Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2259

 

 

 

 

 

 

 

 

 

Э.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02541 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, хөлсөөр ажиллуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О нь УБТЗ-ын зэхэлт бэлтгэлийн конторт цагаан хэрэглэл угаагчийн ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. УБТЗ нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Э.Отай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар зааж гэрээг байгуулсан. Тус гэрээг хөлсөөр ажиллах гэрээ хэмээн нэрлэж харилцан тохиролцож байгуулсан боловч тус гэрээгээр зохицуулж буй харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр зохицуулагдах харилцаа юм. Иргэний эрх зүйн харилцаанд ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ байхаар хуульчлан тухайн гэрээний агуулгыг тусгайлан хуулиар зохицуулахаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийг тохирсон байхыг шаарддаг. Үүнд ажлын байр албан тушаалын нэр, хийж гүйцэтгэх ажил үүрэг, үндсэн цалин, хөдөлмөрийн нөхцөл гэсэн нөхцөлүүдийг зайлшгүй тохирсон байхыг шаардсан байдаг. Энэ дагуу талууд тохирон гэрээг байгуулсан. Иймд тус гэрээг агуулгын хувьд хөдөлмөрийн гэрээ гэж үзэж гомдол гаргасан. Э.О-г 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа очиход гэрээний хугацаа дууссан таныг ажлаар хангах боломжгүй гэсэн тайлбарыг өгч өнөөдрийг хүртэл ажилгүй байлгаж байна. Тушаалыг гаргаж өгөөгүй. Э.О-тай хөдөлмөрийн гэрээг 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 475 дугаартай тушаалаар байгуулж цайны газарт сав угаагчаар ажилд орсон. Хөдөлмөрийн тухай хуулинд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулахыг хуулиар хориглосон байдаг. Тэгэхээр байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хууль бус. Э.О-ийн ажиллаж байсан цагаан хэрэглэл угаагч гэсэн ажлын байр нь байнгын ажлын байр мөн эсэх талаар шинжээч томилох хүсэлт гаргахад хариуцагчийн төлөөлөгч байнгын ажлын байр мөн гэж тайлбарлаж байсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтийг хийлгэж өгнө үү. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Хариуцагч тал байнгын ажлын байр гэдэгт маргадаггүй. Анх ажилд ороход сав угаагчаар авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүнээс хойш 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн тул хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Э.О нь УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төвийн харьяа зэхэлт бэлтгэлийн конторт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс контор татан буугдаж гэрээний хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч анх 2016 оны 9 дүгээр сард хөлсөөр ажиллах гэрээ байгуулж 7 сарын турш ямар ч асуудалгүй ажиллаж байсан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээний зүйл бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно гэсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч хөлсөөр ажиллах гэрээнд ч хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцсон байхыг шаарддаг. Энэ талаар Иргэний хуулийн 359-361 дүгээр зүйлүүдээр зохицуулсан.  Нэхэмжлэгч анх 2016 оны 09 дүгээр сард хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан гэх бөгөөд ямар ч гомдол санал гаргаагүй, хөлсөөр ажиллах гэрээний агуулгыг өөрөө хүлээн зөвшөөрч 7 сар ямар ч асуудалгүй ажилласны дараа гэрээний хугацаа дуусгавар болмогц уг гэрээг хөдөлмөрийн гэрээ байх ёстой гэж маргах нь үндэслэлгүй. Зэхэлт бэлтгэлийн контор УБТЗ-ын Замын даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-95 тушаалаар татан буугдсан байна. Нэхэмжлэгч нь 2016 онд 1 жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээг зэхэлт бэлтгэлийн контортой байгуулсан ба тус төв татан буугдсан тул хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болжээ. Байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээг байгуулж болохгүй боловч тодорхой нөхцөл шалтгааны улмаас хөлсөөр ажиллах гэрээг байгуулах шаардлагатай болдог. УБТЗ-ын даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А163 тоот тушаалаар зарим үйлчилгээний ажилчдын ажлын нормыг шинэчлэн баталсан. Тушаалын 2 дугаар хавсралтаар үйлчилгээний ажилчдын ажлын норм болон хөлс олгох журмыг баталсан. Тухайн ажлын байрны норм хэмжээ нь тогтоосон нормдоо хүрэхгүй бол уг ажил үйлчилгээг хөлсөөр ажиллуулах гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болно гэсний дагуу зэхэлт бэлтгэлийн контор цагаан хэрэгсэл угаах батлагдсан 4 орон тоотой. 1 хүний нормд хүрэхгүй ажил үлдвэл хөлсөөр ажиллах гэрээний дагуу хүн авч ажиллуулдаг байсан. Зэхэлт бэлтгэлийн контор нь 2016 онд батлагдсан орон тоогоор 4 угаагчтай, мөн 4 цагаан хэрэглэл угаагчтай, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулж болох 2 хяналтын орон тоотой байсан. Хуульд заасны дагуу байнгын ажлын байр гэж ажил олгогчийн ажлын байранд тогтоосон горимын дагуу, түүнээс олгосон ажлын багаж хэрэгсэл ашиглан ажиллахыг хэлдэг. Норм норматив тогтоосны дагуу байнгын ажлын байр мөн үү биш үү гэдгийг тогтоох  ёстой. УБТЗ-ын хувьд жилийн эхэнд орон тоо, албан тушаалын жагсаалтыг мөрдөж ажиллуулдаг. Тухайн ажлын хэмжээ нь 1 ажилтны нормд хүрэхгүй бол хөлсөөр ажиллуулах гэрээний үндсэн дээр ажиллуулдаг. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах эрх талуудад байдаг бөгөөд нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээг зэхэлт бэлтгэлийн контортой байгуулж контор татан буугдсанаар түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон. Иймд ямар нэг тушаал гарахгүй. Ажлын байр нь байнгын ажлын байр мөн эсэх нь нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болно. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй. Хоорондоо ямар ч уялдаагүй. 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Зэхэлт бэлтгэлийн конторын даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.О-г цагаан хэрэглэл угаагч /IIзэрэг/ ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-аас 3 699 088 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Э.О-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-аас 74 135 төгрөг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь УБТЗ ХНН-ийн зэхэлт бэлтгэлийн контортой хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан ба гэрээ байгуулснаас 7 сарын дараа зэхэлт бэлтгэлийн контор татан буугдсанаар, уг хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон байна. Гэтэл шүүх, уг гэрээг агуулгаараа хөдөлмөрийн гэрээ байна хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эргүүлэн тогтоолгох гэсэн боловч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байсан. Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж, шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад уг гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцуулах шаардлага байгаагүй, харин нэмэгдүүлсэн шаардлагад уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах байсан боловч шүүх уг шаардлагыг шаардлага бус, үндсэн нэхэмжлэлийн үндэслэл хэмээн шийдээгүй орхисон байна. Шүүх хариуцагчийн ирүүлсэн зарим шаардлагатай нотлох баримтыг үнэлээгүй. Нэхэмжлэгчээс хүсэлт гарган шүүхийн захирамжаар гаргуулсан зарим нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй хэмээн үнэлээгүй байна. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хариуцагчийн зүгээс шаардлагагүй, хэрэгт ач холбогдолгүй гэсээр байхад, шүүх хуралдааныг хойшлуулан байж гаргуулсан дээрх нотлох байримтуудыг яагаад үнэлээгүй нь ойлгомжгүй, зөвхөн шүүх хуралдаан хойшлуулахын тулд нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн ажиллагаа гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотолсон хариуцагчийн нотлох баримтыг үндэслэлгүйгээр үнэлээгүй нь хэргийг шийдсэн шүүгчийн хэт нэг талыг барьж хэрэг шийдвэрлэснийг харуулж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Ажилтан Э.О нь 2008 оны 11 сарын 03-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗын  ажилчдын цайны газарт сав угаагчын албан тушаалд томилогдон тасралтгүй ажиллаж, 2013 оны 12 сарын 13-ны өдрөөс түүнийг тус байгууллагын зэхэлт бэлтгэлийн конторт цагаан хэрэглэл индүүдэгчийн албан тушаалд томилж тэрээр 2016 оны 9 сарын 1-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй, уг үйл баримт нь ажилд авсан тушаалуудаар нотлогдож байна. /хх-ийн 69-71, 78 дугаар тал/

 

Ажил олгогчоос 2016 оны 9 сарын 01-ний өдөр ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, түүнийг цагаан хэрэглэл угаагч /2-р зэрэг/-ийн ажил үүргийг гүйцэтгүүлэх, ажлын хөлсийг хийснээр олгохоор тохиролцсон байна. /хх-ийн 4-5 дугаар тал/ Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний агуулгаас үзэхэд  ажилтаны гүйцэтгэх ажил үүрэг нь  байнгын ажлын байр болох нь тогтоогдож байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан байнгын ажлын байранд  хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлахдаа ажилтан Э.О-ийн ажиллаж байсан зэхэлт бэлтгэлийн контор татан буугдсан тул түүнийг ажлаас халсан гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр заажээ. Ажил олгогчоос дээрх үндэслэлээр ажилтаныг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж, хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хариуцагчаас зэхэлт бэлтгэлийн конторыг Улаанбаатар дахь Вагон депод нэгтгэж, уг нэгжид цагаан хэрэглэл угаагчийн аижл, албан тушаал байгаа талаар тайлбарласан атлаа ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, гэрээ дуусгавар болсон үндэслэлээр ажил үүргийг гүйцэтгүүлээгүй нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.О-г УБТЗ-ын цагаан хэрэглэл угаагч /2-р зэрэг/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 699 088 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус  нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж дүгнэсэн атлаа нэмэгдүүлсэн шаардлагад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй болно.             

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02541 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

4 дэх заалтын “... дансанд оруулсугай” гэснийг “дансанд оруулж, улсын төсвөөс /Улаанбаатар хотын банк 2602002965 тоот данс/ 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.О-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 135 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ