Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/358

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

шүүгдэгч Ч.О

хохирогч Л.О

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны * дугаар сарын *-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 11 дүгээр гудамж, 164 А тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамж, ** тоотод ганцаараа амьдарч байгаа гэх, урьд ял эдэлж байгаагүй, ** дугаарын регистртэй, Б овогт Ч-ын О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ч.О 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Ланд” нэртэй зочид буудлын ** тоот өрөөнд эхнэр Л.О-ыг бусадтай хардсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хийсэн үйлдэл буруу учраас өөрийгөө хамгаалахгүй. Хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад бүгдийг ярьсан тул дахин мэдүүлэхгүй. Шүүх хуралд орохдоо өмгөөлөгч авах шаардлагагүй, өөрийгөө өмгөөлж чадна. Прокуророос санал болгосон торгох ялын хэмжээг багасгах боломж байгаа болов уу. Би хувиараа машин засвар ажиллуулдаг гэв.

 

Хохирогч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Өмнөх өдөр нь би ажлынхантайгаа шоудсан юм. Тэр үед манай нөхөр хөдөөнөөс ирж байсан. Тэгээд архи сайн гараагүй байсан учраас найз эмэгтэйгийн хамтаар буудал орсон. Буудалд амраад байж байтал О орж ирээд намайг шууд зодсон.

О ерөнхийдөө хараалын үг маш их хэрэглэдэг. П... , гичий гэх мэт үг хэлдэг. Манайх 10-12 насны хоёр хүүхэдтэй. Сүүлийн үед О нь хүүхдүүдтэйгээ ч гэсэн муухай харьцдаг болсон талаар манай хүүхдүүд надад аав ингээд байна, тэгээд байна гэж хэлэх болсон.

2012 онд гэрлэлтээ цуцлуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч О гуйсаар байгаад нэхэмжлэлийг татуулсан.

Одоо гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Харин шүүх эвлэрэх хугацаа өгсөн. Энэ хугацааг нь хүлээж байна.

Оаас энэ хэрэгтэй холбоотойгоор нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэний шүүхээр гэрлэлтээ цуцлуулахад эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар шийдвэрлүүлэх асуудлууд байгаа гэв.  

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Л-ийн О “… би 2019.03.13-нд өглөө 11 цагийн үед найз Н-ийн хамт уулзаж, Модны 2-н “Ланд” зочид буудлын ** тоот өрөөнд орж юм ярьж байгаад Нямгэрэл ажилтай боллоо гээд гарсан. Тэгээд би найз Т руу залгаад хүрээд ир гэж дуудаад удалгүй ирээд юм ярьж сууж байгаад гарсан. Буудлын өрөөнд ганцаараа амарч байхад өдөр 15 цагийн үед манай нөхөр О гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй намайг үсдэж дараад толгой руу хэд хэдэн удаа цохиод, газар унасан байхад хөлөн дээр дэвсээд байсан. Буудлын шилэн аяга барьж аваад толгой руу цохиод аяга хагарсан. Би өөрийн эгч Дарьмаа руу ярихад хоёулаа хүрээд ир, учраа ольё гэсэн. Буудлаас гарах гэж байхад манай нөхөр над руу дайраад, буудлын хамгаалагч дундуур орж салгасан. Манай нөхөр О эгчтэй яриад намайг аваад очьё гээд бид хоёр манай эгчийн гэрт очоод би үлдээд нөхөр гараад явсан.

Манай нөхөр намайг байнга хардаж, хэл амаар доромжилдог. Тэрнээс болж би 2018 оны 10 сард гэр бүл сэтгэл судлаачаас нөхөртэйгөө хамт зөвлөгөө хүртэл авч байсан.

2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр би ажлынхаа хүмүүстэй юм уусан байхад манай нөхөр орой над руу залгаад хариагүй юм уу гээд намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд сэтгэл санаагаар унаад урьд өдөр хуучны танил Т руу чат бичснийг манай нөхөр олж үзээд тэрнээс болж маргалдаж намайг зодсон. Намайг Ттай чатаар харьцсан гэж буудлын өрөөнд байхад үсдэж байгаад толгой түрүүгүй зодож өшиглөж, хөл рүү дэвсэж, буудлын шилэн аяга барьж байгаад толгой руу цохиж хагалсан, өлгүүрээр гар, хөл рүү цохьсон. Би өөдөөс нь эсэргүүцэж чадаагүй.

Манай нөхөр урьд нь 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр найзуудтайгаа уулзахад хоолой багалзуурдаад толгой руу 1 удаа цохиж байсан. Тэгэхэд манай охин дундуур орж байсан. 2017 онд гэртээ байхдаа намайг хардаад гар руу цохиж байсан” /хх-н 8-9/ гэж,

гэрч Б-ийн М “… би 2019 оны 3 дугаар сарын 13-ны өглөө 09 цагаас маргаашийн 09 цаг хүртэл “Ланд” зочид буудалд ресепшнээр ажилласан. Тухайн үед надтай манай хамгаалагч Рэнчиндорж байсан.

Манай буудлын **тоот өрөөнд 2 эмэгтэй хүн орсон. Тэгээд нэг эмэгтэй нь буцаад гарсан. Өдөр би ариун цэврийн өрөө орчихоод гараад ирэхэд буудалд үлдсэн эмэгтэйгийн нөхөр нь гэх залуу орсон гэсэн. Тэр 2 буудлын өрөөнөөс 20 орчим минутын дараа гарлаа өрөөгөө хүлээж ав гэж хэлэхээр нь дээшээ гараад өрөөгөө хүлээж авчихаад гараад ирээд бичиг баримтыг нь өгсөн.

Миний хажууд ямар нэгэн асуудал огт болоогүй. Намайг дээшээ гарсан хойгуур нөхөр нь эмэгтэйгээ явъя гээд гарнаас нь татахад эмэгтэй нь чарлаад чи намайг зодох гээд байна гэхэд хамгаалагч Рэнчиндорж дундуур нь орж та болиоч гэж хэлээд гарыг нь тавиулсан гэж хэлсэн. Би тэрийг нь хараагүй” /хх-н 53-54/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Л.Оы гэмтэлтэй холбоотой “Оы биед тархи доргилт, дагз, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн бугалга, 2 гарт зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун шуу, мөр, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” /хх-н 13/ гэсэн 3457 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул түүнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.От ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “... торгох, нийтэд тустай ажил хийлгэх, ...” гэсэн ялын санкцуудтай байх бөгөөд прокуророос шүүгдэгч Ч.От 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан болно.

 

Харин шүүгдэгч Ч.О торгох ялын хэмжээг багасгах боломж бий эсэх талаар хүсэлт гаргав.

 

Ялын талаарх прокурорын санал, шүүгдэгчийн хүсэлтийг шүүх дүгнээд шүүгдэгч Ч.От торгох ял биш нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзэв.

 

Хохирогч Л.О хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг, шүүгдэгч Ч.О цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.О шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ч-ын Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Оыг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Ч.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ч.О цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.О хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.От урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

    

                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.ЖАНЧИВНЯМБУУ