| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0153/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/153 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.Эрхэмбаяр Шүүгдэгч Б.Готов Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Готовт холбогдох 2123000000196 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 12-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Цагаангэзэгт овогт Баттөмөрийн Готов, /Регистрийн дугаар: ИА87011211/
Шүүгдэгч Б.Готов нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг “Сүүл толгой” гэх газраас иргэн Р.Наранцацралын өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмдагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Цагаангэзэгт овогт Баттөмөрийн Готов нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг “Сүүл толгой” гэх газраас иргэн Р.Наранцацралын өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 1 тооны нас гүйцсэн сувай үнээг хулгайд алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Р.Наранцацралын “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө үхрээ хураахад манай эзэмшлийн сувай нас гүйцсэн улаан зүсмийн 1 тооны монголын үхэр алдагдсан байсан. Моотон эвэртэй зөв талын чих хойноосоо ухам имтэй, Улаан зүсмийн нас гүйцсэн сувай үнээ байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Н.Дашзэгвийн “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө үхрээ хурааманай эзэмшлийн сувай нас гүйцсэн улаан зүсмийн 1 тооны монголын үхэр алга болсон байсан. Зөв чих хойноосоо ухам имтэй, моотон эвэртэй улаан зүсмийн нас гүйцсэн сувай үнээгээ алдсан. Алдархаан сумын Алдар багийн нутаг “Сүүл толгой”, “Баянхошуу”, “Бадрах” гэх газруудаар өөрийн Приүс-20 маркын тээврийн хэрэгслээрээ эрж хайж явсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ц.Батбаярын “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой нар жаргах алдад би Алдархаан сумын Алдар багийн нутаг Сүүл толгой гэх газарт Б.Готов гэх хүний өвөлжөөн дээр очсон. Тэгсэн чинь Готов ах гэрийнхээ ойрхон байсан 30 гаруй тооны үхэр манай үхэр гэж надад хэлээд тэгээд Готов ах бид хоёр тухайн үхрүүдийг бөөгнүүлж ирээд Готов ах Улаан зүсмийн сувай үнээ бугуйлдаж барьж аваад тэгээд Готов ах бид хоёр янзлаад байж байхад хажуу айлын Доржоо гэх ах ирээд хамт янзлаад би унаж явсан 06-20 ЗАН улсын дугаартай “Аллион” маркын тээврийн хэрэгслээр ачиж Агьтын ам өгсөөд Баян-Улааны шилээр орж ирээд өөрөө идшиндээ хэрэглэсэн. Зөв чих хойноосоо ухам имтэй, моотон эвэртэй улаан зүсмийн нас гүйцсэн сувай үнээ байсан. Алдархаан сумын алдар багийн малчин Б.Готов гэх ахаас би 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би Готов ах руу утсаар залгаад “зарах сувай үнээ байна уу” гэсэн чинь “хоёр гурав хоногоос хүрээд ир, би үхэр зарна” гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үхэр авахаар очсон юм. Тэгээд би Готов, Доржоо нарын хамт сувай улаан үнээг нядалж янзлаад унаж явсан 06-20 ЗАН улсын дугаартай “Аллион” маркын тээврийн хэрэгслээр ачиж Агьтын ам өгсөөд Баян-Улааны шилээр орж ирээд өөрөө идшиндээ хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Хадбаатарын ”...2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой нар жаргах алдад би Алдархаан сумын Алдар багийн нутаг “Сүүл толгой” гэх газарт өвөлжөөн дээр хонио эргүүлчихээд ирэхэд Б.Готов, Батбаяр гэх залуутай үхэр гаргаад сууж байсан. Тэгээд би айл мал гаргаж байхад яаж харж байхав гэж бодоод очиж хамжиж нядлалцаад Батбаяр гэх залуу унаж явсан 06-20 ЗАН улсын дугаартай “Аллион” маркын тээврийн хэрэгслээр ачиж аваад явсан. Зөв чих хойноосоо ухам имтэй, моотон эвэртэй улаан зүсмийн нас гүйцсэн сувай үнээ байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Я.Шаравсамбуугийн “...2021 оны 07 дугаар сарын дундуур манай дээд талын цохионд 4 ширхэг байсныг хонь Мандах гээд залуу тууж яваад хониндоо нийлүүлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа Мандах манайд ирээд Самбуу ахаа би хонь зарах гэсэн юм та хэдэн хонь ачиж яваад Халтарын аманд аваачаад өгөөч гээд гуйхаар нь хэдэн хонь тэдний хотноос ачиж аваад Халтарын аманд хүнд аваачиж өгөөд буцаж ирсэн. Он сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр хонь тууж өөрийнхөө хонь руу нийлүүлснээс хойш хоёр хоногийн дараа ачсан. Бүгдээрээ нуруун дээрээ цэнхэр будагтай найм, есөн ширхэг хонь, гурав, дөрвөн ширхэг ямаа ачаад Халтарын аманд бог авч байсан малын ченж Пүрэв-Очир гэдэг хүнд зарсан. Тухайн хонь ямаануудыг хэдэн төгрөгөөр зарж борлуулсан талаар би сайн мэдэхгүй байна. Би зүгээр л хонь ямааг нь ачиж явсан болохоор тэр болгоныг сайн анзаараагүй. Бонго жи-3 маркийн 81- 75 ЗАН улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр ачиж явсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч М.Жарантайн “...Энэ зун Эрдэнэбилэг ах, Ариунаа эгч хоёр ирээд. Тэгээд манай хонийг шүүж байгаад манай 3 ширхэг хурга байна эд нарын эх нь хаана байна гэж асуухаар нь би энэ талаар юу ч мэдэхгүй болохоор би яаж мэддэг юм хаанаас хэзээ манай хонинд танай хурга нийлснийг мэдэхгүй байна гэж хэлсэн чинь тэр хоёр “та нар муусайн хулгайчууд, манай малыг хулгай хийсэн байна, эхийг нь олж өгөөрэй” гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд яваад өгсөн хойно нь би Мандахаас манай хонинд ямар учиртай хурганууд ороод ирсэн юм гэж асуусан чинь хэд хоногийн өмнө манай хонинд 3 хургатай хонь нийлчихсэн юм тэгэхээр нь би 3 хонийг нь зарчихаад 3 хургыг нь өөрийнхөө будгаар будчихсан юм гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Б.Готовын үйлдлийн улмаас хохирогчид 1.350.000 төгрөгийн хохирол учирсан нь “Хурд-од” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан № 150 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар , хууль бусаар авах байдлаар илэрнэ. Шүүгдэгчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр бэлчээрээс 1 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.Готовыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Готов нь хохирогч Р.Наранцацралд хохирол нөхөн төлсөн болох нь хохирогч Р.Наранцацралын хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол, саналгүй гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Р.Наранцацрал гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Готов нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаангэзэгт овогт Баттөмөрийн Готовыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Готовыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 10 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.Готовт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 10 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
6. Шүүгдэгч Б.Готовыг өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ