Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2267

 

Ө.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02605 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Од холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 246 431 755.05 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Б хариуцагч Б.Отэй 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 72 986 ам.долларыг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаанд Б.О нь гэрээгээр тохиролцсон хүүг cap бүр тогтмол төлж байсан боловч зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлийн үндсэн төлбөрийг төлөлгүй хугацаа сунгаж хойшлуулсаар байсан. Б.Оийн хугацаа сунгах хүсэлтийн дагуу 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг өөрчлөн байгуулж, уг гэрээгээр 72 986 ам.долларыг тухайн үеийн ханшаар төгрөгт шилжүүлэн 145 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг нэмэлтээр өөрчлөн байгуулсан. Талууд үндсэн гэрээний хугацааг сунгах байдлаар харилцан тохиролцож, нэмэлт зээлийн гэрээ байгуулсан боловч уг нэмэлт гэрээ нь огт хэрэгжээгүй. Иймд 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнээс учруулсан хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: Зээлийн гэрээний үндсэн төлбөр 72 986 ам.доллар, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 20-ныг хүртэл нийт 780 хоногийн алданги 155 677,72 ам.доллар болж байгаа бөгөөд анз нь 50 хувиас хэтрэхгүй гэснийг үндэслэн тооцвол 36 493 ам.доллар, нийт 109 476 ам.долларын хохирол учруулаад байна.

Иймд Ө.Б, Б.О нарын байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнээс учирсан хохирол 109 479 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкны ханш 2 250,95 төгрөгөөр тооцвол 246 431 755,05 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх болсон шалтгаан нь Б.Оийн хугацаа сунгах хүсэлтийн дагуу 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг өөрчлөн байгуулж, уг гэрээгээр 72 986 ам.долларыг тухайн үеийн ханшаар шилжүүлэн 145 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож байгуулсан. Талууд гэрээний хугацааг сунгах байдлаар харилцан тохиролцож, нэмэлт зээлийн гэрээг байгуулсан боловч уг нэмэлт гэрээ нь огт хэрэгжээгүй байдаг. Уг гэрээ нь Иргэний хуульд заасан 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж, хариуцагч талаас үзэж буй тул талуудын хооронд анхлан байгуулагдсан үндсэн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчтэй 2009 оноос гэр бүлийн найз нөхдийн холбоотой. 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 145 000 000 төгрөг аваагүй, намайг элдвээр дарамталж шахсаар байгаад гэрээг нөхөж хийсэн. Би 2013 оны 7 дугаар сарын 03-нд 60 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 06-нд 36 500 ам.доллар зээлж аваад 98 000 000 төгрөг төлсөн, одоо 25 973 668 төгрөгийн төлбөртэй байгаа, одооноос л миний бизнесийн ажил цэгцэрч байна, би мөнгөгүй болоод зээл төлж чадахгүй болоод ирэхээр Ө.Б өрөөндөө дуудаж элдвээр дарамталж намайг бүр зодож, надад гэмтэл учруулж байсан. Зээлийн гэрээний 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний хар өнгөөр 2 удаа зурсан гарын үсэг бол минийх биш харин цэнхэр өнгөөр зарсан гарын үсэг нь мөн, энэ гэрээг сүүлд нөхөж хийсэн. Анх зээл авахдаа зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учраас би хүү төлөхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хэргийн 108-110 дахь хуудасны зээлийн гэрээнд “...72 986 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн...” гэж дурдсан. Хариуцагч нь мөнгийг хүлээн аваагүй бөгөөд нэхэмжлэгч тал ямар нэг байдлаар 72 986 ам.долларыг хүлээлгэн өгсөн баримтыг гаргаж өгөөгүй байдаг. Хэргийн 121-123 дахь хуудсанд нотариатаар батлуулсан баримтуудыг авсан гэх үндэслэл болгож өгсөн байдаг. Тус өргөдөлд, гар бичвэрүүдийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 196 дахь тойргийн нотариатаар батлуулсан байдаг. Хариуцагч Б.О нь тухайн өдөр 196 тоот нотариатаар үйлчлүүлээгүй бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд хотод байсан болно. 196 тоот нотариат нь уг гар бичвэрүүдийг батлахдаа Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “холбогдох этгээдийг дуудан ирүүлэх”, 21.2.1-т “үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлийг нь тайлбарлаж өгөх”, 21.1.9-т “нотариатын үйлдэл хийх явцад үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь илэрвэл зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэх” зэрэг заалт ангиудыг зөрчин баталсан нь хавтаст хэргийн 121-123 дахь хуудаснууд нь хүчин төгөлдөр бус, нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлүүдээс нэхэмжлэгч хавсаргасан 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд “... гэрээ байгуулах өдөр бэлнээр бүрэн олгов...” гэж заасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчиж, 72 986 ам.доллар зээлсэн мэтээр тооцсон нь хууль зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн тайлбарт тодорхойлсноор “...энэ заалтыг нарийвчлан тайлбарлахын тулд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т заасныг анхаарах шаардлагатай” гэжээ. Иймд энэхүү зээлийн гэрээ нь анхнаасаа мөнгө хүүлэх зорилго агуулсан, хүч хэрэглэн Иргэний хуулийг зөрчиж бичигдсэн зээлийн гэрээг хүчингүйд тооцох үндэслэлтэй болно. Иймд 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.О нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ иргэн Ө.Баас 72,986 ам.долларыг аваагүй гэж бичсэн байдаг гэтэл түүний өмнө шүүхэд гаргасан бичгэн тайлбарууд болон 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн бичгэн тайлбаруудад уг мөнгийг 2 хуваан авсан тухай бичиж тайлбарласан. Мөн Б.Оийн өөрийн гаргаж өгсөн банкны хуулга, зарлагын гүйлгээний баримтуудаар уг зээлийн хүү болох 5 хувьтай тэнцэх төлбөрийг cap бүр Ө.Бын данс руу тогтмол шилжүүлж байсан нь энэхүү гэрээ байгуулсан болохыг нотлох баримт болж байна. 2013 оны 7 дугаар сарын 03-ны зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчиж байна гэсэн боловч яг ямар хуулийг зөрчиж, байгаа үндэслэл баримт нь тодорхойгүй байна. Мөн хуулийн 56.1.4 дэх заалтад хамруулан хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг боловч үндэслэл нь тодорхойгүй, баримтаар тогтоогдохгүй байх тул уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Оээс 102 614 125 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Бт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 143 817 630 төгрөгийн шаардлага болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Оийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө.Бын төлсөн 1 497 600 төгрөг, хариуцагч Б.Оийн төлсөн 1 400 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Оээс 671 020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Бт олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрөн Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн атлаа гэрээний үнийн дүнгийн тал хэсэг буюу зөвхөн 60 000 000 төгрөг дээр хүү алданги тооцсон нь үндэслэл нь тодорхойгүй байна.
  2. Мөн талуудын байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 04-ний зээлийн гэрээний хавсралт болох Зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгө хүлээлгэн өгөх хуваарийг шүүхийн шийдвэрт огт дурьдаагүй төдийгүй ямар нэг байдлаар дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан нь нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй үндэслэл болж байна.
  3. Шүүгч шийдвэртээ Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх заалтад нийцэхгүй байна гэж үзэж гэрээний үнийг Монгол банкнаас зарласан мөнгө шилжүүлэх өдрийн ханшаар тооцож тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн дүгнэлт нь эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь иргэд хоорондын зээлийн гэрээ нь төрлийн шинжээр тодорхойлогдох бөгөөд энэ нь үнэ тогтоох, үйлчилгээ үзүүлэх, зэрэг уг хуульд заасан нөхцөлд хамрагдахгүй төрлийн гэрээ билээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02605 тоот шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02605 дугаарт иргэний хэрэг үүсгэх тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай танилцаад доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Бодит байдалд дээр хариуцагч Б.О нь 2013 оны 7 дугаар сарын 03-нд 60 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр (403133430 тоот дансаар) 36 500 ам.долларыг нэхэмжлэгч Ө.Баас хүлээн авсан нь Голомт банкны Гранд тооцооны төвийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хуулгаар нотлогдсон. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Монгол Банкны лавлагаанд 2013 оны 11 дүгээр сард ам.доллар 1 702,28 төгрөгтэй тэнцэж байсан. 36 500 ам.долларыг тухайн өдрийн ханшаар шилжүүлэхэд 62 133 220 төгрөг болж байна. Мөнгийг хүлээн бичгээр гэрээ байгуулаагүй болно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу хариуцагч Б.О нь Ө.Бын Голомт банкны 2010000773 тоот дансанд тогтмол 2013 оны 8 дугаар сараас эхлэн 2014 оны 5 cap хүртэлх хугацаанд 96 159 552 төгрөгийг үндсэн өрөндөө төлсөн. Одоогийн байдлаар Б.О нь Ө.Бт 25 973 668 төгрөгийн өртэй болно. 2014 оны 01 дүгээр сараас хариуцагч Б.Оийн санхүүгийн байдал доройтож эхэлсэн. Үүнээс болж зохигчдын хооронд маргаан үүсэж эхэлсэн. Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Б.Оийг дарамтлан, айлган сүрдүүлэх болсон. Ө.Б нь Б.Оийг байнга дарамтлан 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 145 000 000 төгрөгийг бэлнээр өгөн зээлсэн гэх гэрээг нөхөн хийсэн. Гэрээг нөхөн хийсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.7, 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтуудыг зөрчиж байна.

Энэ явдлаас хойш Ө.Б нь Б.Оийг өрөөндөө дуудан тухайн өдөр гарт таарсан зүйлсийг шидэж хариуцагч Б.Од бие сэтгэлийн хохирол учруулсан тохиолдол байгаа. Тухайн үед шүүхэд Ө.Б руу бичсэн мессежний агуулгыг зургаар оруулан хавсаргахад нотлох баримтаар хүлээн аваагүй, та буцаан авна уу гэж хэлэн буцаан өгсөн байдаг. Нэхэмжлэлд хавсаргасан 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд “... Гэрээ байгуулах өдөр бэлнээр бүрэн олгов...” гэж заасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчиж 145 000 000 зээлсэн мэтээр тооцсон нь хууль зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн тайлбар (2010 он)-т тодорхойлсоноор “...Энэ заалтыг нарийвчлан тайлбарлахын тулд Иргэний хуулийн 56.1.1, 56.1.4-т заасныг анхаарах шаардлагатай...” гэжээ. Иймд энэхүү зээлийн гэрээ нь анхнаасаа мөнгө хүүлэх зорилго агуулсан, хүч хэрэглэн Иргэний хуулийг зөрчиж хийгдсэн зээлийн гэрээ тул хүчингүй болгон өгнө үү гэж тайлбараа гарган өгсөн. Гэвч анхны нэхэмжлэлдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжингийн нэхэмжлэлд “...2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг байгуулан уг гэрээгээр 145 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож ... мөнгийг Зээлдэгчид бэлнээр хүлээлгэн өгсөн” гэж дурьджээ. Бодит байдал дээр Б.О нь ийм хэмжээний мөнгө аваагүй, зээлийн гэрээг байгуулаагүй байх тухай, түүнчлэн Б.Оийн биед хүч хэрэглэн, сэтгэл санааны хохирол үзүүлэн нөхөн гэрээн дээр гарын үсэг зуруулсан байдаг тухай, үндсэн төлбөрөөс төлж явсан тухай банкны хуулга зэрэг нотлох баримтыг Б.Оийн өмгөөлөгч гаргаж өгсөн байдаг ба нэхэмжлэгч тал 145 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгснөө нотлох боломжгүй болонгуутаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх шалтгаан нь “...анхны гэрээ нь Иргэний тухай хуулийн 282.4 дэх заалтыг хангаагүй тул үндсэн гэрээний нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа бoлнo...” гэж дурьдсан байдаг. 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ нь талуудын гарын үсгээр баталгаажсан байсан, үнийн дүн, нөхцөл бичигдсэн байсан гэрээ байсан.

Хэргийн 108-110 дахь хуудасны зээлийн гэрээнд “...72 986 ам.долларыг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлсэн...” гэж дурьдсан байдаг. Үнэн хэрэг дээр энэ гэрээ нь өмнөх нэхэмжлэлтэй холбогдуулан өгсөн гэрээтэй ялгаагүй адилхан л гэрээ. Гэвч гэрээний баруун доод булан дахь гарын үсгүүдийг Б.О нь зураагүй байдаг болно. 109 дахь хуудасны “Б.О” гэсний ард л зөвхөн өөрөө зурсан байдаг. Уг гэрээний дагуу 72 986 ам.доллар хүлээн авсан гэх баримтыг одоо хүртэл шүүхэд нотлон харуулаагүй.

Хүчинтэй гэх сүүлд авчирсан гэрээг шинжилгээнд явуулахад Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс уг шинжилгээний обьект байхгүй байгаа тухай дурьдсан тоот ирсэн байдаг.  Гэвч дахин обьектийг явуулан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2285 дугаар Д.Эын гаргасан дүгнэлтэнд хариуцагч Б.Оийн гарын үсэгтэй тохирсон гэх шинжилгээний хариу ирсэн. Гэтэл яагаад ч юм 110 дахь хуудас гэрээний хавсралт Б.Оийн гарын үсэгтэй гэрээний салшгүй хэсэг болох хавсралт гарч ирсэн байсан. Шинжээч уг хавсралтан дахь гарын үсгийг мөн шинжлээгүй байсан. Уг шинжилгээтэй танилцаад дараах эргэлзээтэй үндэслэлүүдийг олсон болно.

1. 108, 109 дэх дугаарласан гэрээний дээрх 3 гарын үсгийг шинжилгээний обьект болгон ирүүлсэн. 109, 108 дахь хуудаснуудын баруун доод буланд байрлах 2 ширхэг гарын үсэг нь хар өнгийн бэхээр зурагдсан. 109 дэх хуудасны хуудасны “Б.О” гэж бичигдсэний хойно цэнхэр өнгийн бэхээр зурагдсан байдаг. Шинжилгээнд ерөөсөө тухай дурьдан бичээгүй байгаа юм. 2 өнгийн бал ашиглан зурсан нь анхаарал татахуйц байгаа юм. Шинжилгээний тухай хуулийн 14.1.5-т “хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар дүгнэлтээ тусгах” гэх заалтыг зөрчиж байна.

2. Шинжилгээнд обьект болох 3 ширхэг гарын үсгүүдийг тус тус ганцаарчлан авч үзэх шаардлагатай байдаг. Хэн ч зурсан байх магадлалтай учраас тус бүрийн ерөнхий шинжийг нарийвчлан гаргаж, хувийн онцлог шинжүүдийг харгалзан үзэн нэг гүйцэтгэгчтэй юу эсвэл олон гүйцэтгэгчтэй эсэх талаар тогтоож өгөх шаардлагатай байдаг. Гэтэл шинжээч энэ тухай шинжлэн үзэлгүйгээр гэрээн дээрх бүх гарын үсгийг Б.Оийнх гэж үзэн шинжилгээ хийсэн байгаа юм. Шинжилгээний тухай хуулийн 12.1.-т “Шинжээч нь хүлээн авсан шинжилгээний обьеюыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр бэхжүүлэн авсны дараагаар батлагдсан аргачлалын дагуу шинжилгээ хийнэ” гэх заалтыг зөрчсөн байна. Ямар ч шинжээчид хамгийн эхэнд асуулт дутуу эсвэл буруу тавигдсан тохиолдолд асуултыг нэмэн, зөв болгон залруулаад түүнийг засж болдог. Гэтэл уг шинжээч 3 гарын үсгийг олон гүйцэтгэгчтэй эсвэл нэг гүйцэтгэгчтэй тухай асуултыг тавиагүй байгаа зэрэг нь шинжээч Д.Энхбаярын мэдлэг боловсрол хангалтгүй байгаа эсэх эсвэл ажилдаа хөнгөн хийсвэр хандсан гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

3. Шинжээч Д.Э нь Б.Оийн чөлөөт болон туршилтын загварыг огтоос ашиглаагүй зөвхөн харьцангуй чөлөөт загвартай харьцуулсан шинжилгээг олон талаас харж үзэн, бодит шинжилгээ хийсэн гэж үзэхэд хангалтгүй байгаа юм. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1.1-т заасны дагуу “шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой хийх” гэх заалтын зөрчиж байна.

4. Шинжилгээний дүгнэлт хэсэгт “...шинжилж буй гарын үсгүүд нь Б.Оийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна.” гэж бичсэн байдаг. Шинжээчийн уг дүгнэлт нь харахад адилхан төстэй л юм гэсэн 2 утгатай байгаа юм. Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байдаг. Гэвч тухайн гарын үсгийг Б.О гүйцэтгэсэн эсвэл гүйцэтгээгүй тухай тууштай хариу өгөөгүй нь Д.Энхбаяр шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаагийн илрэл юм.

5. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн бэхээр гүйцэтгэсэн гарын үсэг нь баруун налалттай, хар өнгийн бэхээр гүйцэтгэсэн баруун доод буланд байрлах 2 ширхэг гарын үсгүүд нь налалтгүй, босоо байна. Чөлөөт загвар, харьцангуй чөлөөт загвар, туршилтын загварт йь Б.Оийн гарын үсгүүд нь налалтгүй, босоо гүйцэтгэгдсэн гарын үсэг байгаа эсэх. Хэдий энэ нь ерөнхий шинж тэмдэг боловч энэ хэрэгт ач холбогдолтой л баймаар юм. Энэ шинж тэмдгийг яагаад ач холбогдол багатай гэж шинжээч үзсэн байна.

6. Эхний элементийг гүйцэтгэх, гогцоо гүйцэтгэх, доод элементийг гүйцэтгэх явцад бичих хэрэгсэл гэнэт зогссон, бөөрөнхий элемент өнцөг үүссэн зэрэг шинж тэмдгүүдийн тухай ямар нэгэн байдлаар огт дурьдаагүй байгаа юм. Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн шүүхэд дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гарган өгсөн байдаг боловч шүүх ямар нэгэн тодорхой үндэслэлгүйгээр хүлээн аваагүй.

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр сөрөг нэхэмжлэл гарган, уг сөрөг нэхэмжлэлд уг зээлийн гэрээг хүчингүйд тооцох, 196 тойргийн нотариатыг хариуцагч Б.Оийг байлгалгүйгээр гар бичмэлийг нотолсон хууль бус үйлдлийг шалгуулах, дахин шинжилгээ томилох асуудлыг хүсэмжилсэн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч түүнийг хүчингүй хэмээн тооцсон нь зүй бус шийдвэр байгаа юм.

2. Түүнчлэн үндэслэх хэсэгт “...78 308 030 төгрөг... /96 000 000 - 78 308 030 = 17 691 970/ төгрөг төлөх үүрэгтэй байна...” гэж дурьдсан. Гэвч бодит байдал дээр 96 159 552 төгрөгийг Ө.Бт шилжүүлсэн байдаг. Үүний нотолгоо нь Ө.Б мөнгө хүлээн авснаа дансны хуулгыг хавтаст хэрэгт хавсарган өгсөн. Иймд үндэслэлгүйгээр 96 159 552 тегрөгийг 78 308 030 төлсөн мэтээр тооцож буйд бодит бус юм. Иймд төлөх мөнгөнөөс 96 159 552 төгрөгийг хасалт хийх зөв юм гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ө.Б хариуцагч Б.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 246 431 755,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 29 973 668 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг нэхэмжлэгчид төлсөн, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөхгүй гэж маргаж, 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 72 986 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 36 493 ам.доллар, мөн оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 36 493 ам.долларыг хариуцагчид шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Хариуцагч нь дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарласны дагуу шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2017/02260 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2285 тоот шинжээчийн дүгнэлтэд “уг зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгүүд нь Б.О гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна” гэснээр хариуцагчийн дээрх татгалзал үгүйсгэгдэж байх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. /хэргийн 135-139, 68-171 дүгээр тал/

 

Уг дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шүүх дахин шинжээч томилох шаардлагагүй юм.

 

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн эзэмшлийн 403133431 дугаартай дансанд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр орлого гэж хийсэн 60 000 000 төгрөгийг хариуцагчаас ам.доллар авч төгрөг болгон хийсэн гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан болон нэхэмжлэгчээс түүний дээрх дансанд 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шижлүүлсэн 36 500 ам.долларыг тус тус авсан талаар маргаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх ам.доллараар талууд тохиролцон байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн атлаа нэхэмжлэгч уг гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг хариуцагчид сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, сүүлд нэхэмжлэгчээс шилжүүлсэн 36 500 ам.долларыг уг зээлд хамаарахгүй, хүү тооцохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, зохигчдын тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар нотлох баримт болох тул нэхэмжлэгчээс ам.доллар авч 60 000 000 төгрөг болгон өөрийн дансанд шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбарт анхан шатны үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, ам.доллараар тохиролцон байгуулсан зээлийн гэрээг төгрөгийн зээлийн гэрээнд тооцож шийдвэрлэсэн нь буруу байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагчид 72 986 ам.доллар зээлдүүлэхээр тохирсон ч бодитоор 60 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчээс шилжүүлсэн дээрх мөнгийг 72 986 ам.долларын зээлийн гэрээний дагуу шилжүүлэн аваагүй гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байх тул 72 986 ам.долларыг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж үзнэ.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Түүнчлэн хариуцагч 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 40 550 ам.доллар, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 3 000 000 төгрөг буюу /3 000 000 х 1 501,45/ 1 998 ам.доллар, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөг буюу /3 000 000 х 1 622,40/ 1 849 ам.доллар, нийт 44 397 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байх боловч хариуцагчаас зээлийн гэрээний төлбөрт 96 159 552 төгрөг өгсөн гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй буюу 47 475 ам.долларыг түүнээс авсан гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарлаж байхад шүүх 78 308 030 төгрөгийг зээл, хүүгийн төлбөрт хариуцагч төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 72 986 ам.долларын зээлийн гэрээний үүрэгт нийт 107 519,6 ам.долларыг хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Ө.Бт төлөх үүрэгтэй байна. Тодруулбал, хариуцагч нь 36 493 ам.долларын зээлийн хүүд 2013 оны 7 дугаар сарын 04-ны өдрөөс нэхэмжлэгчийн дараагийн зээл 36 493 ам.долларыг шилжүүлэх хүртэлх хугацаанд буюу 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл /36 493 х 5 % = 1 824,6 ч 30 хоног =60.8 х 3 сар 2 хоног буюу 92 хоног/ 5 593.6 ам.доллар, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс гэрээний хугацаа дууссан 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 72 986 ам.долларын зээлийн хүүд /72 986 х 5% = 3 649,3 ч 30 хоног = 121.6 х 7 сар 28 хоног буюу 238 хоног/ 28 940 ам.доллар, нийт үндсэн зээл, хүүд /72 986 + 5 593.6+28 940/ 107 519,6 ам.долларыг төлөх үүрэгтэй юм.

 

Уг 107 519,6 ам.долларын зээл, хүүгийн төлбөрөөс нэхэмжлэгч талын зөвшөөрсөн 47 475 ам.долларыг хасч тооцох нь зүйтэй.   

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсоны дагуу /107 519,6 - 47 475/ 60 044.6 ам.доллараас хугацаа хэтэрсэн 437 хоногийн алданги 78 703.7 ам.доллар болж байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар дээрх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 30 022,3 ам.долларыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.  

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн зохицуулалт нь төгрөгийн ханшийн өөрчлөлттэй холбоотой болохоос бус гадаад валютын төгрөгт хөрвөх ханшийн өөрчлөлтөд хамааралгүй юм. Түүнчлэн талууд зээлийн гэрээ байгуулахдаа төлбөрийг ам.доллараар тохиролцсон нь хууль болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй тул буруутгах үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг чөлөөтэй тохиролцон хэлцэл хийхдээ гэрээний хариу төлбөрийг ам.доллараар тохиролцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ам.доллараар гүйцэтгэх төлбөрийн үүргийн үлдэгдлийг төгрөгөөр тооцон шаардахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2 250,95 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцжээ. Өөрөөр хэлбэл, ам.доллараар илэрхийлэгдсэн мөнгөн төлбөрийн үүргийн үлдэгдлийг гүйцэтгүүлэхээр шүүхэд хандан шаардаж байгаа үеийн ханшаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг зөрчихгүй.

 

Иймээс зээлийн гэрээний үүрэгт нийт /60 044,6 + 30 022,3/ 90 066,6 ам.доллар буюу /90 066,6 х 2 250,95/ 202 736 088 төгрөгийг хариуцагч Б.Оээс гаргуулж, нэхэмжлэгч Ө.Бт олгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид 72 986 ам.долларыг бодитойгоор шилжүүлж, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдох тул уг зээлийн гэрээг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, үнэн санаанаасаа бус, хөнгөмсөгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй. Мөн хариуцагчийг нэхэмжлэгч хүч хэрэглэн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан болон зээлийн гэрээг нөхөж байгуулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хүү шаардсан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг хэрэглээгүй болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс дээр дурьдсан үндэслэлүүдийн хамт зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02605 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, заасныг баримтлан хариуцагч Б.Оээс 202 736 088 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Бт олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 43 695 667.05 төгрөгт холбогдох хэсэг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т заасан үндэслэлгүй тул 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Б.Оийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж, “671 020” гэснийг “1 171 630” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Б.О гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 877 040 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 877 040 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ

 

                                       ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                           С.ЭНХТӨР