Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бүрэнбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Н.Доржсүрэн, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бүрэнбаатарт холбогдох эрүүгийн 1836001710177 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Олхон овогт Баянмөнхийн Бүрэнбаатар нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт байрлах 8-25 тоот хашаанаас иргэн Г.Ичинхорлоогийн эзэмшлийн 75-63 ХОА улсын дугаартай ачааны автомашины 2 ширхэг акумлятор хулгайлж, 7000000 төгрөгийн мөн Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11-22 тоот хашаанд байсан иргэн А.Уугантуулын эзэмшлийн 16-74 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээс 2018 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 2 ширхэг акумлятор хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Олхон овогт Баянмөнхийн Бүрэнбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Олхон овогт Баянмөнхийн Бүрэнбаатарыг хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Баянмөнхийн Бүрэнбаатарт тайлбарлаж, Өсвөр насны шүүгдэгч Баянмөнхийн Бүрэнбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нь өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнбаатарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/ жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнбаатар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 07 сар, 08 хоногтой байсан, мөн шүүхээр гэм бурууг тогтоох үед 17 нас 10 сар 04 хоногтой байсан байна.

Гэтэл Эрүүгийн хуулийн найм дугаар бүлэгт “ Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх “ гэж заасан ба мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “ Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ гэсэн хуулийн заалтуудыг хэрэглэх байтал хэрэглэлгүй эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэж, өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнбаатарт ял оногдуулахгүйгээр тэнссэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнбаатар нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутагт байрлах 8-25 тоот хашаанаас 2018 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө иргэн Г.Ичинхорлоогийн эзэмшлийн 75-63 ХОА улсын дугаартай ачааны автомашины 2 ширхэг акумлятор хулгайлж, 700000 төгрөгний хохирол учруулсан,

            Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11-22 тоот хашаанд байсан иргэн А.Уугантуулын эзэмшлийн 16-74 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2018 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 2 ширхэг акумлятор хулгайлж 600000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн байх боловч хэргийн үйл баримтанд зөв дүгнэлт өгсөн атлаа эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргажээ.

            Өөрөөр хэлбэл шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнбаатарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

            Эрүүгийн хуулийн найм дугаар бүлэгт “ Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх “ гэж заасан ба мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “ Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан байхад  анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнбаатарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан ял  оногдуулсан  нь Эрүүгийн  хуулийг буруу хэрэглэсэн байна  гэж  давж заалдах шатны шүүх үзлээ.

            Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл  үндэслэлтэй байх тул хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дгээр сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож  уг хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол өсвөр насны шүүгдэгч Б.Бүрэнбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                  

Б.ДАМБА