| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0847/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/837 |
| Огноо | 2020-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.2.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/837
2020 09 17 2020/ШЦТ/837
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч Г.Сундуй,
Хохирогч Л.Эрбиш,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Гэд холбогдох эрүүгийн 1909 03148 1008 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр харъяалалын дагуу хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн сургуулийн баруун талд дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа Л.Э “Бичиг баримт хураалгах” тухай шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Бид өөрсдийн буруугаас болж тэдгээр залуустай муудалцсан. Би балчимгүй үйлдэл гаргаж хохирогчийн нүүрэн тус газар нь цохисон байгаа...” гэжээ.
Хохирогч Л.Эрбиш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Намайг очиход Г.Г гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Дуудлагын дагуу дуудлага өгсөн хүнээс мэдүүлэг авсны дараа холбогдогч дээр очиж болсон хэргийн талаар асуух гэхэд намайг хэл амаар доромжилж, миний нүдэн тус газар цохисон...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр “... Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын албан тушаалд томилсон алба хаагчдийн нэрсийн жагсаалт, тушаалын хавсралт /хх-ийн 15-16/-р тал, Хохирогч Л.Э мэдүүлэг /хх-ийн 25-26/-р тал, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №9844 дугаартай дүгнэлт /хх-ийн 45/-р тал, Яллагдагч Г.Гийн мэдүүлэг /хх-ийн 55-56/-р тал, Хавтас хэргийн материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 87-113/-р тал зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд зөвхөн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн сургуулийн баруун талд дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа Л.Э “Бичиг баримт хураалгах” тухай шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, түүнчлэн шүүгдэгч Г.Гийг дээрх гэмт хэргийг үйлдээгүй талаар, эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр шүүгдэгч Г.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Г.Гийг “Хууль сахиулагчийг буюу цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирогч Л.Эрбиш болон шүүгдэгч Г.Г нарын зүгээс эрүүгийн 1909 03148 1008 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Г.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Г.Г нь сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №270 дугаартай “Хүсэлтийг хангах тухай” тогтоол болон “...хавтас хэргийн 133, 134-р талд авагдсан хохирогч Л.Эрбиш болон шүүгдэгч Г.Г нарын “...хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт...” зэргээр тогтоогдож байна.
Иймд, шүүхээс шүүгдэгч Г.Гийг Хууль сахиулагчийг буюу цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзсэн болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.Г нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Л.Эрбиш нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гомдол, санал байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн /хх-ийн 132/-р тал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Г-ын Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/-н төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гэд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР