Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2260

 

 

 

 

 

 

 

 

 

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 104/ШШ2017/00285 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.А-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 567 392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн  өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.А нь 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10-206 тоот зээлийн гэрээгээр 4 000 000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл болох 1 537 500.38 төгрөг дээр нэмээд 8 462 499.62 нийт 10 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай “цалингийн зээл” авсан бөгөөд зээлийн барьцаанд орлого, гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулсан.  Иймд 2 172 393.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 090 109.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 493 885,96 төгрөг, нийт 5 756 398.3 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.  Хариуцагч Н.А-ийн тэтгэврийн данснаас 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 64 000 төгрөг, 3 дугаар сарын 16-ны өдөр 62 000 төгрөг, 5 дугаар сарын 31-ний өдөр 63 000 төгрөгийг тус тус татаж нийт 189 000 төгрөгний төлөлт хийгдсэнийг үндсэн зээлээс хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагыг 5 567 392 төгрөг болгосон. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан  гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оноос хойш  “Сонин зул” хоршооны захирал асан Н.Ч гэгч эмэгтэйн дэлгүүрт өдрийн  5 000 төгрөгийн цалинтайгаар худалдагчийн ажил эрхэлж ирсэн бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаж байгаагүй юм. Манай захирал эмэгтэй маань маш их өр зээлтэй байсны улмаас дэлгүүрийн ажлыг цааш ажиллуулах хүндрэлтэй байна гээд миний нэр дээр зээл авмаар байна, өөр арга алга гэсээр 4 000 000 төгрөгийн зээлийг анх банкнаас авсан. Надад энэ мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй ба өөрөө мөнгийг төлөөд явж байсан. Банкинд холбогдох баримтууд байгаа гэж итгэж байна. Энэ зээлийн үлдэгдэл дээр нэмж дахин зээл авсан нь энэхүү 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ бөгөөд миний бие 2011 оноос 108 000 төгрөгөөр бодож нийгмийн даатгалын дэвтэр нээлгэснийг ашиглаж 150 000 төгрөгөөр 6 сарын шимтгэл төлөөд үлдсэн 3 сарын хугацаанд шимтгэл төлөгдөөгүй байхад 2012 онд цалингийн зээл нэрээр  8 000 000 орчим төгрөгийг нэмж авсан байдаг. Энэ зээл миний нэр дээр гарсан боловч мөнгийг би хүлээн аваагүй, Н.Ч миний нэр дээр хөөцөлдөн гаргаж авсан зээл юм. Иймд би энэ зээлийн  төлбөрийг төлбөл зохих этгээд биш бөгөөд Хаан банк миний нэр дээр өөр хүнд зээл олгосон нь буруутай гэж үзэж байгаа. Энэ талаар ч цагдаагийн байгууллагад гомдолоо гаргаад шалгуулж байгаа. Мөнгийг би өөрөө хүлээж аваагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.А /РД:УД60022505/-ээс  5 567 392 /таван сая таван зуун жаран долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж “ХБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчан төлсөн 107 503 /нэг зуун долоон мянга таван зуун гурав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.А-ээс 104 028 /нэг зуун дөрвөн мянга хорин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэхэмжлэгч "“ХБ” ХХК" XXК нь 2 172 393.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 090 109.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 493 885,96 төгрөг, нийт 5 756 398.3 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах" нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай" нэхэмжпэлийн шаардлагаасаа татгалзсан тухай шүүхийн шийдвэрт дурджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д "Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна" гэж заасны дагуу нэхэмжлэгч татгалзлаа бичгээр илэрхийлээгүй байхад нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзсэн. Тийнхүү татгалзсан гэж үзсэн хэрнээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлээгүй, энэ тухай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтээ оруулаагүй байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэхгүй байгаа бөгөөд хуульд заасны дагуу "барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх ёстой байсан буюу энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүх огт шийдвэрлээгүй орхижээ гэж үзэж байна. Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал болжээ.

2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ-3116 тоот барьцаат зээлийн
гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-д "Талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг
зурж, талуудын аль нэг нь хүссэн тохиолдолд энэхүү гэрээг нотариатаар
баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно..." гэж заажээ. Хариуцагчийн
өмгөөлөгчийн зүгээс дээрх гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл энэхүү хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шаардах эрх
нэхэмжлэгчид байхгүй юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Нотариатын үйлдэл хийх заавар"-ын 2.3-д "Үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ” гэж заасан шаардлагыг биелүүлээгүй. Хавтас хэргийн 57 дугаар хуудаст авагдсан нотариатчийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэнээр гэрээг гэрчлүүлэх үед “ХБ” ХХК-ийн төлөөлөгч, эрх бүхий этгээд байлцаагүйн дээр хариуцагч Ц.А мөн байлцаагүй болно. Дэвтэр дээр татлан зурсан гарын үсэг нь Ц.А-ийнх биш байгаа нь тодорхой харагдаж байна. Гэрээний 8.3-д "...талуудын аль нэг нь хүссэн тохиолдолд энэхүү гэрээг нотариатаар баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно.” гэж заасан бөгөөд талууд гэрээг нотариатаар баталгаажуулахыг хүссэн байна. Гэсэн ч энэхүү нотариатын үйлдэл хууль бус байснаар гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлага хангагдсангүй. Улмаар гэрээ хүчин төгөлдөр бус болжээ. Иймд энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй. Дээрх үндэслэлийг хариуцагчийн өмгөөлөгч би шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч шүүх авч хэлэлцсэнгүй, түүгээр ч барахгүй шүүхийн шийдвэрт энэхүү асуудлыг дүгнээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч ““ХБ” ХХК” ХХК нь хариуцагч Н.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 567 392 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын  үндэслэлээ “...уг банктай зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул үүрэг үүсээгүй” гэж тайлбарлаж маргасан байна.

 

            Зохигчид 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ““ХБ” ХХК” ХХК нь 10 000 000  төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч Н.А нь жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд цалингийн орлого, телевизор, хөргөгч, угаалгын машин, гэрийн бусад эд хогшилыг тус тус барьцаалсан байна. /хх-ийн  56-60 дугаар тал/        

 

            Хариуцагч Н.А нь дээрх зээлийн гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргасан нь үндэслэлгүй болно. Барьцаат зээлийн гэрээнд  болон зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн баримтад хийсэн гарын үсгийн шинжилгээгээр хариуцагч Н.А-ийн гарын үсэг мөн болох нь тогтоогджээ. Түүнчлэн тэрээр зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Н.Х, Н.Ч нарын мэдүүлэг, мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдож байна.                                  

                                                                                                           

            Зохигчдын байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч ““ХБ” ХХК” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч Н.А-ээс шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талууд зээлийн гэрээний 2.1.4-т зээлийн хүүг сар бүр төлөх хуваарийг нарийвчлан тохиролцсон, 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нь биелүүлэх үүрэгтэй болно.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр 1 983 393 төгрөг, зээлийн хүү 3 090 105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 493 885 төгрөг, нийт 5 567 392 төгрөгийг  төлөөгүй болох нь зээл, зээлийн хүүний тооцоолол, мэдэгдэл, зээлийн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх дээрх мөнгөн  хөрөнгийг хариуцагч Н.А-ээс гаргуулж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

           

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцээгүй, гэрээг нотариатаар гэрчилсэн нь нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн гэх үйл баримтыг агуулсан баримтат мэдээллийг хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгөөгүй байна.  Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Харин нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт уг татгалзлыг батлаагүй орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 104/ШШ2017/00285 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт

2 дахь заалт нэмж  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзалыг баталсугай” гэж,

2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4”, 4 дэх заалтыг “5”, 5 дахь заалтыг “6”, 6 дахь заалтыг “7” гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

              

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.НАРАНЦЭЦЭГ        

 

                  ШҮҮГЧИД                                              А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ