Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0059/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Ж.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Г.Б,

Шүүгдэгч                                                       М.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Чд холбогдох 2039004090028  дугаартай эрүүгийн хэргийг  2021 оны 08 дугаар  сарын 04-ний  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  М.Ч  нь  2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4 дугаар багийн нутагт, Баян Овоо сумын 2 дугаар багийн иргэн С.Агийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүйтэн бороонд уруудуулж алдсан 29 тооны бог малнаас 24 тооны бог мал буюу 12 тооны хурга, 12 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан завшиж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч М.Ч нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч С.Агийн өгсөн:.. Манайх 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүйтэн борооноор бог малаа уруудуулчихсан юм. Би өөрөө тухайн үед нь гэртээ байгаагүй адуу уруудчихаад адуундаа явсан байсан. Гэртээ ирээд хонио бүртгэхэд 29 тооны хонь маань дутчихсан байсан. Анх Чилдээ /Ч/ ах над руу залгаад танай 15 тооны хонь  салхинд уруудаж ирээд манай хоньтой нийлчихсэн байна, ирж аваарай гэж хэлсэн. Маргааш нь хонио авахаар явахдаа Батноров сумын харьяат иргэн Энхбаяр гэх айлын хонины бэлчээр дээр очих үед манай 1 тооны хонь байхаар нь манай имтэй хонь байна, танай хонинд нийлээ юу гэхэд тиймээ, Чилдээ 2020 оны 08 дугаар сарын 12-13-нд манайд ирээд 23 тооны хонийг цагаан өнгийн портер маркийн автомашиндаа ачаад явсан гэж хэлсэн. Харин Чилдээ ах над руу хэд хоногийн дараа миний утас руу залгаад 2 чих нь тайранхай 12 хурга, 3 хонь байна. Танай имтэй 15 хонь салхинд уруудаад манай хоньтой нийлчихжээ гэж хэлэхээр нь маргааш нь очиж хонь, хурга нийлсэн 15 тооны хонио очиж авч байсан... Би 9 тооны хонио тоогоор нь төлүүлчихвэл надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 хуу/

Гэрч О.Э өгсөн: ... 2020 оны 08 дугаар сарын 13-14-нд байхаа сайн санахгүй байна. Тухайн үед бороо ороод манай бог мал бэлчээрээсээ сарнисан болохоор бог малаа цуглуулаад айлын тасарч ирсэн бог малыг өгчихөөд малаа бүртгэх үед 24 тооны хонь илүү гарч байсан. Харин им нь хоёр чих нь мухар, зарим нь зөв чих нь урдаасаа хөндлөн буруу чих нь цуулбар имтэй байсан. Тухайн үед Чилдээгийнд /Ч/ очиход эхнэр Золзаяа нь байхаар нь танай нөхөр байгаа юу, манай гадаа тийм имтэй хонинууд байна. Танайх биш үү манайх бог малаа бүртгэх гэж байна гэж хэлчихээд явсан. Тэгээд гэртээ ирээд удалгүй байж байтал Чилдээ цагаан өнгийн портер маркийн автомашинтайгаа ирээд манай хонь мөн ч гэж хэлээгүй малын хашаанд ачаад аваад явсан. Тэр өдрөөс хойш маргааш нь бил үү нөгөөдөр өдөр нь малд явж байхдаа Чилдээгийнд ороход эхнэр нь гэдэс арилгаад сууж байсан. Харин Чилдээ малдаа явсан гээд сууж байсан. Ажиллаад дуусчихсан хонь нь арьстайгаа байсан болохоор харахад манайхаас очиж авсан хорь гаруй хонины нэг зүсээрээ мөн байсан...  гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

Гэрч С.З өгсөн: ... 1466 хэү улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн автомашиныг би хүргэх ах Чд 2020 оны 04 дүгээр сард 3.5 сая төгрөгөөр зарсан. Харин одоог хүртэл өмчлөгчөөр нь миний нэр байгаа юм. Ч ах өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа юм... манай төрсөн эгчийн нөхөр болохоор тэр тал дээр санаа зовохгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

М.Ч-ийн яллагдагчаар өгсөн: ... би Агийн 24 тооны хониноос 9 тооны хонийг хэрэглэсэн. 15 тооны хонийг Ад буцаагаад өгсөн. Харин 8 тооны хонийг Хэнтий аймгийн төвд авч ирээд зарсан. Харин 1 тооны хонийг нь өөрийн гэрийн хүнсэндээ хэрэглэсэн. Би Ад 9 тооны хонийг нь төлсөн. Өөрийн хийсэн зүйлдээ их гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/

Нас гүйцсэн хонины нэг үнэлгээг 150.000 төгрөгөөр, хурганы үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоосон  Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 9 дугаар сарын 15-ны өдрийн ШД-324 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-29 хуу/

Хохирогч С.Агийн гаргасан “хохирлоо барагдуулж авсан” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 72 хуу/

М.Ч-ийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 64 хуу/

М.Ч-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 60 хуу/

14-66 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн “Porter” маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай тогтоол  /хх-ийн 134-135 хуу/

14-66 ХЭҮ улсын дугаартай Hyundai porter маркийн автомашин нь С.Золбадрахын нэр дээр бүртгэлтэй тухай Хэнтий аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 71 хуу/

14-66 ХЭҮ улсын дугаартай “Porter” маркийн автомашины үнэлгээг 4.500.000 сая төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ШД-200 дугаартай дүгнэлт /хх-ийн 143-146 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 73, 74 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч М.Чд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  М.Ч нь Хэнтий аймгийн Баян Овоо сумын 2 дугаар багт оршин суух хохирогч  С.Агийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр бороонд уруудуулж алдсан 29  тооны хонь Хэнтий аймгийн Батноров сумын 4 дугаар багийн нутагт оршин суух О.Энхбаярын малд нийлсэн байхад нь  2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 24 хонийг нь 14-66 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн Hyundai porter маркийн автомашинд ачиж авч яван 9 хонийг нь бусдад зарах, хүнсэндээ хэрэглэх зэргээр зарцуулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч С.А, гэрч О.Энхбаярын нарын мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч С.А нь “Манайх 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүйтэн борооноор бог малаа уруудуулчихсан юм, хонио бүртгэхэд 29 тооны хонь маань дутчихсан байсан” гэж, гэрч О.Энхбаяр нь “2020 оны 08 дугаар сарын 13-14-нд байхаа сайн санахгүй байна. Тухайн үед бороо ороод манай бог мал бэлчээрээсээ сарнисан болохоор бог малаа цуглуулаад айлын тасарч ирсэн бог малыг өгчихөөд малаа бүртгэх үед 24 тооны хонь илүү гарч байсан” гэж  мэдүүлэг өгсөн бөгөөд үүнээс үзэхэд шүүгдэгч М.Чин-Эрдэний автомашинд  ачиж  авч явсан 24 хонийг алдуул мал гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 2.400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь бага хэмжээнээс / 300.000 төгрөгөөс дээш/ дээш байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй  байна. Хохирогч нь “хохирлоо төлүүлж авсан” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгч М.Ч-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч М.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэсэн  дүгнэлт тус тус гаргасан.

Шүүгдэгч М.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй  гэж үзлээ. 

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт 14-66 ХЭҮ улсын дугаартай Hyundai porter  маркийн автомашиныг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэсэн үндэслэлээр битүүмжилсэн байх бөгөөд уг автомашин нь С.Золбадрахын эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогджээ.  Иймд уг автомашиныг хураах үндэслэлгүй байх тул  шүүгдэгч М.Чд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ болох 4.500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь 2020 оны 08 сард үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн, урьд нь ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.  

Иймд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг  өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.   

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй гэж заасан байх тул шүүгдэгчид хэрэглэсэн 14-66 ХЭҮ улсын дугаартай Hyundai porter  маркийн автомашины үнэ болох 4.500.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх  хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ өршөөлд хамаарахгүй болохыг дурдсугай.

 

Шүүгдэгч М.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Hyundai porter  маркийн 14-66 ХЭА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овгийн Мөнхцэцэгийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын  өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч М.Ч нь  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai porter  маркийн 14-66 ХЭА улсын дугаартай автомашины үнэ болох 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

6. Шүүгдэгч М.Чд оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч М.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Hyundai porter  маркийн 14-66 ХЭА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.  Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ