Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 05

 

С.Б, Д.Б, А.Ц

нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                       Н.Энхнаран

           Прокурор                                                                            Б.Догмиддорж  

           Шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч                                            А.Мөнхбат

           Шүүгдэгч Д.Б, А.Ц

           нарын өмгөөлөгч                                                               Г.Цэрэндолгор        

           Шүүгдэгч                                                                            С.Б, Д.Б, А.Ц нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/344 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, А.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Б, Д.Б, А.Ц нарт холбогдох эрүүгийн 1821000350222 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Сын Б, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 19 оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын  дугаар баг  гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  регистрийн дугаартай.

Б овогт Дийн Б, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 19 оны  дугаар сарын -ны өдөр төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай.

Х овогт Аийн Ц, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 19 оны  дүгээр сарын -ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын  дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  регистрийн дугаартай.  

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Б, А.Ц нартай хамтран Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын зүүн урд талд хохирогч С.Пд хүч хэрэглэн 137000 /нэг зуун гучин долоо мянга/ төгрөгийг дээрэмдсэн,

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Б, А.Ц нартай хамтран Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын зүүн урд талд хохирогч С.Пд хүч хэрэглэн 137000 /нэг зуун гучин долоо мянга/ төгрөгийг дээрэмдсэн,

Шүүгдэгч А.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Б, С.Б нартай хамтран Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын зүүн урд талд хохирогч С.Пд хүч хэрэглэн 137000 /нэг зуун гучин долоо мянга/ төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос шүүгдэгч С.Б, Д.Б, А.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/344 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч С.Б, Д.Б, А.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Д.Б, А.Ц нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Д.Б, А.Ц нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4/ Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж,

5/ Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 137000 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдаж, …шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б, А.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Энэ хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байна. Учир нь хохирогч С.П /хх-44-45 өгсөн мэдүүлэг/ сэтгэхүйн хувьд тухайн үед С.Б, Д.Б, А.Ц, С.Ч нар цуг явж байсан болохоор эдгээр хүмүүс намайг дээрэмдсэн гэх үндэслэлээр эдгээр 4 хүнийг буруутгадаг. Хохирогч энэ 4 намайг дарж байгаад дээрэмдсэн гэх боловч хэн нь ямар үүрэгтэй оролцсон талаар тодорхой хэлж чаддаггүй бөгөөд дээрх 4 хүн өөрсдийнхөө хийсэн үйлдлийг тодорхой хэлдэг. Хохирогч С.Пийг дээрэмдэх талаар ярилцаж тохирсон зүйл байхгүй гэдгээ Д.Б, С.Ч, А.Ц нар мэдүүлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж байхад С.Бгийн яллагдагчаар өгсөн “...бид хохирогчийг баруун тийш явахад нь сэгсэрье, мөнгийг нь авья гэж ярилцаж байгаад араас нь...” гэх мэдүүлэг түүнийг нотолсон зүйл байхгүй байхад шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байна. ...Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчин сэжигтэн С.Ч, А.Ц нараас /хх-ийн 49-53/ авсан гэрчийн мэдүүлгийн биеийн байцаалт хэсэгт боловсрол, мэргэжилгүй гэж мэдүүлээд байхад өмгөөлөгч болон хөндлөнгийн гэрч оролцуулахгүй мэдүүлэг авч, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь зөрчсөн, анхан шатны шүүх эдгээр хүмүүсийн мэдүүлгийг нотлох баримтаар ашиглан дээрх хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөн А.Ц, Д.Б нар нэг гэр бүлийн хамтран амьдрагч бөгөөд ам бүл 3, охин Б.Нийн хамт Баяндун сумын 1-р багт оршин суудаг. Хэрэгт холбогдох үед Хэрлэн сумын 19-р байрны орцны жижүүр хийж байсан. Охин Б.Н нь одоо 13 настай, Хэрлэн сумын 11-р сургуулийн 8-р ангид сурдаг. Нэг гэр бүлийн хоёр хүн хэрэгт холбогдсоноос болж бага насны иргэн Б.Н хүнд байдалд байна.

Иймд шийтгэх тогтоолыг өөрчилж, шүүгдэгчид ашигтай байдлаар А.Цт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын дагуу Д.Бын зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзвэл Д.Бад холбогдох хэрэгт түүнийг анх удаа гэмт хэрэгт холбогдож гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан болон хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 1 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч А.Ц, Д.Б нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “...А.Цын хувьд энэ хэрэгт хүч хэрэглэсэн асуудал байхгүй. Д.Б, С.Б нарын хувьд унасных нь дараа ирж мөнгийг нь авсан. Түүнээс биш хүч хэрэглэсэн асуудал энэ хэрэгт байдаггүй юм. Прокурорын зүгээс нотлогдоод байна гэж яриад байгаа болохоос биш үнэхээр өмнө нь ярилцаж тохиролцоод, энэ хүнийг дээрэмдье гэсэн зорилгоор нэг нь унагаж, хоёр нь ирж мөнгийг нь авсан гэдэг асуудлыг хэн нь ч ярьдаггүй. С.Бгийн хувьд л гэрчийн мэдүүлэг өгөхдөө эргэлзээтэй мэдүүлэг өгсөн байдаг. Үүнийг нотолсон зүйл байхгүй. Энэ хэрэг дээр 1 гэр бүлийн 2 хүн холбогдсон байгаа. Гэр бүлээ батлуулаагүй учир нь өмнөх нас барсан нөхрөөсөө баталгаагаа салгаагүй болохоор дахиж баталгаа хийлгэж болохгүй гэж бодоод баталгаа хийлгээгүй гэдэг. Д.Бын хувийн байдлын хувьд цаана нь насанд хүрээгүй хүүхдийн асуудал байгаа юм. Өмнөх гаргасан саналаа дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зах дээр байдаг дэлгүүрт явж байхад хохирогч тааралдаад намайг дуудсан. Тэгээд очиход “...Чи хаанахын нөхөр вэ? Хэл чинь сонин байна гэхэд нь Хөвсгөлийнх гэсэн чинь бөхийн нутгийн нөхөр байна. Ах нь нэг шил архи авч өгөөд бөх яръя. Би бөхөд дуртай. Аймгийн начин...” гээд нэг шил их монгол нэртэй архи авч өгсөн. Тэр архийг уугаад “...ахыгаа хүргэж өг. Таксинд суулгаж өг...” гэсэн. Таксинд суулгаж өгөхөөр Чойдор ах, бид хоёр сугадаад явж байсан. Бид гурав яагаад унасныг би мэдэхгүй. Тэр хооронд С.Б гүйж ирээд энгэрийн халаас руу нь гараа хийхийг харсан. Мөнгө авсныг хараагүй. Анх хоёр байцаагч байцаалт авахдаа бороохойгоор толгой тархи руу зодсон. Би тэгэхэд юу гэж хэлснээ мэдээгүй. Тэгээд намайг хорьж, орой нь 22.00 цагт гаргаж явуулсан. Хийгээгүй хэрэгтээ ял авахад гомдолтой байна” гэв.

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэр хүн /хохирогч/ манай нөхөртэй хамт архи уусан юм. Тэгээд ахыгаа хүргээд өгчих гэсэн. Ч ах, А.Ц хоёр тэр өвгөнийг 2 талаас нь сугадаад явж байгаад унасан. Тэгэхэд С.Б эгч очоод энгэрийн халаасыг нь ухчихсан юм. Тэгэхээр нь би араас нь очоод өмднийх нь халаасыг ухаж мөнгө авсан. Тэгээд салцгаасан” гэв.

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Цыг дэгээдэж унагаасан гэж би буруу хэлчихсэн юм. Тийм зүйл огт байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Догмиддорж гаргасан дүгнэлтдээ: “Энэ бол дээрмийн гэмт хэрэг. Өвгөн Пг /хохирогч/ анх дэлгүүрт орсон үеэс нь энэ дөрвөн хүн харж байсан. Архи авахад нь А.Ц байсан. Энэ хэрэгт хамгийн их оролцоотой нь А.Ц. Тэгэхэд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгааг нь гайхаж байна. Халаасанд нь мөнгө байсныг нь харчихсан. Харсан учраас А.Ц, Ч хоёр хохирогчийг дэгээдэж унагаасан. Унагаасны дараа энэ хоёр нь ирээд мөнгийг нь авсан. Ийм л асуудал болсон байгаа. Миний хувьд мэдүүлгүүд дундаас С.Бгийн мэдүүлэг хамгийн үнэн гэж боддог. С.Б “...мөнгөтэй өвгөн байна, сэгсэрье гэж Б хэлсэн. Ч, Ц хоёр дэгээдэж унагаасан. Бид хоёр мөнгийг нь авсан...” гэж мэдүүлдэг. А.Ц ч энэ талаар өөрөө хэлж байсан. ...А.Ц “...миний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, Д.Б, С.Б нар “...би хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй...” гэж байна. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг бол амь биед аюултайгаар довтолсон үйлдэл. Та нар бүгдээрээ довтолсон. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал гаргаж байна” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б, Д.Б, А.Ц нар нь согтуурсан үедээ хамтран Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын зүүн урд талд хохирогч С.Пд хүч хэрэглэн 137000 /нэг зуун гучин долоо мянга/ төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч С.П, шүүгдэгч А.Ц, Д.Б, С.Б нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Х.Агийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх, шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцогч яллах болон өмгөөлөх талуудыг бүрэн оролцуулж тэдний тайлбар, дүгнэлтийг сонсож, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлтийг зөв хийж, шүүгдэгч А.Ц, С.Б, Д.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүхээс шүүгдэгч А.Ц, С.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт нь 2 жилийн хорих ял оногдуулсан нь тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тухайлбал: С.Пийн хохирогч болон гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл нэг хүн нь  намайг дэгээдэж унагаад саарал хувцастай эмэгтэй нь миний хоёр гарыг маань тэврээд хэвтээд байсан. Харин нэг нь миний дээр гараад хоёр гарыг минь дарчихсан. Намайг дээшээ хараад хэвтэж байхад нөгөө хоёр нь миний энгэрийн халааснаас 137,000 төгрөг болон өмсөж явсан булган малгайг аваад зугтахад би малгай аваад ир гэж хэлэхэд малгайг маань хаячихаад зугтаагаад яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч Х.Аийн: “...Тэр ахыг архи авч байхад үл таних нэг залуу ирээд хажуу талаас нь юм яриад байх шиг байсан. Юун талаар ярьсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. ...бие биенээ сайн танихгүй байх шиг болохоор нь би тэр ахад хандаж юм хумаа алдав гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/, С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Ч, Ц хоёр гарнаас нь дарсан. Энэ үед Б бид хоёр очиж би өвгөний куртканы энгэрийн дотор талын халааснаас мөнгө авсны дараа нь Б мөн халааснаас нь мөнгө авсан. Улмаар Б бид хоёр зугтаагаад холгүй очиж зогссон. ...Би өвгөний халааснаас авсан мөнгийг тоолоход 40,000 төгрөг байсан. Б мөн 40,000 төгрөг байна гэж хэлж байсан. Б, Ч бид хоёрын дунд 20,000 төгрөг өгсөн. Ингээд бид архи авч уусан. ...бид хохирогчийг баруун тийш явахад нь сэгсэрье, мөнгийг нь авъя гэж ярилцаж байгаад араас нь Ц, Ч хоёр хүргэж өгнө гэж сугадаад түүнийг газарт дэгээдэж унагаасан. Ц дэгээдэж унагааж, Ч хамт гарыг нь дарж хэвтсэн. Ингэхэд Б бид 2 халаасыг нь уудалж мөнгийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/, шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би авсан 40,000 төгрөгнөөс 20,000 төгрөгийг Ч, Б хоёрт өгсөн. Үлдсэн 20,000 төгрөгийг Ц бид хоёр хэрэглэсэн. Харин Б тэр өвгөнөөс авсан мөнгөө бидэнд харуулаагүй өөрөө аваад хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 76/, шүүгдэгч А.Ц мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...биднийг газарт унасан байхад Б гүйж ирээд тэр ахын куртикны энгэрийн дотор халаасанд гараа хийж байсан. Араас нь Б гүйж ирээд мөн халаасанд нь гараа хийж байсан. ...Бд 40,000 төгрөг байсан бөгөөд 20,000 төгрөгийг нь Б, Ч хоёрт өгсөн...” гэх мэдүүлгүүдээс /хх-ийн 79-80/ үзэхэд шүүгдэгч А.Ц нь С.Чын хамт хохирогч С.Пийг сугадаж явахдаа дэгээдэж унагасан, хохирогчийг унахад шүүгдэгч С.Б, Д.Б нар нь очиж түүний энгэрийн халааснаас мөнгө авсан, уг мөнгөнөөс нь архи авч уусан гэдэг нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Ц, Д.Б, тэдний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын “...шүүгдэгчид ашигтай байдлаар А.Цт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын дагуу Д.Бын зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч  А.Ц, С.Б, Д.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болох нь А.Ц, Д.Б нарын давж заалдах гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тэдний тайлбар зэргээр тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч А.Ц, Д.Б, тэдний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж заалдах гомдолд дурдсан “...Нэг гэр бүлийн хоёр хүн хэрэгт холбогдсоноос болж 13 настай охин Б.Н хүнд байдалд байна” гэх асуудлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч нь хүүхдийн асрамжийн асуудлыг холбогдох байгууллагад хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/344 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ц, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Ц, Д.Б, С.Б нарын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 56 /тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.НАРАНБАЯР

               ШҮҮГЧИД                                                З.ЭНХЦЭЦЭГ

                                                                               Ж.ДОЛГОРМАА