Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/349

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ** дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын *-нд Увс аймагт төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтай, “Игэн” ХХК-д борлуулагч ажилтай гэх, ам бүл 4; эцэг, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуут 9 дүгээр гудамж, 22 тоотод оршин суух, ялгүй, ОЮ96120613 дугаарын регистртэй, Т овогт Б-ийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б 2019 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Таац” нэртэй дэлгүүрийн орчим таксины төлбөрөөс үүссэн маргааны улмаас хохирогч Э.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид хохиролд гэж 200.000 төгрөг өгсөн гэв. 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э.Б“... 2019 оны 3 дугаар сарын 23-24 шилжих шөнө 00 цагийн орчим би өөрийн эзэмшлийн 6602 УНЕ улсын дугаартай, Приус 20 маркийн машинтайгаа халтуур хийгээд явж байсан чинь Төмөр замын цагдаагийн газрын урд зам дээрээс 20 орчим насны согтуу 2 залуу гар өргөж суугаад Таац дэлгүүрийн орчим хүргүүлнэ гэж хэлсэн. Хэлсэн газар нь хүргэж өгсөн. Би 3000 төгрөг гарч байгаа талаар хэлэхэд нэг залуу таксины мөнгөн дээрээс болж надтай маргасан. Би машинаас буугаад хойд суудал дээр сууж байсан залууг нь татаж буулгах гэсэн чинь бууж ирэнгүүтээ миний баруун нүд хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгтэл хажуугаар явж байсан 4-5 залуу салгасан. Би нөгөө 2 залууг машиндаа суулгаж цагдаагийн хэлтэс дээр хүргэх гэсэн чинь миний араас суудлын бүсээр хоолой боохоор нь би арай ядан гар утсаараа цагдаагийн байгууллага руу утсаар дуудлага өгсөн” /хх-н 16/ гэж,

яллагдагч Б-ийн Б “... 2019 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө би хамт ажилладаг Баттулгын хамт Төмөр заын цагдаагийн газрын үүд хэсгээс такси барин гэртээ харихаар Энхбаярын зам руу хүргүүлсэн. Тэгтэл таксины жолооч 3500 төгрөг гарч байна гэж хэлсэн. Манай найз Баттулга 3000 төгрөг гарах ёстой талаар хэлсэн чинь жолооч ах уурласан. Жолооч машинаасаа буугаад намайг заамдан татаж буулгаад нэг удаа цохихоор нь би зөрүүлэн нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгтэл хажуугаар явж байсан 3-4 залуу болон найз Баттулга салгасан. Өөр зодоон болоогүй. Мөн бид хоёрыг мөнгөө өгчихөөд байхад цагдаагийн газар руу авч явна гээд машиндаа суулгахаар нь бууна гэж хэлээд дахин маргалдсан” /хх-н 32/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Э.Бийн гэмтэлтэй холбоотойгоор ...Бийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн 3839 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 12/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Б-ийг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Э.Б “... би Бтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирлын 200.000 төгрөг хүлээн авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, надад хийлгэсэн эмчилгээ байхгүй. Ямар нэгэн нотлох баримт байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг мөн КТГ-т харуулсан 120.000 төгрөгийн баримт байгаа” гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна. /хх-н 46, 47/

 

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Т овогт Б-ийн Б-ийг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ