Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг;

улсын яллагч: Н.Мөнгөнсүх;

хохирогч:  Э.Мөнхзул, Д.Дашпунцаг;

гэрч: З.Оюунчимэг;

шүүгдэгч: Э.Мөнхбаяр , түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон  овогт Эрдэнэбилэгийн Мөнхбаярт  холбогдох эрүүгийн 201625021172 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:    

Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамжны 280 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар 11.520.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар эдэлсэнд тооцогдсон, хэрэг хариуцах чадвартай, ЧД87091314 регистерийн дугаартай, Боржигон овогт Эрдэнэбилэгийн Мөнхбаяр.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Э.Мөнхбаяр ялтай байх хугацаандаа шунахайн сэдэлтээр, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны  өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны 80 тоотод оршин суух иргэн Э.Мөнхзулын буюу төрсөн эгчийнхээ гэрээс дунд гарын нэг ширхэг мөнгөн аяга хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн 2016 оны 06 дугаар сарын 24-нөөс 2016 оны 06 дугаар сарын 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 9 дүгээр байрны гадаа зогсоол дээр байсан иргэн Г.Ариунаагийн 08-80 УНЕ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн авто машины 1 ширхэг толь хулгайлж 220.000 төгрөг, мөн дээрх газар , тус өдрөө иргэн Д.Дашпунцагийн эзэмшлийн 12-62 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 1.370.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Э.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 3 удаагийн хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарч байгаа тул хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

Хохирогч А.Мөнхзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч Э.Мөнхбаяр нь миний төрсөн дүү юм. Э.Мөнхбаяр манай гэрт хонохдоо манай нөхрийн мөнгөн аягыг хэлэлгүй аваад явсан байсан. Тэгээд мөнгөн аягыг ломбарданд тавьсан байсан баримтаа авчирч өгсөн. Би мөнгөн аягаа буцаагаад авсан. Э.Мөнхбаяр гэр бүлийн гишүүн учраас хэлээд авч явсан бол мөнгөн аягыг захиран зарцуулах эрх байсан. Хэлэлгүй аваад явсан байхаар нь гомдож, ууралсандаа хашраах гээд цагдаагийн байгууллагад хандсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Д.Дашпунцаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний машины 2 ширхэг толийг шүүгдэгч Э.Мөнхбаяр хулгайлан авсан. Би мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Мөнхбаяраас 500.000 төгрөг нэхэмжилсэн. 2 ширхэг толь шинээр 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо шүүгдэгч Э.Мөнхбаяраас 250.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Гэрч З.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.Мөнхбаяр бол миний бага хүү бөгөөд аавыгаа нас барснаас хойш архи уудаг болсон. Аавыгаа нас барснаас хойш аавыгаа нэхэж надад элдэв зүйл ярьж намайг зовоодог. Энэ хэрэг нь өөрийнх нь бодлогогүй үйлдэл. Миний хүү нас барсан аавыгаа гэснээс амьд байгаа ээжийгээ гэсэн бол энд ингээд суухгүй байсан гэдгээ ойлгох байх гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Мөнхзул /хх-ийн 13-14, 64-65/, Г.Ариунаа /хх-ийн 29-30/, Д.Дашпунцаг /хх-50-51/, гэрч З.Оюунчимэг /хх-ийн 66-67/, нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-27, 45-46/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28/, эд зүйл хураан авсан тухай баримт /хх-ийн 44/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 56/, Э.Мөнхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17/, Э.Мөнхбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 18/, Э.Мөнхбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-38, 57-61/, Э.Мөнхбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 82-84/,  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Мөнхбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны 80 тоотод оршин суух хохирогч Э.Мөнхзулын гэрээс дунд гарын нэг ширхэг мөнгөн аяга хулгайлж 650.000 төгрөгийн,

мөн давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 9 дүгээр байрны гадаа зогсоол дээр байсан хохирогч Г.Ариунаагийн 0880 УНЕ дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг толь хулгайлж 220.000 төгрөгийн, хохирогч Д.Дашпунцагийн эзэмшлийн 1262 УБЧ дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 1.370.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Э.Мөнхзулын /хх-н 13-14/ “...2016 оны 04 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед манай төрсөн дүү Мөнхбаяр нь ээж Оюунчимэгийн хамт манай гэрт ирсэн. Уг нь би дүү Мөнхбаярыг гэртээ оруулдаггүй юм. Учир нь Мөнхбаяр байнга архи ууж, гэр орноос эд зүйл хулгайлаад алга болдог. Тухайн өдөр ээж маань манайд хонохоор ирэхдээ гадаа дүү Мөнхбаяртай таараад хамтдаа орж ирэхэд нь би “за ганц удаа гайгүй байлгүй” гэж бодоод оруулсан юм. Ингээд Мөнхбаяр нь манайд орж ирээд хоол унд идээд сууж байгаад 23 цагийн орчим ээжтэй хамт “тамхи татна” гээд орц руу гарсан. Би босоод гал тогооны өрөөндөө орж мөнгөн аягаа харахад алга болсон байсан. Би Мөнхбаярыг аваад гарсан гэж бодоод орц руу гарахад ээж маань орцонд тамхи татаад зогсож байсан. Мөнхбаярыг асуухад “дөнгөж сая тамхи татах гээд гараад явлаа” гэхээр нь араас нь гүйгээд гарахад алга болсон байсан. ...Дараа нь мөнгөн аягаа ломбарднаас авсан. ...Миний хувьд гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

                                          

хохирогч Г.Ариунаагийн /хх-ийн 29-30/: “... 0880 УНЕ дугаартай цагаан өнгийн “Приус 20” маркийн авто машинаа өчигдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 24-ний 17 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны хойд талын зогсоолд орхиод маргааш нь 11 цаг 30 минутын үед гараад иртэл миний машины гадна талын толь хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Дашпунцагийн /хх-ийн 50-51/: “... Би 2016 оны 06 дугаар сарын 24-ний 20 цагийн орчим өөрийн эзэмшлийн 1262 УБЧ дугаартай “Приус” маркийн машинаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна зогсоол дээр тавиад гэртээ амарч байхад танихгүй дугаараас олон удаа залгасан байсан. Би сэрээд уг дугаар руу залгаад асуухад машины толь алдагдсан талаар хэлсэн. Тэгээд би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч З.Оюунчимэгийн /хх-ийн 66-67/: “... 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Мөнхбаяр надтай таарсан юм. Би Мөнхзулынд хонох гээд явж байсан учир Мөнхбаярыг дагуулаад орсон. Тэгээд хоол унд идээд унтах гэж байгаад Мөнхбаяр “гарч тамхи татлаа” гэсэн. Тэгээд би хамт гарч тамхи татахаар болоод орц руу гарсан. Шатан дээр тамхи татаж байгаад Мөнхбаяр “ээж би гадаа гарч, агаар амьсгалангаа тамхи татчихаад ирье гэж” хэлээд гарсан. ...Удалгүй Мөнхзул араас гарч ирээд “ээж Мөнхбаяр хаана байна, цаадах чинь манай нөхрийн мөнгөн аягыг хулгайлсан байна” гэж хэлсэн. Тэгээд Мөнхбаярыг тэр өдрөөс хойш дахиж олоогүй...” гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-27, 45-46/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28/, эд зүйл хураан авсан тухай баримт /хх-ийн 44/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 56/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Мөнхбаярын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

 

            Э.Мөнхбаяр  нь  давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр өөрт үл хамаарах, өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг нууц далд хэлбэрээр хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуулийн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Мөнхбаяр нь хулгайлсан эд зүйлийг хохирогч Э.Мөнхзул, Г.Ариунаа, Д.Дашпунцаг нарт биет байдлаар буцаан өгсөн, хохирогч Э.Мөнхзул, Г.Ариунаа нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Д.Дашпунцаг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөр буюу 2 ширхэг тольны суурь солиулах зардалд 250.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч дээрх нэхэмжлэлтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцээгүй болно.

 

Харин хохирогч Д.Дашпунцаг нь дээрх гэм хорын хохиролтой холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч Э.Мөнхбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгч Э.Мөнхбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө ял шийтгүүлсэн бөгөөд дээрх хууль 2015 оны 11 сараас хэрэгжиж эхэлсэн тул түүний ялтай байдал нь уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамаарагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Мөнхбаярт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Харин түүний хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

                    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбилэгийн Мөнхбаярыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 04 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхбаярыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхбаяр 81 /наян нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай .

 

5. Шүүгдэгч Э.Мөнхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Хохирогч Д.Дашпунцаг нь авто машины 2 ширхэг тольны суурь солиулахад гарах зардлаа нотлрх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Мөнхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Мөнхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ