Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2200

 

 

“Э.Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02394 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э.Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 88 479 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч нь захирлынхаа газар дээр барилга барина. Зуурмаг зээлээр олгооч гэсэн хүсэлт гаргасан. Улмаар гэрээ байгуулж 98 986 000 төгрөгийн зуурмаг нийлүүлсэн. Зээлээр нийлүүлсэн. Ингэхдээ хариуцагчийн дутсан гэсэн хүсэлтээр гэрээнд зааснаас илүү зуурмаг нийлүүлсэн. Зуурмагийг хариуцагчийн менежер О.М хүлээж авсан тул юунд зарцуулсан нь манайд хамаагүй. Мөн 38 сая төгрөгийн хэв хашмал нийлүүлсэн. Улмаар барилгын гол суурийг манай хэв хашмалаар ажлаа эхэлсэн. Гэвч 98 сая төгрөгнөөс 38 сая төгрөгийг төлсөн. Зарим төлбөрөө хариуцагч төлж байснаар зуурмаг авсан нь нотлогдоно. 5 удаа мөнгө шилжүүлсэн ба заримыг нь хариуцагч, заримыг нь О.М шилжүүлсэн байдаг. Мөнгөө удаа дараа төлөхийг шаардаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр захирал нь мөнгийг төлж чадахгүй байна гээд хүсэлт тавьсны дагуу үлдэгдэл 58 сая төгрөгт тооцож 2 өрөө байр өгье гээд тохиролцсон. Бид уг байрыг өөрийн ажилтандаа өгөх болоод гэрээ хийсэн. 2017 оны 2 дугаар сард байр ашиглалтад орох үед 2 өрөө байраа авъя гэхэд хэв хашмалын 38 сая төгрөгөө авахгүй гэвэл өгнө тэгэхгүй бол өгөхгүй гэсэн. Ингээд бидний 2-3 жилийн ашиг болох зуурмагийг гэрээгээр авчихаад мөнгөө өгөхгүй байна. Хугацаа хожих гэж л байр өгнө гэсэн юм байрыг өгөхгүй гэж хэлэх болсон. Иймд зуурмагийн үнэ 58 986 000 төгрөг, 650 хоногийн алданги 191 000 000 төгрөг тул 50 хувиар тооцож 29 493 000 төгрөг, нийт 88 479 000 төгрөгийг гаргуулна. О.Мөнгөнсүх ямар ч хамаагүй гэж байгаа боловч эхний итгэмжлэлд төлөөлөгчөөр томилоод шаардлагыг зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь өөрийн хуулийн этгээдийн нэр дээр аливаа барилга байгууламж эзэмшдэггүй бөгөөд барьж байгаагүй болно. “А” ХХК болон “Э.Ч” ХХК хооронд бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгаа боловч энэ нь “Э.Ч” ХХК-ийн шаардлагаар “..заавал компани байх шаардлагатай..." гэх шаардлагын дагуу мөн "...НӨАТ-ын баримт өгнө..." гэх хэлцлийн дагуу байгуулагдсан юм. “Э.Ч” ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмагийг “А” ХХК өөрийн үйл ажиллагаанд хэрэглээгүй болно. Иймд нэхэмжилсэн үнийн дүнгийн бетон зуурмагт ногдох 59 680 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан “Э.Ч” ХХК-д бараа материал нийлүүлж төлбөрийг барагдуулах хүсэлт болон санаачлага гаргаж байна. Учир нь “Э.Ч” ХХК нь бетон зуурмаг боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд “Э.Ч” ХХК-иас бетон зуурмаг худалдан авах хүсэлт гаргаж тохиролцсон худалдан авагчид итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие бетон зуурмаг нийлүүлж төлбөрийг барагдуулах боломжтой байна. Энэхүү бетон зуурмаг нийлүүлж төлбөр барагдуулах боломжтой хэмжээ нь 26 сая орчим төгрөг болно.

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ нь хууль ёсны байх болон гэрээний стандарт нөхцөл хангаагүй. Нэхэмжлэгчийн өмнөөс гэрээ хийх эрхтэй этгээд нь н.Б байсан боловч энэ хүн гарын үсэг зураагүй, орлогч захирал н.А гарын үсэг зурсан. Иймд гэрээний хүсэл зоригоо илэрхийлж байгаа хүн гарын үсэг зураагүй гэж үзэж байна. Хариуцагчийн захирал О.О өөрийн хувийн газар дээр орон сууц барихдаа хариуцагчийн нэр дээр гэрээ байгуулахаар тохирсон. О.О-ийн барилгад ашиглагдсан зуурмагийг компани төлөх үүрэггүй. Гэрээ нь нэхэмжлэгч болон О.О нарын хооронд байгуулагдсан. Анх О.О, О.М нартай уулзсан байдаг. Орон сууц өгөх асуудлыг хариуцагчтай тохироогүй, О.О-тэй тохиролцсон байдаг. Компани ямар нэг орон сууц бариагүй. О.М нь зуурмагийн үнийг төлүүлэхээр хариуцагчийн данс уруу мөнгө шилжүүлж дамжуулан төлүүлж байсан баримтыг сөрөг нэхэмжлэлд өгсөн боловч сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Алдангийн хувьд 50 хувиар тооцсон байна. Гэрээний дагуу дүгнэлт өгөх боломжгүй. Хариуцагч нь зуурмагийг авч ашиглаагүй. Гэрээ нь анх байгуулагдахдаа буруу тул алданги тооцох боломжгүй. Гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Зуурмаг авсан хүнээс нэхэх хэрэгтэй хариуцагчаа буруу тодорхойлсон. О.О нь тухайн үед захирал байсан гэдэгт маргаагүй. Гэхдээ О.О нь өөрийн газар дээр орон сууц барихдаа захирал гэдэг албан тушаалаа ашигласан байдаг. Гэвч бодит байдал дээр хариуцагч нь өөрийн үндсэн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг зөрчиж гэрээ байгуулсан. Гэрээнд нэг тал нь эрхтэй этгээд зураагүй гэрээг дүгнэх боломжгүй тул энэ гэрээгээр нэхэмжлэл гаргах боломжгүй. Иргэний хуулийн 68 дугаар зүйлд зааснаар төлөөлөх эрхгүй этгээд гэрээ хийсэн. Иймд гэрээг үнэлж дүгнэх боломжгүй. Гэрээнд зааснаар хэрэв компанид нийлүүлсэн бол санхүүгийн нэхэмжлэх өгөх ёстой өгөөгүй. Мөнгө төл гэсэн нэхэмжлэх өгч байгаагүй. Гэрээний 4.9-д захиалагчийн данс байхгүй байгаа. О.О нь өөрийн эрх мэдлийг ашиглаж хийсэн гэрээ гэдэг нь нотлогдоно. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлээд байгаа нэмэлт гэрээ гэж байгуулагдаагүй. О.М зуурмаг хүлээж авсан бол үүргээ өөрөө хүлээх ёстой. Компани ямар нэг байдлаар зуурмаг захиалаагүй, хэрэглээгүй. Харин О.М нь зуурмагуудыг хүлээж авсан байдаг. Хариуцагч компани зуурмагийг аваагүй тул ямар нэг төлбөр төлөөгүй. О.М нь О.О-ийг захирал байх үед 2 удаа хариуцагчийн дансаар дамжуулж мөнгө төлсөн. О.М л зуурмагийг хүлээж авсан тул О.М төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.3, 232.4-т зааснаар хариуцагч "А" ХХК-иас 77 474 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Э.Ч" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 005 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 600 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 545 320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаа явуулахыг зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "А" ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр "Э.Ч" ХХК-тай бетон зуурмаг худалдах худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ хийсэн ба "Э.Ч " ХХК-ийн захирал Г.Б баталгаажуулж, нийлүүлэгч компанийг төлөөлж менежер Г.Ч нар гарын үсэг зурсан. Г.Б болон Г.Ч гэсэн гарын үсэгнүүд нэг хүний гараар бичигдсэн байсан тул тэдний гарын үсэг бичгийн хэв мөрийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг эдэлж шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хэлэлцээд нэхэмжлэгч "Э.Ч" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-гийн "гэрээнд захирал, Г.Б, менежер Г.Г нар хэн хэн нь гарын үсэг зураагүй. Харин орлогч захирал н.А гэж хүн гарын үсэг зурсан, тухайн үед н.А-д гэрээ байгуулах эрх олгосон" гэсэн тайлбарыг үндэслэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбарыг нотолсон нотлох баримтаа гаргаж өгөөгүй байхад нэг талыг барьж гомдол гаргах эрхийг хязгаарлаж шүүх хурлыг үргэлжлүүлсэн.

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр "А" ХХК, "Э.Ч" ХХК хоёрын хооронд хийгдсэн бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ нь иргэн О.О-гийн барьж байгаа орон сууцны барилгад ашиглагдах зуурмагийг компани худалдан авч байгаа мэтээр хийсэн хэлцэл тул 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр "А" ХХК, "Э.Ч" ХХК хоёрын хооронд хийгдсэн бетон зуурмаг худалдах худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа "ямар үр дагавар шаардаж байгааг тодорхойлоогүй байна" гэсэн дүгнэлт хийсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь xoёр компанийн хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхад үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй ба хэрэгт цугларсан нотлох баримт дээр биш харин нэхэмжлэгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэл болж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Э.Ч” ХХК хариуцагч “А” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 88 479 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч "Э.Ч” ХХК нь БМ250 бетон зуурмагийг 1 м.куб 142 000 төгрөгөөр тооцож 560 м.куб 79 520 000 төгрөгийн үнэ бетон зуурмагийг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хариуцагч “А” ХХК-д нийлүүлэх, тус компани үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх төлбөр буюу 31 808 000 төгрөгийг урьдчилан шилжүүлэх бөгөөд үлдэгдэл 60 хувь буюу 47 712 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна.                                                                            /хх-3-7 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид худалдах, худалдан авах бичгийн гэрээний дагуу 560 м.куб зуурмаг, амаар тохирч 107 м.куб зуурмагийг нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.

 

            Хэргийн 25-68 дугаар талд авагдсан бетон зуурмагийн баримтуудад зуурмагийг “А” ХХК-ийн менежер О.М хүлээн авч гарын үсэг зурсан, зуурмагийн төлбөрт 38 000 000 төгрөг төлж байсан зэрэг байдлаас үзвэл хариуцагчийн заавал компани байх шаардлагатай, НӨАТ-ын баримт өгнө гэх шаардлагын дагуу компанийн нэрээр гэрээ байгуулсан, компани өөрийн үйл ажиллагаанд зуурмагийг авч хэрэглээгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Хэргийн 3-7 дахь талд авагдсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний “гэрээ байгуулсан” хэсэгт нэхэмжлэгч “Э.Ч” ХХК-ийг төлөөлж, менежер Г.Ч, хариуцагч “А” ХХК-ийг төлөөлж Ерөнхий менежер О.М нар гарын үсэг зурсан нь гэрээ байгуулаагүй гэж үзэх, гэрээний дагуу нийлүүлсэн зуурмагийн үнийг төлөхгүй байх, чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан бичгийн гэрээний дагуу 560 м.куб зуурмагийн төлбөр болох 79 520 000 төгрөг төлөхөөс 38 000 000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй тул хасч тооцож 41 520 000 төгрөг, мөн зохигчид амаар тохиролцож нийлүүлсэн 107 м.куб зуурмагийн төлбөр 15 194 000 төгрөг, нийт 56 714 000 төгрөг төлөх үүрэгтэй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

            Түүнчлэн, зохигчид гэрээний 7.2-т “гэрээний 4.1 дэх хэсэгт заасан төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги аль аль талдаа төлнө” гэж тохиролцсны дагуу алданги тооцохдоо 41 520 000 төгрөгийн 50 хувь 20 760 000 төгрөгийн алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээнд захирал, менежер нарын гарын үсэг зурсан нь нэг хүний гарын үсэг байх тул захирал Г.Б, менежер Г.Ч нарын хэн нь зурсан болох, тэдний гарын үсэг, бичгийн хэв мөрийн шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасныг нэхэмжлэгч гэрээнд нэр бичигдсэн албан тушаалтан гарын үсэг зураагүй талаар маргахгүй байх тул гарын үсгийг шинжлүүлэхээр шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж тодорхойлж гаргасныг анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 545 320 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                             ШҮҮГЧИД                                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ