Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
Хэргийн индекс | 186/2016/0125/Э |
Дугаар | 116 |
Огноо | 2016-09-08 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Шүүгдэгч Д.Лхагвабаатар, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэжидийн Лхагвабаатарт холбогдох 2016 2503 0813 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1973 оны 5 дугаар сарын 24-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын Г-690 тоотод оршин суух бүртгэлтэй,
-2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Өвөрхангай аймгийн сум дундын
шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан
харгалзсан,
-2015 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Хөхийнхөн овогт Дэжидийн Лхагвабаатар (РД:ЙР73052416)
нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ч.Отгонцэцэгийг 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 05-ныг хүртэлх хугацаанд байнга зодож, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-2014 оны 7 дугаар сараас бид хоёр нэг гэрт орсон. 12 дугаар сард шинэ жилийн баяраар цээж рүү нь нэг цохьсон. Өөрөөр цохьж зодоогүй. Би 3 сар Өмнөговь аймагт, 3 сар Улаанбаатарт ажилладаг. 2015 оны 3 дугаар сарын 19-нд Отгонцэцэгтэй ярихад архи ууж байна гэсэн. Тэр согтуу ирээд маргалдаад миний хөмсөгийг цохьсон, хавирга хугалсан. Манайд нүдний шил өмдөө орхиод явахаар нь би 4 дүгээр сарын 05-нд өгөхөөр очсон. Миний түрээсийн байрны мөнгө нэхэгдээд байхаар нь утсыг нь ломбардад тавих санаатай гуйсан чинь над руу агсраад би зөрүүлээд цохьсон. Надад түүнийг тарчлаан зовоосон явдал байхгүй. Цохьсон нь миний буруу. Хийсэн алдаандаа гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Мөрдөн байцаалтад Д.Лхагвабаатар яллагдагчаар мэдүүлэхдээ:-Би 2016 оны 4 сарын 05-ны өдөр хамтран амьдрагч Отгонцэцэгтэй уулзах санаатай 37 дугаар сургуулийн хажуугаар явж байсан чинь сургуулийн хашаанаас хүүхдээ оруулж өгөөд гарч ирэхэд нь машинд нь цуг суугаад “юу байна” гэтэл чи гээд над руу учир зүггүй орилоод байхаар нь би “чи надад нөгөө утсаа өг” гээд баруун халаасыг нь ухтал жолооны үнэмлэх гараад ирэхээр нь би “чи тэр утсаа аваад ир, аль эсвэл би энэ үнэмлэхийг чинь хугална” гэтэл миний нүүр ам руу хөлөөрөө өшиглөөд байхаар нь би зүүж явсан нүдний шилийг нь авах гэтэл хугарахаар нь цонхоор гаргаж хаяад “чи хүн амьтан харж байхад болиоч ээ” гэтэл улам орилоод байхаар нь би уурандаа зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл арай гайгүй болоод “чи тайвшир боль гээд хоёулаа дэлгүүрийн далангийн хажууд очоод тайван ярилцъя” гэтэл за гээд хөдлөөд явж байгаад далан өнгөрчихөөр нь чи “зогс би буулаа” гэтэл зогсохгүй байхаар нь би хөөе зогс гээд хүрднээс бариад автал айлын хашааны үүд жаахан шүргээд зогссон юм. Тэгээд Отгонцэцэг гарч ирээд 102 руу дуудлага өгөөд байсан. Гэтэл удалгүй аав, дүү нь ирээд намайг баахан зодож эхэлсэн гэжээ.
Хохирогч Ч.Отгонцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны 4 дүгээр сарын 05-нд би хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд 37-р сургуулиас гараад ирэхэд намайг гудамжинд отож байгаад барьж аваад миний машинд орж ирж суугаад үгийн зөрөөгүй зодсон. Тэгээд би сандраад машинаа зогсоосон чинь би чамайг алах гэж ирлээ, би өнөөдөр чамайг гүйцээгээд орох ёстой газраа орно гэхээр нь би чи муу ал гээд өөдөөс нь хэд хэд алгадсан чинь машины түлхүүр булааж авахаар нь би машиныхаа түлхүүрийг авах гэж зууралдаж байгаад машинаас гараад зугтаах гэтэл араас угз татаад машин дотор миний дээр гарч суугаад намайг багалзуурдан “ингээд чи суу зугтаа за” гээд улам багалзуурдаж байгаад миний толгой болон нүдэн тус газар 2-3 удаа гараараа цохьсон. Миний гэдсэн дээр гарч сууж байснаа миний гуя болон сав руу 2-3 удаа цохиод ингээд “ална” гээд орилоод байсан. Ингээд “наад машинаа асаа би бариад явна” гээд зууралдаад “алив утас байна уу? Чиний мөнгө байна уу? Надад нэг шил пиво аваад өгчих танайх угаасаа баян биз дээ” гээд халаас ухаж байгаад миний жолооны үнэмлэхийг гаргаж ирээд хугалана гэж байснаа “за машинаа асаа би угаасаа шоронд орно тэр цагдаа руугаа яв” гэсэн. Би айгаад машинаа асаагаад гэрийн зүг рүү хөдөлсөн чинь “чи муу мухар гудамж руу ордоо” гээд машины хүрд булаацалдаад айлын хашаа мөргөөд арай хийж зогссон. Ингээд айлын эздүүд гарч ирээд юу болов гэхэд би айлын хүмүүсээс цагдаа дуудаж өгөхийг гуйсан гэжээ.
Гэрч Ч.Ганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Манай эгч Отгонцэцэг 2014 оны 9 сараас эхлэн энэ Лхагвабаатар гэдэг залуутай манай хашаанд буюу манай гэрийн залгаа байшинд хамт амьдарч эхэлсэн. Лхагвабаатар нь эхэндээ бол манай эгчийг зодож нүдээд байдаггүй байсан. Тэгээд 2014 оны 12 дугаар сард байх би гэрт нь яваад ортол Отгонцэцэг орондоо хэвтсэн, гуя нь хавдаад гэмтчихсэн байсан. Лхагвабаатарт зодуулсан гэдгээ шинэ жил өнгөрөөд надад хэлсэн. Үүний дараа 2015 оны 4 дүгээр сард Отгонцэцэг эгчийг манай урд байдаг Отгоо гэдэг айлд зодож байсан. Тэгэхэд нь манай аав бид 2 очиж салгаад маргааш нь ээж Лхагвабаатарыг гэрээсээ хөөж явуулж байсан. Үүний дараа 2015 оны 5 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Лхагвабаатар нь Отгонцэцэг эгчийг хөлсөлж байсан байрандаа дагуулж очоод энд тэндгүй хөх няц болтол нь зодсон байсан. Сая 2016 оны 4 дүгээр сард Отгонцэцэг эгчийг миний машиныг бариад охиноо сургуульд нь хүргэж өгөөд явж байхад нь отож байгаад зодож гэмтээгээд машииых нь жолоог булааж айлын хашаа мөргүүлсэн байсан гэжээ.
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №4785 тоот актын дүгнэлтэд:
1.Отгонцэцэг-н биед зүүн нүдний зовхи, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг шинжлэн үзвэл, прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Лхагбаатарыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ч.Отгонцэцэгийг 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 05-ныг хүртэлх хугацаанд байнга зодож, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан ял сонсгож, ялллагдагчаар татсан боловч шүүгдэгч нь уг гэмт хэргийг хэдийд, хаана хэрхэн яаж зодож байсан талаар тодорхой заагаагүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан байдлыг бүрэн тогтоож өгөөгүй боловч шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Д.Лхагвабаатарыг 2014 оны 12 дугаар сард, 2015 оны 5 дугаар сарын 07-нд, 2016 оны 4 дүгээр сарын 05-нд тус тус 3 удаа хохирогчийг зодсон гэх асуудлыг хэлэлцүүлсэн болно.
Гэвч шүүгдэгч Д.Лхагвабаатар нь хохирогч Ч.Отгонцэцэгийг 2015 оны 5 дугаар сарын 07-нд зодож, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 1308 тоот шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.
Шүүгдэгч Д.Лхагвабаатар нь 2014 оны 12 дугаар сард гэртээ, 2016 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Отгонцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн 2016.04.11-ний №4785 тоот шүүх эмнэлгийн үзлэгийн акт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, шүүгдэгч Д.Лхагвабаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Лхагвабаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь 2001 онд Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, 2015 оны 11 дүгээр сард Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тул мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэрээр ялгүй болсон байх ба түүнийг 2016 оны 4 сард анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчоос гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ. Шүүгдэгч нь нийт 84 хоног цагдан хоригдсон тул уг хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Лхагвабаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Хөхийнхөн овогт Дэжидийн Лхагвабаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Дэжидийн Лхагвабаатарыг 2 (хоёр) сар 24 (хорин дөрөв) хоног баривчлах ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Лхагвабаатарын цагдан хоригдсон 84 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгчийг ял эдэлж дууссаныг дурдсугай.
5.Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Лхагвабаатарыг бусдын батлан даалтад өгсүгэй.
8.Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ