Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1007

 

 

 

 

 

 

 

 

  2020          12            08                                    2020/ШЦТ/1007

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005023531410 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ... дүүргийн ... дүгээр хороо ...  дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б- нь Д.Гангаамаагийн эзэмшлийн Хаан банкны 5463034345 дугаартай дансны И пин код, нууц код зэргийг хууль бусаар авч, ашиглан уг данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр 1.618.000 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүлэгт шүүгдэгч Д.Б- мэдүүлэхдээ: “Би Нарантуул зах дээр ажиллаж байсан. Хохирогч манай контейнероос мотоциклийн мотор худалдаж авсан. Мотор худалдаж авсан төлбөрийг шилжүүлж болохгүй байсан тул би бэлэн мөнгөний машин руу хамт явсан. Тухайн үед Хаан банкны И пин кодыг авч хууль бусаар ашигласан. 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд тухайн дансыг ашигласан. Тухайн данснаас авсан мөнгөө жолооны төлбөр болон өөрийн шаардлагатай хэрэгцээгээ хангасан” гэв.

          Шүүгдэгч Д.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хаан банкны харилцагч Дэжиднүрэнгийн Гангаамаагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 4 дүгээр хуудас/

 

Хаан банкны харилцагч Дэлгэрбаатарын Б-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Хаан банкны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 50/9266 дугаартай албан бичиг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

          Хохирогч Д.Гангаамаагийн “2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Б-ан сумын нутагт Гучингийн хоолой гэх газар отор нүүдэл хийж яваад Говьсүмбэр аймаг орохоор явж байхад гар утасны сүлжээ ороод захидал /мессэж/ ирэхээр нь үзтэл миний эзэмшлийн Хаан банкны 5463034345 гэсэн данснаас 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд нийт 6 удаагийн үйлдлээр 1.518.000 төгрөгний гүйлгээ хийгдсэн байсан. Тухайн гүйлгээг би огт хийгээгүй байхад миний эзэмшлийн данснаас мөнгө зарцуулагдсан байсан.

          ... Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-30 дугаар хуудас/

 

          Гэрч Д.Алтанхүүгийн “2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгаас ээж Гангаамаагийн хамт нүүж явж байхдаа замаараа Улаанбаатар хотоор дайрч мотоциклийн сэлбэг авахаар Өгөөмөр зах руу 15-16 цагийн хооронд ээж бид хоёр явсан. Өгөөмөр захын замын урд талд байрлах мотоцикл худалдааны контейнер нараас мотоциклийн сэлбэгний бөөний худалдаа гэсэн контейнероос 2 ширхэг мотор, 1 ширхэгийг нь 550.000 төгрөгөөр тооцоод 1.100.000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Тухайн үед ээжид ноолуур тушаасан мөнгө байсан болохоор ээж утаснаассаа шилжүүлэх гэтэл болохгүй байхаар нь сэлбэг зарж байсан хүн манай дүүг дагуулж яваад АТМ-с мөнгө шилжүүлчих гээд ээж сэлбэг зардаг хүний дүүг дагаад Нарантуул ОУХТ-ын Хаан банкны АТМ дээр очоод тэр залуугаар сэлбэг авсан хүний данс руу ээж картаа өгөөд АТМ-с 1.100.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд ээж бид хоёр сэлбэгээ аваад Говьсүмбэр аймаг руу явсан. Ээж 7 сарын эхээр картнаас нь мөнгө алга болсныг мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/

 

          Гэрч У.Хүрэлбаатарын “2020 оны 06 дугаар сарын эхээр манай дээр бараа зөөдөг хүн хэрэг болоод таньдаг залуу болох Баянааг ажил дээрээ 20 хоног ажиллуулсан. Тэр залуу мөн байна. 6 сарын сүүлээр ажилл төрөл таслаад байхаар нь больсон.

          ... Манай дагавар охин Хонгорзулын найз залуу гээд танилцаж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33 дугаар хуудас/

 

          Гэрч Г.Ирээдүйн “... Манай байгууллагын үйлчилгээ 100 хувь автомат үйл ажиллагаатай. Манайх авах бараагаа сонгоод 1.518.000 төгрөгийн бараа Stea, wallet code авсан. Уг хүний хаанаас хандсан талаарх Ip хаяг болон цагийг, бараагаа авсан email хаягийг өгч байна. Цахим тогтоомны худалдан авалт хийхэд ашиглана. Эсвэл бусдад зарж болно. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хуудас/

 

          Камерын бичлэгт үзлэг хийсэн “... хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн баруун тал цагаан өнгийн хээн дүрслэлтэй зүүн тал нь цулгай хар өнгийн цамцтай эрэгтэй хүн зогсож байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 43-53 дугаар хуудас/

 

          Мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 54 дүгээр хуудас/

 

Д.Б-ын яллагдагчаар өгсөн “... Би 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Нарантуул зах дээр сэлбэг зөөдөг ажил хийж байсан. Тэгээд байж байтал 6 дугаар сарын 27-ны өдөр мотор авахаар хоёр хүн ирээд төлбөрөө данснаас мөнгө шилжүүлээд өгөөч гээд надад картаа өгч явуулсан. Ингээд АТМ орж моторын мөнгө болох 1.100.000 төгрөгийг шилжүүлж мөн хүн рүү мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гээд би уг хүний хэлснээр 160.000 төгрөг шилжүүлсэн. Эдгээр мөнгөнүүд энэ хүний шилжүүлээрэй гэсэн мөнгө байсан. Харин би өөрийнхөө 5721658410 дугаарын дансанд 100.00 төгрөг шилжүүлэн авч интернэт банкны гүйлгээний кодыг АТМ-с гаргуулан авсан. Ингээд уг картын зургийг нь аваад уг хүнд аваачиж өгсөн. Үүнээс 4-5 хоногийн дараа би интернэт банк ашиглан Миборни сайт ашиглан вальютын карт худалдан авсан. Уг картаа авахдаа нууц кодыг өөрийн [email protected] хаягаар авч уг картаараа Дота 2 тоглоомын Iteam худалдан авсан. Худалдан авсан Iteam-аа интернэтээр худалдан борлуулж уг мөнгийг өөрийн 5721658410 дугаарын дансаар шилжүүлэн авсан. Уг Iteam-ыг 1.518.000 төгрөг болсоны хамгийн эхнийх нь 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 321.000 төгрөг, 520.000 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр 108.000 төгрөг, 7 дугаар сарын 02-ны өдөр 232.000 төгрөг, 7 дугаар сарын 03-ны өдөр 232.000 төгрөг, 7 дугаар сарын 05-ны өдөр 105.000 төгрөг АТМ-с авсан интернэт банкны и пин кодыг ашиглаж, мөн картын арын болон өвөр хэсгийг зургийг ашиглаж уг мөнгийг шилжүүлэн авсан.

... Нийт 1.618.000 төгрөг авсан. Үүний 100.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-61 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Б- нь Д.Гангаамаагийн эзэмшлийн Хаан банкны 5463034345 дугаартай дансны И пин код, нууц код зэргийг хууль бусаар авч, ашиглан уг данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр 1.618.000 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Хохирогч Д.Гангаамаад 1.618.000 төгрөгийг хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Б- нь уг мөнгийг төлсөн тухай “Мөнгөн шилжүүлэг, гүйлгээний дүн 1.618.000 төгрөг, дансны дугаар 5463034345, данс эзэмшигчийн нэр Гангаамаа Дэжиднүрэн, гүйлгээний утга Б- хохирол бүрэн барагдуулав” гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгчийг учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэв.  

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Д.Б-ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар хийхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөдЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ