Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийн Уянга |
Хэргийн индекс | 181/2017/01970/и |
Дугаар | 181/ШШ2017/02608 |
Огноо | 2017-10-18 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2017/02608
2017 оны 10 сарын 18 өдөр Дугаар 181/ШШ2017/02608 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б З /РД: /,
Нэхэмжлэгч: огт П З /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “В К” ХХК /РД: /-д холбогдох
Сургалтын төлбөрт төлсөн 3,594,640 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу бид “В К” ХХК-ийн зар сурталчилгааны дагуу Улаанбаатар хотод 2016 оны 12 дугаар сарын 10-нд зохион байгуулагдсан нээлттэй өдөрлөгийн үеэр хүү Б.З Бүгд Найрамдах Солонгос Улсад сургах үйлчилгээний зардлын төлөлтийн 250,000 төгрөгийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу тус компанитай 2017 оны 1 дүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Менжи Их Сургуульд суралцах сургалтын гэрээ байгуулсан.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу 6 сарын Солонгос хэлний сургалтын төлбөр болох 2,850.84 ам.долларыг “Голомт” банк дахь иргэн JUNGSHIK KANG-ны ..................... тоот дансанд шилжүүлэх үүргээ биелүүлсэн болно.
Сургалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д “Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яаманд сургалтын виз мэдүүлэх, визний материалтай холбоотой зохих үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй” гэж заасан юм. Гэрээ байгуулж байхад 2017 оны 3 дугаар сарын 6-д сургуульдаа очиж, дотуур байранд орж, 2017 оны 3 дугаар сарын 10-нд хичээлдээ суусан байхыг үүрэг болгож сануулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн хүү Б.З сургалтын визийг хугацаандаа гаргаагүй хугацаа алдаж, 2017 оны 3 дугаар сарын 28-нд гаргуулж, хүү Б.З 2017 оны 3 дугаар сарын 30-нд Сөүлд очиж, 2017 оны 3 дугаар сарын 31-нд сургуульдаа бүртгүүлсэн юм. Энэ хугацаа хичээл эхлээд 3 долоо хоног өнгөрсөн, дотуур байр дуусан үе байсан тул халаалт агааржуулалтгүй, эрүүл мэндийн шаардлага хангахгүй жижиг түрээсийн байранд байрлуулснаас хүү Б.З эрүүл мэнд муудаж эмчилгээ хийлгэж, давтан хийлгэсэн шинжилгээ муу гарсан учраас Сургуулийн захиргаандаа өргөдөл гаргаж, сургуулиа орхин 2017 оны 4 дүгээр сарын 10-нд эх орондоо ирсэн болно.
Хүү Б.З биеэ эмчлүүлэн улмаар сургалтын гэрээнийхээ 6 дугаар зүйлийн 6.5-д заасан зардлуудыг төлсөн төлбөр 2,850.84 ам.доллараас суутгуулж, үлдэх төлбөр 2.400 ам долларыг буцаан авахаар шаардаж, 4 удаа “В К” ХХК-д хүсэлт, өргөдөл гаргасан боловч 2017 оны 5 дугаар сарын 16-нд 2,210,000 төгрөгийг олгож, үлдэх 3,594,640 төгрөгийг олгохгүй байна.
Нэгэнт сургалтад сууж чадаагүй тул Сургалтын гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалт, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т заасныг үндэслэн “Во В К " ХХК-аас 3,594,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.Иргэн Б.З нь “В К " ХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 13-нд гэрээнд заасан нөхцлүүдийг харилцан тохиролцож, СГ-17/02 дугаар бүхий сургалтын гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл” гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1 “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” хэмээн заасны дагуу иргэн Б.З болон “В К” ХХК-ийн хооронд харилцан тохиролцож иргэний хуульд зааснаар хэлцэл хийгдэж гэрээ байгуулагдсан.
Гэрээний 6 дугаар зүйлийн 6.10-т “Б тал буюу суралцагч нь хэлний бэлтгэлд суралцаж байх хугацаандаа өөрийн хүсэлтээр сургуулиа орхин эх орондоо эргэн ирсэн тохиолдолд сургалтын төлбөрийг сургууль болон А тал буцаан олгохгүй болно” гэж заасныг хүлээн зөвшөөрч Б тал гарын үсгээ зурж баталгаажуулсан болно. Гэтэл Б тал болох Б.З нь сургалтын виз гарч, сургуульдаа очсон боловч 3 хоног сураад өөрийн хүсэлтийг өгч сургуулиа орхин 4 дүгээр сарын 10-нд буюу явснаас 10 хоногийн дараа эх орондоо иргэж ирсэн.
Гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д “Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яамнаас сургалтын виз олгогдсоны дараа Б талаас шалтгаалан суралцахаа больсон тохиолдолд сургалтын төлбөрийг олгохдоо дараах зардлуудыг хасч ажлын 21 хоногт багтаан олгоно” гэж заасан нь тухайн суралцагч виз гарсан боловч явах боломжгүй болсон нөхцөл байдлыг ойлгоно. Гэтэл Б.З нь өөрийн бүртгүүлсэн сургуульд суралцахаар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотод очин 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Менжи их сургуульд бүртгүүлэн суралцсан. Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайдын яамнаас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр виз нь гарсан бөгөөд энэ нь Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайдын яамны ачаалал ихтэйгээс болж хугацаа хэтэрсэн асуудал тул манай байгууллагаас визийг хоцроон гаргасан асуудал биш юм. Б.З нь виз гарсны дараа сургуульдаа бүртгүүлж хэлний бэлтгэлд суралцсан байдаг.
Сургалтын гэрээний 6 дугаар зүйлийн 6.10-т заасны дагуу Б.З нь өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдсөн тул гэрээнд заасны дагуу нэхэмжлэлийн дүн болох 3,594,640 төгрөгийг “В К " ХХК буцаан олгох боломжгүй юм.
2. Бид Б.З сургуулийн дотуур байр дууссан байгаа тул цаанаас түрээсийн байр олж өгнө тэрэнд орох уу? орох боломжгүй бол явах хэрэггүй гэсэн, мөн Б.З нь Монгол Улсад байхдаа биеийн байдал нь муу байсан ба шинжилгээ өгсөн гэж аав нь хэлж байсан тул хүүгийн тань бие муу байгаа учраас явуулах хэрэг байна уу? дараагийн хичээл эхлэхэд явуулчих гэсэн боловч аав нь болох П.Б нь хувийн шалтгаан тоочиж заавал явуулна гэсний улмаас өөрсдөө зөвшөөрч хүү Б.З явуулсан. Б.З нь 2017 оны 3 дугаар сарын 30-нд очоод 2017 оны 4 дүгээр сарын 10-нд буцаж эх орондоо ирсэн бөгөөд тухайн байрнаас болж эрүүл мэндийн байдал муудсан гэдгийг нотлох боломжгүй, манай компани амьдрах байрыг олж өгөөгүй, сургуулиас олж өгсөн байр тул уг асуудал нь манай компанид хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Нэхэмжлэгч Б.З, П.Б нар нь ар гэрийн байдлаа тоочиж мөнгөө эргүүлж авахыг хүссэн боловч бид төлбөрийн мөнгийг Менжи Их Сургуулийн дансанд шилжүүлсэн тул олгох боломжгүй байсан ч ар гэрийн гачигдал, байдал зэргийг нь харгалзан үзэж “В К” ХХК- аас 2,210,000 төгрөгийг Б.З эцэг болох П.Б Хаан банкны 5046161775 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч П.Б дүү болох М.Сансартуяа нь төлбөрийн асуудалгүй гэсэн баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд “В К” ХХК нь сургалтын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үүргийг гүйцэтгэх боломжгүй юм.
Манай компани нь нэхэмжлэгчээс 2,210,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б, Б.З нар нь хариуцагч “В К ХХК-аас сургалтын төлбөрт төлсөн 3,594,640 төгрөгийг буцаан гаргуулах буюу гэрээ цуцлагдсаны үр дагавар арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд гэрээ цуцлагдсанаас өөрт учирсан хохиролд 2,210,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нараас 2,210,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаасаа татгалзсан тайлбар гаргасан ба түүнд олгосон итгэмжлэлээр уг үйлдэл хийх эрх олгогдсон тул шүүх хариуцагчийг сөрөг шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.З нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 16/XII/278 тоот “Үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ”-г “В К” ХХК-тай байгуулж, уг гэрээгээр “В К” ХХК нь төлбөр төлөгчийн суралцах БНСУ-ын их, дээд сургуулиудын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, сургуульд элсүүлэх, элсэлт бүртгэлийн ажлуудыг цогцоор нь хийж гүйцэтгэх, холбогдох бичиг баримтын бүрдүүлэлтийг хийх, Б.З нь үйлчилгээний зардалд 250,000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
Хариуцагчийн зүгээс дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн бөгөөд Б.З эцэг П.Б нь 250,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлсөн үйл баримт тогтоогджээ.
Улмаар БНСУ-ын “Myongji University” их сургуулийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн газар гэх “В К” ХХК Б.З 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр СГ-17/02 тоот “Бүгд Найрамдах Солонгос Улсын “Myongji University” их сургуульд суралцуулах сургалтын гэрээ” /цаашид сургалтын гэрээ гэх/-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь БНСУ-ын “Myongji University” их сургуульд Б.З элсүүлэн суралцуулах, Б.З нь 2 семестрийн сургалтын төлбөр 3,050 ам.долларыг виз мэдүүлэхээс 15 хоногоос доошгүй хоногийн өмнө төлөх үүргийг хүлээжээ.
Хэргийн баримт, талуудын тайлбараар Б.З сургалтын төлбөрт П.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “В К” ХХК-ийн захирал JungShik Kang-ийн Голомт банкны 1402033362 тоот дансаар 2,850.84 ам.долларыг төлсөн, Б.З нь гэрээний дагуу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр БНСУ руу зорчиж “Myongji University” их сургуульд очсон, 3 хоног сургалтад суусан, өвчний улмаас тэрээр үргэлжлүүлэн суралцах боломжгүй болж 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад буцаж ирсэн, “Myongji University” их сургууль түүний 1 семестрийн төлбөр болох 1,105,000 вон буюу 2,210,000 төгрөгийг буцаан олгосон, үүнийг нь “В К” ХХК 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр П.Б дамжуулан өгсөн үйл баримт тогтоогдож байна. Талууд үүнд маргаагүй болно.
Талуудын хооронд нэг талаас сургалтад хамруулах, суралцуулах, нөгөө талаас сургалтын төлбөр, үйл ажиллагааны зардал төлөх үүрэг хүлээсэн гэрээ байгуулагдсан нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг илүү агуулсан байх тул шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй байдаг.
Манай тохиолдолд сургалтын төлбөр болон үйл ажиллагааны зардал аль аль нь нийлж, хөлсөөр ажиллах гэрээний хөлс гэх ойлголтыг бүрдүүлж байх ба нэхэмжлэгч тал гэрээ болон хуулиар хүлээсэн сургалтын төлбөр, үйл ажиллагааны зардлыг төлөх үүргээ биелүүлсэн, хариуцагч тал мөн адил гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэгч Б.З БНСУ-ын “Myongji University” их сургуульд элсүүлж, суралцах нөхцөл орчныг бүрдүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Гэвч зохигчдын хооронд байгуулагдсан сургалтын гэрээ нь хүндэтгэн үзэх үндэслэл буюу Б.З биеийн эрүүл мэндийн байдал /өвчний улмаас/-аас шалтгаалан цаашид үргэлжлэх боломжгүй болж, гэрээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д заасны дагуу цуцлагдсан байна.
Хөлсөөр ажиллах гэрээ нь хиймэгц биелэх бус харин тодорхой цаг хугацаа шаарддагддаг шинжээрээ урт хугацааны гэрээнд хамаарах тул шүүх үүрэг дуусгавар болсон гэж үзээгүй, харин гэрээ цуцлагдсан гэж үзсэн болно.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж заасан бөгөөд ийнхүү татгалзсанаар гэрээ цуцлагдсан тохиолдолд үр дагаварыг мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 “Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй” болон мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус заасны дагуу арилгах хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх заалтын дагуу хариуцагч нь үйл ажиллагааны зардал болох нэхэмжлэгчийн хасаж тооцсон банкны шимтгэл 100 ам.доллар, урилгын зардал 100 ам.доллар, сургуулийн элсэлтийн хураамж 50 ам.доллар, торгууль 200 ам.долларын хамт өөртөө үлдээх эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.З нь БНСУ-ын “Myongji University” их сургуулийн сургалтад 21 хоног хожимдож очсон байдалд тэрээр буруугүй тул суралцаагүй хугацааны төлбөр буюу аваагүй үйлчилгээний хөлсийг төлөх үүрэггүй, хариуцах үндэслэлгүй юм.
Иймд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч нараас сургалтын төлбөрт төлсөн 2,850.84 ам.доллар /450.84 ам.долларыг нэхэмжлэгч хасаж тооцсон/-аас үлдэх 2,400 ам.доллар буюу 5,804,640 төгрөг /2017.01.17 байдлаар 1 ам.доллартай тэнцэх монгол төгрөгийн ханш 2,418.60 төгрөг/-ийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй байна.
Буцаан төлөх үүрэг бүхий 5,804,640 төгрөгөөс 2,210,000 төгрөгийг хариуцагч төлсөн нь тогтоогдсон тул одоо үлдэх 3,594,640 төгрөгийг нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д зааснаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч “В К” ХХК-аас 3,594,640 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б, Б.З нарт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан “В К” ХХК-аас 3,594,640 төгрөгийг гаргуулж П.Б, Б.З нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан П.Б, Б.З нараас 2,210,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа “В К” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 72,470 төгрөгөөс 72,464 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 50,310 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас илүү төлөгдсөн 6 төгрөгийг, мөн хариуцагчаас 72,464 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
4. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА