Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/0057

 

Б.Мөнхсаруулын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаН.Батзориггуравдагч этгээд Н.Болор, түүний өмгөөлөгч Б.Баднайнямбуу нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 539 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Б.Мөнхсаруулын нэхэмжлэлтэй, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхсаруул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар Орон сууц хувьчлах тухай тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 73 дугаар байрны 37 тоот орон сууцыг Ё.Чимэдцэрэн, Б.Мөнхсаруул, Б.Болор нарт өмчлүүлснээс Б.Болорт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Б.Болорын нэрийг хасахыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгуулж, дээрх орон сууцны 0108473 дугаар гэрчилгээ болон Ү-2201018263 дугаар бүртгэлээс тус тус Б.Болорын нэрийг хасахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Маргаан бүхий орон сууц нь Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн орон сууц бөгөөд өмчлөх үйл явц нь Нийслэлийн орон сууц хувьчлахаас арай өөр замаар явдаг байсан. Орон сууц хувьчлах мэргэжилтэн нэгж дээр байгаа материалуудыг хянан шалгаж, орон сууцыг өмчлөх шийдвэр гарснаар Төрийн өмчийн хорооны хурлаар оруулж хэлэлцүүлээд Төрийн өмчийн хорооны 2006 оны 2/2349 тоот албан бичгээр уг орон сууцыг хувьчлахаар Засгийн газрын 2006 оны 180 дугаар тогтоол хавсралтын хамт гарсан. Тухайн үед Ё.Чимэдцэрэн нь төмөр замаас олгосон эрхийн бичигтэй байсан ба Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу гэр бүлийн гишүүдэд нь хувьчилсан гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас шүүхэд гаргасан хариу тайлбартааСонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 73 дугаар байрны 37 тоот 27 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2007 оны 02 дугаар тогтоолоор Ё.Чимэдцэрэн, Б.Мөнхсаруул, Б.Болор нарт хувьчилсныг үндэслэн 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлиййн Ү-2201018263 дугаарт бүртгэсэн байх бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Өнөөдөр сонинд хүчингүй болгуулахаар зарлуулсан дугаар, өмчлөгчийн цахим үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 769 дүгээр тушаалаар үрэгдүүлсэн 0108473 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, шинээр 000241710 дугаартай гэрчилгээг дахин олгосон байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.Болор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өвөө Ж.Балжинням нь 1999 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан учир ээж Ё.Чимэдцэрэн, Б.Мөнхсаруул, Б.Болор бид хамт уг сууцандаа үлдсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 73 дугаар байрны 37 тооторон сууцыг орон сууц эзэмших эрхийн бичигтэйгээр ам бүл гурвуулаа эзэмшиж байсан. Ээж Ё.Чимэдцэрэнтэй миний аав Г.Батыг болон намайг огт амьдарч байгаагүй гэж Б.Мөнхсаруул гүтгэж, 2004 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд намайг хуурамч материал бүрдүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 539 дүгээр шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнхсаруул давж заалдах гомдолдоо: Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар Орон сууц хувьчлах тухай тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 73 дугаар байрны 37 тоот орон сууцыг Ё.Чимэдцэрэн, Б.Мөнхсаруул, Б.Болор нарт өмчлүүлснээс Б.Болорт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Б.Болорын нэрийг хасахыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгуулж, дээрх орон сууцны 0108473 дугаар гэрчилгээ болон Ү-2201018263 дугаар бүртгэлээс тус тус Б.Болорын нэрийг хасахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгуулах нэхэмжлэлийг тус тус гаргасан юм.

Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар Б.Болор орон сууц хувьчлах үйл явц өрнөж байх үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын ажлын албанд хандаж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 73 дугаар байрны 37 тоотод амьдардаг мэтээр бүртгүүлж, улмаар Засаг даргаар уг хаягт амьдардаг нь үнэн гэсэн тодорхойлолт хийлгэн авч, түүнийгээ ашиглан Ё.Чимэдцэрэн, Б.Мөнхсаруул нарын эзэмшиж байсан орон сууцыг тэдний зөвшөөрөлгүйгээр хувьчлуулж, хувьчилсан орон сууцанд өөрийнхөө нэрийг оруулсан болох нь тогтоогдсон юм.

Б.Мөнхсаруулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр Б.Болорын дээрх үйлдлийг үндэслэн орон сууц хувьчилсныг Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 3, 161 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн ба Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо хуулийн дээрх заалтуудыг зөрчиж буйг мэдсээр байж орон сууцыг хууль бусаар хувьчилсан хэмээн үзэж байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 д Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй байна. Гэтэл Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо хуулийн дээрх шаардлагын дагуу орон сууц хувьчлан авахыг хүссэн бичиг баримтыг нягтлан шалгалгүйгээр Улаанбаатар төмөр замын дэргэдэх Орон сууцны төв комиссоос болон Төрийн өмчийн хорооны ирүүлсэн албан бичгийг үндэслэн маргаж буй орон сууцыг хувьчлах тухай шийдвэр гаргасан байдаг. Шүүхэд хариуцагчийг төлөөлөн оролцсон Д.Нямсүрэн ...2007 оны 02 дугаар тогтоолыг гаргахдаа тухайн сууцыг хувьчлан авах тухай хүсэлт гаргасан иргэн нь жинхэнэ эзэмшигч мөн эсэх, түүний өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг хуульд заасан шаардлага хангасан эсэхийг Улаанбаатар төмөр замын дэргэдэх Орон сууцны төв комисс шалгаж, зохих шийдвэр гаргахыг Төрийн өмчийн хороонд уламжилсан бөгөөд Төрийн өмчийн хороо тус баримтуудад зохих шалгалт хийж, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд зөвшөөрсөн байх ба ийнхүү зөвшөөрсөн шийдвэрийн дагуу хувьчлах тухай шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан Улаанбаатар төмөр замын Орон сууцны төв комисс, Төрийн өмчийн хорооны давхар шалгасан гээд байгаа баримтуудыг олж тогтоохоор шүүх 2 удаа үзлэг хийсэн боловч шалгасан гэх баримтууд Улаанбаатар төмөр замын Орон сууцны төв комисст байхгүй болох нь тогтоогдсон юм. Төрийн өмчийн хороонд холбогдох баримтууд хадгалагдаж байх магадлалтай.

Энэ тайлбараар Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь холбогдох баримтыг шалгаагүй, шаардаж аваагүй бөгөөд зөвхөн Төрийн өмчийн хорооны зөвшөөрсөн гэх 1 хуудас албан бичгийг үндэслэж, маргаж буй орон сууцыг хувьчилсан болох нь нотлогдож байгаа юм.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 2 дугаар зүйлд Төрийн өмчийн хорооны бүрэн эрхийг тусгасан байх ба уг зүйлд Төрийн өмчийн хороо зөвшөөрөл олгох тухай заалт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулиар Төрийн өмчийн хороонд орон сууц хувьчлах эрх олгоогүй байна. Харин Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2, 3-т иргэдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх эрхийг Орон сууц хувьчлах товчоонд олгосон байна. Энэ нь нэг талаас тухайн байгууллагын эрх, нөгөө талаас уг байгууллагын үүрэг юм. Энэ баримтаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо маргаж буй орон сууцыг хувьчлах тухай 2007 оны 02 дугаар тогтоол нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Үүнээс гадна иргэн Б.Болорын бичиж өгсөн хүсэлтийг хүлээн авч, орон сууц хувьчлах шийдвэр гаргасан гэх баримтыг судлаж, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоог Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг зөрчиж шийдвэр гаргасан хэмээн буруутгасан ба шүүх миний энэхүү буруутгалын үнэн зөв болохыг холбогдох баримтаар тогтоогдсныг батлаж, 532 дугаар шийдвэртээ Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд хандаж, 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б.Болор гарын үсэг зурж, өргөдөл гаргасан нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дугаар зүйлийн 1-д заасантай нийцэхгүй байгаа хэдий ч Б.Болорын нэрийг хамтран өмчлөх эрхтэй гэж заасан хариуцагчийн шийдвэр, түүний дагуу олгосон гэрчилгээг Ё.Чимэдцэрэн хүлээн зөвшөөрч байсан бөгөөд хувьчлан авах хүсэлтэй байсан гэж үзэхээр байна гэж бичсэн байна. Орон сууц хувьчлах тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч дагалдах тайлбаруудаараа хариуцагчийг зөвтгөхийг зорьсон байна. Шүүхийн энэхүү зорилт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д шүүхийн шийдвэр нийцээгүй байна.

Шүүх нэхэмжлэгч Б.Мөнхсаруулын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг баримталсан байна.

Шүүх Б.Болорыг орон сууц эзэмших эрхийн бичигт Ё.Чимэдцэрэн, Б.Мөнхсаруул нарын адил овог нэр нь бичигдсэнд тооцож хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан байна. Орон сууц эзэмших эрхийнбичигт Б.Болорын нэр бичигдсэн баримт хэргийн материалд байхгүй, 2 удаагийн үзлэгээр олдоогүй байхад шүүх уг зүйлийг баримталсан нь илт хууль бус юм.

Шүүх Төрийн өмчийн хорооноос олгосон зөвшөөрөл гэх албан бичгийг үндэслэн орон сууц хувьчилсныг зөвтгөн Орон сууц хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-ийг баримталсан байна. Уг зүйлд орон сууц хувьчлахыг зөвшөөрсөн зөвшөөрөл олгоно гэсэн заалт байхгүй байхад уг заалтыг баримталсан нь мөн илт хууль бус юм.

Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авч, хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг нягтлаагүй байхад хянасан мэт дүгнэлт өгч, 17 дугаар зүйлийн 1-д заасныг баримталсан нь мөн хууль бус юм. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2007 оны 02 дугаар тогтоол бүхэлдээ хууль бус учир уг тогтоолыг үндэслэж олгогдсон маргаж буй орон сууцны 0108473 дугаарын гэрчилгээ 2201018263 дугаар бүртгэсэн бүртгэл мөн хууль бус юм.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.2-д заасныг үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

1. Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Орон сууц хувьчлах тухай 02 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын 73 дугаар байрны 37 тоот орон сууцыг Ё.Чимэдцэрэн, Б.Мөнхсаруул, Б.Болор нарт өмчлүүлж шийдвэрлэсэн байх ба уг тогтоолоор нэхэмжлэгч Б.Мөнхсаруулаас ямар ч эзэмших эрхгүй, гэр бүлийн гишүүн биш, эрх бүхий гишүүдийн хэнд ч мэдэгдэлгүй, хуурамчаар баримт бүрдүүлэн өргөдөл гаргасан Б.Болорыг хамтран өмчлөгчөөр оруулж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж маргажээ.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана, 18 дугаар зүйлийн 1-д Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан байна.

Маргаан бүхий орон сууцыг хөлслөх эрхийн бичиг Ж.Балжиннямын нэр дээр байсан ба түүнийг нас барсны дараа буюу 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Ё.Чимэдцэрэнгийн нэр дээр уг эрхийн бичгийг шилжүүлсэн бөгөөд ам бүл 2 гэсэн байна.

Харин 2004 оны 02 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий орон сууцыг Ё.Чимэдцэрэн, Б.Болор, Б.Мөнхсаруул нарын нэр дээр хувьчлан авахаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гуравдагч этгээд Б.Болор хүсэлт гаргаж, уг 3 хүний иргэний үнэмлэхийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн хавсаргаж өгчээ.

Улмаар тухайн орон сууцыг хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос хувьчлахдаа Засгийн газрын 2006 оны 180 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2006 оны 2/2349 тоот албан бичгийг үндэслэсэн нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Тодруулбал, маргаан бүхий орон сууцыг хөлслөх эрхийн бичигт 2 ам бүлтэй гэж бичигдсэн бөгөөд уг эрхийн бичигт зөвхөн Ё.Чимэдцэрэнгийн нэр бичигдснээс бусад этгээдийн нэр бичигдээгүй буюу нэхэмжлэгчээс орон сууц эзэмших эрхийн Б.Болорын нэр бичигдсэн баримт хэргийн материалд байхгүй гэж маргасан боловч Б.Мөнхсаруул, Б.Болор нарын хэн алиных нь нэр бичигдээгүй, хэний нэр байгаа нь тодорхой бус, Төрийн өмчийн хорооны 2006 оны 2/2349 дүгээр албан бичигт Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газрын Орон сууцны Төв комисс нь өөрийн эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах хүсэлтээ гаргасан өргөдлийг хянаж үзээд маргаангүй гэж үзсэн 27 иргэний баримт бичгийг бүрдүүлэн ирүүлсэн талаар дурдсан, уг 27 иргэний жагсаалтад Ё.Чимэдцэрэнгийн ам бүл 3 гэж ирсэн тул хариуцагчаас орон сууц хувьчлан авах тухай хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй юм.

2. Гуравдагч этгээд Б.Болор нь 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд маргаан бүхий орон сууцыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргахдаа Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0108473 дугаартай маргаан бүхий орон сууцыг өмчлүүлсэн тухай гэрчилгээ, Ё.Чимэдцэрэн, Б.Мөнхсаруул, Б.Болор гэсэн 3 хүний иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн хавсаргаж өгчээ.

Дээрх хүсэлтийн дагуу хариуцагч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын 73 дугаар байрны 37 тоот орон сууцыг Ё.Чимэдцэрэн, Б.Мөнхсаруул, Б.Болор нарын 3 иргэнийг өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2201018263 дугаарт бүртгэж, 01088473 дугаар гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх, эрх түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасантай нийцжээ.

Нөгөөтэйгүүр маргаан бүхий орон сууцыг Ё.Чимэдцэрэн, Б.Мөнхсаруул, Б.Болор нарын хувьчлан авч, уг орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулсан үйл ажиллагаа нь Б.Болорын гаргасан хүсэлтийн үндсэн дээр үүссэн, энэ талаар Ё.Чимэдцэрэн нь маргаагүй, харин нэхэмжлэгч Б.Мөнхсаруул нь 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ хаясан гэх үндэслэлээр дахин улсын бүртгэлийн Ү-2201018263 дугаар бүхий 000251710 тоот гэрчилгээг гаргуулан авсан зэргээс үзэхэд маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр Б.Болор байсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Мөнхсаруулын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүйорхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэххэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 539 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтланнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН