Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2015/0341

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О- нарыг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 360 дугаар шийдвэртэй, Г.Г-ийн нэхэмжлэлтэй, ШЕЗ- болон ШМХ-нд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь ШМХ-ноос зохион байгуулж авсан 12 төрлийн шалгалтыг хангалттай үнэлгээ авахаар өгсөн ба ШМХ- нь Ерөнхийлөгчийн 2015 оны 18 тоот зарлигаар баталсан журмын 10 дугаар зүйлийн 10.1-д заасан ...шалгуур тус бүрийг үнэлсэн онооны голчоор гаргана... гэж тодорхой заасныг зөрчин гишүүд нь дур мэдэн өөрсдөө журмаас гадуур аргачлал гээч зүйл зохион анх авсан 61.6 оноог 54.8 болгон бууруулж шалгалтад тэнцсэнийг хүчингүй болгон улмаар нэр дэвшигч Г.Г- миний нэр дэвшигчээр өрсөлдөх эрхийг хязгаарлаж, хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчөөд байна.

Иймд ШМХ-ны 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолын Г.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, ШМХ-ноос 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр танилцуулсан 61.06 оноог хүчин төгөлдөр болохыг баталгаажуулж, ШМХ-ны 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолд оруулан ШЕЗ-д хүргүүлэхийг даалгаж, Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Г.Г-ийг ШЕЗ-ийн ганцаарчилсан ярилцлагад оролцуулахыг ШЕЗ-д даалгаж, ШЕЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг өргөн мэдүүлсэн тогтоолын эрүүгийн танхимд нэр дэвшигчтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж- нь шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзах тухай хүсэлтдээ: ШЕЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг өргөн мэдүүлсэн тогтоолын эрүүгийн танхимд нэр дэвшигчтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч ШЕЗ- болон ШМХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О- шүүхэд гаргасан тайлбартааНэхэмжлэгч Г.Г- нь Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 5, 7, 9 дүгээр зүйлд заасан шалгуур үзүүлэлт тус бүрээр дараах оноог авсан байна. Үүнд:

а. Журмын 5 дугаар зүйлийн 5.1-д заасан шүүгчээр ажиллах мэдлэг,
чадварыг үнэлсэн үнэлгээгээр нийт 42.1 оноо,

б. Хяналтын шатны шүүхийн шүүгчид тавигдах тусгай шаардлага болох журмын 7 дугаар зүйлд заасан мэдлэг, чадварын шаардлагыг үнэлсэн үнэлгээгээр
42.66 оноо,

в. Журмын 9 дүгээр зүйлд заасан Шүүгчээр ажиллах зан төлөв, мэргэжлийн ёс зүйг үнэлсэн үнэлгээгээр 79.73 оноо тус тус авсан байна.

ШМХ- нэр дэвшигчийн нэгдсэн үнэлгээг гаргахдаа мөн журмын 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан дээрх гурван шалгуур тус бүрийг үнэлсэн онооны голчоор / (42.1+42.66+79.73):3=54.83 / гаргасан нь журамд нийцсэн үйл ажиллагаа болсон.

Нэр дэвшигч Г.Г- нь нэгдсэн үнэлгээгээр 54.83 оноо буюу хангалтгүй үнэлгээг авч Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 10.4, 11.1-д заасан шаардлагыг хангаагүй тул нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлт гаргуулахаар Монголын хуульчдын холбоонд, Ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад оруулахаар ШЕЗ-д түүний нэрийг тус тус хүргүүлэх боломжгүй болсон.

Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс авах эрх зүйн мэдлэгийн тест нь олон хувилбарыг сонгох боломжтойгоор боловсруулагдсан байсан бөгөөд программ зөвхөн нэг хариултыг сонгохоор программчилагдсаныг шалгалт зохион байгуулахаас хэдхэн хоногийн өмнө туршилт хийх явцад мэдэгдсэн.

Иймд цаг хугацааны хувьд товлон зарлагдсан шалгалт явагдахаас өмнө программд нэмэлт өөрчлөлтийг оруулах техникийн даалгаврыг боловсруулан, туршилт хийж, ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх боломжгүй болсон тул нэр дэвшигчдээс авах эрх зүйн мэдлэгийн шалгалтын тестийг Шүүгчийг сонгон шалгаруулах программаар аваагүй байна. Түүнчлэн журамд тестийн аргаар үнэлж дүгнэхээр тусгагдсан ч тестийг заавал цахим хэлбэрээр авах ёстой, цаасан хэлбэрээр авсан тохиолдолд хүчин төгөлдөр бус гэсэн утга агуулга журамд байхгүй юм. ШМХ- тухайн нөхцөл байдалд тохируулан шалгалтыг явуулах хэлбэрээ журамд харшлахгүйгээр зохион байгуулсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Х- нь шүүхэд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлэхгүйгээр бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх боломжгүй, эхний нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэгч ярилцлагад орж дүн авснаар бусад шаардлага биелэх эсэх нь шүүхээс бус өөрөөс нь, авсан дүнгээс хамаарахаар байна. ШМХ- шийдвэрийг хүлээн авч тогтоолд нэр нь дурдагдсан нэр дэвшигч нарт ярилцлага хийж шалгарсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн барьсан ШЕЗ-ийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

Иймээс нэхэмжлэлийн хоорондын шууд шалтгаант холбоо дундаа тасарч байх тул дээрх нэхэмжлэлүүдээс ШМХ-ны 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот тогтоолтой холбоотой нэхэмжлэлийг тусгаарлан шийдвэрлэх нь хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-ийн ...ШМХ-ны 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолын Г.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, ШМХ-ноос 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр танилцуулсан 61.06 оноог хүчин төгөлдөр болохыг баталгаажуулж, ШМХ-ны 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолд оруулан ШЕЗ-д хүргүүлэхийг даалгаж, Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Г.Г-ийг ШЕЗ-ийн ганцаарчилсан ярилцлагад оролцуулахыг ШЕЗ-д даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж- ШЕЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг өргөн мэдүүлсэн тогтоолын эрүүгийн танхимд нэр дэвшигчтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж- давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 360 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 1.1-д Бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч /цаашид шүүгч гэх/ийн албан тушаалд нэр дэвшүүлэх, бүртгэх, үнэлэх, дүгнэх сонгон шалгаруулах үйл ажиллагааг /цаашид сонгон шалгаруулалт гэх/ энэ журмаар зохицуулагдана.

Журмын 1.3-д Энэ журмын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг нээлттэй, ил тод, хариуцлагатай, бие даасан, хараат бус, хууль, шударга ёсыг эрхэмлэх зарчмыг баримтлана... гэж заасан байтал ШМХ- буюу ажлын алба нь дээрх заалтыг ноцтойгоор зөрчсөн.

Мөн журмын 3.1.4-д техникийн саатлын улмаас шалгалтыг сонгон шалгаруулалтын программ ашиглан гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд Word програм дээр бичүүлэн шалгалтын материалыг кодлох, энэ тухай баримтжуулах... тодорхой заасан байхад эрүүгийн тэнхимд нэр дэвшигчдээс тодорхой шалгалтыг авахдаа өөрсдөө дур мэдэн бусдад таалагдах гэж дүрэм зохиож хууль бусаар шалгалтын материалыг зассан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Журмын 10.1-д Мэргэшлийн хороо нэр дэвшигчийн үнэлгээ энэ журмын 5-9 дүгээр зүйлд заасан шалгуур тус бүрийг үнэлсэн онооны голчоор гаргана. 10.2-д Мэргэшлийн хороо нэр дэвшигч тус бүрийг энэ журмын 10.1-д дүгнэн үнэлгээг нэр дэвшигч тус бүрт цахим хэлбэрээр танилцуулна гэж заасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэр дэвшигч Г.Г- руу Мэргэшлийн хорооны ажилтан н.Өсөхбаяр нь залгаж 61.06 гэсэн оноог танилцуулснаар өөрийн нууц кодоор цахим хуудсанд орж үнэлгээтэй танилцахад 61.06 оноо байсныг хэвлэж авсан. Гэрч н.Өсөхбаярын мэдүүлэгт ШМХ-ны 7 гишүүн шалгалтын материалтай танилцаж зассанаар программд автоматаар үнэлгээнүүд гардаг гэсэн тайлбараар нотлогдож байна.

2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ШЕЗ-ийн дарга Н.Л-ид хандан гомдол гаргасан. Гомдлын хариуг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/470 дугаартай албан бичгээр ирүүлсэн бөгөөд уг хариунд өөрсдийн зохиосон аргачлалыг буруу гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай албан бичигт дурдсан байна. Мөн шүүгчийн сонгон шалгаруулалтын программын алдааг зассан гэжээ.

Гэтэл программын мэргэжлийн ажилтан буюу гэрч нар нь өнөөдрийг хүртэл программ засагдаагүй нэр дэвшигч нараас хуулийн дагуу авсан үнэлгээ нь бүгд хэвээрээ байгааг гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд ШЕЗ- болон ШМХ-ны түүний ажлын алба нь өөрсдийн хууль бус үйлдлээ нуун дарагдуулах гэж арга саам хайж байгаад гомдолтой байна.

ШЕЗ-ийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар тушаалын 2 дах заалтад Шүүгчийн сонгон шалгаруулалтанд оролцох нэр дэвшигчийн баримт бичиг хүлээн авах ажиллагааг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд зохион байгуулахыг ШМХ-ны ажлын албанд даалгасан.

Мөн тушаалын 3 дах заалтад Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхийг ШМХ-нд хууль, журамд заасан хугацаа буюу 14 хоногийн дотор явуулах ёстойг даалгасаар байтал ШМХ- нь хууль, журмаа зөрчин 1 хоногоор хугацаа хэтрүүлэн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эцэслэн шийдвэрлэж ШЕЗ-д хүргүүлсэн нь мөн л санаатай хууль зөрчсөн үйлдэл юм.

Гэрч н.Өсөхбаяр, н.Мөнхзул, н.Мөнхзориг нар нь ШЕЗ- нь анх удаа хяналтын шатны шүүгчийн сонгон шалгаруулалт явуулсан. Урьд нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарын шалгалтыг яг программын дагуу зохион байгуулахад ямарч алдаа гаргаагүй гэж мэдүүлсэн.

Энэхүү тайлбар нь Журмын 6 дугаар заалтын 6.2-д энэ журмын 6.1 дэх хэсэгт заасан мэдлэг, чадварыг 100 хүртэлх оноогоор дүгнэнэ. Мөн 6.3-д Мэргэшлийн хороо давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын дүнг энэ журмын 5.0 болон 6.2 дахь хэсэгт дүгнэсэн онооны голчоор тодорхойлно гэжээ. Үүнтэй яг адилхан хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн оноог дүгнэхийг журмын 7.2-д энэ журмын 7.1 дэх хэсэгт заасан мэдлэг, чадварыг 100 хүртэлх оноогоор дүгнэнэ.

Мөн журмын 7.3-д Мэргэшлийн хороо хяналтын шатны шүүхийн шүүгчийн нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын дүнг энэ журмын 5.2 болон 7.2 дахь хэсэгт дүгнэсэн онооны голчоор тодорхойлно.

Энэ нь давах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалтын оноог дүгнэх аргачлал нь программд зөв суусныг нотлож байна.

Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заалтад Нэр дэвшигч нь энэ хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх талаарх үнэлгээг ШМХ- бүртгэл дууссанаас хойш 14 хоногийн дотор гарган ШЕЗ-д хүргүүлнэ гэж заажээ. Гэтэл бүртгэл нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дууссан байхад 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр дууссан гэж ШМХ-ны 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 06/439 дүгээртэй албан бичигт тодорхой тусгасан байна.

ШМХ- нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11.3 дах заалтыг илт зөрчсөн. ...нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтын материал болон үнэлгээ, шалгалтын материалыг урьдчилан ил болгох, тодорхой нэр дэвшигчийн талаар хэвлэл мэдээллиин хэрэгслээр байр сууриа илэрхийлэх мөн хуулийн 23.11.4-д нэр дэвшигчийн үнэлгээг үндэслэлгүйгээр өөрчлөх гэж тодорхой хуульчилж өгсөөр байтал ШМХ- нь хуулийг мэдсээр байж илт зөрчиж нэр дэвшигчдийн эрх ашигт халдан цахимаар мэдээлсэн үнэн зөв үнэлгээг дур мэдэн өөрчилсөн нь нотлогдож байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ доорх мэргэжлийн ур чадварын алдааг гаргасан байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Шүүхийнмэргэшлийн хороо нэр дэвшигчдийн шалгалтын нэгдсэн үнэлгээг 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор гаргаж, ШЕЗ-д хүргүүлжээ. гэсэн нь нэхэмжлэгчийн шаардсан 2 хоногоор хэтэрсэн тухайг тогтоогоогүй байж дүгнэлт гаргасан.

Энэ нь ШЕЗ-ийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар тушаалы 3-т Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхийг ШМХ-нд даалгасугай гэснээр тус тус нотлогдож байна.

...Г-ийн үнэлгээг бууруулсан, түүнд тэгш бус хандаж, хууль бус үнэлгээ гаргасан гэж шүүхээс хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, ШМХ-ны 2015 оны 03 дугаар тогтоолоор нэгдсэн үнэлгээг гаргасан Г.Г-т холбогдох хэсэг хууль, тогтоомжид нийцсэн байна дүгнэв гэжээ.

Энэ нь хариуцагч тал өөрийн буруугаа хүлээсэн ШЕЗ-ийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/470 дугаартай гомдлын хариуд ...мөн эрх зүйн онолын шалгалтын талаарх гомдлын хариуг бичгээр өгөөгүй зэрэг нь ШМХ-ны ажлын алба, хэлтсийн дарга Н.Мөнхзулын хариуцлагагүй ажиллагаа тул түүнд хариуцлага тооцсоноос гадна шүүгчийн сонгон шалгаруулалтын программын алдааг зассан болно гэснээр нотлогдож байна. ШЕЗ-ийн бүтцэд ШМХ- нь бие дааж шийдвэр, тогтоол гаргах субъөкт болох бөгөөд ажлын алба нь зөвхөн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм. Мөн хариунд сонгон шалгалтын программын алдааг зассан тухай дурдсан байгаа нь өнөөдрийг хүртэл цахим санд Г.Г-ийн оноо 61.06 оноотой байрлаж байгааг гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байхад түүнийг тогтоогоогүй байж дүгнэлт гаргасан нь хууль бус юм. ...ШМХ-ны 03 дугаар тогтоол нь журмын 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг зөрчөөгүй байх тул Г.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэжээ.

Энэхүү дүгнэлт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар баталсан Шүүгчийг сонгон шалгаруулах журам, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчсөн. Журам болон хуулинд шалгалтыг цаасаар авах тухай нэг ширхэг ч үсэг, үг өгүүлбэр байхгүй байхад түүнийг тогтоогоогүй дүгнэлт гаргасан нь тухайн шүүгчийн ур чадварын мэдлэггүйг нотолж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 360 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Г-ын зөрчигдсөн эрх, ашгийг хамгаалж 61.06 авсан оноог баталгаажуулж ШМХ-ны 03 дугаар тогтоолын Г.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, МУ-ын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар баталсан Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 10.5 дах заалт болон Шүүхийн захиргааны тухай хуулийн 23.7-д заасны дагуу шүүгчийн сонгон шалгаруулалтын нөөцөд бүртгүүлж, нэхмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар зарлигаар батлагдсан Шүүгчийг сонгон шалгаруулах журам-ын 5,7,9,10 дугаар зүйлүүдэд хяналтын шатны шүүхийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, зан төлөв, мэргэжлийн ёс зүйг хэрхэн үнэлж дүгнэх арга ажиллагааг журамлан зохицуулжээ.

Тус журмын 10 дугаар зүйлийн 10.1-д мэргэшлийн хороо нэр дэвшигчийн үнэлгээг энэ журмын 5-9 дүгээр зүйлд заасан шалгуур тус бүрийг үнэлсэн онооны голчоор гаргана гэж заажээ.

Тодруулбал, нэгдүгээр багц шалгалт нь Эрх зүйн сорил, эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, Эссэ бичих, Эссэ илтгэх, Мэдээллийн технологийн хэрэглээний программ ашиглах чадвар /100 оноо/, хоёрдугаар багц шалгалт нь Дүгнэлт бичих, Онолын тайлбар бичих /100 оноо/, харин гуравдугаар багцад Ёс зүйн сорил, Зан төлөвийн ярилцлага, Асуулга / 100 оноо/ нийтдээ шалгуулагч 300 оноо авах шаардлагатай ба журмын дээр дурдсан 10 дугаар зүйлийн 10.1-д заасанчлан эдгээр 3 багц шалгалт тус бүрийн нийлбэр оноог 3-т хувааж, нэр дэвшигч 60-аас дээш оноо авсан тохиолдолд хангалттай оноо авсанд тооцогдохоор байна.

Хавтаст хэрэгт авагдсан Үе шатын жагсаалтын хуудас[1]-т нийтлэгдсэн 61.06 оноог үнэн зөв гэж нэхэмжлэгч Г.Г- маргах боловч цахим байдлаар нийтлэгдсэн энэхүү оноо нь дээрх журмын 10.1-д зааснаар 3 багц шалгалтын нийлбэр бус харин хоёр багцын нийлбэр оноог 2-т хуваахад гарч байгаа нь тогтоогдож байна.

ШМХ-ны нэгдсэн дүн гараагүй байхад үнэлгээг буруу аргачлалаар гаргахаар программд суулгасан, түүнийг нягтлан шалгаагүй буруу мэдээллийг нэр дэвшигчид рүү явуулсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон гуравдагч этгээдийн цахим хаяг дахь авсан онооны Үе шатны жагсаалт-д 72,42 байх боловч ШМХ-ны 03 дугаар тогтоолоор 67.53 оноо гэж тодорхойлогдсон зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас үзвэл хариуцагч ШМХ-г зөвхөн нэхэмжлэгч Г.Г-ийн үнэлгээнд зориудаар засвар оруулж, үнэлгээг бууруулсан гэж үзэх үндэслэлгүй, Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул ШМХ-ны нэгдсэн үнэлгээг гаргасан 2015 оны 03 дугаар тогтоолын Г.Г-т холбогдох хэсэг хууль, тогтоомжид нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ШМХ- нь хуулийг мэдсээр байж илт зөрчиж нэр дэвшигчдийн эрх ашигт халдан цахимаар мэдээлсэн үнэн зөв үнэлгээг дур мэдэн өөрчилсөн нь нотлогдож байна... гэх давж заалдах гомдол үндэсгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар зарлигаар батлагдсан Шүүгчийг сонгон шалгаруулах журам-ын 5.1 дэх хэсэгт Эрх зүйн болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийг сорилоор /тест/ шалгах шалгалт нэмэгдэн зохицуулагджээ.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Мөнхзориг, Д.Оюунбат нарын мэдүүлэг, сорилын хуудас, сорилыг төхөөрөмжид уншуулсан хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзвэл ШМХ- 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэр дэвшигч нараас Эрх зүйн сорилын шалгалтыг авахад сонгон шалгаруулалтын программд сорилын хариулт зөвхөн нэг хувилбарыг сонгохоор боловсруулагдаж суулгасан, харин шалгалт авахаар бэлдсэн сорил нь хэд хэдэн хариултыг сонгохоор боловсруулагдсан байсны улмаас цаасан хэлбэрээр нэр дэвшигчдээс шалгалтыг авч, хариулт тус бүрийг төхөөрөмжид уншуулан дүгнэж, үнэлгээг нэр дэвшигч нарт танилцуулсан болох нь тогтоогджээ.

Шүүгчийг сонгон шалгаруулах журам /2015/-ын 3.1.4-д Техникийн саатлын улмаас шалгалтыг сонгон шалгаруулалтын программ ашиглан гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд Word программ дээр бичүүлэн шалгалтын материалыг кодлох, энэ тухай баримтжуулах... гэж заажээ.

ШМХ-ны 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн нэр дэвшигч нараас авсан шалгалт нь сонгон шалгаруулалтын программтай нийцэхгүйн улмаас цаасаар шалгалт авч хариуг автомат төхөөрөмжид уншуулсан байх тул техникийн саатал гарч программыг ашиглах боломжгүй тохиолдолд Word программыг ашиглан шалгалтыг авах талаар зохицуулсан Журмын 3 дугаар зүйлийн 3.1.4 -т заасныг зөрчсөн гэж ШМХ-г буруутгах үндэсгүйн дээр нэр дэвшигч Г.Г- нь тус сорилын шалгалтад авсан 5 оноог хүлээн зөвшөөрч маргаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... эрүүгийн тэнхимд нэр дэвшигчдээс тодорхой шалгалтын авахдаа өөрсдөө дур мэдэн бусдад таалагдах гэж дүрэм зохиож хууль бусаар шалгалтын материалыг зассан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэх давж заалдах гомдол үндэсгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ШМХ- нэр дэвшигчдийн шалгалтын нэгдсэн үнэлгээг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргах байтал 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор гарган хүргүүлж хугацаа хэтрүүлсэн гэсэн гомдлыг гаргасан байх боловч ШМХ- нь нэр дэвшигчдийн Үе шатны жагсаалтаар шалгалтад авсан оноонуудыг тухайн өдөртөө бүртгэж, тухай бүрт нь үнэлгээг өгч, улмаар нэр дэвшигчдийн шалгалтын нэгдсэн үнэлгээг 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор ШЕЗ-д хүргүүлсэн нь нэхэмжлэгч Г.Г-ийн шалгалтын үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн, хууль бусаар оноог бууруулсан, тус тогтоолын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Г.Г-ийн 61.06 оноог хүчин төгөлдөр болохыг баталгаажуулж, ШМХ-ны 03 дугаар тогтоолд оруулан ШЕЗ-д хүргүүлэхийг даалгах үндэслэлгүй, түүнчлэн хангалттай үнэлгээ аваагүй тул нэр дэвшигч Г.Г-ийг ШЕЗ-ийн ганцаарчилсан ярилцлагад оролцуулахгүй байгаа ШЕЗ-ийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

 

 

 
 

 

 

 

 

 

 


[1] Хавтатс хэргийн 93 дугаар тал