ангийнхантайгаа уулзна гээд явсан, намайг ресторан хараад байж бай гэсэн. Би ганцаараа ресторандаа сууж байхад орой 23 цагийн үед манай эртний найз Хуягаа манай ресторанд халамцуу орж ирээд юм ууя гэхээр нь би пиво гаргаж өгсөн. Бид 2 нийлээд 4 шил пиво уусан. Юм ярьж сууж байгаад 0.5 гр савалгаатай 1 шил архи хувааж уусан. Хуягаа найз нь гэх эмэгтэй ирсэн. Бид 3 рестораны доод талд байдаг караокед орсон юм. Тэндээ найзтайгаа жоохон маргалдаад би тэр хоёрыг тэнд үлдээгээд шөнө 01 цагийн үед гэртээ харих гээд гараад өөрийн эзэмшлийн Альпард маркийн 00-00 дугаартай автомашиныг жолоодоод Саппорогийн уулзвараар зүүн гар тийш буюу хойшоо эргээд явж байгаад гэмтлийн эмнэлгийн доод уулзвараар баруун гар тийш эргээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 54 дүгээр сургуулийн харалдаа замаар 30-40 орчим км цагийн хурдтай явж байхад миний баруун хойд талд түк гэсэн чимээ гарахаар нь би баруун хойд дугуйгаараа бордюр дээгүүр гарчихлаа гэж бодоод цаашаа явж байгаад 4-н замын уулзвараар зүүн гар тийш буюу Өргөө кино театр тал руу эргэх үед замын цагдаа нар гарчихсан шалгалт хийж байгаад намайг зогсоогоод согтуу машин жолоодож байна гээд автомашиныг журмын хашаанд хийсэн. Би маргааш нь Баянгол дүүргийн замын цагдаа дээр очиж 400.000 төгрөгийн торгууль төлөөд нэг жилээр эрхээ хасуулаад журмын хашаанаас машинаа авчихаад байж байхад Тээврийн цагдаагийн албанаас М  гэж ахмад яриад та осол гаргасан байна гээд дуудсан.  ...Хөдөлгөөний ачаалал сийрэг, цаг агаар хэвийн үзэгдэх орчин чөлөөтэй, зам дээр ойр ойрхон хурд сааруулагчтай байсан учраас би хурдтай яваагүй. Зам гэрэлтүүлэгтэй байсан эсэхийг анзаарч хараагүй. Би өөрийгөө удирдаад явах чадвар муутай байсан. Миний ойрын хараа зүгээр холын хараа муу -2.50 гэсэн түвшинтэй. Согтуу байсан учраас би анзаарч хараагүй. Маш их харамсаж байна. Хохирогч нартай уулзах болгондоо уучлалт гуйдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 тал/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10426 тоот “...Ш.Б ын биед дэлүү мэс заслаар авагдсан мэс заслын дараах байдал бага аарцгийн хөндийн шингэн хуралт, бүдүүн гэдэс, чацархай, баруун бөөрний дээд булчирхайн цус хуралт, няцрал, зүүн 9-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн самалдгийн хөндий рүү 0.4 см, зүүн нүдний ухархайн дотор хана, самалдгийн хөндий рүү 0,6 см гүн цөмөрсөн хугарал, баруун хацар ясны нумны цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, 1 шүдний булгаралт, 2 шүдний сулрал, хамрын нуруу, баруун хөмсөгт шарх, нүүр мөчид, чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид 30% алдагдуулна. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 38 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1342 тоот “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны Мед травм эмнэлгийн баруун өвдөгний үений соронзон резонанс томографийн шинжилгээгээр Ш.Б ын биед баруун өвдөгний урд, дунд чагтан холбоосын урагдал, шаант ясны хугаралууд гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Урьд гаргасан 10426 дугаартай дүгнэлтэнд 2019.09.23-ны Мед травм эмнэлгийн баруун өвдөгний үений соронзон резонанс томографийн шинжилгээгээр тогтоогдсон баруун өвдөгний урд, дунд чагтан холбоосын урагдал, шаант ясны хугаралууд зэрэг гэмтлүүд нэмэгдэнэ. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, тухайн үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 тал/,

 

Мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 330 дугаартай “...Жолооч Ц овогтой Б  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс  бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Шарав овогтой Б  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг дүрмийн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” магадлагаа /хх-ийн 39-40 тал/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н газрын шинжээчийн: “...Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд болон хойд дугуйн тоормосны хүчний хэмжээ, автомашины хурдын хайрцагын ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, баруун зүүн гар талын гэрлийн тусгалын чадал, жолооны механизм, явах эд анги, дуут дохио, гэрэл, салхины шил, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд эвдрэл, гэмтэлтэй эд ангиуд байхгүй байна. Шинжилгээ хийлгэх тогтоолын 3 ба 4 дүгээр асуултанд нэгтэж хариулахад: Уг тээврийн хэрэгсэлд осолд нөлөөлөх эвдрэл, гэмтэлтэй эд ангиуд байхгүй байна. Уг автомашин нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй ба тоормосны ажиллагаа техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд стандартын шаардлага хангаж байна. Уг автомашин  нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй ба автомашины хурд, замын нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. Асуултад дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн хяналтын дүгнэлтийн хуудас  /хх-ийн 46-51 тал/,

 

 “...89114538 дугаарын утаснаас 102 дугаарын утсанд хүн мөргөөд машин нь зугтсан, хүний цус гараад байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 тал/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 7 хорооны нутаг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зүүн урд замд үйлдэгдсэн байх ба зам орчны байдал нь шулуун, тэгш, хуурай, хурд сааруулагчтай, зохицуулдаггүй явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун цаг агаартай, тусгаарлах зурвасгүй, явган хүний замын хашлагатай, хайсггүй, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ асфальтан зам байлаа. ...А цэгийг явган зорчигч Ш.Б тай хамт явсан гэх Ж.Энхтуяагаар заалгаж, Б цэгийг зам дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсоноор авав...” гэх тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 тал/,

“...Альпард маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх Ц овогтой Б ы 01832151 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авав...” гэх Баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчилгээний эх хувь /хх-ийн 10-11 тал/,

Камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай, эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-13 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...01 цаг 27 минут 15 секундэд замын хойд талаар зүүнээс баруун тийш хоёр хүн цуварч явж байгаад явган хүний гарцын хажуу талаар машин замыг хойноос урагшаа чигт эмэгтэй хүн нь урд талд нь араас нь бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн алхаж байх бөгөөд 01 цаг 27 минут 41 секундэд баруун тийш гэр бүлийн Альпард маркийн автомашин явж байгаад 01 цаг 27 минут 42 секундэд зам гарч явсан хоёр хүний ар талд нь явсан эрэгтэй хүнийг мөргөж унагаад хурд сааруулагч дээгүүр машин овгонон гараад тэр чигтээ цаашаа явсан. Энэ үед машинд мөргүүлсэн хүний хамт явж байсан эмэгтэй мөргүүлсэн хүний унасан чигт явж хашааны цаад талаар орж алга болсон дүрс. ...2019 оны 8 дугаар сарын 25-ны 01 цаг 09 минут 06 секундэнд баруун зүүн тийш явж байгаа урсгал дээр 00-00 улсын дугаартай Альпард маркийн автомашин явж байх бөгөөд энэ цагаас өмнө болон хойно тухайн замаар тээврийн хэрэгсэл яваагүй болно...” гэх тэмдэглэл /хх-ийн 14 тал/,

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “...02 цаг 10 минутанд явган зорчигч Шарав овогтой Б ыг драйгер багаж ашиглан шалгахад 0,97 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 21 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “...13 цаг 45 минутад ...альпард загварын 3504 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Ц овогтой Б ыг драйгер багаж ашиглан шалгахад 1,97 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 75 тал/,

Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 118-125 тал/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт хангалттай тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх дүгнэн үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...хэрэг үйлдэгдсэн даруйд шүүгдэгч Ц.Б  цааш явж байгаа эргүүлийн цагдаа нар таарч зогсооход зогссон, мөн шаардлагыг нь биелүүлж драйгер багажаар үлээсэн байдаг бөгөөд тухайн үед 2,33 хувийн согтолттой гарч, зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан байсан. Маргааш нь зам тээврийн осол гаргасан нөхцөл байдлыг мөрдөгч нар тогтоож, 13 цагийн үед дахин драйгер багажаар шалгахад 1.97 хувийн согтолттой гарсан. Иймд прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тогтоосон согтолтын хувийг яллагдагчид ашигтай гэж үзэж 1.97 хувь гэж үзсэн. Согтолтын зэрэг тогтоох ажиллагааг цуснаас дээж авч хийдэг тул одоо уг ажиллагааг хийх боломжгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог. 0.20 хувиас дээш тоон үзүүлэлт гарсан тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үздэг. Замын цагдаагийн газрын хяналтын камерын цаг, тухайн хэрэг болсон газрын хяналтын камерын цаг хоёр яг таарч байсан гэж ойлгож болохгүй. Ийм ч учраас прокурор 24-25-нд шилжих шөнө 01 цагийн үед гэж гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодорхойлсон. Мөрдөн байцаалтад буцаагаад тухайн хэрэгт хийгдэх ажиллагаа байхгүй, нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон гэж үзэж байгаа тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож өгнө үү...” гэж,

Хохирогч Ш.Б  нь “...Би маш их гомдолтой байна. Одоо миний биеийн байдал бүрэн эдгэрээгүй. Би ажил төрлөө хийж чадахгүй байгаа. Иймд цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 15 сая төгрөг нэхэмжилж байна” гэж, түүний Ж.Б  нь “...шүүгдэгч Ц.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгт маш тодорхой тусгагдсан. Осол гарах үед шүүгдэгч 2.33 хувийн согтолттой байсан баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн шүүгдэгчийг хурд хэтрүүлсэн гэж үзэж байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэж гэм буруутайд тооцож, хохирол, хор уршгийг нөхөн төлүүлж өгнө үү...” гэж,

шүүгдэгч Ц.Б  нь “Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргахгүй. Согтолттой байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж, Э.Түвшинбаяр нар нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудалд маргахгүй, харин 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, энэ шинж хангахгүй байгаа, мөн камерын бичлэгт ...2019-08-25-ны 01 цаг 09 минут 06 секундэд баруун зүүн тийш явж байгаа урсгал дээр 00-00 улсын дугаартай Альпард маркийн автомашин явж... гэж, гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийн хуудаст 2019-8-25-ны шөнө 01 цаг 9 минут 14 секундэд гэж тэмдэглэсэн. Гэтэл 01 цаг 27 минут 42 секундэд хэрэг гарсан байгаа нь гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд эргэлзээтэй байдлыг бий болгож байна. Шүүгдэгчийн согтолтын хүнд, хөнгөн ямар зэрэгт байсныг шинжээчээр тогтоолгох шаардлагатай. Хэрэгт байгаа гэрэл зурагт шавьжны хамгаалалттай тээврийн хэрэгсэл байдаг. Камерын бичлэгт машин нь тодорхой харагддаггүй, шүүгдэгчийн мэдүүлгээр осол гаргасан машин мөн гэж тодорхойлж болохгүй. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах санал гаргаж байна...” гэж тус тус мэтгэлцэж оролцсон.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Хэрэг учрал болсон өдөр жолооч Ц.Б  нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахих” үүргээ биелүүлээгүй байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзнэ.

 

Энэ нь хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаа болон хэргийн үйл баримтыг тогтоосон бусад нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүгдэгч Ц.Б  хэрэг учрал болсон өдөр өөрийн эзэмшлийн Тоёота Альпард 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөн нь тухайн зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.

 

Шүүгдэгч Ц.Б ы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Ш.Б ын биед нь “дэлүү мэс заслаар авагдсан. Мэс заслын дараах байдал бага аарцгийн хөндийн шингэн хуралт, бүдүүн гэдэс, чацархай, баруун бөөрний дээд булчирхайн цус хуралт, няцрал, зүүн 9-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн самалдгийн хөндий рүү 0.4 см, зүүн нүдний ухархайн дотор хана, самалдгийн хөндий рүү 0,6 см гүн цөмөрсөн хугарал, баруун хацар ясны нумны цөмөрсөн хугарал,  хамар ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, 1 шүдний булгаралт, 2 шүдний сулрал, хамрын нуруу, баруун хөмсөгт шарх, нүүр мөчид, чихний дэлбэнд зулгаралт” бүхий хүнд гэмтэл, мөн “баруун өвдөгний урд, дунд чагтан холбоосын урагдал, шаант ясны хугаралууд” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэргийн 38, 58-59 дэх талуудад авагдсан шинжээч эмчийн 10426, 1342 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож тогтоогдсон.  

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, согтуурсан, мансуурсан үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн” гэж шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Б  нь хохирогч буюу явган зорчигч Ш.Б ыг мөргөж, зам тээврийн осол гаргасан атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг биелүүлэх үүргээ зөрчин хэргийн газрыг орхиж явсан болох нь тогтоогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн бодит байдлыг харуулсан хяналтын камерын дүрс бичлэгт шүүгдэгч Ц.Б  нь хохирогч Ш.Б ыг мөргөөд шууд цаашаа хурд сааруулагч дээгүүр гараад явж байх ба тухайн зам зохицуулдаггүй явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй байна. Мөн уг камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн “...баруун тийш гэр бүлийн Альпард маркийн автомашин явж байгаад 01 цаг 27 минут 42 секундэд зам гарч явсан хоёр хүний ар талд нь явсан эрэгтэй хүнийг мөргөж унагаад хурд сааруулагч дээгүүр машин овгонон гараад тэр чигтээ цаашаа явсан. ...2019 оны 8 дугаар сарын 25-ны 01 цаг 09 минут 06 секундэнд баруун зүүн тийш явж байгаа урсгал дээр 00-00 улсын дугаартай Альпард маркийн автомашин явж байх бөгөөд энэ цагаас өмнө болон хойно тухайн замаар тээврийн хэрэгсэл яваагүй болно...” гэсэн тэмдэглэл, хэргийн үйл баримтыг харсан гэрч Ж.Энхтуяагийн “...замаар гарч дуусаад замын бордюр дээр гишгэх үед ард “түс тас” гэсэн чимээ гарсан. Эргээд хартал Б  агаар дээр хөөрч ирээд газарт маш хүчтэй унасан. Тэгсэн мөргөсөн машин нь тэр чигээрээ зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, ослын талаар шүүгдэгч гэр бүлийнхэндээ хэлсэн талаарх гэрч М-н “...осол гаргасан өдрөө бид нар руу яриад хэлсэн. Эхлээд ээжид хэлээд ээж бид нарт хэлсэн...” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч Ц.Б ы 2019 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хууль, дүрэм зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 1,97 хувийн согтолттой байхдаа өөрийн эзэмшлийн Альпард загварын 34-05 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гарган явган зорчигч Ш.Б ыг мөргөн, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан хэргийн газрыг орхиж явсан байдал хангалттай тогтоогдсон байна. 

 

Эдгээр нотлох баримтуудтай шүүгдэгчийн яллагдагчаар болсон үйл явдлын талаар тодорхой, дэлгэрэнгүй мэдүүлсэн “...шөнө 01 цагийн үед гэртээ харих гээд гараад өөрийн эзэмшлийн Альпард маркийн 00-00 дугаартай автомашиныг жолоодоод Саппорогийн уулзвараар зүүн гар тийш буюу хойшоо эргээд явж байгаад гэмтлийн эмнэлгийн доод уулзвараар баруун гар тийш эргээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 54 дүгээр сургуулийн харалдаа замаар 30-40 орчим км цагийн хурдтай явж байхад миний баруун хойд талд түк гэсэн чимээ гарахаар нь би баруун хойд дугуйгаараа бордюр дээгүүр гарчихлаа гэж бодсон...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас хүн мөргөсөнөө мэдээгүй, замын бордюр мөргөсөн гэж бодсон...” гэх мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй нийцэж байна.

 

 Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн согтуугаар хэрэг үйлдсэн байдал нь түүнийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, зөвтгөх үндэслэл болохгүй тул шүүгдэгч Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Дээрх дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Б ы гэмт үйлдэлд прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэрэгт шалгавал зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах...” тухай дүгнэлтийг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.  

 

Иймд шүүгдэгч Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан, мансуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Б ын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эрүүл мэндэд учирсан хор уршигт тооцож шүүгдэгч нийт 2.863.380 төгрөг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд нотлох баримтаар тогтоогдсон хохирол нөхөн төлөгдсөн гэж шүүх дүгнэв.

 

Харин хохирогч шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж нийт 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, дээрх шаардлагатай холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Б  нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн, энэ гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч С.Алтантуяа, М.Эрдэнэ-Очир нарын мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/, Ц.Б ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 тал/,  жолоочийн лавлагаа /хх-ийн 78 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 79 тал/, эд хөрөнгөтэй эсэхийн лавлагаа /хх-ийн 80 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б  нь 1961 онд Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 19 хороо, 4 хороолол, 52 байрны 129 тоотод оршин суудаг, уг орон сууцны өмчлөгч байх ба урьд ял шийтгүүлж байгаагүй байна. 

 

Иймээс шүүгдэгч Ц.Б ы тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2-д “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх...”, 2.2-д “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” гэж тус тус зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа... үеэс хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн үйл баримтыг тогтоосон хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нотлох баримтаар хавсаргаж, 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч буюу шүүгдэгч Ц.Б д буцаан олгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.1-д заасан зохицуулалтанд нийцнэ гэж үзлээ.

Энэ хэрэгт иргэний баримт бичиг, жолооны үнэмлэх шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч хорих ял оногдуулсантай холбогдуулан түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Ц-н Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан, мансуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М овогт Ц-н .Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай

6. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогчид 2.863.380 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Б ын ажилгүй байсан хугацааны цалин бусад зардалд нэхэмжилсэн 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг Сидиг хэргийн хамт хадгалж, 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч буюу шүүгдэгч Ц.Б д буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА